Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01160/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... аймаг, .......... сум, ...... баг, ......... байрлах, ДУА-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... аймаг, ...... сум, ........ багт байрлах “ЭС” ХХК /утас ../-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 21,602,436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, Төрийг төлөөлж прокурор Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЭС” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2016 оны 09 дүгээр сараас эхлэн өр үүсгэж 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 14,401,624 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна.

“ЭС” ХХК нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрөө төлөхгүй байгаа нь тухайн байгууллагад ажилладаг даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх зөрчигдөж байгаа тул Нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч/-ийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа тавьж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан боловч өр авлагыг барагдуулахаар тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 14,401,624 төгрөг, үүнд ногдох алданги 7,200,812 төгрөг болж байна.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 21,602,436 төгрөгийг “ЭС” ХХК-аас яаралтай гаргуулж нийгмийн даатгалын сан болон даатгуулагчдыг хохиролгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч “ЭС” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “ЭС” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,401,624 төгрөг, түүнд ногдох алданги 7,200,812 төгрөг, нийт 21,602,436 төгрөг гаргуулах” гэх шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 14,401,624 төгрөгийг “ЭС” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин алданги болох 7,200,812 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “ЭС” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,401,624 төгрөг, алданги 7,200,812 төгрөг, нийт 21,602,436 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал шимтгэлийн үндсэн өр болох 14,401,624 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги болох 7,200,812 төгрөгийг төлөхгүй гэж маргасан болно.

 

Хариуцагч “ЭС” ХХК нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар шимтгэлийн үндсэн өр 14,401,624 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч “ЭС” ХХК нь шимтгэлийн дүн болох 14,401,624 төгрөгийн шаардлагын хувьд маргадаггүй, төлөхийг хүлээн зөвшөөрдөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу хариуцагчийн  шимтгэлийн үндсэн өрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч алдангид тооцсон 7,200,812 төгрөгийн шаардлагын хувьд, тооцоолсон үнийн дүнгийн талаар маргаагүй боловч тэрээр татгалзаж буй үндэслэлээ “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “Хүүхэд залуучууд соёл, спорт, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай/” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу ажлын хөлс 684,600,000 төгрөгийг өгөөгүй, төрийн байгууллагын санхүүжилт орж ирээгүй учир манай компани дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх боломжгүй шалтгаан бий болсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан дээрх өрийг төлөх боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учир алдангийг төлөхгүй, алдангиас чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан болно.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д, “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” буюу шимтгэл төлөх талаар дурдсан үүргийг ажил олгогч болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хүлээнэ, мөн  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт, “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:...” гэж, мөн хуулийн 20.1.2 дахь хэсэгт, “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр алданги тооцон шаардсан нь үндэслэлтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хуульд заасан алдангийн хариуцлага хүлээх үүргээс хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэлийг тус хуулиар зохицуулаагүй байна.

Иймд хариуцагч “ЭС” ХХК-д холбогдуулан шаардсан алданги 7,200,812 төгрөгийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

   1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн шаардсан нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 14,401,624 төгрөгийг хариуцагч “ЭС” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч “ЭС” ХХК-аас алданги 7,200,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

            3. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭС” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 229,958 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас бусад заалтыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА