Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

2023           03             15                               2023/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Н.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Н-гийн П-ид холбогдох эрүүгийн 2225006840032 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х- овогт Н-гийн П- /РД:ХХ00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.П- нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод хохирогч З.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний буюу 245,000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод оршин суух хохирогч Б.Чын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.П- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлийн 3-97 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг авсан, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод байрлах байшингийн цонхоор орж 3 ширхэг мөнгөн аяга авсан үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь шүүгдэгч Н.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Архи уугаад ийм хэрэг хийчихлээ...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан:

- Шүүгдэгч Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Эссэгийн гэрээс гарч ертөнцийн зүгээр баруун хойшоо алхаж гэр хороололд очсон. Тэгээд нэг замын хажуу талын айл буюу захын айлын хашааг давж ороод хүнтэй эсэхийг нь шалгасан юм. Тэгээд тус айлын цонхийг гараараа түлхэхэд онгойхгүй болохоор нь мод авч тус байшингийн баруун талын цонхийг түлхэхэд хагарсан. Тэгээд би тус цонхоор дотогш орж 1 давхрын сервантан дотор байсан 4-5 ширхэг архийг нэг торонд хийгээд авч гарсан. Тус архинууд дотор 1 шил вино байсан...

Яагаан өнгийн шавар байшингийн урд талын хоёр вакум цонхны дотор талын цонхийг гараараа түлхэж дотогш ороод том өрөөний стейк дээр байсан 3 ширхэг мөнгөн аягыг кирмаалаад гараад явж байхдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан...” гэх мэдүүлэг,

 

 

- Хохирогч З.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: ...манай сервантан дотор байсан 1 литрийн корн нэрэй архи 1 шил, 1 литрийн коскенкорва архи 1 шил, 0,7 литрийн далай ээж нэртэй архи 1 ширхэг, 0,7 литрийн америк вино 1 шил, 0,7 литрийн Нобель нэртэй вино 1 шил зэрэг алдагдсан байсан. Манай гэрт байсан ажлын хос бээлийг аваад, гэрээс цагаан гялгар  тор аваад архинуудаа хийгээд явсан байсан. Би тэр хос бээлий болон гялгар торыг үнэлэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,

 

- Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Булагт В2-35 тоот гэртээ 19 цагийн орчим эхнэр хүүхдүүдийн хамт ирэхэд манай гэрийн цонх онгорхой, гэрийн стейк дээр байсан зураг унасан байсан. Очоод харахад 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...3 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 131х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12, 119-123х/,

 

            - Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-13-14х/,

 

            - Далай ван аудит ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-67 дугаартай З.Э-ын эд хөрөнгийг 245,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 26-30/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/4948 дугаартай Б.Чын эд хөрөнгийг 540,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 139-142х/,

 

- Н.П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.П-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Н.П- нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод хохирогч З.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний буюу 245,000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод оршин суух хохирогч Б.Чын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч З.Э-ын ...манай сервантан дотор байсан 1 литрийн корн нэрэй архи 1 шил, 1 литрийн коскенкорва архи 1 шил, 0,7 литрийн далай ээж нэртэй архи 1 ширхэг, 0,7 литрийн америк вино 1 шил, 0,7 литрийн Нобель нэртэй вино 1 шил зэрэг алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Чын ...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Булагт В2-35 тоот гэртээ 19 цагийн орчим эхнэр хүүхдүүдийн хамт ирэхэд манай гэрийн цонх онгорхой, гэрийн стейк дээр байсан зураг унасан байсан. Очоод харахад 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Далай ван аудит ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-67 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/4948 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.П- нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.П-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод хохирогч З.Э-ын байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг авсан, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод оршин суух хохирогч Б.Чын гэрийн байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.П-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.П- нь хохирогчид Б.Чт 3 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Ч нь гомлол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг Б.Чт төлөх төлбөргүй, хохирогч З.Э-д 245,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь З.Э-д хохирол төлбөр төлөөгүй мөн хохирогч З.Э- нь хохиролд 245,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байх тул шүүгдэгч Н.П-оос 245,000 төгрөг гаргуулан хохирогч З.Э-д олгох үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.П-ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноглуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн санал гаргасан.

 

Шүүгдэгч Н.П-ийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.П-ийн 2023 оны 01 сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.П-ийн эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогт Н-гийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н-гийн П-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ийн цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 

5. Шүүгдэгч Н.П- нь хохирогч Б.Чт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.П-оос 245,000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоотод оршин суух О овогт З-ын Э-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ

 

 

Г.Анх-Ирэдүй