Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01482

 

 

 

Бум цайз СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 732 дугаар магадлалтай,

 

Бум цайз СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Ч.Эрдэнэгэрэлд холбогдох,

 

СӨХ-ны төлбөр 565,200 төгрөг, нотариатын зардалд 8500 төгрөг, нийт 573,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Эрдэнэгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Ч.Эрдэнэгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105-ын В байрны 3-2 тоотод оршин суугч Ч.Эрдэнэгэрэл нь 2016 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01-12 дугаар сар, 2018 оны 01-12 дугаар сарыг дуустал, 2019 оны 01-10 дугаар сарын СӨХ-д төлөх төлбөрөө төлөлгүй нийт 565,200 төгрөгийн өр, авлага үүсгээд, хохирол учруулаад байна. Оршин суугч нь СӨХ-д сар бүр 12,560 төгрөг төлөхөөр байна. Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Ч.Эрдэнэгэрэл нь 2016 оны 02-12 сард 138,160 төгрөг, 2017 оны 01-12 хүртэл 150,720 төгрөг, 2018 онд 01-12 сарын 150,720 төгрөг, 2019 оны 01-10 сарын 125,600 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйгээс үйлчлэгч, харуулын ажилчны цалин хөлсөө өгч чадахгүй байна. Мөн орон сууц өмчлөгчдийн нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр, дулааны төлбөр, хог тээвэрлэлтийн компанид өр төлбөр үүсээд байна. Иймд хариуцагч Ч.Эрдэнэгэрэлээс СӨХ-ны үйл ажиллагааны төлбөрт нийт 565,200 төгрөг, нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд 8,500 төгрөг, нийт 573,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Эрдэнэгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал Бум цайз гэх СӨХ-ны дарга байхгүй, гэхдээ I120WM9121805 гэсэн код юу болохыг тогтоож өгнө үү. СӨХ нь албан ёсоор байгуулагдаагүй, ...Бум Цайз гэх СӨХ-ыг шалгуулах хүсэлтэй байна. 2013 оноос Бум цайз гэх хуучин байсан хаанахынх нь юм бүү мэд тамга олж ирээд л н.Сарантуяа гэгч эмэгтэй худлаа хэлээд залилан хийгээд л хүчрэгдэхгүй байсан. 2020 онд адилхан нэртэй Сарантуяа л гээд хүмүүс албан бус юм ярих юм. Зөрчлийг арилгаж өгнө үү.

...Одоо хариуцаж байгаа контор нь /Зүмбэр Орд Өргөө ХХК Байцаагч-99135130, Сантехникийн Слесарь, Диспетчер 88280048/ 2013 оноос хойш орон сууцны хариуцсан контор 9. Өнөөдрийн байдлаар Зүмбэр орд өргөө юм байна. Энэ хугацаанд дээрх компаниуд одооныхтой адилхан зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Төрийн холбоо 1111-д та мөнгөө төлөөгүй л гэдэг тэгээд миний нэр хүндийг интернетэд буруу ташаа мэдээлэл тавьдаг. Нэр хүндийг минь сэргээж өгнө үү, залруулж өгнө үү. Монгол Улсын хэмжээнд байрнуудын контор, СӨХ-үүдийг нэгдсэн нэг үйлчилгээтэй болгох саналтай байна. Их үнэтэй байна. Цахилгааны шитийг мөн цоожтой болгомоор байна. Хүнгүй байхад халуун хүйтэн ус 65,000 төгрөгийг гаргачихаад сантехникийн ажилтнууд нь хүн доромжлоод байна. Зүмбэр орд өргөөд гомдолтой байна. Цаашид хүнийг тэжээж чадахгүй, ...халуун хүйтэн усны тоолуурыг гэртээ тавиулах саналтай байна. ...Хэрэв Монгол Улсын хуулийн дагуу эрхтэй нь үнэн бол мөнгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэгэрэлээс сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 565,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бум цайз сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 17,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бум цайз сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 732 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Эрдэнэгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд:

1. Байр барьсан бичгийн эх хувь эвлүүлсэн юм шиг харагдаад байгаа. Хавсаргасан М.Одончимэг нь Нэг. Хувийн эзэмшлийн газар дээрээ, Хоёр. Байраа барьсан иргэн. СӨХ-оо 2012 онд уг байрыг барьсан. Уг газар, барьсан байран дээрээ Гурав. СӨХ-өө байгуулаад Дөрөв. 2014 онд татварт иргэн М.Одончимэг төлбөрөө төлсөн. Архиваас гарч ирсэн баримт дээр ийм байгаа шүү.

2. Бум цайз СӨХ-ны 105 дугаар байрны доорх газрын асуудал гарч ирж байна. Одоо хэний өмчлөлд байгаа байдлыг асуух, тодруулах.

3. 2019.11 сараас Бум цайз СӨХ нь Ш.Сарантуяа шүүхээр явлаа, байр барьсан болон байрыг хүлээ авсан техникийн комиссын актаа энэ хооронд биелүүлнэ гэсэн, өнөөдрийг байдлаар хэрхэн авсан тухай албан хэрэгт хавсаргамаар байна. Яагаад үүнийг нэхээд байна гэвэл байрны доорх газар хэний өмчлөлд байгаа талаар 2020 оны шүүхийн удаа дараагийн албан бичгүүдэд тусгуулах, улс хүлээж авсан техникийн акт байхгүй гэх нөхцөлөөс үүдэн 99 жилийн дараа манай байрны хувь заяа ямар байдалд хүрэх вэ? Тэр үед тэдний залилан хийдэг этгээдүүдийн үр хүүхэд уг байрны иргэдийг хөөвөл хэн хариуцах вэ? Би л лав энэ 3 шатны шүүхийн бичигтэй үр хүүхдүүддээ өвлүүлнэ гэж бодож байгаа. Үүнд:

1. 105 Б-ийн 2-5 Д.Буяннэмэх /Отгонжаргалын Билэгсайхан/ 2017, 2018, 2019-304,800,

2. 105 Б-ийн 2-13 Лүндаагийн Батмөнх 2017, 2018, 2019-422,800,

3. 105 Б-ийн 2-22 Оюунбадамын Адьяатогтох 2017, 2018, 2019-455,700,

4. 105 Б-ийн 2-31 Болоожийн Гантулга 2017, 2018, 2019-524,700,

5. 105 Б-ийн 2-32 Гантуяагийн Солонго 2017, 2018, 2019-506,600,

6. 105 Б-ийн 2-34 Бямбаагийн Нарантуяа 2016, 2017, 2018, 2019-682,000

7. 105 В-ийн 3-2 Чимэдийн Эрдэнэгэрэл 2016, 2017, 2018, 2019-565,200,

8. 105 В-ийн 3-3 Пүрэвдашийн Уранчимэг,

9. 105 В-ийн 3-21 Одмаа 2016, 2017, 2018, 2.019-586,300,

10. 105 В-ийн 3-30 Цэнгэлийн Золзаяа 2016, 2017, 2018, 2019-620,120,

11. 105 В-ийн 3-34 Цэгээнрэгзэнгийн Баясгалан 2016, 2017, 2018, 2019-802.900,

12. 105 В-ийн 3-35 Дарханбаатарын Довчиндорж 2016, 2017, 2018, 2019-495,600,

13. 105 В-ийн 3-36 Базаргүрийн Бариашир 2016, 2017, 2018, 2019-451,500,

14. 105 В-ийн 3-40 Санзайгийн Доржсүрэн 2016, 2017, 2018, 2019-465,500,

15. 105 В-ийн 3-41 Жанцанэрдэнийн Дэлгэрзаяа 2016, 2017, 2018, 2019-372,900, нарын холбогдолтой нийт 7,256,620 төгрөгийн итгэмжлэлийг анхан шат шүүхийн шийдвэр, тогтоолтой хэргийг Монгол Улсын Дээд шүүх хянаад анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Нэхэмжлэлийн төлөөлөгч хуульч №0578 дугаартай өмгөөлөгч М.Цэрэндэжид 2019.11.30-ны өдрийн нэрийн жагсаалт тухайн байгууллагын албан бичгийн номергүй тул хүчин төгөлдөр биш хүчингүй. Бум цайз СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч МХХ-ны өмгөөлөгч М.Цэрэндэжид №0578 дугаартай, даргын гарын үсэг, тамга, №12 дугаартай 2019.11.12-ны өдрийн итгэмжлэлд мөнгөн дүн байхгүй. Юуг яг яах гэж нэхэмжлэх гээд байгаа нь тодорхойгүй. Өмгөөлөгч өөрийн оршин суугаа газрын оршин суугч, Бум цайз СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг удирдан явуулсан гэх, хурлын тэмдэглэл нь нотлогдохгүй, 8 хүнийг цуглуулан бие биенээ албан тушаалд дур мэдэн томилсон, хяналтын болон удирдах зөвлөлд уг өмгөөлөгч нь өөрийн нэрийг шургалуулсан. Бусад оршин суугчдыг Бум цайз СӨХ-ны дарга гэх Ш.Сарантуяатай хамтран өмгөөлөгч М.Цэрэндэжид нар 16 дугаар хорооллын гэх 105 дугаар байрны Бум цайз СӨХ-ны итгэмжлэгдсэн өмгөөлөгчөөр томилогдсон гэх хуулийг мэддэг одоо өөрийн хуулийн өмгөөлөгчийн мэргэшсэн ажлаа хийж байгаа М.Цэрэндэжид гэдэг хүн тухайн 105 дугаар байранд өөрөө хуулиа зөрчиж байгаагаа мэдсээр хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй, харин буруу ташаа хавтаст хэрэг өөрөө бүрдүүлж шүүхэд өгч байгаа нь өмгөөлөгчийн эрхээ урвуулан ашигласан, өөрөө тухайн байранд амьдардаг атал М.Цэрэндэмжид давуу эрхийн хүрээнд нөлөөлөл үүсгээд байгаад нь гомдолтой байна.

Нэг. Бум цайз СӨХ-ны дарга гэх Ш.Сарантуяа нь дээрх өмгөөлөгчийн нэрийг урдаа барин анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөр итгэмжлэгдсэн байгаа нь дээрх 15 айлыг хуулийг буруу хэрэглэхийг шаардаж байгаагаар зогсохгүй нийт айлуудаар Ш.Сарантуяа ганцаараа орж байрны мөнгийг надтай тохир, та нар надтай тохирохгүй хаачдын гэж буруу мэдээллийг олгож, оршин суугчдын амгалан тайван байдлыг илтээр алдагдуулж, зарим нэг айл нь байраа түрээслээд өөр газар нүүхээс өөр аргагүй байдалд хүрдгээр барахгүй БЗД-ийн анхан шатны шүүхэд нөлөөлж Бум цайз СӨХ-ны гэх нэршилтэйгээр Иргэний хуулийн 147.1 дэх зүйл заалтаар хуулийг залилж завшиж байгаа, өөрсдийн талд шийдвэрийг гаргуулж байгаа байдлыг хянуулахаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна.

Тайлбар, миний бодол: 147.1 нь нийтийн эзэмшлийн талбайн төгрөгийг гэснээс биш албан бус СӨХ төгрөгөө төлөө гэсэн үг хуульд хаана ч байхгүй байна. Энэ СӨХ гэдэг нэртэй байгууллага нь Монгол Улсын хэмжээнд нийт байрнууд дээрх дутагдал оршсоор байна. СӨХ нь засварын мөнгө гээд сар болгон 10,000-с дээш төгрөг авдаг. СӨХ-ны талаар гаргасан хууль учир дутагдалтай байгаа нь амьдрал дээр харагдаад байна, үүнийг Монгол Улсын дээд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын өргөдлийн байнгын хороо болон УИХ-иар хэлэлцүүлж болно шүү дээ гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд СӨХ болон байрнуудын конторын тухай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг уламжилж байна. Үнэ тариф дээр нь хяналт тогтоож, нэрчлэн зааж тогтоож өгөхгүй бол хүн усанд ордог том тосгуурт /банны/ доорх усыг нь гаргаж өгөөд л 7,700-10,000 төгрөг байрны мөнгөн дээр гарах юм.

Хоёр. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2002 оны хуулиар Монгол Улсын шүүхийн шүүгч нар хэргийг хянан шийдвэрлэж байгаа гэсний дагуу 2008 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй, энэхүү номын 2 дахь хэвлэлд Улсын Их Хурлын 2007.08.03-ны өдрийн хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, Улсын дээд шүүхээс энэ хуультай холбоотой шинээр гаргасан тайлбар, зөвлөмжийг багтаасан болно... гэсэн номны V хэсэгт 179.1.1. шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл гэсэн үндэслэлийг хамааралтай гэж үзэв.

-168 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох 168.1; 168.1.6; 168.1.7. /38.6/; 38.5; 38.6 дагуу Ч.Эрдэнэгэрэлтэй холбогдолтой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх хуулийн заалтыг үндэслэн хүчингүй болгоно гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

-Шүүхээр хянагдаж байх ажиллагааны үед Монгол Улсын нэрийн өмнөөс хурал хийж байх явцад Бум цайз СӨХ-ны нотлох баримтыг цуглуулах явцад архиваас гарч ирсэн нь 2012 онд М.Одончимэг байгуулсан байдаг юм байна. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх хурал дээр БУМ ЦАЙЗ СӨХ-ны дарга Ш.Сарантуяа нь банкны хөлс төлөлтийн шимтгэлийн алдангаас чөлөөлнө гэж амаараа хэлж байсан нь анхан шатны хурлын протоколд бичигдээгүй байна. Шүүгчийн туслах шүүгч шивэхдээ зохигчдын хэлсэн, ярьсныг дутуу бичсэн нь хариуцлагагүй алдаа гаргасан юм шиг санагдах үндэслэлтэй.

2. Бум цайз СӨХ-ны иргэдийн хурал хийх тухай хурлын зар, тов гаргаж албан ёсоор мэдэгдэж хурлаа хийгээгүй.

3. Оршин суугчдын иргэдийн хурал хийгээгүй болохоор ирц гэж байхгүй, хурал хийсэн нь тогтоогдоогүй.

4. 2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах 16 дугаар хорооллын 105А, 105Б, 105В байр Бум цайз СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Сарантуяа, Утас: 99694811 нь 2016, 2017 оны мөнгөн гүйлгээг нэхэх болохоороо шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа мөртлөө он цагийн хэлхээс болох хувийн хэргийг өөрчилж өөрийн хүсэлд нийцүүлээд бичээд албажуулсан байгаа, тэгээд 2012 онд байгуулагдсан архиваас гарч ирсэн нотлох баримтын дагуу М.Одончимэгийн тухайн хэсгээс асуухаар мэдэхгүй, урдны юм надад хамаагүй, 2016, 2017 оны он цагийг бас надад хамаагүй гээд, мөнгө нь хамаатай, он цагийн хэлхээсийн түүхийг мэдэхгүй гээд зүтгээд байгаад би ойлгохгүй байна.

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэр, Монгол Улсын нэрийн өмнөөс хурал хийж байх явцад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл гэсний хүрээнд Бум цайз СӨХ маань 2012 онд М.Одончимэг гэдэг эмэгтэй хүн байгуулсан байна.

6. 2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах 16 дугаар хорооллын 105А, 105Б, 105В байр Бум цайз СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Сарантуяа нь анхан шатны шүүхэд гаргаж өгсөн СӨХ-ийн дүрэм, дүрмийн хавсралт албан тушаал солигдсон хуудсанд 2015 он гэх ташаа мэдээлэл оруулж, өөрсөддөө ашигтай байдлаар хөрвүүлж, он цагийн хэлхээсийг мэдсээр байж сольж албан тушаалтнуудыг төөрөгдүүлэх замаар залилан хийсэн сэдэлттэй байж болзошгүй нь хэргийн нотлох баримт цуглуулах явцад тогтоогдсон Бум цайз СӨХ-ны анх 2012 онд М.Одончимэг байгуулсан гэх баримтыг архиваас гаргаж, хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг эх хувиараа, нотариатаар батлуулж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.

7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэр, Монгол Улсын нэрийн өмнөөс хурал хийсэн энэ өдөр Бум цайз СӨХ-ны дарга Ш.Сарантуяа гэдэг эмэгтэйг танихгүй, мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны он цагийн хэлхээсийн дансыг будлиантуулж, өөрийн тамга барьж байгаа эрхийнхээ хэмжээнд тэмдэг ашиглаад байж магадгүй. Яагаад тэмдэг ашиглаад байгаа гэснийг нотариатчаар уг баримтыг нотариатын тамга тэмдэг даруулж шүүхэд нотлох баримт гаргаж өгөх гэсэн чинь тэмдэг ашиглаад байна аа. Иймд архивын анхны материал болох хуулбар үнэн тамга тэмдэгтэй хэсгийг нотартиатын эрх бүхий төлөөлөгч 2012 оны хэсэг М.Одончимэгийн бичгийг баталж өгч, шүүхэд нотлох баримт болгон гарган өгсөн.

8. Ямар арга замаар Бум цайз СӨХ-ны данс, тамга, тэмдгийг олж авсан бэ. Хэн гэдэг хүн 2018 онд Ш.Сарантуяа танд хүлээлгэж өгсөн бэ.

9. 2011.09.19. 267/2011. 43 айлын 1 дүгээр орц

10. 2012.10.04. 334/2012. 34 айл 2 дугаар орцын тэмдэглэлийг шүүх дээр очиж С.Тэмүүлэнгээс хавтаст хэргээс дахин шүүж авч үзэж бичнэ.

11. 3 дугаар орцыг /эдгээр бичиг нь солигдоод байх юм/

12. Мүүзээгийн Одончимэг гэдэг энэ хүн яагаад Бум цайз СӨХ-ийг байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хүн Баянзүрх дүүргийн Зэвийн хашаанд байсан газартаа 105А, 105Б, 105В гурван байр барьсан гээд ямар нэгэн зөвшөөрөл авчээ. Энэ нь байрууд биш 105 байрны 1, 2, 3 гэсэн орцнууд шүү дээ.

13. Харин /12 хэсэгт/ байр гэж авсан зөвшөөрлөө өөр газар Эрдэнэтолгойд бас айлын иргэний хашаанд 2 дахь барилга болох байрыг ашиглалтад оруулж өөр газар барьсан, бас л Сууц өмчлөгч нь Бум цайз СӨХ гэх нэршилтэй байсан. Одоо хэвээрээ юу, больсон уу гэдгийг 2020 оны өдрийн Бум цайз СӨХ-ийн дарга Ш.Сарантуяагаас асуух хүсэлтэй байна.

14. Ч.Эрдэнэгэрэл би Бум цайз СӨХ-той гэрээ хийгээгүй тул хамааралгүй.

15. Интернетед бичигдсэн миний нэр төр, алдар хүндийг сэргээж зөвөөр залруулж өгнө үү.

16. Ш.Сарантуяа, өмгөөлөгч М.Цэрэндэжид нар нь шүүхийн танхимд өөр ярьдаг.

17. 16 дугаар хорооны 105 дугаар байранд шинэ сөх, тамга, тэмдэгтэй яаж болох вэ гэдэг хүсэлт гаргаж байгаа нь 2013 онд Ч.Эрдэнэгэрэл би СӨХ-ны хурлыг 105 дугаар байранд удирдан явуулсан. Г.Сарантуяа гэж хүн байсан, Энхбат болсон, Г.Сарантуяа дахин би боллоо гэсэн, 2014 онд М.Одончимэг татвар төлсөн байх юм. 2012 онд М.Одончимэг Бум цайз СӨХ-г байгуулсан юм байна. 2015 онд Г.Сарантуяа болсон 2014-2016 оныг хүртэл би СӨХ-ны дарга Г.Сарантуяа хэлээд л яваад байсан. Яагаад 2017 онд Дандар-I-ийн СӨХ-ны дарга Отгонбаяр нь өөрөө СӨХ ажиллуулдаг байж дахин Бум цайз СӨХ-г авна, дарга нь гээд одоогийн Бум цайз СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэх Мөнхбат нь одоогийн Бум цайз СӨХ-ны дарга Г.Сарантуяагийн нөхөр нэг хэсэг авгай хорт хавдар туссан би хийж байна гээд л байсан. Миний ойлгож байгаагаар 2018 оноос энэ одоогийн Ш.Сарантуяа гарч ирж байгаа юм байна. Ш.Сарантуяа нь СӨХ-ны шинэ дүрмээ Бум цайз СӨХ-г 2015 онд байгуулагдсан гэж анхан шатны шүүхэд гаргаж өгчээ. Тэгээд СӨХ-ны мөнгийг удирддаг өөр хүмүүс байдаг гэсэн, яг СӨХ-ны дарга гэсэн хүмүүс цалингаа аваад л явж байдаг гэсэн, тэгээд бөөн хэрүүл болоод М.Одончимэг татварт иргэний журмаар гэсээр мөнгө төгрөг төлсөн гээд Г.Сарантуяа нь яриад иргэдэд тайлангаа гаргалаа гээд зарлалын самбарт бичээд өнгөрсөн. Одоо энэ бичиг нь шүүхийн хүчин төгөлдөр нотлох баримт бичиг болохгүй гэх юм. Ийм учраас Бум цайз СӨХ-ны данс, тамга, тэмдгийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй.

Жич: 1.Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа 3 шатны шүүхийн шийдвэрийг гаргаад тухайн байгууллагыг БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шинээр материал гаргаж шалгуулж болно гэх прокурорын шатнаас анхан шатны хэрэг буцсан байгаа.

Хурлын тэмдэглэл дээр Г.Сарантуяа, Ш.Сарантуяа гэх хоёр этгээд нэрээ нэгтгээд залилан хийж байгаа юм. Тэгтэл Сарантуяа нэр нь адил тул Сарантуяанууд, гэтэл овгийн үсэгнүүд нь хоорондоо солигдоод байна. Шүүхийн туслахууд овгийн үсэг солигдоход нээх ач холбогдол өгөхгүй юм. Энэ бол миний бодоход буруу гэж бодогдох юм. Цагдаагийн байгууллагаар шалгуулахад овог буруу гээд л буруу байна аа. Монгол Улсын дээд шүүхийн дээд удирдлага дооших нэгждээ гаргаж байгаа дутагдлыг албан бичиг явуулна уу, бас дүүргүүдийн нэгжийн шүүхэд ороход тав тухгүй, хувцас өлгөх газаргүй, кофе уух газаргүй, сууж юм бодох сэлүүхэн газаргүй, нэг цэгийн үйлчилгээний байруудыг томруулахгүй бол хөлс болон үмхий үнэр хамар цоргим, шүүхийн туслахууд муухай ааштай нь аль ч шүүхэд дутагдал харагдлаа. Үнэн юм ярих гээд өөрийнхөө эрхийг хэлхээр дээхнээ бол айлын хашааны хуцдаг халтар жингэр шиг гэж ардын аман зохиол аман хэлц үг байсан түүн шиг... шүүгчийн туслах нар нэг хүн рүү дайрах нь олонтаа үзэгдлээ. Интернетээр хараад байхад нэг хүн массажны сандалтай зэд л байхын Яагаад шүүхийн үүдэнд массажны сандал тавьж болохгүй гэж, Ундармаа жүжигчин эмнэлгүүд дээр массажны сандал тавьж байгаа, бас яагаад усанд орох газартай байж болохгүй гэж... Монгол Улсын иргэд бид мах иддэг болохоор дулаан газар орохоор л ямар нь мэдэгдэхгүй үнэр гаргадаг юм билээ. Шүүгчийн туслах нарын мэдлэг мэргэжил дутагдалтай байна. Юм асуухаар өмгөөлөгч ав гэх юм наад захын хариулт өгөх мэдлэггүй, шинэ хууль гэх юм, одоо шинэ хуулийн дагуу л юм байх гээд шүүх хурлын даргалагч шүүгчээс албан ёсоор асуухад 2002 оны ИХШХШТХ-иар гэх мэт дутагдлыг санамж бичгээр Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа албан байгууллагууд руу хуулийн хүрээнд явуулж өгнө үү. Монгол Улсын иргэд хуулийг тэр бүр ойлгохгүй байна. Яагаад гэвэл шилжилтийн үеийн 1970 оноос өмнөх хойших хүн ардын түүхэн хөгжлийн үе шат билээ. Бид өмнөх оны хүмүүс тул бидний амьдарч байхад тийм залилан малилан гэх юм байгаагүй, намын шийдвэрийг гарахаар нь дагаад Улс эх орны бүтээн байгуулалтын төлөө ажиллаж амьдарч ирсэн билээ. Энэ үеийн хүмүүсийн нийгмийн асуудал болон амьдралын баталгааг төр дээд байгууллага нэг юм бодохгүй бол одоогийн залуучууд биднийг хаана ч явсан ихээр доромжлох боллоо. Энэ тал дээр улс нэг юм бодох болсон байна. Хэрэгт ач холбогдолгүй боловч би Монгол Улсын нэрийн өмнөөс дээд байгууллагад энэхүү жижиг мэт харагдавч Ацаг шүдний зөрүү гэдэг кино шиг л юм болоод байна. Та бүхэнд ойлгуулах гэж чадан ядан зууна.

Нэхэмжлэлийн 1 айл Ч.Эрдэнэгэрэл нь шүүхэд нотлох баримтыг өөрийн зүгээс гарган оновчтой тайлбарлаж, мэтгэлцсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна гэжээ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна. Түүнчлэн хэрэгт 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг хэрхэн яаж тооцсон талаар баримт авагдаагүй байна. Мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад шүүх уг асуудлаар -алуудыг мэтгэлцүүлж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгосон магадлал гарсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Мүүзээхүүгийн Одончимэгийн тухай ер цухас хийсэнгүй. Энэ талаар харж нэг үг хэлнэ үү. /Г.Сарантуяа хэлэхдээ М.Одончимэг бол Лу.Болдын авгайн хамаатан гээд их томроод 2013 онд хэлээд байдаг байсан. Нээрээ ч Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа энэ байрыг бариулсан. М.Одончимэгийн 2 бичгийг хавсаргасан дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг татаж үзэж болох л юм байна лээ, нотариат баталж өгөхгүй байна./ Анх байр барьсан хүн нь М.Одончимэг гэдгийг санаарай. Гэвч Бум цайз СӨХ-ны нэхэмжлэлтэй 13 айлын талаар дурдсангүй, яагаад гэвэл миний хавтаст хэрэгт /нийт 15 айлын 7,256,620 төгрөгийн, одоо бол 1 айл нь анхан шат руу хэрэг буцсан, 1 айл нь Бум цайз СӨХ-ны дарга гэх Ш.Сарантуяатай зохицсон гэж анхан шатны хурал дээр өөрөө хэлсэн./ баримт байгаа юм байна лээ.

Оршин суугчид дээрх хуулийн заалтаар маргах эрхтэй эсэхийг тодруулж байна. Нэхэмжлэлийн 13 айлын талаар дурдсангүй тул Монгол Улсын дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх материал болох Бум цайз СӨХ-ны 13 хавтаст хэргийг дуудан хянаж, 13 айлын 105 дугаар байрны холбогдолтой /нийт 7,256,620 төгрөгийн нэхэмжлэлийн/ анхан шат шүүхийн шийдвэр, тогтоолтой хэргийн нэхэмжлэлийг ихэсгэж Монгол Улсын Дээд шүүх хянаад анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Бум цайз СӨХ хариуцагч Ч.Эрдэнэгэрэлд холбогдуулан СӨХ-ны төлбөр 573,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 565,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Бум цайз СӨХ нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105А,105Б, 105В байруудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч нь Ч.Эрдэнэгэрэл нь 105В байрны 2-3 тоотод оршин сууц, тус орон сууцны өмчлөгч, холбооны гишүүн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2016 оны 2-12 сар, 2017, 2018, 2019 оны 01-10 сарын СӨХ-ны төлбөр нийт 562,200 төгрөгийг төлөөгүй тул дээрх төлбөрийг нотариатын үйлчилгээний зардал 8,500 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, албан ёсоор байгуулагдаагүй хууль бус, ...СӨХ-ны төлбөр их, ...үйлчилгээ хангалтгүй, ...СӨХ-ны тайлан, дансыг шалгуулах хүсэлтэй байна... гэжээ.

 

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, холбооны төсөв, тайлан тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах , холбооны сан болон зээлийн хөрөнгийг бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх талаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2., 7.2.3.-т тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчаас СӨХ-ны төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тооцож, тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-176.2.2.-т шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үнэдслэлээр хяналтын журмаар гомдол гаргана.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол хуулийн дээрх шаардлагад хамаарахгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй баримтын талаар хяналтын шатны шүүх хэлэлцэж, дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Харин хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хариуцагч нь хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээ анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 732 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ч.Эрдэнэгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч.Эрдэнэгэрэлээс 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД