Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1216

 

 

 

 

 

  2019            12               05                                      2019/ДШМ/1216                                      

                                       

Г.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Отгонтөгс,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04А дугаартай дүгнэлтийг үндэслэн Г.Ут холбогдох эрүүгийн 1805051341065, 1808043500678 дугаартай хэргүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын У, Улаанбаатар хотод 1980 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Авто хүч” ХХК-д деспичер ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй. /Регистрийн дугаар: ЧГ80061271/

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн.

Г.У нь иргэн С.Т-д “Чех Улсын визний ярилцлагын цаг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг ХААН банкны 5100228006 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Уыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор М.Сансарсайхан бичсэн дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор яллагдагч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Уыг “Чех Улсын виз гаргана” гэх зарыг цахим сүлжээнд байршуулж бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 8 сарын 22-ны өдөр иргэн Ц.Ө-аас нийт 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд шүүх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 1501 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаасан байна.

Ялтан Г.Уын ... иргэн Ц.Ө-аас нийт 1,500,000 төгрөг залилан авсан хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа илэрсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх үндэслэл бий болсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан нь өөр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан.

Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзнэ прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад Г.У нь 2018 оны 5 дугаар сарын 24, 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд С.Т-г “Чех Улсын визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 1,100,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэний учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн байх ба уг тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Г.У нь дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Чех Улсын виз гаргана” гэж зохиомол байдлыг бий болгон Ц.Ө-ыг хуурч 1,500,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь тухайн этгээдийн эрх зүйн байдал, хэргийн зүйлчлэлд нөлөөлж улмаар өмнө хэрэглэснээс хөнгөн, эсхүл хүнд ялтай хууль хэрэглэх үндэслэл болдог.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Уын ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл, яллагдагчийн эрх зүйн байдал хөнгөрч, эсхүл хүндэрч өөрчлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Г.Ут хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04А дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Г.Ут холбогдох 1808043500678, 1805051341065 дугаартай эрүүгийн хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                   

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН