Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2022/0001

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: М.Н нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  холбогдох;

             “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

Монгол улсын иргэн М.Х би 55 нас хүрсэн тул малчдын журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч К.Зд өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох материалуудыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. Ингээд К.З миний материалуудыг хянан үзээд танд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө, таны бичиг баримтууд бүрэн байна гэж хэлсэн. Гэтэл сүүлд Нийгмийн даатгалын хэлтэс нь одоо М.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй элдэв шалтаг зааж байгаа явдалд гомдолтой байна. Өнгөрсөн хугацаанд би К.Згийн бүрдүүлж өг гэсэн нэмэлт бичиг баримтуудын бүгдийг бүрдүүлж өгсөн юм. М.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан К.Згийн  асуудлыг нягтлан үзээд тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан билээ. М.Х миний гомдлыг тус зөвлөл нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хурлаар хэлэлцэн надад өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Би гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох бүх бичиг баримтууд хуулийн шаардлага хангаж байгаа. М.Х миний өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбогдох бүх бичиг баримтууд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байгаа болно.

Иймд өндөр настан М.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х надад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага  нь М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөхийг хүсэж байна. Өмнө нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож өг гэж бичсэн байсан. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  М.Х 8 дугаар сарын 23-нд тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргаж байсан байна. М.Х Цагааннуур тосгонд оршин сууж, мал малладаг хүн. М.Х 55 нас хүрсэн тул малчдын журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох материалуудыг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нийгмийн даатгалын байцаагч материалуудыг хянан үзээд танд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө, таны бичиг баримтууд бүрэн байна гэж хэлсэн мөртлөө сүүлд танд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй, таны малчнаар ажилласан жил маргаантай юм байна гэж элдэв шалтаг зааж байгаа. М.Х Цагааннуурын Нефть хангамжийн баазад ажиллаж байсан хүн. Дунд нь 8 жил Цагааннуур тосгоны захирагчаар ажиллаж байгаад 2007 онд бүрэн эрх нь дууссан. 2008 оноос өнөөдрийг хүртэл Ногооннуур сумын Цагааннуур тосгонд  багт мал маллаж амьдарч байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрээр М.Хыг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчнаар ажилласан байсныг тогтоосон. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс М.Хы “...2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох нийт 2 жил 4 сар нь Баян-Өлгий аймгийн Монголын Мусульманы нийгэмлэгээс ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн 37 код буюу лам санваартны төрлөөр бүртгэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагчаас төлсөн хугацаа орсон байна. Иймд малчнаар ажилласан 15 жилийн болзол хангаагүй тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно” гэсэн тайлбар ирүүлсэн. М.Х 2013 онд 584 толгой мал, 2014 онд  950 толгой мал, 2015 онд 1228 толгой мал, 2016 онд 1947 толгой мал, 2018 онд 2230 толгой мал, 2019 онд 1870 толгой мал, 2020 онд 950 толгой мал тус тус тоолуулж байсан. 2018 онд “Алтан төл”-ийн эзнээр шалгарч байсан. Амьдралаа мал аж ахуйд зориулсан малчин хүн. М.Х шашин шүтдэг, орон нутагт сүм хийдийн ажилд оролцоод явдаг. Гэхдээ үндсэн ажил нь малчин. Тийм учраас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох нийт 2 жил 4 сарын хугацааг иргэний хэргийн анхан шатны шүүх малчнаар ажилласан жилд тооцож тогтоож өгсөн. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Нийтдээ 30-аад жил ажилласан хүн. Насны хувьд болон  ажилласан 20 жилийн шаардлагыг хангаж байна.  Мөн М.Х нь  15-аас доошгүй жил малчин байсан гэдэг нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т “Нийт 20-иас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. М.Х жилийн 4 улиралд мал маллаж явдаг олон тооны малтай хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т “Нийт 20-иас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан байдаг. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрт Муса овогтой Хуанганыг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажилласан байсныг тогтоосон байна. Гэтэл М.Х нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох нийт 2 жил 4 сар нь Баян-Өлгий аймгийн Монголын мусульманы нийгэмлэгээс ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн 37 код буюу лам санваартны төрлөөр бүртгэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагчаас төлсөн хугацаа орсон байна.

Иймд малчнаар ажилласан 15 жилийн болзол хангаагүй тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 8 дугаар сард миний бие ажил дээр байхад М.Х гуай ирж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаар шийдвэр болон бусад холбогдох материалаа өгсөн. Тэрний дагуу би материалын хүлээж авч тэтгэврийг нь бодож оруулсан. Гэтэл хяналтаас буцсан. Яагаад хяналтаас буцсан гэхээр 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны 03 дугаар сарын 01-ний хооронд Баян-Өлгий аймгийн Монголын мусульманы нийгэмлэгийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байсан. Тухайн байгууллага нь аж ахуйн нэгжид хамаарагддаг. М.Х тухайн байгууллагад ажил хийж байсан. Монголын мусульман нийгэмлэг нь Баян-Өлгий аймгийн төвд харьяалагддаг. М.Хы хувьд  шашны лам санваартан гэдгээр шимтгэл төлөгдсөн.  15 жилээс тухайн шашны байгууллагад ажилласан 2 жил 4 сарыг хасахаар 13 жил 6 сар болсон. Тэгээд М.Хы өөрийг нь дахиж дуудаж “...таны нийгмийн даатгалын шимтгэлд дундуур нь аж ахуйн нэгжээс шимтгэл төлөгдсөн байна, та тухайн байгууллагад ажил хийсэн байна, үүнийг малчны жилд оруулах боломжгүй. Та дахиж нотлох баримт бүрдүүлж ир” гэж явуулсан. Тэгэхэд 2020 оны малын тооллого авчирч өгсөн. 2020 оны малын тооллогыг 2021 оны Засаг даргын тодорхойлолтоор оруулж үзэхэд, 1 жил нэмэгдээд  14 жил 30 хоног  болсон.  Тэгээд малчнаар ажилласан 15 жилийн болзол хангахгүй юм байна, танд Малчны хуулийн дагуу 55 насанд тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Та 60 насандаа тэтгэвэрт гарах үндэслэл үүсэж байна гэж буцаасан. Лам санваартны нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж гэдгээр төлөгддөг. Лам санваартны  код тусдаа байдаг. Хуульд “Сүм хийд нийгмийн даатгалын шимтгэл төлж лам санваартнаа тэтгэвэр, тэтгэмжид хамруулж болно. Лам санваартан эрүүл мэндийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдана” гэж заасан.  Малчны тухай хуульд зааснаар малчнаар ажилласан бол тухайн байгууллагад орж гарсан тушаал байх ёстой. Тушаал байхгүй лам санваартнаар ажилд орсон байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж заасан байсан. Сайн дурын даатгуулагч болж  шимтгэлээ төлж байгаад 2015 оноос түүнийг цуцлаад, 2018 оноос дахин сайн дурын даатгуулагчаар төлсөн байна. Тэр хооронд аж ахуйн нэгжид ажилласан гэсэн үг.  М.Хы малчнаар ажилласан жил нь 15 жилд хүрэхгүй болохоор хяналтаас буцаасан. Мөн манайд шалгалтаар ирсэн хүмүүст энэ асуудлын талаар танилцуулахад малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Малчнаар ажилд орсон, гарсан тушаалаар тэтгэвэр тогтооно,лам санваартнаар ажиллаж байсан жилийг малчны жилд тооцох боломжгүй гэсэн. Нийт ажилласан жил нь  хангалттай 28 жил ажилласан, үүний дотроос малчнаар ажилласан 15 жилийн болзол хангаагүй тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс даалгах  нэхэмжлэлийн шаардлагаа “2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” гэж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] М.Хаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр   гаргасан болох нь тогтоогдож байна.

            Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин сууж мал маллаж байсан малчин Муса овогтой Хуанганыг 1995-2000 оныг дуустал 6 жил малчнаар ажилласнаар тооцсон бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрээр М.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  мал  маллаж малчин байсныг тогтоосон байна.

            Мөн энэхүү шүүхийн шийдвэрээр хүсэлт гаргагч М.Хы Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг “...Иймд Засгийн газрын 2018 оны 71 дүгээр 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын   3.2-т зааснаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хугацааг тодорхойлох Зөвлөлийн хурлын тогтоолоор  хүсэлт гаргагч М.Хы мал маллаж, малчин  байсныг тогтоож, мөн энэ тогтоол нь хүчингүй болоогүй” гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр М.Хыг малчнаар ажилласнаар тогтоосон 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 12 жилийн хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс  2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох 2 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг  ажил олгогч Монголын мусульманы нийгэмлэгээс лам санваартны  төрлөөр, 37 гэсэн кодоор  бүртгэж төлсөн, үлдсэн 9 жил 8 сарын хугацааны шимтгэлийг нэхэмжлэгч сайн  дурын даатгуулагчийн  хувиар төлсөн, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу эрх бүхий этгээдээс даатгуулагч М.Хы ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил  /1995-2000  он/-ээр  нөхөн тооцож баталгаажуулсан байх ба эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2]  тус тус тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 6 дугаар зүйлд Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж тус тус зохицуулсан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Малчинд тэтгэвэр тогтоох болон  тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална” гэж заасныг  үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 2.1-т “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 3.9-д  “Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид  суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа,...-г малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй.Харин ерөнхий боловсролын  сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох/ бол тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно”  гэж тус тус заажээ.

Хариуцагчаас “М.Хы анхан шатны шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоосон  хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох 2 жил 4 сар нь Баян-Өлгий аймгийн Монголын мусульманы нийгэмлэгээс ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн  төрлийн 37 код буюу лам санваартны төрлөөр  бүртгэгдэж, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон  даатгуулагчаас  төлсөн хугацаа орсон байна. Иймд малчнаар ажилласан 15 жилийн болзол  хангаагүй тул  малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч  М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  байх ба  малчнаар  өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах хуульд заасан бусад болзлыг  нэхэмжлэгч хангаж байгаа талаар   маргаагүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээрх байдлаар тус аймаг дахь  Сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.Х нь 2008 оноос 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд буюу 12 жил малчнаар ажилласан,  мөн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хугацааг тодорхойлох Зөвлөлийн тогтоолоор М.Хыг 1995 оноос 2000 оныг дуусталх 6 жилийн хугацаанд малчнаар ажилласнаар тогтоосон, уг тогтоол хүчинтэй байгаа гэсэн үйл баримтууд тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч М.Хыг 18 жил малчнаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох  2 жил 4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Монголын мусульманы нийгэмлэгээс даатгуулагч М.Хыг лам санваартны  төрлөөр,  37 гэсэн кодоор бүртгэж төлсөн нь тогтоогдож байгаа.

Гэхдээ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн  шийдвэрээр М.Хыг  2008 оны  1 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх 12 жилийн хугацаанд малчнаар ажилласнаар тогтоосон, уг 12  жилийн хугацааны  нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн бөгөөд даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хугацааг тодорхойлох Зөвлөлийн шийдвэрээр  малчнаар ажилласнаар тогтоосон 6  жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс нөхөн тооцсон болохыг баталгаажуулснаар нийт малчнаар ажилласан 18 жилийн нийгмийн даатгалын шимтгэл  төлөгдсөн гэж үзэхээр байгаагаас гадна  Монголын мусульманы нийгэмлэгээс даатгуулагч М.Хыг лам санваартны  төрлөөр  бүртгэж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн  2 жил 4 сарын хугацааг хасаж тооцоход ч   нэхэмжлэгч М.Х нь малчнаар ажилласан 15 жил 8 сарын  хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7-д  “15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах болзлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “М.Х 2020 оны малын тооллого авчирч өгсөн. 2020 оны малын тооллогыг 2021 оны Засаг даргын тодорхойлолтоор оруулж үзэхэд, 1 жил нэмэгдэж байгаа” гэсэн тайлбар гаргасан,  мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] М.Хы “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого”-ын бүртгэл байгаа, сайн дурын даатгуулагчийн хувиар 2020 оны  нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн  нь тус тус  тогтоогдож байх тул уг 1 жилийн хугацаа нь М.Хы малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  хугацаанд нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “М.Хы 1995, 1999, 2000 онуудын нотлох баримтууд нь байхгүй байсан тул 3 жилийг тооцоогүй. 1996, 1997, 1998 онуудын малын “А” дансыг авчирсан болохоор тэр жилүүдийг малчнаар ажилласан жилд тооцож өгсөн”  гэсэн тайлбар гаргасан.

“Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.2-т “Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг  нотлох “А”  дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан  даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал,  хөлсөөр ажиллах /ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах/ гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг  сум, дүүргийн Засаг  даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно” гэж заасан буюу 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг  нотлох “А”  дансны лавлагаа байхгүй тохиолдолд малчнаар ажиллаж байсан хугацааг  орон тооны бус байнгын зөвлөл тогтоохоор зохицуулсан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хугацааг тодорхойлох Зөвлөлийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин сууж мал маллаж байсан малчин М.Хыг 1995-2000 оныг дуустал 6 жил малчнаар ажилласнаар тогтоосон 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоол нь  хууль, журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байгаагаас гадна тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээр дурдсан шийдвэрээр “Зөвлөлийн тогтоолоор хүсэлт гаргагч М.Хы  1995-2000 онд мал маллаж, малчин  байсныг тогтоосон бөгөөд уг тогтоол нь хүчингүй болоогүй” гэсэн үйл баримт тогтоогдож байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч М.Х нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсгийн 1-т заасан бусад болзлыг хангаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч  маргаагүй,  харин  “малчнаар ажилласан 15 жилийн болзол  хангаагүй” гэсэн  үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсгийн  1-д заасантай тус тус нийцээгүй  бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн  өндөр насны  тэтгэвэр тогтоолгох  эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд  зааснаар М.Хд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 

 

 

 

 

[1] Хэрэгт авагдсан Тэтгэврийн хувийн хэрэг

[2] Хэргийн 18,19-22,33-44-р хуудас, Тэтгэврийн  хувийн хэрэг дэх 0014972 дугаартай нийгмийн  даатгалын дэвтэр, 0213000160 дугаартай  баталгаажилтын хуудас

[3] Хэрэгт авагдсан Тэтгэврийн хувийн хэргийн  дэх 2020 оны “А” дансны лавлагаа,0014972 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр