Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01512

 

  

Ким Бү Соб /Kim Boo Seop/-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 603 дугаар магадлалтай,

 

БНСУ-ын иргэн Ким Бү Соб /Kim Boo Seop/-ын нэхэмжлэлтэй,

Д.Мөнхбатад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхоролын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхбат нь найз нөхөд, ажил хэргийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн хувийн хэрэгцээндээ БНСУ-ын иргэн Ким Бү Собоос бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага гарсан тул туслахыг хүсч, 2015.06.08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2016.03.19-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2016.04.08-ны өдөр 49,000,000 төгрөгийг, 2016.05.19-ний өдөр 21,000,000 төгрөгийг тус тус зээлж, нийт 120,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан байдаг. Тухайн үед зээлдүүлэгч Ким Бү Соб нь өөрийнхөө 100 хувийн хөрөнгө оруулалттай Эм би эс мед ХХК-ийг Д.Мөнхбатад хариуцуулж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан, найз нөхөд, ажил хэргийн хамтрагчийн харилцаатай байж ихээхэн итгэл үзүүлж байсан тул харилцан итгэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Ийнхүү Д.Мөнхбатад бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага бий болж, өөрт нь хандах бүрт Ким Бү Соб нь хамтрагч, найзын хувиар хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлсэн үйлдэл давтагдсан тул 2016.05.19-ний өдөр 21,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ өмнө нь зээлдүүлсэн мөнгөний тооцоог нийлэн баталгаажуулж, Солонгос, Монгол хэлээр Зээлийн баримт гэх баримтыг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг баримтаар хариуцагч Д.Мөнхбат нь 120,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ба 2017.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулах амлалтыг өгсөн. Гэвч Д.Мөнхбат нь энэхүү амлалтандаа хүрээгүй, зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн тул Д.Мөнхбатаас 120,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эм би эс мед ХХК-ийг Д.Мөнхбат 2013 онд үүсгэн байгуулсан. Д.Мөнхбат нь Ким Бү Собтой ажил хэргийн журмаар танилцсаны дараа Ким Бү Соб нь Солонгост татварын асуудал үүсчихлээ, чи компаниа түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсны дагуу тус компанийг Ким Бү Собд шилжүүлсэн боловч тэрээр буцааж шилжүүлээгүй. Ким Бү Собоос авсан 120,000,000 төгрөгийг Д.Мөнхбат нь хувийн журмаар аваагүй, уг мөнгийг Эм би эс мед ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан Дунсон хууль зүйн товчооноос Ким Бү Собоос иргэн С.Батчимэгт олгосон итгэмжлэлийн асуудал байгаа. Дунсан хууль зүйн товчоо гэж байгаа боловч Монгол улсын нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдэл хийх шаардлага хангасан, хууль эрх зүйн шалгалтанд тэнцсэн хүн нотариатын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ Дунсан хууль зүйн товчоо нь нотариатын эрхтэй эсэх баримт энд байхгүй байна. Нотариатын баталгаажуулалтын эхний мөрөнд Ким Бү Собын биет төлөөлөгч болох Пак Дыг Ил гэгч энэ нотариатын хууль зүйн товчоон дээр ирээд жолооны үнэмлэхээ үзүүлээд, энэ хүний гарын үсгийг тодорхойлсон асуудал байна. Тэгэхээр Ким Бү Собын С.Батчимэгт олгосон итгэмжлэл дээрх гарын үсэг Ким Бү Собын гарын үсэг мөн эсэх талаарх эргэлзээтэй асуудал үүсч байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэх талаар эргэлзэх нөхцөл байдал үүсч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхбатаас 120,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Бү Собд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Бү Собд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 603 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Мөнхбатаас төлсөн 758,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.07-ны өдрийн 114 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 603 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгтээ Эм би эс мед ХХК нь нэхэмжлэгч Ким Бү Собоос 2014 оноос эхлэн мөнгө зээлж авдаг байсан гэдгийг мэдүүлж байх боловч хариуцагч Д.Мөнхбатын нэхэмжлэгч Ким Бү Собоос 2015.06.08-ны өдрөөс 2016.05.19-ний хооронд 4 удаагийн үйлдлээ зээлсэн гэх 120,000,000 төгрөгийг Эм би эс мед ХХК нь зээлсэн, тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар мэдүүлээгүй байна гэжээ. Гэтэл гэрч нар болох н.Баасанжав, н.Энхээ нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг зээлсэн мөнгийг Эм би эс мед ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар мэдүүлсэн, уг гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, нотлох баримтаар шинжлэн судлагдсан байхад шүүхээс нотлох баримтыг илт үгүйсгэн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар уг мөнгийг иргэн Д.Мөнхбатаас бус Эм би эс мед ХХК-иас нэхэмжлэх үндэслэлтэй болох нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргаагүй. Эм би эс мед ХХК нь одоо иргэн Д.Мөнхбатын компани биш харин нэхэмжлэгчийн өөрийнх нь компани болсон бөгөөд уг мөнгийг өөрийнхөө компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийж Д.Мөнхбатаас шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн зүгээс ИХШХШтХуулийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ нотлохоор Эм би эс мед ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд удаа дараа гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй, уг асуудлыг тодруулалгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхээс зайлшгүй оролцуулах шаардлагагүй, маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүхээс шийдвэрлэх асуудал гэж үзэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй юм. Эм би эс мед ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулснаар маргааны үйл баримт болох 120,000,000 төгрөгийг Н.Мөнхбат зээлсэн үү, Эм би эс мед ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх тодорхой болох боломжтой байсан.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байгаа тул ИХШХШтХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Бү Соб /Kim Boo Seop/ нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагчид найз нөхдийн хувьд мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үндэслэлээр туслахыг хүссэнд 2015-2016 оны хооронд 120,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн, сүүлийн 2016.05.19-ний өдрийн 21,000,00 төгрөгийг зээлдүүлэхдээ баримт үйлдэж, баталгаажуулсан. Дээрх мөнгийг 2017.12.30-ны дотор төлж барагдуулах амлалтыг өгсөн боловч энэхүү амлалтдаа хүрээгүй тул Д.Мөнхбатаас 120,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...2013 онд Эм би эс мед ХХК-ийг үүсгэн байгуулж, нэхэмжлэгчтэй ажил хэргийн шугамаар танилцсаны дараа тэрээр Солонгост татварын асуудал үүсчихлээ, компаниа түр хугацаагаар шилжүүлж өгөөч гэж гуйсны дагуу тус компанийг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч тэрээр буцааж шилжүүлээгүй, түүнээс авсан 120,000,000 төгрөгийг хувийн журмаар аваагүй, уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь санхүүгийн баримтаар нотлогдоно, ...компани одоо нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тул надаас шаардах эрхгүй, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

2.   Хэргийн 11 дүгээр талд зээлдүүлэгч Ким Бү Соб /Kim Boo Seop/-оос зээлдэгч Д.Мөнхбат 2015.06.08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016.03.19-ний өдөр 30,000,000 төгрөг, 2016.04.08-ны өдөр 49,000,000 төгрөг, 2016.05.19-ний өдөр 21,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг авсан нь үнэн, 2017.12.30-нд төлж барагдуулна, хүүгүй, дээрх агуулгын дагуу төлөн барагдуулахаа амлаж байна гэсэн Зээлийн баримт авагдсан байх бөгөөд зээлэгч Д.Мөнхбат гэж гарын үсэг зурагджээ.

 

Хариуцагч дээрх баримтыг үгүйсгээгүй боловч тус баримтад дурдсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, компани одоо нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тул иргэн Д.Мөнхбат хариуцагч биш гэж маргасан, шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1.-д нийцжээ.

 

3.   Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь зээлийн үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн хөрөнгийг Эм би эс мед ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан, компанид зарцуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, зээлийн хөрөнгийг буцаан төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгт нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаарх дүгнэлт хуульд нийцжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн ...Эм би эс мед ХХК-ийн гуравдагч этгээдээр оруулах хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Мөнхбат 2013.10.17-ны өдөр 9011438135 улсын бүртгэлийн, 5759382 регистрийн дугаартай Эм би эс мед ХХК-ийг 1 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, 2016.03.27-ны өдөр Ирмүүн ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Ким Бү Соб /Kim Boo Seop/-той компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Эм би эс мед ХХК-ийн хувьцааг 100% Ирмүүн ХХК-д шилжүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан 120,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө зээлсэн байх бөгөөд дээрх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан бол компанийн эрх шилжүүлэхдээ тооцох боломжтой байжээ.

 

Гэтэл энэ талаар баримтгүй бөгөөд улмаар компанийг шилжүүлснээс хойш дахин зээл авч, зээлийг 2017.12.30-ны дотор төлөхөөр хугацаа тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч зээлийг төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүх Эм би эс мед ХХК, Ирмүүн ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 603 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхоролын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Мөнхбатаас 2020.04.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД