Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01483

 

  

Ц.Мандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 553 дугаар магадлалтай,

 

Ц.Мандахын нэхэмжлэлтэй,

Могул скай ХХК, М.Эрдэнэтөмөр нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2015.09.03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагч Могул скай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Мандах нь хариуцагч Могул скай ХХК-тай 2012 онд ажил гүйцэтгэх 04/02, 10/04, 06/01, 10/05 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж хамтарч ажилласан. Ц.Мандах нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхонд дээрх 4 гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Могул скай ХХК нь дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 90,500,000 төгрөгийг Ц.Мандахад төлөхөөр тохиролцсон. Ц.Мандах нь гэрээнд заасан ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хариуцагч компанид хүлээлгэн өгч тооцоо нийлсэн бөгөөд Могул скай ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдэл 75,235,000 төгрөгийг тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцны урьдчилгаанд суутган тооцсон байдаг. Ингээд Ц.Мандах нь Могул скай ХХК-тай 2013.07.30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах 13/Б48-3 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар талууд харилцан тохирч 75,235,000 төгрөгийг дээрх байдлаар урьдчилгаанд суутгаж тооцсон болно. Ц.Мандах нь гэрээ байгуулагдсан өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Түүнчлэн Ц.Мандах нь үлдэгдэл төлбөр 54,765,000 төгрөгийг 2013.08.19-ны өдөр Могул скай ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл хариуцагч нь Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр 03 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байна. Тус гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад 2016.01.04-ний өдрийн дотор улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Сүүлийн үед хэн бичсэн нь мэдэгдэхгүй хүнээс миний өмчлөлийн байр тул 3 хоногийн дотор яаралтай суллаж өгнө үү гэх мэдэгдлүүд гэрт ирэх болсон. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Мандахыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Нэг. Ж.Онон болон хариуцагч Могул скай ХХК-ийн хооронд: Ж.Онон нь 2013.07.29-ний өдөр Могул скай ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо. 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцаа Могул скай ХХК-д шилжүүлэхээр тохирч 2013.08.27-ны өдөр Ж.Онон нь Могул скай ХХК-ийн ажилтан Б.Болормаад дээрх орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгснөөр Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо. 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх Могул скай ХХК-д шилжсэн.

Хоёр. Нэхэмжлэгч Ц.Мандах болон хариуцагч Могул скай ХХК-ийн хооронд: Нэхэмжлэгч Ц.Мандах нь хариуцагч Могул скай ХХК-тай 2013.07.30-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах 13/Б48-3 гэрээг байгуулж БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, тус гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 54,765,000 төгрөгийг 2013.08.19-ний өдөр Могул скай ХХК-д бүрэн төлсөн. Нэхэмжлэгч Ц.Мандах нь гэрээ байгуулсан өдөр дээрх орон сууцандаа орсон бөгөөд хариуцагч Могул скай ХХК-иас түлхүүрээ гардаж авсан юм. Хариуцагч Могул скай ХХК нь Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээг байгуулснаас 3 хоногийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа бодитоор амьдарч байгаа учраас хүлээцтэй хандаж гэрчилгээ гаргаж өгөх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаагүй. Харин хариуцагч компаниас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Гэтэл хариуцагч компани нь албан бичиг болон янз бүрийн аргаар шалтаг, шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн.

Гурав. Хариуцагч Могул скай ХХК болон Чингис хаан холдинг ББСБ-ын хооронд: Хариуцагч Могул скай ХХК нь шүүхэд гаргаж өгсөн Чингис хаан холдинг ББСБ-тай байгуулсан 2013.08.27-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 09 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг агуулж нэхэмжлэгч Ц.Мандахын амьдарч байгаа маргаан бүхий орон сууцыг барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харагдаж байна. Улмаар 2015.09.03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Чингис хаан холдинг ББСБ-ын захирал М.Эрдэнэтөмөртэй хариуцагч Могул скай" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нь Ж.Ононгоос олгосон итгэмжлэлээ үндэслэн нэхэмжлэгч Ц.Мандахын 2013 оноос хойш амьдарч байгаа Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдсан тухай дүр үзүүлсэн гэрээг байгуулж сүүлийн байдлаар тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь "Чингис хаан холдинг" ББСБ-ийн захирал М.Эрдэнэтөмөрийн нэр дээр гарсан нь улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаанаас харагдаж байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь хариуцагч "Могул скай" ХХК нь хариу тайлбар болон нэмэлт тайлбараас бодитоор 15,000,000 төгрөгийг хүлээж аваагүй тухайгаа, яагаад маргаан бүхий орон сууцыг Чингис хаан холдинг ББСБ-ын захирал М.Эрдэнэтөмөрийн нэр дээр шилжүүлсэн болохоо маш тодорхой тайлбарласан.

Дөрөв. Нэхэмжлэгч Ц.Мандах нь Могул скай ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах 13/Б48-3 тоот гэрээнд заасан 130,000,000 төгрөгийг тус гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Цаг хугацааны хувьд бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.Мандах нь Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол. 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч төдийгүй тус орон сууцандаа 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгааг хорооны засаг даргын тодорхойлолт, СӨХ-ны мөнгийг 2013 оноос хойш төлсөн тухай Гэгээ 48 СӨХ-ны тодорхойлолт болон бусад баримтуудаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч Могул скай ХХК-ийн болон М.Эрдэнэтөмөрийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

Тав. Хариуцагч Могул скай ХХК-ийн нягтлан бодогч. Ж.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн М.Эрдэнэтөмөртэй байгуулсан 2015.09.03-ны өдрийн 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот орон сууцыг худалдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг үндэслэн М.Эрдэнэтөмөрийг хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Могул скай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж хаягт байрлах Могул Таун хотхоныг барьж ашиглалтад оруулсан юм. Уг байрны захиалагч болох Ж.Онон нь 2013.07.29-ний өдөр №1А/84 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг Могул скай ХХК-тай байгуулан тус Могул Таун хотхоны 1 А байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон билээ. Уг орон сууцны төлбөрт маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр 03 тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед манай компани нэхэмжлэгч Ц.Мандахад 75,235,000 төгрөгийн өр төлбөртэй байсан тул бартераар орж ирсэн байрыг Ц.Мандахад худалдан зөрүүнд нь бэлэн мөнгө авахаар тохирсон. Ц.Мандах нь 2013.07.30-ны өдөр №13/Б48-3 тоот Орон сууц худалдах-худалдан авах гэрээг манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр Могул скай ХХК нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцыг Ц.Мандахад худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж бартер болон бэлнээр 130,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн үед барилгын салбарт уналт болж ихэнх барилгын компанийн үйл ажиллагаа зогссон байсан. Манай компани нь Чингис хаан холдинг ББСБ-аас 2011.07.27-ны өдөр 100,000 ам.долларын зээл авсан байсан. Чингис хаан холдинг ББСБ нь 2013.08.27-ны өдөр дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг солих шаардлагатай болсон тул өөр барьцаа хөрөнгө барьцаалахыг хүссэн. Манай компанид зарагдаагүй байр үлдээгүй тул нэхэмжлэгч Ц.Мандахад худалдсан маргаан бүхий орон сууцыг түр барьцаалсан. Тухайн үед барьцааны гэрээ хийлгүй шууд худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Ж.Ононгоос манай компани руу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй байсан тул Ж.Ононгоос Чингис хаан холдинг ББСБ руу шууд гэрчилгээг шилжүүлсэн юм. Чингис хаан холдинг ББСБ нь уг орон сууцыг авахгүй түр гэрчилгээг нь шилжүүлэхэд болно, төлбөрөө төлсний дараа гэрчилгээг буцаан шилжүүлнэ гэж тохиролцсон юм. Чингис хаан холдинг ББСБ-д манай компани өр төлбөрөө бэлэн мөнгө болон Нүхтэд байрлах хаус, газар, бусад орон сууцыг шилжүүлэн төлж дуусгасан байтал гэрчилгээг шилжүүлдэггүй юм. Иймд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Чингис хаан холдинг ББСБ-ын нэр дээр гарсан байгаа тул манай компани тухайн компаниас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Могул скай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.Мандахын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Могул скай ХХК-иас нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 7/2146 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууц болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг 2015.09.03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Ж.Онон нь иргэн М.Эрдэнэтөмөрт орон сууцаа худалдсан мэт харагдах боловч энэ хоёр хүний хооронд огт худалдах-худалдан авах гэрээ бодитоор хийгдээгүй юм. Учир нь маргаан бүхий орон сууцыг 2013.07.29-ний өдрийн №1А/84 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Ж.Онон нь манай Могул скай ХХК-д шилжүүлсэн юм. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэлгүй Ж.Онон нь тус компаний нягтлан бодогч Б.Болормаад 2013.08.27-ны өдрийн Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг олгон шилжүүлсэн. Энэхүү итгэмжлэлийн дагуу Б.Болормаа нь 2015.09.03-ны өдөр Чингис хаан холдинг ББСБ-ын гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр М.Эрдэнэтөмөр нь 15,000,000 төгрөгийг Б.Болормаад шилжүүлж төлбөр тооцоо дууссан гэх боловч үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийг Б.Болормаад шилжүүлээгүй. Маргаан бүхий орон сууц нь 130,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд уг орон сууцыг 2013.07.30-ны өдрийн №13/Б48-3 тоот Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Ц.Мандахад аль хэдийн худалдсан, нэхэмжлэгч нь уг байрандаа амьдарч байгаа болохыг М.Эрдэнэтөмөр нь 2013.08.27-ны өдрийн Чингис хаан холдинг ББСБ болон Могул скай ХХК нарын хооронд №25 дугаар Зээлийн гэрээ, №09 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулагдах үед маш сайн мэдэж байсан. Хариуцагчийн хувьд уг орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдах хүсэл сонирхол огт байгаагүй бөгөөд Чингис хаан холдинг ББСБ-д өр төлбөртэй байсан тул маргаан бүхий орон сууцыг түр нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай байна гэх шаардлагын дагуу гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөрийн нэр рүү нь шилжүүлсэн байдаг. Могул скай ХХК нь Чингис хаан холдинг ББСБ-аас зээлж байсан 100,000 ам.долларыг төлж дуусгасан. Уг төлбөрийн 89,850 ам.долларыг Чингис хаан холдинг ББСБ-д төлсөн. Мөн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах амины орон сууцыг Чингис хаан холдинг ББСБ-ын ерөнхий захирал Өвгөн овогтой Мөнхөө гэх хүний нэр дээр шилжүүлж хүлээлгэн өгч дээрх зээлийг хаасан байдаг. Гэтэл одоог хүртэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэтөмөр хариу тайлбартаа: Ц.Мандахын нэхэмжлэлтэй Могул скай ХХК-д холбогдох маргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус шүүхийн 2019.05.27-ны өдрийн 08565 дугаар шүүгчийн захирамжаар М.Эрдэнэтөмөр намайг хариуцагчаар татан оролцуулж байна. Миний бие нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Могул скай ХХК нь М.Эрдэнэтөмөр миний хувьцааг нь эзэмшдэг Чингис хаан холдинг ББСБ-аас 2011.07.27-ны өдөр 55 тоот зээлийн гэрээгээр 100,000 ам.долларын зээлийг барилга угсралтын ажилд зориулан авсан ба зээлийн баталгаа болгон 2012 оны 6 сард ашиглалтанд орох өөрийн компанийн Зайсангийн аманд барьж буй Могул тауны 2 айлын орон сууцны байрыг барьцаанд тавихаар тохиролцон зээл авсан. Энэ зээлийн үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа. Зээл олгосоноос хойших хугацаанд манай ББСБ-аас өр төлбөрөө барагдуулахыг Могул скай ХХК-ийн тухайн үеийн захирал Жаргалсайхан, Болдтой биеэр уулзах, утсаар ярих зэргээр удаа дараа шаардахад санхүүгийн хүндрэлээс болоод зээлээ төлж чадахгүй байна, ямар ч байсан танайхаас авсан зээл, түүний хүүг бүрэн төлж барагдуулна, хугацаа жаахан хэрэгтэй байна гэж бидэнд хэлдэг байсан. 2013 оны 07 сард дахин зээл авах хүсэлт тавьж, улмаар 2013.08.27-нд 55,000 ам.долларын зээл олгохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч манай Чингис хаан холдинг ББСБ-ын хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Ө.Мөнхөө нь уг зээлийг олгохгүй, өмнөх зээлийг огт барагдуулаагүй байхад ахин зээл олгохгүй гэж шийдвэрлээд уг 2013.08.27-ны өдрийн зээлийн гэрээ цуцлагдаж, уг зээл огт олгогдоогүй билээ. Үүний дараа манай ББСБ Могул скай ХХК-ийн тухайн үеийн захирал Жаргалсайхан, Болд нарыг 2011 онд олгодсон 100,000 ам.долларын үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулахыг маш олон удаа шаардсан боловч барилгын салбарын санхүүгийн хямрал гээд үүргээ биелүүлэхгүй явсаар байсан билээ. Зээлийн төлөлт хийгдэхгүй удааширч манай ББСБ-аас зээлээ төлөхийг олон удаа шаардсан билээ. Гэтэл Могул скай ХХК-ийн захирал Жаргалсайхан, Болд нар 2015 оны 9 сарын эхээр бидэнд зээлийн өр төлбөрөө төлөх мөнгө орж ирэхгүй байна, танайх 65 м.кв талбай бүхий 3 өрөө байр авч манай өрнөөс багасгаж өгөөч гэсэн хүсэлтээ манай ББСБ-д тавьсан. Уг хүсэлтийг манай байгууллага зөвшөөрсөн тул Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот хаягт байршилтай 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Могул скай ХХК-ийн зээлийн өр төлбөрт суутган тооцож авсан. Манай Чингис хаан холдинг ББСБ-аас гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр надад уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхийг олгосны дагуу 2015.09.03-нд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийж М.Эрдэнэтөмөр миний өмчлөлд шилжүүлсэн болно. Эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын салбар хүнд байгаа, Могул скай ХХК-тай урьд өмнө бизнесийн гайгүй харилцаатай байсан зэргээ харгалзан үзээд тус компанийг мөнгөтэй болохоороо өрөө төлж, хэлж амлаж байснаараа дээрх орон сууцанд амьдарч байгаа айлаа гаргаад байраа суллаад өгчих байх гээд удаан хугацаанд хүлээсэн. Гэвч тус компаниас өр төлбөрөө төлөх, багасгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй захирал Жаргалсайхан нь өөрийн эрхээ Болдод шилжүүлсэн тул өр зээл төлөх асуудал одоо надад хамаагүй гэж, Болд захирал нь утсаа авахгүй, бүр сүүлдээ утасны дугаараа өөрчилж бид бүр холбоо барьж чадахгүй болж, миний бие өөрийн байраа суллаж авахаар одоогийн оршин сууж байгаа айлд 2018 оны 10 сард байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн билээ. Дээрх орон сууц нь М.Эрдэнэтөмөр миний өмчлөлд шилжсэн үндэслэл нь дээр дурдсан дагуу Могул скай ХХК-иас манай Чингис хаан холдинг ББСБ ХХК-д төлөх зээлийн өрөндөө тооцон өгсөн болно. Иймд Ц.Мандахын нэхэмжлэхтэй хариуцагч Могул скай ХХК, М.Эрдэнэтөмөр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэтөмөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Эрдэнэтөмөр миний бие өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг үндэслэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Могул скай ХХК нь М.Эрдэнэтөмөр миний хувьцааг нь эзэмшдэг Чингис хаан холдинг ББСБ-аас 2011.07.27-ны өдөр 55 тоот зээлийн гэрээгээр 100,000 ам.долларын зээл авсан ба зээлийн үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас Могул скай ХХК нь 2015 оны 9 сард зээлийн өр төлбөрөө төлөх мөнгө орж ирэхгүй байна гээд танайх 65 м.кв талбай бүхий 3 өрөө байр авч манай өрнөөс багасгаж өгөөч гэсэн хүсэлтээ Чингис хаан холдинг ББСБ-д тавьсан. Мөн Могул скай ХХК-ийн захирал Д.Болд уг байранд одоо манай нэг дүү амьдарч байгаа тул би яаралтай мөнгө олж зээлээ төлнө, тэр болтол орон сууцанд энэ айлыг түр амьдруулж байгаач гэж гуйсан билээ. Энэ хүсэлтийг Чингис хаан холдинг ББСБ нь зөвшөөрсөн тул БЗД-н 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот хаягт байршилтай 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Могул скай ХХК-ийн зээлийн өр төлбөрт суутган тооцуулан авсан ба манай ББСБ-аас гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр намайг уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх олгосны дагуу 2015.09.03-нд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийж М.Эрдэнэтөмөр миний өмчлөлд шилжүүлсэн болно. Эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын салбар хүнд байгаа, Могул скай ХХК-тай урьд өмнө бизнесийн гайгүй харилцаатай байсан зэргээ харгалзан үзээд тус компанийг мөнгөтэй болохоороо өрөө төлж, хэлж амалж байсанаараа дээрх орон сууцанд амьдарч байгаа айлаа гаргаад байраа суллаад өгчих байх гээд удаан хугацаанд хүлээсэн. Гэвч Могул скай ХХК-иас өр төлбөрөө төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсан төдийгүй захирал Жаргалсайхан нь өөрийн эрхээ Болдод шилжүүлсэн тул энэ өр төлөх асуудал одоо надад хамаагүй гэж, Болд захирал нь утсаа авахгүй, бүр сүүлдээ утасны дугаараа өөрчилж бид бүр холбоо барьж чадахгүй болж, М.Эрдэнэтөмөр миний бие өөрийн байраа суллаж авахаар одоогийн оршин сууж байгаа айлд 2018 оны 10 сард байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн билээ. БЗД-н 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот байр М.Эрдэнэтөмөр миний хууль ёсны өмчлөлд шилжсэн үндэслэл нь дээр дурдсаны дагуу Могул скай ХХК-иас Чингис хаан холдинг ББСБ-д төлөх зээлийн өрөндөө тооцон авсан болно. Иймд М.Эрдэнэтөмөр миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот орон сууцыг Ц.Мандахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Эрдэнэтөмөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс Могул скай ХХК тай 2015.09.03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж Ц.Мандахын 2013 оноос хойш амьдарч байгаа Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдсан тухай дүр үзүүлсэн гэрээг байгуулж, сүүлийн байдлаар тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Чингис хаан холдинг ББСБ-ын захирал М.Эрдэнэтөмөрийн нэр дээр гарсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбарласан байна. Дээрх М.Эрдэнэтөмөр болон Могул скай ХХК-ийн хооронд байгуулсан 2015.09.03-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь бодитоор хийсэн хэлцэл биш болох нь хариуцагч Могул скай ХХК нь хариу тайлбар болон нэмэлт тайлбараас 15,000,000 төгрөгийг хүлээж аваагүй тухайгаа, яагаад маргаан бүхий орон сууцыг Чингис хаан холдинг ББСБ-ын захирал М.Эрдэнэтөмөрийн нэр дээр шилжүүлсэн болохоо маш тодорхой тайлбарласан. Түүнчлэн хариуцагч М.Эрдэнэтөмөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс дээрх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч Ц.Мандах нь Могул скай ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах 13/Б48-3 тоот гэрээнд заасан 130,000,000 төгрөгийг тус гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Цаг хугацааны хувьд бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.Мандах нь Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол. 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч төдийгүй тус орон сууцандаа 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгааг хорооны засаг даргын тодорхойлолт, СӨХ-ны мөнгийг 2013 оноос хойш төлсөн тухай Гэгээ 48 СӨХ-ны тодорхойлолт болон бусад баримтуудаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч Могул скай ХХК-ийн болон хариуцагч М.Эрдэнэтөмөрийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн шүүх хурал дээр дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно. Иймд хариуцагч М.Эрдэнэтөмөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Могул скай ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Мандахын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч М.Эрдэнэтөмөрт холбогдох Б.Болормаа, М.Эрдэнэтөмөр нарын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.Мандахын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч М.Эрдэнэтөмөрөөс нэхэмжлэгч Ц.Мандахад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцыг Ц.Мандахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,040,900 төгрөг, хариуцагч М.Эрдэнэтөмөрийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 553 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мандахыг Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Могул скай ХХК-ийг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Ц.Мандахад гаргаж өгөхийг даалгасугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Могул скай ХХК-иас 1,040,900 төгрөгийг гаргуулж Ц.Мандахад олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,040,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 553 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 553 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...Уг орон сууцыг нэхэмжлэгчид хариуцагч төлөх төлбөртөө тооцож шилжүүлэхдээ 2013.07.30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Могул скай ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 3 өрөө орон сууцыг Ц.Мандахын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэргийн 1-р хавтасны 9-10, 13 дугаар тал дах худалдах-худалдан авах гэрээ, 2013.08.19-ны өдрийн тооцоо нийлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна гээд ...Нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагч нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг 2013.08.19-ний өдөр шилжүүлэн өгснөөр тэрээр өнөөг хүртэл амьдарч байхаас гадна нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн байтал хариуцагч Могул скай ХХК нь 3 өрөө орон сууцыг Ц.Мандахын өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Мандах нь Могул скай ХХК-иас 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь Ц.Мандах, Могул скай ХХК-ийн хооронд байгуулсан 2013.07.30-ны Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөгч Ж.Ононгоос 2013.08.27-нд уг маргаан бухий орон сууцыг захиран зарцуулах, худалдах, барьцаанд тавих эрхийг Б.Болормаад өгсөн итгэмжлэл зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь давж заалдах шатны шүүх үнэлж чадаагүйд гомдолтой байна.

Харин анхан шатны шүүх нь 2019.12.23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ ...хариуцагч Могул скай ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш, орон сууцны өмчлөгч Ж.Ононгоос Б.Болормаад итгэмжлэл олгохоос өмнө буюу 2013.07.30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ц.Мандах, хариуцагч Могул скай ХХК байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзлээ хэмээн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас зөв үнэлж шийдвэрлэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Могул скай ХХК нь Ц.Мандахтай 2013.07.30-нд Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулахад уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш байсан ба өмчлөгч Ж.Ононгоос Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Могул скай ХХК-д үүсээгүй байсан байна.

Хоёр. Хууль хэрэглээний тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 553 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...нэхэмжлэгч Ц.Мандах нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авахдаа хариуцагч Могул скай ХХК-ийг өмчлөгч биш болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт ...Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зохицуулсан ба нэхэмжлэгч Ц.Мандах нь тухайн үед буюу 2013.07.30-ны Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаа этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг мэдэх буюу шалгах, мэдэх бүрэн боломжтой байсан тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Мандах нь шинээр баригдаж байгаа барилгад орон сууц авахаар Орон сууц захиалгын гэрээ хийгээгүй ба нэгэнт ашиглалтанд орсон хуучин орон сууцыг Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж авч байгаа нь түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй ба эрхийн доголдолтой орон сууцыг Могул скай ХХК нь худалдаж, өмчлөх эрхээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл, хүсэлтээ гаргаж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүсээгүй тул Ц.Мандах нь уг орон сууцны хууль бус эзэмшигч билээ.

Давж заалдах шатны шүүх нь магадлалын ТОГТООХ нь хэсэгтээ ...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мандахыг Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 65.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Могул скай ХХК-ийг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг Ц.Мандахад гаргаж өгөхийг даалгасугай гэж шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй шаардлага буюу ...Могул скай ХХК-ийг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг Ц.Мандахад гаргаж өгөхийг даалгасугай гэж шийдвэрлэсэн маш их гомдолтой байна.

Гурав. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тухайд:

Давж заалдах шатны шүүх нь хариуцагч М.Эрдэнэтөмөрийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ...талуудын хооронд байгуулагдаагүй худалдах-худалдан авах гэрээг үндэслэж М.Эрдэнэтөмөрийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Харин маргааны зүйл болох 3 өрөө орон сууц нэхэмжлэгч Ц.Мандахын эзэмшилд гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу шилжиж ирсэн, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас үнэлээгүй хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх Ж.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа болон М.Эрдэнэтөмөр нарын хооронд байгуулсан 2015.09.03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр талуудын хооронд байгуулагдаагүй худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь огт хууль зүйн үндэслэлгүй, гэрээний чөлөөт зарчмыг зөрчсөн дүгнэлт ба талуудын хооронд байгуулсан уг 2015.09.03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу эрхийн зөрчилгүй, эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг худалдаж, Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн тул М.Эрдэнэтөмөр нь хууль ёсны өмчлөгч юм. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Ц.Мандахын хариуцагч Могул скай ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага болон хариуцагч М.Эрдэнэтөмөрт холбогдуулан гаргасан Могул скай ХХК-ийн нягтлан бодогч, Ж.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн М.Эрдэнэтөмөртэй байгуулсан 2015.09.03-ны өдрийн 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг тус тус үндэслэн хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2015.09.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, өмчлөгчөөр хариуцагч М.Эрдэнэтөмөр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэж дүгнэсэн. Ц.Мандахын нэхэмжлэлийг ингэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв дүгнэж шийдвэрлэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг буруу хэрэглэж, одоо уг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй Ц.Мандахаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 250 дугаар зүйлийн 250.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлийг хэрэглээгүйд маш их гомдолтой байна. Харин анхан шатны шүүхийн сөрөг сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг буруу хэрэглэж, одоо уг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй Ц.Мандахаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, хариуцагч М.Эрдэнэтөмөрөөс нэхэмжлэгч Ц.Мандахад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцыг Ц.Мандахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Мандах нь Могул скай ХХК, М.Эрдэнэтөмөр нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2015.09.03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч Могул скай ХХК зөвшөөрч, хариуцагч М.Эрдэнэтөмөр эс зөвшөөрч, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.Мандах нь Могул скай ХХК-тай 2012 онд Ажил гүйцэтгэх 04/02, 10/04, 06/01, 10/05 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсан гудамж, Могул таун хотхонд гэрээгээр тохирсон нийт 90,500,000 төгрөгийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч компани тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл 75,235,000 төгрөгийг тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байрны 03 тоот 130,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаанд суутгаж, 2013.07.30-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах 13/Б48-3 тоот гэрээг байгуулж, орон сууцны түлхүүрийг гардуулж өгснөөр нэхэмжлэгч нь тус орон сууцыг эзэмшиж эхэлсэн бөгөөд үлдэгдэл 54,765,000 төгрөгийг 2013.08.19-ний өдөр Могул скай ХХК-д бүрэн төлсөн, энэ үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна.

 

Дээрх орон сууцыг Могул скай ХХК иргэн Ж.Ононтой байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнэд Ж.Ононгоос бартераар тооцож авсан бөгөөд захиалагч Ж.Онон орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг Могул скай ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Б.Болормаад олгосныг хариуцагч Могул скай ХХК нэхэмжлэгч Ц.Мандахын өмчлөлд шилжүүлэлгүй, компанийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Чингис хаан холдинг ББСБ-аас авсан зээлийн гэрээний үүрэгт 2013.08.27-ны өдөр түр барьцаалж, улмаар 2015.09.03-ны өдөр Чингис хаан холдинг ББСБ-ын шаардлагын дагуу гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг М.Эрдэнэтөмөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч Могул скай ХХК дээрх орон сууцыг Ц.Мандахын өмч болохыг зөвшөөрч, Чингис хаан холдинг ББСБ-д зээлийг төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байгаа гэж тайлбарласан бол хариуцагч М.Эрдэнэтөмөр тус орон сууцыг Чингис хаан холдинг ББСБ-аас гүйцэтгэх захиралд, өмчлөлдөө шилжүүлэн авах эрх олгосны дагуу өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан, Могул скай ХХК мөнгөтэй болохоороо өрөө төлж, сууж байгаа айлаа гаргаад байр суллаад өгөх байх гэж удаан хүлээсэн боловч өр төлбөрөө төлөөгүй тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.   Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, улмаар нэхэмжлэгч Ц.Мандахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

3.   Ц.Мандах, Могул скай ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, улмаар Ж.Ононгоос тус компанид гэрээний үнэд шилжүүлсэн орон сууцыг Ц.Мандахад худалдахаар Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, зохигчийн хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний дагуу худалдан авагч Ц.Мандах эд хөрөнгийг хүлээн авч, үнийг төлж барагдуулсан боловч худалдагч Могул скай ХХК эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Ц.Мандах өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

 

4.   2015.09.03-ны өдрийн Б.Болормаа /Могул скай ХХК/, М.Эрдэнэтөмөр нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Тухайлбал, талууд тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 48 дугаар байрны 3 тоот хаягт байрлах 65.68 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 15,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж-худалдан авахаар тохиролцсон боловч худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж өгөөгүй, худалдан авагч үнийн дүн 15,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, хөрөнгөө хүлээн аваагүй үндэслэлээр гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь буруу биш байна.

 

Тухайн хөрөнгө гуравдагч этгээдийн эзэмшилд байгааг хэн аль нь мэдэж байгаа бөгөөд зээлийн барьцаанд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлсэн агуулгатай тайлбар гаргасан, нэгэнт хариуцагч М.Эрдэнэтөмөр хууль ёсоор маргаж буй орон сууцны өмчлөгч болоогүй тул түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй, улмаар тэрээр хууль ёсны эзэмшигч Ц.Мандахаас орон сууцыг шаардах эрхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 106 дугаар зүйлийн 106.1. дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн өмчлөгч нь маргаан бүхий орон сууцыг хэд хэдэн этгээдэд худалдсан нөхцөлд уг эд хөрөнгийг түрүүлж гэрээ байгуулсан этгээд болох Ц.Мандах эзэмшилдээ шилжүүлж авах давуу эрхтэй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

5.   Дээр дурдсан үндэслэлээр ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Нэгэнт нэхэмжлэгч Ц.Мандахыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул маргаж буй орон сууцыг түүний өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 553 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Ц.Мандах нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 48 дугаар байрны 3 тоот, 65.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Ц.Мандахыг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Эрдэнэтөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамаас 2020.04.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,111,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД