Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00114

 


 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр                    Дугаар 102/ШШ2020/00114                            Улаанбаатар хот

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б С -----ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох,

 

120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                    

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б С ---- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.М нь найз нөхөд, ажил хэргийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн хувийн хэрэгцээндээ БНСУ-ын иргэн К Б С-оос бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага гарсан тул туслахыг хүсч, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 49,000,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21,000,000 төгрөгийг тус тус зээлж, нийт 120,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан байдаг. Тухайн үед зээлдүүлэгч К Б С нь өөрийнхөө 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эм Би Эс Мед”  ХХК-ийг Д.Мад хариуцуулж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан тул тэд сайн найз нөхөд, ажил хэргийн хамтрагчийн харилцаатай байж, ихээхэн итгэл үзүүлж байсан тул харилцан итгэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Ийнхүү Д.Мад бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага бий болж, өөрт нь хандах бүрт К Б С нь хамтрагч, найзын хувиар хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлсэн үйлдэл давтагдсан тул 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ өмнө нь зээлдүүлсэн мөнгөний тооцоогоо нийлэн баталгаажуулж, Солонгос, Монгол хэлээр “Зээлийн баримт” гэх баримтыг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг баримтаар хариуцагч Д.М нь 120,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ба 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах амлалтыг өгсөн. Гэвч Д.М нь энэхүү амлалтандаа хүрээгүй, зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн тул Д.Маас 120,000,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм Би Эс Мед” ХХК-ийг Д.М 2013 онд үүсгэн байгуулсан. Д.М нь К Б С-той ажил хэргийн журмаар танилцсаны дараа К Б С нь Солонгост татварын асуудал үүсчихлээ, чи компаниа түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсны дагуу тус компанийг  К Б С-д шилжүүлсэн боловч тэрээр буцааж шилжүүлээгүй. К Б С-оос авсан 120,000,000  төгрөгийг Д.М нь хувийн журмаар аваагүй. Энэ мөнгийг “Эм Би Эс Мед”  ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан Дунсон хууль зүйн товчооноос К Б С-оос иргэн С.Батчимэгт олгосон итгэмжлэлийн асуудал байгаа. Дунсан хууль  зүйн товчоо гэж байгаа боловч Монгол Улсын нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдэл хийх шаардлага хангасан, хууль эрх зүйн шалгалтанд тэнцсэн хүн нотариатын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ Дунсан хууль зүйн товчоо нь нотариатын эрхтэй эсэх баримт энд байхгүй байна. Нотариатын баталгаажуулалтын эхний мөрөнд К Б С-ын биет төлөөлөгч болох Пак Дыг Ил гэгч энэ нотариатын хууль зүйн товчоон дээр ирээд жолооны үнэмлэхээ үзүүлээд, энэ хүний гарын үсгийг тодорхойлсон асуудал байна. Тэгэхээр К Б С-ын С.Батчимэгт олгосон итгэмжлэл дээрх гарын үсэг К Б С-ын  гарын үсэг мөн эсэх талаарх эргэлзээтэй асуудал үүсч байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэх талаар эргэлзэх нөхцөл байдал үүсч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний ээлжинд итгэмжлэлтэй холбоотой асуудал үүсч байна. Энэ итгэмжлэлийг хараад Монгол улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хуулийн шаардлага хангасан итгэмжлэл гэж үзэх боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж харагдаж байна. Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа иргэнээс иргэнд олгож байгаа итгэмжлэл заавал нотариатаар баталгаажсан байхыг шаардана. Энэ итгэмжлэлийг шүүх хүлээж аваад итгэмжлэлд шүүхэд төлөөлөх эрх байна уу гэдэгт дүгнэлт өгдөг. Гэтэл энэ итгэмжлэл нь дүгнэлт хийх боломжгүй байна гэж харагдаж байна. Монгол Улсын шүүх Монгол Улсын хуулийн дагуу үндсэн үйл ажиллагаа явуулах зарчимтай. Монгол Улсад хууль зүйн товчоо нотариатын үүрэг гүйцэтгэдэггүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг нотариатаар батлуулсан гэж үзэх үндэслэлгүй. Дунсан хууль зүйн товчоо нь нотариатын ямар хуулийн хүрээнд нотариатын үйлдэл хийгээд байгааг тогтоох боломжгүй. Нотариатын үйл ажиллагаа эрхэлдэг юм бол нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрх нь хавтаст хэрэгт байхгүй. К Б С нь Дунсан хууль зүйн товчоонд очсон юм уу гэхээр очоогүй байдаг. Пак Дыг Ил гэх хүн К Б Соос С.Батчимэгт итгэмжлэл олгож байгаа гэдгийг баталж Дунсон хууль зүйн товчоон дээр очсон болох нь өөрсдийнх нь өгсөн орчуулгын баримтуудаас харагдаж байна. Иймд К Б С итгэмжлэл өгсөн юмуу эсвэл Пак Дыг Ил С.Батчимэг нар ийм зүйл хийгээд яваад байгаа юм биш биз гэж хардаж байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Итгэмжлэлээс гадна татгалзлын үндэслэлтэй холбоотой зүйл байна. Нэхэмжлэгч нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа гэж тайлбарлаж байна.  Харин хариуцагч бол “Эм Би Эс Мед” ХХК-ийн өмнөөс зээлсэн ажиллагаа юм гэж тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар  энэ үүргийн харилцаа К Б Соос “Эм Би Эс Мед” ХХК-д шууд үүсч байгаа зээлийн гэрээний харилцаа гэдэг нь тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгч тал Д.Мад зээлсэн гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал үүнийг нотлох ямар нотлох баримт гаргаж өгсөн юм бэ? Өмгөөлөгчийнхөө хувьд би хоёр зүйл дээр эргэлзэж байна. К Б С нь худал үндэслэлгүй байдлаар Д.Мад зээлсэн гэж яриад байна, эсвэл зээлийн гэрээний субьект дээр төөрөгдөлд орсон гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хангалттай нотлох үүргээ биелүүлсэн. Хоёр гэрчийн мэдүүлгийг онцлон тайлбарлаж хэлмээр байна. Гэрч нарын мэдүүлэгт К Б С-оос мөнгө зээлсэн талаар, энэ мөнгийг “Эм Би Эс Мед” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт өгсөн. Эдгээр нотлох баримтуудаар Д.М бус “Эм Би Эс Мед” ХХК нь зээлсэн юмаа гэдгийг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 Нэхэмжлэгч итгэмжлэлтэй холбоотой асуудал дээр болон Дунсан хууль зүйн товчоо, К Б С-ын гарын үсэгтэй холбоотой асуудал дээр нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн нэхэмжлэлийнхээ гол үндэслэл болгож байгаа Д.М нь хувийн хэрэгцээндээ Д зээлсэн гэдгийг яаж нотолж байгаа юм бэ?. Энийг нотлох ёстой. Эмнэлэгийн ажилчид нь хувийн хэрэгцээндээ зээлсэн гэдгийг мэдэж байгаа гэсэн мөртлөө тийм гэрчийг оролцуулах хүсэлт гаргаагүй. Энэ байдлаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулинд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлийн баримтанд Д.М гэж байгаа боловч тухайн үед Д.М мөнгө зээлэх цаг хугацаанд “Эм Би Эс Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тийм ч учраас гэрч нар нь “Эм Би Эс Мед” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгийг хэлж байгаа.Иймд тухайн 120,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэг нь Д.Мад үүсээд байгаа юмуу эсвэл компанид үүсээд байгаа юмуу гэдгийг бүрэн нотлоогүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б С ---- нь хариуцагч Д.Мад холбогдуулан 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч Д.М нь нэхэмжлэгч К Б С-оос 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ны хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 120,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл уг мөнгийг эргүүлэн төлөхгүй байна... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...Д.М нь нэхэмжлэгч К Б Соос 120,000,000 төгрөгийг зээлэхдээ хувийн хэрэгцээндээ биш, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “Эм Би Эс Мед” ХХК-ийн нэрийн өмнөөс зээлж авсан бөгөөд тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул хариуцагч биш, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь нэхэмжлэгч К Б С-ыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь түүнд олгосон итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Нотариатын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр мэтгэлцэж байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын иргэн К Б С-оос олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус итгэмжлэлд БНСУ-ын Нотариатын эрх бүхий Дунсан хууль зүйн товчоо нотариатын баталгаажуулалт хийжээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэжээ.

 

            Манай Улс “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах” тухай Олон Улсын конвенцэд 2008 оны 12 дугаар сард  нэгдэн орж, 2009 оны 2 дугаар сараас конвенцын заалт үйлчилж эхэлсэн  байна.

Энэхүү конвенцэд зааснаар конвенцын гишүүн улс орон тухайн баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотолж “Apostille’ гэрчилгээ олгодог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд эрх бүхий байгууллагаас “Apostille’ гэрчилгээг олгосон байх тул итгэмжлэлд нотариатыг баталгаажуулалт хийсэн Дунсан хууль зүйн товчоог нотариатын эрхгүй, итгэмжлэлд зурсан гарын үсэг нэхэмжлэгчийнх мөн эсэх нь эргэлзээтэй, Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К Б С-оос С.Батчимэгт олгосон итгэмжлэл нь  дээрх конвенцэд нийцэж байх тул С.Батчимэгийг нэхэмжлэгч К Б С-ыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж үзнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

            Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор тус хэрэгт гэрч Д.Баасанжав, М.Энхээ нарыг гэрчээр оролцуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт болон тус дүгнэлтийг гаргахад ашигласан “Эм Би Эс Мед” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ.

 

            Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай прокурорын тогтоолоор Д.Мын гомдлоор иргэн К Б Сд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн 201726021339 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд тус эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.  Энэхүү дүгнэлтээр К Б С нь “Эм Би Эс Мед” ХХК-д 718,366,291 төгрөгний өглөгтэй болохыг тогтоосон байх боловч энэхүү тооцоонд дээрх 120,000,000 төгрөгний тооцоо орсон гэх байдал тогтоогдохгүй байна.  

 

Мөн гэрч Д.Баасанжав, М.Энхээ нар нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... “Эм Би Эс Мед” ХХК нь нэхэмжлэгч К Б С-оос 2014 оноос эхлэн мөнгө зээлж авдаг байсан гэдгийг мэдүүлж байх боловч хариуцагч Д.Мын нэхэмжлэгч К Б С-оос 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ны хооронд 4 удаагийн үйлдлээр зээлсэн гэх 120,000,000 төгрөгийг “Эм Би Эс Мед” ХХК нь зээлсэн, тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар мэдүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт хариуцагч Д.М нь уг зээлсэн гэх 120,000,000 төгрөгийг  “Эм Би Эс Мед” ХХК-д өгсөн талаарх ямар нэгэн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. 

Иймд гэрч Д.Баасанжав, М.Энхээ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгч К Б С-оос энэхүү 120,000,000 төгрөгийг “Эм Би Эс Мед” ХХК зээлж, тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага болох 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч К Б С-оос  “Эм Би Эс Мед” ХХК зээлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хэргийн 11 дүгээр талд авагдсан “Зээлийн баримт” гэх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн ба уг баримтад  “зээлдүүлэгч К Б С-оос зээлдэгч Д.М нь 120,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  төлж барагдуулна” гэх агуулгыг тусгаж, хариуцагч Д.М гарын үсэг зуржээ.

 

Хариуцагч Д.М нь дээрх “Зээлийн баримт” гэх баримтад зурсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх талаар маргахгүй байхаас гадна нэхэмжлэгч К Б С-оос 120,000,000 төгрөгийг хүлээн авснаа үгүйсгэхгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч  К Б С нь хариуцагч Д.Маас зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх ба хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Маас 120,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К Б С-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Маас 120,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К Б С-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “БНСУ-ын иргэн К Б С-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА