Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/02507

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 04 өдөр

   Дугаар 184/ШШ2019/02507

                Улаанбаатар хот

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, …..... тоот хаягт оршин суух, Х- овогт Ч-ы Т- /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... тоот хаягт байрлах “Б-” ХХК /РД:.../-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш-, хариуцагчийн төлөөлөгч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.   

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Т- би орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч надад шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч орон сууц захиалах гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул орон сууц захиалах гэрээний алдангид 9,728,862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нар маань надад зөвлөсний үндсэн дээр би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа. Би 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэгдүгээрт Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох, хоёрдугаарт дээрх маргаж буй орон сууцны төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулах тухай албан бичгийг үйлдүүлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Б-” ХХК-д даалгах, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЖ-045 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний 6.3-д зааснаар 1122 хоногийн алданги 0,01 хувиар тооцож 9,728,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь “Ба-” ХХК, “Б-” ХХК нарын хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр 399,403,966 төгрөгийн өглөг, авлага байсан юм. Анх 2013 оны 10 сарын 10-ны өдөр “Б-” ХХК-тай “Ба-” ХХК нь “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн 50 хувьд нь бэлэн мөнгө, 50 хувьд бартераар “Б-” ХХК-ийн барьж байгаа орон сууцыг авахаар тохиролцож 2015 оны 9 сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 399,403,966 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнийгээ үндэслэж “Ба-” ХХК-ийн захирал н.Г- нь “Б-” ХХК-ийн захиралтай ярилцаж байр авахаар тохиролцож тухайн үед 4 байр гэж яригдаж байсан. Уг 4 байрыг Ч.Т-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн албан бичгийг “Б-” ХХК-д явуулсан. Үүний дагуу би 2016 оны 02 сарын 01-ний өдөр би “Б-” ХХК дээр очиж 4 орон сууцыг шилжүүлэн авсан гэрээ хийсэн. Мөн үлдэгдэл 76,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр 03 сард багтаан өгөхөөр тохиролцож компанийн хоорондох төлбөр тооцоо дуусгавар болсон. Ингээд 4 орон сууцны 3 орон сууцыг миний зөвшөөрснөөр бусдад шилжүүлсэн. Үлдэх 59.8 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 01 сарын 18-ны өдөр гэрээний дагуу надад хүлээлгэн өгсөн. Одоо бол “Ба-” ХХК болон “Б-” ХХК нарын хоорондын асуудал хамаагүй. Би ганцхан 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв орон сууцны талаар маргаж нэхэмжлэл гаргасан. Энэ орон сууцыг надад хүлээлгэж өгсөн. Энэ асуудлын талаар л би ярьж байгаа юм. “Ба-” ХХК-д тухайн 4 ширхэг орон сууцнаас гадна үлдэгдэл төлбөр болох 76,120,000 төгрөгийг 3 сарын дотор багтаан төлнө гэж хариуцагч тал өөрсдөө хэлсэн. Ингээд уг 76.120.000 төгрөгийг өгөөгүй учраас “Ба-” ХХК-д албан бичгээр 70,905,000 төгрөгт нь 12 давхарын 48.9 м.кв талбай бүхий байрыг өгье. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нь 2016 оны 7 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж мэдэгдсэн. Тухайн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй тохиолдолд м.кв талбайн үнийг бууруулж 68,460,000 төгрөг болгоно гэж тохиролцсон. Ингээд нийтдээ 5 ширхэг орон сууц өгөх болсон юм. Анхны өгсөн 4 ширхэг байрны дотор миний одоо шаардаж байгаа 58.9 м.кв талбайтай байр маань байж байгаа юм. 5 дахь байрыг нь компанид шилжүүлээд өгчихсөн. Үлдэгдэл төлбөр болох 76,120,000 төгрөгт өгсөн 5 дахь байрыг нь компани хоорондын тооцоонд авчихсан. Анх 50 хувийн бартераар төлөх ёстой байсан 4 ширхэг орон сууцан дотор миний маргаж байгаа 59.8 м.кв талбайтай байр байгаа юм. Хариуцагч талаас бэлэн мөнгөөр өгөх ёстой төлбөртөө өгсөн 5 дахь байрыг нөгөө анхны 4 ширхэг байртайгаа холбож яриад байгаа юм. Анхны маргаангүй авах ёстой нэг байран дээр л маргаж байгаа юм. Тооцооллын хувьд анх 2013 оны 10 сард хийсэн гэрээ байдаг. Уг гэрээгээр 2,200 орчим куб метр бетон зуурмаг нийлүүлнэ гэж байсан. Ингээд 2013 оны төлбөрийн үлдэгдэл 65,452,000 төгрөг 2014 онд шилжсэн байдаг. Ингээд 2014 онд “Б-” ХХК-ийн захирал Д.Б- бид хоёр гэрээ хийдэг. Энэ гэрээ нь 2014 оны 09 сард байгуулсан. Энэ гэрээний эх хувь нь надад байхгүй, хариуцагч талд бас байхгүй гэж хэлээд байгаа. Энэ гэрээгээр 65,452,000 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж нэмж бетон авахаар ярилцаж гэрээ байгуулсан. 2014 онд нийт 296,950,000 төгрөгийн бетон нийлүүлдэг. Үүн дээр өнгөрсөн оны үлдэгдэл 65,452,000 төгрөг нь нэмэгдэж 362,402,000 болсон. Үүнээс цементээр өгсөн 18,351,200 төгрөг, бэлэн мөнгөөр өгсөн 64,785,000 хассан. Ингээд 279,265,800 төгрөг болж байгаа. 2015 оны 09 сарын байдлаар нийт авлага 279,265,800 төгрөг. 2014, 2015, 2016 оны алданги болох нийт 1095 хоног болж байгаа. “Б-” ХХК-ийн нягтлан бодогчтой нийлсэн тооцоогоор бодоход 120,138,166 төгрөгийн алданги байна. Ингээд нийт авлага 279,265,800 төгрөг дээр алданги 120,138,166 төгрөгийг нэмэхэд 399,403,966 төгрөг гэж тооцоо нийлсэн. Анх тохиролцсон 4 орон сууцнаас 3 орон сууцыг 192,705,000 төгрөгт тооцож 206,698,966 төгрөг үлдэнэ. Ингээд 5 дахь орон сууцыг 76,120,000 төгрөгт тооцож 130,378,966 төгрөг болно. Энэ мөнгөнөөс одоо миний шаардаж байгаа 4 дэх орон сууцны үнэ нь 86,170,000 төгрөг юм. Тэгээд хариуцагч компани манайд төлбөрийн үлдэгдэлтэй гараад байгаа. Гэхдээ би мөнгө нэхэмжлээгүй. Орон сууцаа авмаар байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Ба-” ХХК болон “Б-” ХХК нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. “Ба-” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу бид нийтдээ 362,402,000 төгрөгт бетон худалдан авч помп түрээсэлсэн байдаг. Энэ 362,402,000 төгрөгийн үнийн дүн нэхэмжлэгчийн тооцоотой таарч байна. Ингээд манай компани нийт 362,551,200 төгрөгийн төлбөрийг бэлнээр болон бартер 4 ширхэг орон сууц, цемент өгөх зэргээр хийсэн байдаг. “Ба-” ХХК-тай бид төлбөр төлөх талаар ярилцаж 4 ширхэг байрыг өгөхөөр тохиролцсон. Цементээр бид 18,351,200 төгрөгийг, бэлнээр 64,785,000 төгрөгийг, орон сууцаар 192.7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгт тооцож нийт 279,415,000 төгрөгт өгсөн байгаа. 4 ширхэг орон сууцыг шилжүүлэх байснаас бид банкнаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2 орон сууцыг нь шилжүүлж, “Ба-” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу 1 орон сууцыг, шаардах эрхийн дагуу 1 орон сууцыг шилжүүлж өгсөн. Одоо энд маргаж байгаа орон сууцыг хэт том байна үүнийг өөрчилж өг гэсний дагуу бид өөрчилж өгсөн байгаа. Анх бол энэ маргаан бүхий орон сууц нь 4 ширхэг орон сууцанд багтаж байсан боловч хэт том байна гэдэг хүсэлтийн дагуу сольж өгсөн байгаа. Ийм учраас бидэнд хоорондын тооцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ маргаантай байгаа орон сууцыг бид манай компанийн өмч гэж үзэж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                              

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах 59,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ч.Т-т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулах тухай албан бичгийг үйлдүүлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Б-” ХХК-д даалгаж, “Орон сууц захиалах гэрээ”-ний алдангид 9,728,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Б-” ХХК болон “Ба-” ХХК нарын хооронд “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний үүрэгт “Б-” ХХК нь үндсэн төлбөр алдангийн хамт 399,403,966 төгрөгийг төлөх байсан. Гэрээний төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг орон сууцаар төлөхөөр тохирсон. Үүнээс 279,415,000 төгрөгт тооцож 48,9 м.кв, 49,4 м.кв, 59,8 м.кв, 46 м.кв талбай бүхий 4 орон сууц шилжүүлэх байснаас 59,8 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “Б-” ХХК нь “...“Ба-” ХХК-иас 362,402,000 төгрөгт бетон худалдан авч, помп түрээсэлсэн. Худалдан авсан үнийн дүн нэхэмжлэгчийн тооцоотой таарч байгаа тул маргаангүй. 4 ширхэг байрыг өгөхөөр тохиролцсон нь үнэн. Нийт 362,402,000 төгрөгийн худалдан авалт хийсэнээс цементээр 18,351,200 төгрөг, бэлнээр 64,785,000 төгрөг, орон сууцаар 46 м.кв, 49,4 м.кв, 48,9 м.кв, 48,4 м.кв, нийт 192,7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгт тооцож нийт 279,415,000 төгрөг, нийтдээ 362,551,200 төгрөгийн төлбөр хийсэн, 149,200 төгрөгийн илүү төлөлттэй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 59,8 м.кв талбайтай орон сууцыг “Ба-” ХХК-ийн захирал Ч.Т- нь “...талбай нь том тул зарагдахад хэцүү байна, жижиг хэмжээтэй байраар сольж өгөөч...” гэсэн тул 48,4 м.кв талбайтай орон сууцаар сольж өгсөн” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

“Ба-” ХХК нь 2013 оны 10 сарын 10-ны өдөр №/010 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г “Б-” ХХК-тай байгуулсан байна. Гэрээгээр худалдан авагч болох “Б-” ХХК нь 2013, 2014 онд 362,402,000  төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдан авч, помп түрээсэлсэн ба хүлээн авсан бүтээгдэхүүний хэмжээ, үнийн дүнд талууд маргаагүй. /хх-9-11х/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба худалдагч “Ба-” ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч “Б-” ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасан ба “Ба-” ХХК нь “Б-” ХХК-тай байгуулсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний шаардах эрхээ тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай Ч.Т-т шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 01/10 тоот, 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 01/03 тоот албан бичиг, “Ба-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Ч.Т- нь 2013 оны 10 сарын 10-ны өдрийн №/010 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй байна. Хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” хэмээн заасан тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги шаардах эрх мөн шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Ч.Т-т шилжихээр байна. /хх-5,6,9-11,72-74/

 

Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар буюу м.кв=1,450,000 төгрөгт тооцож орон сууц өгөхөөр тохиролцсон талаар талууд тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хавтаст хэргийн 7,8 дугаар хуудсанд авагдсан “2014-09-18-ний Худалдах, худалдан авах гэрээ-ний 7.2 дахь заалтаарх алданги” гарчигтай 2015 он 09 сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримтаар хариуцагч болох “Б-” ХХК-иас 399,403,966 төгрөгийн авлагатай, үүнээс үндсэн үүрэг 279,265,800 төгрөг, алданги 120,138,166 төгрөг байхаар тооцжээ. /хх-7,8/

 

Хариуцагч   тал   энэхүү   актыг   талууд  харилцан  тооцоо  нийлээгүй хэмээн

үгүйсгэх бөгөөд уг баримтад гарын үсэг зурсан “Б-” ХХК-ийн нягтлан З.Э-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан ба “...энэ актыг хоёр талаас сууж хийгээгүй. Ч.Т- эгч над дээр авч ирээд танай захиралтай уулзаад бид тохиролцсон, чи гарын үсэг зурчих гэж хэлээд би гарын үсэг зурсан. Би дотор нь юу байгааг харалгүй зурсан...” гэх мэдүүлэг, мөн уг тооцоо нийлсэн акт гэх баримт “2014-09-18-ний Худалдах, худалдан авах гэрээ-ний 7.2 дахь заалтаарх алданги” гарчигтай байх ба талуудын байгуулсан №/010 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” нь 2013 оны 10 сарын 10-ны өдөр үйлдэгдсэн, уг гэрээнд 7.2 гэх заалт байхгүй байгаа тул “Ба-” ХХК-ийн шаардах эрхээ шилжүүлсэн 2013 оны 10 сарын 10-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг тооцсон акт гэж үзэх үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. /хх-7-11, 96-98/

 

Хариуцагч “Б-” ХХК-ийн тайлбараар 362,402,000 төгрөгийн худалдан авалт хийсэнээс цементээр 18,351,200 төгрөг, бэлнээр 64,785,000 төгрөг, орон сууцаар 46 м.кв, 49,4 м.кв, 48,9 м.кв, 48,4 м.кв, нийт 192,7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгт тооцож нийт 279,415,000 төгрөг, нийтдээ 362,551,200 төгрөгийн төлөлт хийсэн, 46 м.кв, 49,4 м.кв, 48,9 м.кв, 48,4 м.кв бүхий 4 ширхэг орон сууцыг Ч.Т- болон “Ба-” ХХК-ийн нэр заасан этгээдүүд болох С.О-, Ц.П-, О.Б-, Ш.Ба- нарын нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, бетон зуурмаг худалдагч талын зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд шилжсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдов. Энэ тохиолдолд худалдан авагч болох “Б-” ХХК нь үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. /хх-93, 113-128х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч өөрөө хэрэгжүүлэх ба нэгэнт Ч.Т-т шилжүүлсэн “Ба-” ХХК-ийн шаардах эрхийн үндэслэлийг нотлох үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлж “Ба-” ХХК болон “Б-” ХХК нарын худалдан авалтын тооцоотой холбогдох баримтыг гаргаж өгөх, нотлох чиг үүрэг нэхэмжлэгчид шилжсэн гэж үзнэ. 

 

Тиймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа 59,8 м.кв талбайтай орон сууцны тухайд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч 362,402,000 төгрөгийн худалдан авалт хийж 362,551,200 төгрөгийг төлсөн байх ба хамгийн сүүлд хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн, нэхэмжлэгчийн тооцоолсноор 120,138,166 төгрөгийн алдангийг хэдийгээс хэдий хугацаанд, хэдэн төгрөгөөс бодож тооцсон болох, 120,138,166 төгрөгийн алдангид 59,8 м.кв талбайтай орон сууцыг оруулан тооцож болох боловч алдангийг хариуцагчийн хэзээ төлсөн төлбөрөөс хойш тооцсон, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 10-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.4, 6.2 дахь заалтаар худалдан авагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги тооцох 2 өөр заалт байх ба дээрх 2 заалтын аль заалтаар тооцсон, алданги шаардах эрх хэдийнээс үүссэн болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Дээрх    үндэслэлүүдээр    “Б-“    ХХК-д    холбогдох   Сонгинохайрхан

дүүргийн ... тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай Ч.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                             

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “Б-” ХХК-д холбогдох орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай Ч.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ