Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 01986

 

Ч.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/02507 дугаар шийдвэртэй, Ч.Т-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч “Б Ж” ХХК-д холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ҮЭ-ийн гудамж, 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алдангид 9 728 862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т-, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч “Б Ж” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Батгүен” ХХК-тай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн 50 хувьд мөнгөн хөрөнгө, 50 хувьд “Б Ж” ХХК-ийн барьж буй орон сууцнаас авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 399 403 966 төгрөгийн үлдэгдэл байсан. Уг үнийн дүнд 4 ширхэг орон сууц тооцон авах болж, “Батгүен” ХХК-ийн захирал тухайн 4 ширхэг орон сууцыг Ч.Т-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн албан бичгийг “Б Ж” ХХК-д явуулсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4 орон сууцыг шилжүүлэн авах гэрээ байгуулсан. Орон сууц захиалах гэрээний 2.2-т захиалагч орон сууцны нийт төлбөр 86 710 000 төгрөгийг бартераар 100 хувь бэлэн төлсөнд тооцов гэж зааж, орон сууцны барилга ашиглалтад орсноор өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх байсан.

Гэрээгээр 2016 оны 2 дугаар улиралд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон ч 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 122 хоногоор үүргээ хэтрүүлсэн тул гэрээний 6.3-т зааснаар 0.01 хувийн алданги тооцож, 9 728 862 төгрөгийн алданги гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алдангид 9 728 862 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Ж” ХХК нь дээрх 4 орон сууцнаас гадна 76 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2016 оны 3 дугаар сард багтаан өгөхөөр тохиролцож компани хоорондын төлбөр тооцоо дуусгавар болсон. Миний зөвшөөрснөөр 4 орон сууцны 3-ыг бусдад шилжүүлж, 59.8 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний дагуу надад хүлээлгэн өгсөн. “Батгүен” ХХК болон “Б Ж” ХХК нарын хоорондын асуудал хамаагүй, дээрх хаягт байрлах 59.8 м.кв орон сууцны талаар маргаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь “Батгүен” ХХК-д тухайн 4 орон сууцнаас гадна үлдэгдэл төлбөр 76 120 000 төгрөгийг төлөөгүй учраас 70 905 000 төгрөгт 12 давхарын 48.9 м.кв талбайтай байрыг өгөх, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж мэдэгдсэн.

Тухайн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй тохиолдолд м.кв талбайн үнийг бууруулж 68 460 000 төгрөг болгоно гэж тохиролцож нийт 5 ширхэг орон сууц өгөх болсон. Эхний өгсөн 4 орон сууцны дотор нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 58.9 м.кв талбайтай орон сууц хамаарах ба үүнийг компанид шилжүүлээд өгчихсөн. Үлдэгдэл төлбөр 76 120 000 төгрөгт өгсөн 5 дах орон сууцыг “Батгүен” ХХК нь компани хоорондын тооцоонд авсан. Анх 50 хувийн бартераар төлөх ёстой байсан 4 ширхэг орон сууцанд миний маргаж байгаа 59.8 м.кв талбай орон сууц хамаарна. Хариуцагч мөнгөн хөрөнгөд тооцсон 5 дах орон сууцыг бартерийн 4 ширхэг орон сууцтай холбож тайлбарлаад байна. Гэтэл анхны маргаангүйгээр авах 1 орон сууцыг нэхэмжилж байна. Тооцооллын хувьд 2013 оны 10 сард байгуулсан гэрээгээр 2 200 м.куб орчим бетон зуурмаг нийлүүлнэ гэж байсан. 2013 оны гэрээний үлдэгдэл төлбөр 65 452 000 төгрөгийг баталгаажуулж, нэмэлтээр бүтээгдэхүүн нийлүүлэх талаар 2014 оны 9 дүгээр сард тохиролцон “Б Ж” ХХК-ийн захирал Д.Батбаяр бид хоёр гэрээ  байгуулсан.

2014 онд нийт 296 950 000 төгрөгийн бетон нийлүүлсэн бөгөөд үүнд өмнөх үлдэгдэл 65 452 000 төгрөгийг нэмж төлбөр нь нийт 362 402 000 төгрөг болсон. Үүнээс 18 351 200 төгрөгт цемент, 64 875 000 төгрөгийг бэлнээр өгснийг хасч, 2015 оны 9 дүгээр сарын байдлаар нийт үлдэгдэл 279 265 800 төгрөг болсон. 2014-2016 оны нийт 1095 хоногт алданги тооцно. “Б Ж” ХХК-ийн нягтлан бодогчтой 120 138 166 төгрөгийн алданги байсан тул үүнд 279 265 800 төгрөгийг нэмээд 399 403 966 төгрөгөөр  гэж тооцоо нийлсэн. Анх тохиролцсон 4 орон сууцнаас 3 орон сууцыг 192 705 000 төгрөгт тооцож 206 698 966 төгрөг үлдэнэ. 5 дах орон сууцыг 76 120 000 төгрөгт тооцож 130 378 966 төгрөгт миний шаардаж байгаа 4 дэх орон сууцны үнэ 86 170 000 төгрөг хамаарна. Хариуцагч компани манайд төлбөрийн үлдэгдэлтэй байгаа боловч мөнгө нэхэмжлээгүй, орон сууцаа авна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “Батгүен” ХХК, “Б Ж” ХХК-ийн хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. “Батгүен” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 362 402 000 төгрөгт бетон худалдан авч, помп түрээсэлсэн бөгөөд үнийн дүн нэхэмжлэгчийн тооцоотой таарч байна. Нийт 362 551 200 төгрөгийн төлбөрийг бэлнээр 64 785 000 төгрөг, цементээр 18 351 200 төгрөг, 192.7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 450 000 төгрөгт тооцож нийт 279 415 000 төгрөгт өгсөн. Дээрх 4 орон сууцыг шилжүүлэх байснаас бид банкнаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2 орон сууцыг шилжүүлж, “Батгүен” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу 1 орон сууцыг, шаардах эрхийн дагуу шилжүүлж өгсөн. Маргаан бүхий орон сууц нь 4 ширхэг орон сууцанд хамаарч байсан боловч талбайн хэмжээ том байна, өөрчилж өг гэсний дагуу өөрчилсөн. Гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаж байгаа орон сууц нь манай компанийн өмч гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Б Ж” ХХК-д холбогдох, орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, алданги 9 728 862 төгрөг гаргуулах тухай Ч.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч “Б Ж” ХХК нь “Бат гүен” ХХК-тай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулан хамтран ажиллаж байгаад их хэмжээний өр үүссэний улмаас талууд тооцоо нийлж “Б Ж” ХХК нь өөрийн барьсан барилгаас төлбөртөө тооцон үндсэн төлбөрт 4, алдангид 1 байр тус тус тооцож өгөхөөр харилцан тохиролцсон. “Батгүен" ХХК дээрх гэрээний шаардах эрхээ Ч.Т-т шилжүүлсэн ба үүний дагуу миний бие “Б Ж” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж орон сууцнуудыг хүлээн авсан.

Гэтэл хариуцагч “анхнаасаа зөвхөн 4 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохирсон, 1 орон сууц нь том байсан учир сольж өгсөн” гэж худал тайлбарлаж байгаа бөгөөд УБЕГ-ын Улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Б Ж” ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргасан захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтад иргэн Ч.Т-ийн нэр бүртгэлтэй байдаг. “Б Ж” ХХК нь 2016 оны 6 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтэст дээрх 5 хөрөнгийг Ч.Т-ийн нэр дээр бүртгүүлэхээр албан бичиг хүргүүлж, дүгнэлтэд дурдсан “өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх мэдүүлэг”-тээ тусгасан байсан. Мөн “Б Ж” ХХК-ийн нягтлан бодогч З.Энхцэцэгийн мэдүүлгийг үнэлж, талуудын хооронд тооцоо нийлсэн актыг үнэлээгүй.  

Хариуцагч “Б Ж” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон 4 орон сууц шилжүүлэх гэрээ хийсний дараа үлдэх төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд дахин төлбөрт тооцон 5 дах орон сууцыг шилжүүлэх тухай албан бичиг болон гэрээг улсын бүртгэлийн байгууллагад явуулж байсан. Энэхүү нотлох баримтгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх талуудын байгуулсан “Орон сууц захиалах гэрээ”-ний талаар  дүгнэлт хийгээгүй, тухайн гэрээг хэзээ ямар орон сууцны гэрээний хамт байгуулсан талаар ч дүгнээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т- нь “Б Ж” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ҮЭ-ийн гудамж, 54 дүгээр байр 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримт олгохыг даалгах, гэрээний алдангид 9 728 862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч “Батгүен” ХХК нь худалдан авагч “Б Ж” ХХК-д нийт 2 200 м.куб орчим бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүний нийт үнийн 50 хувийг бартераар буюу 1 м.кв нь 1 450 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар, 50 хувийг бэлэн мөнгөөр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх9-11/

 

Шүүх худалдан авагч “Б Ж” ХХК-ийг дээрх гэрээний дагуу нийт 192.7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэхдээ, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үзэв.

 

 Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий 59.8 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч “Б Ж” ХХК, “Батгүен” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үлдэгдэл болох 76 120 000 төгрөгт дүйцүүлэн 5 дах орон сууцаар, эсхүл бартераар тооцох 4 ширхэг орон сууцны 1 ширхэг орон сууцыг нэхэмжилж байгаа эсэх, Ч.Т- болон “Б Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2014 оны 9 дүгээр сарын гэрээний алдангийн төлбөрт тооцон нэхэмжилж байгаа эсэхийг тодруулж, талуудыг тухайн шаардлагын хэмжээнд мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ, нэхэмжлэл, тайлбар, давж заалдах гомдол зэрэгт өөр өөрөөр зөрүүтэй тайлбарлан, нэхэмжлэлдээ, “Батгүен” ХХК, “Б Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалах гэрээ” /хх12-15/, 2014 оны 9 дүгээр сард хариуцагч компанийн захирал Д.Батбаяртай байгуулсан гэх гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Батгүен” ХХК, “Б Ж” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн гэх “2014-09-18-ны Худалдах худалдан авах гэрээний 7.2 дахь заалтаарх алданги” гэх баримтуудыг /хх7-8/ дурдсан байна.

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч аль гэрээний үндсэн дээр 59.8 м.кв талбай бүхий орон сууцыг шаардаж байгаа нь тодорхойгүй, түүнчлэн хэрэгт 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Батгүен” ХХК, “Б Ж” ХХК-ийн хооронд харилцан тооцоо нийлж үйлдсэн “2014-09-18-ны Худалдах худалдан авах гэрээний 7.2 дахь заалтаарх алданги” гэх баримтад дурдагдсан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний талаар тодруулаагүй, уг гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Үүнээс гадна, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан баримтуудаас хэргийн 96 дах талд авагдсан  2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх болон хариуцагч “Б Ж” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар дүгнэлт хийхдээ хэргийн 72, 73, 127, 128 дах талд авагдсан баримтуудыг нэрлэн заах боловч тухайн баримтууд нь дурдсан хуудсанд авагдаагүй буюу шүүхийн дээрх дүгнэлттэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн дээрх дугаарт шүүхээс хийсэн ажиллагааны талаарх баримтууд байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/02507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Т- давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт 832 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд

оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба  магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА