Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01469

 

  

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалтай,

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Эбо сервис ХХК-д холбогдох,

 

Хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийн хамт нийт 21,602,436 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандахбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эбо сервис ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2016 оны 09-р сараас эхлэн өр үүсгэж 2019.10.26-ны өдрийн байдлаар 14,401,624 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна. Эбо сервис ХХК нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрөө төлөхгүй байгаа нь тухайн байгууллагад ажилладаг даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх зөрчигдөж байгаа тул Нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч/-ийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан боловч өр авлагыг барагдуулахаар тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 14,401,624 төгрөг, үүнд ногдох алданги 7,200,812 төгрөг болж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 21,602,436 төгрөгийг Эбо сервис ХХК-иас яаралтай гаргуулж, нийгмийн даатгалын сан болон даатгуулагчдыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 14,401,624 төгрөгийг Эбо сервис ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин алданги болох 7,200,812 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Төрийг төлөөлж прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: Эбо сервис ХХК нь нийгмийн даатгалын тайлан, татварын тайлан гаргаж өгч байгаа үүнийг үндэслэж нийгмийн даатгалын шимтгэл бодогдож байгаа. Энэ гаргаж өгч байгаа тайлан нь тухайн компанийн ийм ийм ажилтныг ингэж ажиллууллаа гэсэн тайлан байгаа. Энэ өгсөн тайлан дээр нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон үүргээ биелүүлээгүй, ийм учраас улсын байцаагчийн дүрмийн дагуу эхлээд албан шаардлага өгсөн. Үүний дагуу хугацаа тогтоож өгөөд харсан, ингээд өгөөгүй учраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд мэдэгдэл өгсөн. Үүнд 0.3 хувийн алданги оруулаад ийм дүнг ийм хугацаанд төл гэж мэдэгдэл хүргүүлсэн. Дараа нь нийгмийн даатгалын процессын ажиллагаанаас харахад улсын байцаагч энэ мэдэгдлээ өгсний дараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй шимтгэл алданги тухайн байгууллагын данснаас үл маргах журмаар гаргуулах зохицуулалт байна. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-т тухайн байгууллагын дансыг хаана гэж байгаа, энэ дагуу данс нь хаалттай явж байгаа. Тэгэхээр Нийгмийн даатгалын бүх процессын үйл ажиллагаа хийгдсэн байна гэж харж байна. Явцын дунд тухайн байгууллагатай Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээндээ алдангийн дүнг оруулахгүйгээр 2018.06.20, 2018.07.20, 2018.08.20-ны өдөр 11 сая төгрөгөө төлнө гэж гэрээ хийсэн байдаг. Энэ нь Нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлж байгаа боломж байсан. Хэдийгээр албан шаардлага мэдэгдэл дээрээ алданги оруулж өгч байсан ч ингээд төлчих гэж боломж олгож байсан гэтэл өнөөдөр гэрээний үүрэг хангагдаагүй. Нэг удаа 2,016,418 төгрөг хийгдээд зогссон. Энэ шалтгаанаа төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж байна, гэтэл цаад байгууллагатайгаа ямар гэрээгээр юу хийсэн бэ гээд харахад 2013 онд гэрээ хийсэн гэдэг боловч энэ ажил хийгдэж дуусаагүй байхад энэ мөнгө орж ирэхгүй байна энэ ажил хийгдэхгүй байна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, 2017 онд хамгийн сүүлд тайлан өгсөн байгаа, энэ тайлан гаргаж өгөөд байгаа нь энэ компанийн үйл ажиллагаа явагдаад байна гэж би харж байна. Ганцхан Архангайн усан бассейн бариад байгаа гэдэг шалтаг өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх шалтгаан болж чадахгүй байна. Мөн 2017 онд тайлан өгч байгааг юу гэж тайлбарлах вэ гэж харж байна. Нэмж хэлэхэд энэ компанид ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашиг мөн хөндөгдөөд байгаа, үүнийг яагаад бодохгүй байна вэ. Энэ хүмүүс цаанаа ямар нэгэн халамжийн үйлчилгээ авахад эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна. Мөн энэ компани ганцхан Архангайн Усан бассейныг барих гэж байгаа юм уу, өөр үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм уу. Тийм учраас хуулийн дагуу үндсэн төлбөр болон алданги нийт 21,602,624 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн шаардсан нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 14,401,624 төгрөгийг хариуцагч Эбо сервис ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч Эбо сервис ХХК-аас алданги 7,200,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эбо сервис ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 229,958 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 болон 2 дахь заалтыг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан Эбо сервис ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,401,624 төгрөг, алданги 7,200,812 төгрөг нийт 21,602,436 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай гэж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр гэхдээ 3, 4 дугаарыг 2,3 гэж дугаарлаж өөрчлөлт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 130,164 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.16-ны өдрийн 97 дугаартай шийдвэр, Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 22 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

Тус иргэний хэргийн нөхцөл байдлын хувьд хариуцагч Эбо Сервис ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Хүүхэд залуучууд соёл, спорт, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай/ тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг ажлын хөлсийг Эбо сервис ХХК нь авч чадахгүй байх бөгөөд үүнээс шалтгаалан манай компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж гэрээгээр тохирсон үнэ хөлсийг авч чадаагүйгээс компанид эдийн засгийн ярвигтай байдал үүсэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болоод удаан хугацаа өнгөрөөд байгаа билээ. Энэ тухайгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд болон Нийгмийн даатгалын хэлтэст учирлан удаа дараа тайлбарласан байдаг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам уг асуудлаар Нийгмийн даатгалын хэлтэст хандан албан тоот явуулсан нь хэрэгт авагдсан байдаг ба Нийгмийн даатгалын хэлтэс энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Мөн энэ байдлыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдэд удаа дараа уг асуудлыг учирлан тайлбарласан боловч шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзэлгүй хэт нэг талыг баримтлан алдангийг хасалгүй хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Шүүхийн өмнө Эбо сервис ХХК нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас төрийн байгууллагад өртэй болж байгаагаа тайлбарлаад байх боловч шүүх үүнийг харгалзаж үзэлгүй алданги 7,200,812 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Эбо сервис ХХК-д холбогдуулан хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийн хамт нийт 21,602,436 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 21,602,436 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

1.   Нийгмийн даатгал нь иргэн /цаашид даатгуулагч гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ.

 

Ажил олгогч болон даатгуулагч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3%-ийн алданги ногдуулна, алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50%-иас хэтрэхгүй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч Эбо сервис ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2016 оны 09 дүгээр сараас эхлэн өр үүсгэж, 2019.10.26-ны байдлаар 14,401,624 төгрөгийн шимтгэлийн өртэй үндэслэлээр нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шимтгэлийн өр 14,401,624 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийг 50%-иар тооцож 7,200,812 төгрөгийн хамт нийт 21,602,436 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,401,624 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй боловч шимтгэлийг хугацаандаа төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, өөрөөр хэлбэл хариуцагчийн гүйцэтгэж буй барилгын ажлын санхүүжилтийг төрөөс олгоогүй байгаа үндэслэлээр алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар түүнийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...хариуцагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай Хүүхэд залуучууд соёл, спорт, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай/ тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан, ажлын хөлсийг авч чадаагүй шалтгаанаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон талаар удаа дараа Нийгмийн даатгалын хэлтэст тайлбарлаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байтал шүүх нотлох баримтыг үнэлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаад гомдолтой байна, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа 2017 оны 09 дүгээр сар хүртэл гаргаж байсан атлаа 2016 оны 9 сараас шимтгэлийн өрөө төлөөгүй, түүнчлэн гомдолд дурдсан Архангай аймагт баригдаж буй Хүүхэд, залуучууд соёл, спорт, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах тухай ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгагдсан, санхүүжилт 2020 оны төсвөөр батлагдсан талаарх үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал санхүүжилт хийгээгүй нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбарыг буруу тодорхойлж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл заалтыг хуульд тодорхойлсноос өөрөөр бичиж, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 17 дугаар зүйлийн 17.1.1., 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг... гэснийг ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.-т заасныг... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөнөөс 2020.04.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД