Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0069

 

 

 

                                               

 

 

 

  2022           02          08                                   128/ШШ2022/0069

                                             

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д /РД:/,                                                                   

Хариуцагч: Нийслэлийн орон сууцны корпораци ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хооронд тус тус үүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, иргэдийн төлөөлөгч Ч.Х нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Л.Д нь тус шүүхэд хандан “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Дашбалбарт квот олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байсан.

1.2. Шүүх хуралдаан дээр “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид дахин квот олгохыг даалгах тухай” гэж тодруулсан болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч Л.Днь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрийн дагуу үйлдсэн 0126774 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 76 хувийн, хугацаагүй хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоогдсон.[1]

1.2. Мөн түүнийг 2019 оны 34/70[2], 2020 оны 36/66[3], 2021 оны 30/58[4] дугаартай тодорхойлолтоор байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж тодорхойлсон.

1.3. Нэхэмжлэгч Л.Днь “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн хэрэгжүүлдэг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй бөгөөд энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д хандаж хүсэлт гаргаж байсан.

1.4. Тухайлбал, дээрх хүсэлтүүдийн дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаас 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/467 тоот албан бичгээр[5] Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захиралд “байранд орох дарааллыг урагшлуулж өгөх хүсэлт ирүүлснийг ... хууль тогтоомжийн хүрээнд судалж, ... хариу өгөх” агуулгатай албан тоот, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04-02/6295 тоот албан бичгээр[6] “... Л.Дта “Буянт-Ухаа-2” түрээсийн орон сууцны цахим бүртгэлд “Энгийн түрээсийн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангилал”-д 1490 дугаартай бүртгэгдсэн байна. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7.1-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр нь эрэмбэлнэ гэж заасан. Дээрх шалгаруулалтын дагуу иргэн таны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 76 байх тул нийт хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн 57 дугаарт эрэмбэлэгдсэн байна ...”  агуулгатай албан тоот, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 567 тоот албан бичгээр[7] “... Жич: “Энгийн түрээс хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангилал”-д 15-н орон сууцны квот олгогдож, нийт 512 иргэн хамрагдсанаас иргэн Л.Днь 1490 дугаартай бүртгэл үүсгэн 57-д эрэмбэлэгдсэн байна” агуулгатай албан тоот тус тус гарсан байна.

1.5. Нэхэмжлэгч тус шүүхэд анх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6206 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9136 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.[8]

1.6. Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2848 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.[9]

1.7. Нэхэмжлэгчийн зүгээс “Нийслэлийн орон сууцны корпораци ХК өөрийн хэрэгжүүлж буй “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын аль заалтыг хэрхэн хэрэглээд 57-д эрэмбэлэгдсэн талаар тодорхой хариу өгөөгүй, Л.Дминий хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2.7.1 дэх заалт нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, сөрөг нөлөө бүхий, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хязгаарласан захиргааны акт ...” гэх зэргээр маргаж байна.

1.8. Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс “... эрэмбэлэх хэлбэрээр сонгон шалгаруулахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэдийг 5.2.7.1-5.2.7.5-д заасан шалгуураар эрэмбэлэхээр, 5.2.7.1-д тэргүүн ээлжинд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр ихээс нь бага руу нь эрэмбэлэхээр заасан. Энэ журмын заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш, хууль зөрчөөгүй ...” гэх зэргээр, хариуцагч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс “... Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 567 тоот албан бичгээр иргэн Л.Дашбалбарт ... аль нэг байгууллага, хувь хүнд давуу эрх олгох боломжгүй ... гэж тодорхой хариу өгсөн. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс” гаргадаг. Энэ комисс шийдвэрээ гаргахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2.7.1-5.2.7.5 дахь заалтад заасан шалгууруудыг нэг бүрчлэн нягталсны үндсэн дээр жагсаалт гаргадаг. Нэхэмжлэгч Л.Дашбалбарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүнтэй “Түр суурьшуулах орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”[10] байгуулсан. Шаардлагатай бол Л.Днь “Энгийн түрээс хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангилал”-аас өөр ангилалд нэрээ бүртгүүлэх эрх нь нээлттэй ...” гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Л.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ахмадын орон сууц гэж байх үеэс хамрагдах талаар хөөцөлдсөн. Мэргэжлээрээ олон жил багш хийж байсан. Одоо 3 өнчин хүүхэд, тэтгэвэрт байдаг ханийнхаа хамтаар амьдардаг хүн байна. Яагаад маргаан үүсгээд байна вэ, гэвэл цахимаар шалгаруулалт хийсэн нь зөв би үүн дээр зөв гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн хувь хэмжээгээр эрэмбэлнэ гэж яриад байна. Энэ нь Үндсэн хуулийн бүх хүн тэгш эрхтэй байх гэсэн заалтыг хөндсөн. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хувь тогтоогдог нь энэ хуультай мөн зөрчигдсөн журам баталж гаргаад энэ журмаараа хүмүүсийн хувь заяаг шийддэг болсон. Нэг мөчөө тайруулсан хүн байранд орохгүй хойгуур байна гэсэн үг. Байнгын асаргаатай хүн өдөр тутмын үйлдэлдээ хэн нэгний тусламж дэмжлэггүй юм хийж чадахгүй хүнийг байнгын асаргаа гэж хэлдэг. Тухайн журамд нарийвчилж тогтоогоогүй групп тогтоох журамтайгаа зөрчилдсөн. Мөн цаашлаад Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Өнгөцхөн шийдсэн байгаа юм. Эмнэлгийн мэргэжлийн хүн байхын бол хугацаагүй группийн хүн биеийн байдал хүндрэх юм бол жил болгон сунгаад бие нь сайжирвал асаргаанаас нь хасдаг, бие нь хүндэрвэл асаргааг нь сунгаад эмчилгээг нь хийдэг. Энэ процессыг хаясан болохоор маргаад байгаа юм. Олон даргад хэлсэн чинь та байранд орохын тулд дахиад нэг хөлөө тайруулах ёстой гэж хэлсэн. Би өнөөдөр маш их чирэгдэж, хохирч байгаа. Нийслэлийн орон сууц корпорацийн ХК-ийн зүгээс хөлдөж үхэх аюулаас аварч түр оршин суух байранд хамруулсан.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч иргэн Л.Днь хөдөлмөрийн чадвараа 76 хувь алдсан. Өнөөдрийг хүртэл группт байгаа. Зорилтот бүлгийн иргэдийг түрээс орон сууцад хамруулах журмын дагуу удаа дараа өргөдөл өгөөд явсан. Түрээсийн байр зарлагдах, журам гарах үеэс эхлээд өргөдөл гаргаад явсан. Өргөдөлд заасны дагуу удаа дараа хүсэлт өгч хариугаа авч байсан. Нийслэлийн орон сууц корпораци ХК-д 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 02467 дугаартай албан бичгээр дамжуулаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан байдаг. Үүнд сонгон шалгаруулалтын ажлын эцсийн шийдвэрийн Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс гаргана. Нийт 512 иргэн хамруулан иргэн Л.Д1490 дугаарт бүртгэл үүсгэн 57 дугаарт эрэмбэлэгдсэн байна гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш яаж 57 дугаарт эрэмбэлэгдсэн нь тодорхой бус байна гэж хүсэлт гаргаж байсан. Хүсэлт гаргасны дараа тодорхой хариу өгөхгүй удсан учир Л.Дшүүхэд хандсан. Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан бол Нийслэлийн орон сууцны корпораци болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхой шийдвэр өгөхгүй хариу нь тодорхой бус байгаад байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга бол Нийслэлийн орон сууцны хэрэгжүүлж байгаа Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцад хамруулах журмын 5.2.7 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хэрэгжүүлж байгаа энэ журмын 5.2.7.1 дэх хэсэгт заасны дагуу 57 дугаарт эрэмбэлэгдсэн нь хууль бус байна. Тийм учраас иргэн Л.Дашбалбарт дахин квот олгохыг даалгах гээд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

... Гол маргаж байгаа зүйл нь зорилтот бүлгийн түрээсийн орон сууцанд хамруулах журам байгаа. Журамтай холбоотой асуудлаар шүүхийн хэлэлцүүлэгт яагаад маргаад байгааг тайлбарласан. Л.Дашбалбарын хувьд гол харгалзан үзэх зүйл нь бол асаргаа гэж өөрөө ярьдаг. Тухайн журам нь Л.Дашбалбарын орон сууцанд хамрагдах эрхийг нь тодорхой хэмжээгээр зөрчиж байна. Энэ журам нь хууль зүйн үүднээс дүгнэлт хийхэд захиргааны акт гэж үзэх боломжтой. Гэхдээ үндсэндээ сөрөг нөлөө бүхий гэдгээр тодорхойлогдож байгаа. Сөрөг нөлөө нь хөдөлмөрийн чадвар алдалт нь өөрийнх нь эмзэглэдэг сэдэв болохоор энэ нь мөн нөлөөлөөд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаартай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариу хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Хоёр байгууллагын хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн албан бичиг нь хавтас хэрэгт байсан. Үүн дээр Л.Днь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай учраас тухайн 57 дугаарт эрэмбэлэгдсэн байгаа иргэнийг эрэмбэ ахиулаад орон сууцаар хангах бололцоо байна уу, судлаад хариу хэлнэ үү гэсэн бичиг байдаг. Тухайн хариуг нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хамрагдсан иргэдийг цахим хэлбэрээр бүртгэж,орон сууц дээр сонгогдсон иргэдийг сонгон шалгаруулахыг Нийслэлийн орон сууцны корпораци зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар А/890 тоот захирамжаар сонгон шалгаруулах үүрэг бүхий эцсийн шийдвэр гардаг. Тийм учраас эрэмбийг манай зүгээс ахиулж оруулах боломжгүй гэдэг хариуг хүргүүлсэн.

Захиргааны актын шинжтэй биш учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Орон сууцыг олгуулах үүрэг олгоно уу, эрэмбийн дагуу квотыг аваагүй иргэн бол Нийслэлийн орон сууцны корпорацаас сонгон шалгаруулалт комиссоос нэр орж ирээгүй болохоор орон сууцаар хангах бололцоогүй. Харин 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Л.Днь өөрөө өвлийн нөхцөлд хүнд өвөлжих гээд байна. Тийм учраас түрээсийн орон сууцад хамруулж өгнө үү гэдэг хүсэлтийн дагуу Нийслэлийн орон сууцны корпораци түр суурьшуулах орон сууцанд хамрагдах гээд байгаа нөхцөлтэйгөөр нь ижил нөхцөлтэйгөөр хамруулаад оруулсан байгаа. Тийм учраас иргэн Л.Дашбалбарын гаргасан нэхэмжлэлд татгалзаад эс зөвшөөрөөд ийм хариуг өгч байна.” гэжээ.

3.4. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 114 дугаар хавсралтаар батлагдсан зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах тухай журмаас батлан гаргасан байна. Түрээсийн орон сууцны хурлын тухай хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан бүх иргэдийг хамруулах боломж байхгүй тул хүсэлт гаргасан иргэдээс зайлшгүй сонгон шалгаруулалт хийх шаардлага үүссэн улмаас сонгон шалгаруулалтын хэлбэрээр хүмүүсийг орон сууцанд хамруулсан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37. 5 дахь хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх зүйн байдал дордох тохиолдолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үздэг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна.” гэжээ.

3.5. Иргэдийн төлөөлөгч Ч.Хшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрэмбэлээд байгаа хугацаатай, хугацаагүй гэдэг дээр ялгаатай байна гэж үзэж байна. Иймд Л.Дашбалбарын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Дашбалбарыг түрээсийн орон сууцанд хуваарийн дагуу оруулах. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 20.1.7 дахь заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;” гэж заажээ.

1.2. Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “8.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 8.1.1 дэх заалтад “нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;” гэж заажээ.

1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дугаартай тогтоолын хавсралтаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам[11]-ыг баталжээ.

1.4. Тус журмын 1.1 дэх хэсэгт зааснаар уг журмын зорилгыг авч үзвэл “... нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах ...” асуудлыг шийдвэрлэхээр зохицуулжээ.

1.5. Мөн журмын 1.5.16 дахь заалтад зааснаар “нийслэлийн зорилтот бүлэг” гэдэгт залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн 8 категори хамаарч байна.

1.6. Нэхэмжлэгч Л.Днь тус журмын 1.5.16.7 болон 5.2.7 дахь хэсэгт заасан “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” гэх категорит хамаарч, сонгон шалгаруулалтад оролцжээ.

1.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно.” гэж заасан.

1.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн эрх зүйн үр дагавартай шийдвэрийг захиргааны актын тусгай тохиолдолд гэж үзэн захиргааны актад хамааруулахаар зохицуулжээ.

1.9. Нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгох шаардлагыг тавьж буй “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2.7 дахь заалт, тодруулбал, 5.2.7.1 дэх заалт нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу захиргааны актын тусгай тохиолдлын шинжийг бүрэн хангасан захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

1.10. Өөрөөр хэлбэл, дээрх журмын маргаан бүхий хэм хэмжээ нь нийтлэг шинж бүхий тодорхойлж болохуйц этгээдэд буюу зорилтот бүлгийн иргэд /хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-д чиглэсэн байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 37.7 дахь хэсэгт заасан захиргааны акт гэж үзнэ.

1.11. Түүнчлэн энэхүү журам, түүний холбогдох зохицуулалтууд нь захиргааны актын тусгай тохиолдолд хамаарч байх тул Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавигдахгүй болохыг дурдах нь зүйтэй.

1.12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэжээ.

1.13. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд аливаа захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий гэж үзэхийн тулд тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь чиглэсэн этгээддээ үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжтэй байхыг шаардахаар байна.

1.14. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий журмын холбогдох заалтыг үзэхэд 5.2 дахь хэсэгт “... доорх эрэмбийн дагуу сонгон шалгаруулна” гээд 5.2.7.1 – 5.2.7.5 дахь хэсэгт “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр; хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар нь /жил, сар, өдөр/; нөхөн сэргэх боломжтой хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг нөхөн сэргэх хугацаагаар нь; өрхийн ам бүлийн тоогоор; бусад” гэж зааснаас үзвэл эдгээр зохицуулалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа эрэмбэ бүхий шалгуур үзүүлэлтийг тодорхойлсноос бус, эрх зүйн үйлчлэл нь чиглэсэн этгээддээ ямар нэг байдлаар үүрэг бий болгосон, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

1.15. Тиймээс тухайн 5.2.7.1 дэх заалтыг “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

1.16. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн зүгээс тогтоосон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа эрэмбэ тогтоох шалгуур үзүүлэлт нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар бэхжүүлсэн “тэгш эрхийн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

1.17. Тодруулбал, “тэгш эрхийн зарчим”-ын агуулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бие, эрхтэн эрүүл иргэнтэй адилтгахгүй байх, байнгын асаргаа шаардлагатай иргэнийг хүний туслалцаагүйгээр бие даан амьдрах чадвартай иргэнтэй адилтгахгүй байх шаардлага хамаарах бөгөөд маргаан бүхий журмын 5.2.7.1 дэх заалтын агуулга, зохицуулалтаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бусад нийгмийн бүлэгтэй адилтгаж авч үзээгүй байх тул тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

1.18. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэдийг 5.2.7.1-5.2.7.5 дахь хэсэгт заасан шалгуураар эрэмбэлэхээр, 5.2.7.1 дэх хэсэгт тэргүүн ээлжинд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр ихээс нь бага руу нь эрэмбэлэхээр заасан нь тэгш эрхийн зарчмыг зөрчөөгүй буюу хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1.19. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид дахин квот олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “8.1.Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.” гэж заажээ.

2.2. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна.” гэжээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууц хүртээмжтэй байх зарчимтай боловч аливаа орон сууцыг түүнд хуваарилах, ашиглах нөхцөлийг хууль тогтоомжоор тогтоож, зохион байгуулахаар заажээ.

2.4. Нэхэмжлэгчийн хувьд түүнийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас 57-д эрэмбэлсэн үйл ажиллагааг хууль бус гэж тайлбарлахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын аль заалтыг хэрхэн хэрэглээд 57-д эрэмбэлсэн талаар тодорхой хариу өгөөгүй, Л.Дминий хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус гэж маргасан.

2.5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзээхэд маргаан бүхий журмын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэдийг тус журмын 5.2.7.1-5.2.7.5 дахь хэсэгт заасан шалгуураар эрэмбэлэхээр, 5.2.7.1 дэх хэсэгт тэргүүн ээлжинд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр ихээс нь бага руу нь эрэмбэлэхээр заасны дагуу эрэмбэлжээ.12

2.6. Түүнчлэн Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “... хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжлах гэр бүлд 5 хувь ...”-ийн орон сууцны квот буюу хязгаарлагдмал квот тогтоогдсон[12], тус квотод иргэдийг шалгаруулахдаа сонгон шалгаруулах комисс нь тэргүүн ээлжинд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлийг харгалзаж, тухайн шалгуур үзүүлэлт тэнцвэл журмын 5.2.7.2 – 5.2.7.5 дахь заалтад заасан шалгууруудыг эрэмбэлэн хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.[13]

2.7. Өөрөөр хэлбэл, Сонгон шалгаруулах комисс нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулж, жагсаалт үүсгэхдээ “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2 дахь хэсэгт заасан “эрэмбийн дагуу сонгон шалгаруулах” зарчмыг хэрэгжүүлсэн байна.

2.8. Тиймээс нэхэмжлэгчийн үндэслэж буй “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын аль заалтыг хэрхэн хэрэглээд 57-д эрэмбэлсэн талаар тодорхой хариу өгөөгүй, Л.Дминий хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь, хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.” гэж заажээ.

2.10. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс нь дээр дурдсанчлан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2 дахь хэсэгт заасан “эрэмбийн дагуу сонгон шалгаруулах” зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн, шалгуур үзүүлэлтүүдийг буюу сонгох боломжийг хэрэглэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актын хүрээнд зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

2.11. Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд хариуцагч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас ирүүлсэн “нууц”-ын тэмдэгтэй нотлох баримтуудыг хэргийн оролцогч талуудын хэн алины зөвшөөрсний дагуу зөвхөн шүүх бүрэлдэхүүн судалсан болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

3.1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ч.Х“Эрэмбэлээд байгаагийн хугацаатай, хугацаагүй гэдэг дээр ялгаа байна гэж үзэж байна. Иймд Л.Дашбалбарын нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг хэлсэн.

3.2. Шүүх бүрэлдэхүүн энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.1.7 дахь заалт, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Дашбалбарын гаргасан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид дахин квот олгохыг даалгах тухай” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

         

            ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

           

            ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 16 дахь тал

[2] 1Хх 15 дахь тал

[3] 1Хх 14 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 5 дахь тал

[5] 1Хх 20 дахь тал

[6] 1Хх 18 дахь тал

[7] 1Хх 17 дахь тал

[8] 128/2020/0639/З индекстэй захиргааны хэрэг

[9] 1Хх 77-78 дахь тал

[10] 2Хх 23-25 дахь тал

[11] 1Хх 88-95 дахь тал

[12] Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас НИТХ-д хүргүүлсэн албан бичиг 1Хх 17 дахь тал

13 Хуралдааны тэмдэглэлийн /нууцын зэрэглэлтэй/ 3 дахь тал

14 Хуралдааны тэмдэглэлийн /нууцын зэрэглэлтэй/ 4 дэх талд байгаа С.Дорждэрэм, Б.Батбямба нарын хэлсэн үг