Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Гын Ат холбогдох эрүүгийн 2217001690021  дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Гын А /РД:.../, Д аймгийн С суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн Б сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд Г аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 702 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Г аймгийн Б сумын Засаг дарга Г.А нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Г, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил”-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаартай гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-ний ажилчдад зориудаар худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 километрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Нийн өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гурван хүн худаг гаргахаар ирлээ гээд ажил тарсны дараа буюу 18 цагийн үед ирэхээр нь би хэзээ захиалга өгсөн юм бол гэхэд мэдэхгүй гээд захирлынхаа дугаарыг өгөөд Бд нэг худаг гаргах гэрээтэй гэж хэлсэн. Захиралтай нь холбогдоход худгийг хариуцаж байгаа Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн М гэх хүний дугаарыг өгсөн. Тэр хүнтэй нь холбогдоход “Давайн хормойн оройн зүүн” гэх газар нэмэлтээр худаг гаргахаар болсон гэхээр нь хэзээ гаргахаар болсон юм бэ гэхэд 9 сард гэрээ байгуулахдаа нэмэлтээр оруулсан, танай хөдөө аж ахуйн мэргэжилтэн хэлээгүй юм уу гэсэн. Тухайн үед би огт мэдээгүй байсан. Тэгээд би аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б руу ярьхад сайн мэдэхгүй байна, Хөдөө аж ахуйн сайдад хүсэлт өгсөн байх гэсэн. Тухайн үед ямар хүн захиалга өгсөн талаар мэдэж байгаа хүн байгаагүй. Нөгөө хүмүүс өрөмдлөг хийх газар дээрээ очье гэхэд нь ажил дээрээ цуглаад худаг гаргах талаар асуухад манайхнаас нэг ч хүн мэдэхгүй байсан. Би Д даргатай яриад яагаад энэ газар худаг гаргахаар болсон бэ, 2 малчин айл л худаг гаргасан байгаа шүү дээ, тиймээс энэ газар худаг гаргах шаардлагагүй гэж хэлэхэд намайг хүсэлтээ аймгийнхаа Хөдөө аж ахуйн газар өг гэсэн. Тухайн үед хүсэлтээ өгч чадаагүй. Гэтэл худаг барих компанийнхан хүрээд ирсэн яах ч аргагүй 1 дүгээр багийн Засаг дарга Т, орлогч дарга Э хоёрыг явуулсан. “Мөнх толгой” гэх газарт байгаа худаг нь эвдэрчихсэн учир тэнд худаг гаргах хэрэгцээ шаардлагатай байсан. Өмнө нь сумаас 2021 онд орон нутгийн хөгжил сангаас засуулах гээд чадаагүй. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр худаг нь эвдэрсэн юм. Жилийн дараа төсөв тавиад янзлуулах гээд янзалж чадаагүй байсан. Худаг барихаар ирсэн хүмүүст “Мөнх толгой” худгийг үзүүлэхэд янзалж болохгүй, хажууд нь шинэ худаг гаргаж болно гэсэн. Тухайн үед Б ирээд эвдэрсэн худгийн хажууд дахиад худаг гаргаж болохгүй гээд болиулсан. Худаг гаргах хүмүүс надтай утсаар ярихаар нь наад газар чинь худаг гаргах хэрэгцээ шаардлагатай, жаахан зайтай худаг гаргаж болдоггүй юм уу гэхэд мэдэхгүй гэсэн. Би өөрөө очиж эвдэрсэн худгаас 3-4 километрт худаг хайж гаргадаг зүйлээр хайгаад хуучин худгаас өмнө зүгт худаг гаргахаар зааж гаргуулсан. 7 хоног өрөмдлөг хийж цооног гаргаад ажлаа дуусаад аймаг орон нутагт хүлээлгэж өгөх үү гэхээр нь малчдад хүлээлгэж өгье гэсэн. “Давайн хормойн оройн зүүн” гэх газар захиалга өгсөн гэж Э гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. 4 сард энэ худгийн хүсэлтийг өгсөн гэсэн. Хүсэлтийг инженерийн хийцтэй худаг ашиглах, уст цэгийг шинээр байгуулах, эзэмшүүлэх, ашиглуулах гээд 3 сайдын хамтарсан журамд зааснаар гаргах ёстой. Энэ журам дээр эхлээд тухайн газар худаг гаргах шаардлагатай байна уу, үгүй юу гэдгийг тогтоогоод захиалга өгдөг. “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг гаргах ямар ч шаардлагагүй. Тухайн газар байдаг 2 малчин айл хоёулаа худагтай. 2020 онд намайг Засаг дарга болсноос хойш тэр газарт худаг гаргуулах ямар ч хүсэлт ирж байгаагүй. Захиалга өгсөн Эийн Э гээд хүний аав Бийн Э нь олон жил багийн дарга хийсэн, өөрийн малгүй, мал тоолуулдаггүй хүн 2020 оны 10 дугаар сарын 30-нд өмнөх Засаг даргын үед тэнд нэг хонд авсан байсан. Тэрийг одоо хүртэл малчид нь мэдээгүй. Бид нар ч мэдээгүй байж байгаад сая энэ хэргээр мэдэгдэж гарч ирсэн. Тэр хондоо 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр над дээр Э аавтайгаа орж ирээд дунд хүргэндээ шилжүүлье гэхээр нь би шилжүүлээгүй. Яагаад гэвэл бэлчээр ашиглалтын журмыг иргэдийн хурлаараа 2021 оны 12 сард баталсан. Энэ журам дээрээ гадны харъяаллын хүнд өвөлжөө, хаваржааны бууцыг шилжүүлэхгүй гэсэн байдаг. Надад сайдын тушаалыг өөрчлөх эрх байхгүй. Тухайн үед худгийн байршлыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж чадаагүй, дараа нь 2023 оны 03 дугаар сард хүргүүлсэн, 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж хүсэлтүүд явагдсан. 2016 онд Д.Нг хүргэн болсон үеэс нь мэднэ. 2019 онд хонд нэг хүнээс авсан. 2021 онд өвөлжөө бариад мал маллаж байсан. Д.Н төвд байгаа айлуудын малыг бүгдийг нь аваад хөдөө гарсан. Д.Нтэй ах, дүү, төрөл садангийн холбоо байхгүй. Миний мал тэднийх дээр байдаг. Худаг гаргасан газар нь Нээс 1.7 км-т байдаг. Худаг гаргах тухай саналаа иргэн, малчин, бүлэг, хоршоо, аж ахуй нэгж нь сумын Засаг даргад хүсэлтээ гаргаад хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаарх судалгааг Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон багийн Засаг даргаар судлуулаад багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар руу явуулдаг. Хүсэлтийг жил болгоны 03 дугаар сарын 01-ний дотор явуулсан байх ёстой байдаг. 2022 онд Б сумаас худаг гаргуулах тухай хүсэлт гаргаагүй. Нутгийн ард түмэн намайг орон нутгийн сонгуулиар сонгож Засаг даргаар томилогдсон. Би өнөөдөр төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байна. Энэ гомдлыг гаргасан Ш гэдэг хүнийг орлогч дарга байхад нь ажлаа хийж чадахгүй болохоор нь өөрчилснөөс болж би цагдаа сэргийлэхээр жил гаран явсан. Э гэдэг хүн 4 дүгээр сарын 10-нд уулзалт хийж байхад яагаад Бд худаг байхгүй байгаа юм бэ гэж хэлээд нэг худаг нэмэгдээд ирсэн. Б дарга Засаг даргаар томилогдоод ирэхээс 10 хоногийн өмнө намайг Давайн орой дээр худаг гаргуулъя гэдэг тоот хийж өг гэхээр нь би хийж өгөөгүй. Засаг даргаар томилогдоод ирснийхээ дараа намайг дуудаж уулзаад тоот хийж өг гэхээр нь би хийж өгөөгүй. Маргааш нь М гэдэг хүн над руу утасдаад та ийм тодорхойлолт хийгээд өгөөч Авлигатай тэмцэх газраас утасдаад байна гэж ярихаар нь би энэ худгийн асуудал яригдаж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Дараа нь Засаг даргын туслах М гэдэг хүн над дээр тоотын төсөл боловсруулчихсан ирээд энэ тоотыг хийхгүй бол болохгүй юм байна гээд байхаар нь би хийж өгөөгүй. Би Эрхэмбаатарыг дуудаж чи яагаад ийм нэр өгч байгаа юм бэ гэсэн чинь аймгаас нэг газарт нэр өг гэхээр нь сандарсандаа “Давайн хормойн оройн зүүн” бууц гээд аавынхаа өвөлжөөний нэрийг бодож байгаад өгсөн гэсэн. Би иргэдийнхээ хэрэгцээ шаардлагын хүрээнд тэнд худаг гаргуулж өгсөн. Тэнд ганцхан миний 100 гаран мал байгаа юм биш, би ганцхан мал байгаа айлдаа зориулж тэр худгийг гаргуулаагүй. Мал бол төрийн хамгаалалтад байдаг. Нэгжийн хууль дээр газрыг зүй зохистой ашиглах, бэлчээрийг зүй зохистой хамгаалах гээд миний үүрэг бий. Худаг ус гаргах, өвөлжөө хаваржаа шилжүүлэхэд ойролцоо айлуудаас зөвшөөрөл авна гээд журам дээр хүртэл заасан байгаа. Үүний дагуу л би шийдвэрийг гаргасан, энд ирээд зогсож байна гэж бодсонгүй. Миний гаргасан шийдвэрийг хэрэгцээ шаардлагад тулгуурласан гээд аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Д, мэргэжилтэн Б нар хүртэл зөв газар гаргасан гэсэн хавтаст хэрэгт баримтууд нь байгаа. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа. Би иргэн болон компанид нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Өнөөдөр бичиг цаасны чөлөө зөвшөөрлийн асуудал дээрээс л ийм зүйл үүсэж байна. Би эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тийм зүйл үйлдээгүй гэж бодож байна. Намайг цагаатгаж гэм буруугүйд тооцож өгнө үү гэж хүсэж байна гэв.

2. Иргэний нэхэмжлэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэрээнд заасан худаг гаргах байршил өөрчлөгдсөнийг бид мэдээгүй. Манай инженер Ж.Т нь ч өөрөө өөр газар худаг гаргаж байгаагаа мэдээгүй байсан. Б сумын Засаг дарга тухайн газрыг зааж өгсөн гэдэг. Инженер Ж.Т нь гэрээнд заагдсанаас өөр газар худаг гаргавал худгийг хүлээн авахгүй, санхүүжилт олгогдохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тиймээс байршил нь өөр газар байсан гэдгийг мэдсэн бол худгийн өрөмдлөг хийхгүй. Гүйцэтгэсэн ажлын зардлын талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Манай компанийн зүгээс албан тушаалтан буруу газар зааж өгснөөс үүдээд зардал гарсан. Тиймээс гэрээнд заагдсан газар дахин худаг гаргах ажил явагдах болохоор гарсан зардлаа гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 155-156 хуудас/

3. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Манайх бог, бод нийлсэн 500 гаран малтай, Г.Аын хонь ямаа нийлсэн 100 орчим малыг малладаг. Аын малыг маллаад хариуд нь ямар нэгэн мөнгө авдаггүй бөгөөд хааяа бензин тос авдаг. Ер нь манайхаар хэд хэдэн айл малаа маллуулдаг. Мөнх толгой гэх газарт гаргасан худгаас манай гэр зүүн хойно 1 километр гаран зайд байдаг. Одоо манайх цастай байгаа учир цасаар усалж байгаа. Цас орохоос өмнө манай зүүн урд байдаг Б гэдэг айлын урд байдаг худгаас малаа усалж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 132-134 хуудас/

4. Гэрч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Б сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 7 дахь жилдээ ажиллаж байна. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд танай байгууллагад гомдол гаргасан. Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газар инженерийн хийцтэй худаг гаргах ажил хийгдэх ёстой байсан. Уг газар нь олон жил худаггүй байсан бөгөөд уг газарт худаг гаргаснаар олон малчин иргэдийн мал устай золгох ёстой. Гэтэл Б сумын Засаг дарга Г.А нь “Мөнх Толгой” гэх газар буюу өөрийн малчны хажууд тухайн худгийг гаргуулсан. Цаад утгаараа бараг өөртөө худаг гаргасан гэж ойлгоход болно. Уг худгийг анх өрөмдүүлэхэд нь аймгийн ХХАА-н газрын дарга Д нь мэргэжилтний хамт очиж гэрээн дээрх цэгийг өөрчилж болохгүй, уг гэрээнд заасан газрыг өөрчлөх эрх нь яамны сайдад л байгаа гээд байхад санаатайгаар уг худгийг өөрийн малчны дэргэд өрөмдүүлсэн, мэргэжилтэн хүртэл очиж таслан зогсоож байсан. Энэ тухай би мэдээд ХХАА-н газрын дарга, хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад бид нар сануулсан, хяналт тавих явцад хэлсэн, та хэлээд байхад зөрчиж байгаа бол дараа нь өөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэсэн байсан. Улсын төсвийн хөрөнгөөр ХХААЯ-ны захиалгаар Г аймгийн нутаг дэвсгэрт инженерийн хийцтэй нийт 4 худаг шинээр барьж байгуулах тухай “Г аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 4 худаг шинээр барьж байгуулах ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийх ажлын гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 220907/04-500 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт уг худгийг байгуулах ёстой” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 158-159 хуудас/

5. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г.А 70-80 тооны бог малтай байсан. Би өөрөө 200 гаруй тооны малтай мөн 2 айлын малыг нийлүүлээд малладаг байсан. Г.А нь нэг өдөр надтай уулзаад миний малыг өөрийнхтэйгөө нийлүүлээд маллаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд 2021 оноос хойш түүний малыг маллаж байгаа тул таньж мэднэ. Манайд одоо 5 айлын 900 гаруй тооны мал байна. Үүнээс миний өөрийн 400 гаруй тооны бог малаа малын А дансаа өгөхдөө 500 гаруй тооны богтой гэж мэдүүлдэг. Учир нь банкнаас зээл авахад шаардлага хангадаггүй учир жаахан нэмэгдүүлээд өгчихдөг юм, нуугаад яах вэ. Г.Аын 100 гаруй тооны бог, Б гэх манай хуурай дүүгийн 180 орчим тооны бог, Д гэх айлын 50-60 тооны бог, миний төрсөн ах Бийн 70 орчим тооны бог, Ш эгчийн 30 орчим бог малыг тус тус малладаг. Г.Ааас цалин хөлс авдаггүй. Таньж мэдэхийн хувьд цалин хөлс гээд байдаггүй. 2022 оны 10 дугаар сард худгийн өрөмдлөг хийх компанийн хүмүүс манай гэрийн ойролцоо ирсэн. Сумын орлогч дарга Э, багийн Засаг дарга Т нар ирж худаг гаргах компанийн хүмүүстэй уулзаад явсан. Засаг дарга Г.А ирээд манай гэрээс баруун урагш 2 километр орчмын зайд газар зааж өгснөөр худаг гаргах компанийн хүмүүс худаг гаргахаар өрөмдлөгийн ажлаа эхэлсэн. 7 хоног ажиллаад буцсан. Худаг гаргах компанийн хүмүүс Засаг дарга Г.А ирээд худаг гаргах газрыг зааж өгсний дагуу тэр хүмүүс худаг гаргасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 161-162 хуудас/

6. Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би “Монтегео” ХХК-д 2001 оноос хойш гидро геологичоор ажиллаж байна. ХХААХҮ-ийн яамнаас зарласан тендер шалгаруулалтад оролцож “Г, Дундговь аймгийн бэлчээр, инженерийн хийцтэй 9 худагт шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэх” гэрээг тус компани нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 220502/04-227 дугаартай гэрээг байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худаг гаргахаар Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өрөмдлөг хийж хавар дулаарахаас өмнө дуусгахаар тогтсон. Манай компани нь тус худгийг байгуулахдаа төсвөөс хөрөнгө гаргаагүй бөгөөд ажлаа гүйцэтгэн хүлээлгэж өгсний дараа санхүүжилтээ авах ёстой. 2022 оны 10 дугаар сарын эхээр бид нар Б суманд очих үед техник эвдрээд Б сумын дэргэд засвар хийж байтал тус сумын Засаг дарга Г.А ирэхээр нь бид нар худаг хийх хүмүүс байгаа талаар мэдэгдэхэд багийн Засаг дарга, Засаг даргын орлогч дарга нар нь худаг барих газрыг зааж өгнө гэсэн. Ингээд тухайн газар нь очтол өмнө нь ашиглаж байгаад эвдэрсэн худгийн дэргэд ухна гэж хэлсэн. Бид нар өрөмдлөг хийх гэж байтал аймгийн мэргэжилтэн Б ирээд та нар наанаа өрөмдлөг хийж болохгүй худгийн хажууд худаг өрөмдөнө гэж байхгүй. Та нарын худаг байгуулах ёстой газар өөр гэсэн. Би Г.А луу ярихад надад нэг газар зааж өгсөн. Тэр газарт нь 86 метр өрөмдлөг хийж тухайн ойролцоо газрын малчин У гэх залууд хариуцуулаад явсан. Тус газар нь Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газар мөн эсэхийг мэдэхгүй байна. Сумын Засаг дарга Г.Аын зааж өгсөн газар нь өрөмдлөгийг хийсэн. Гэрээнд худаг байгуулах цэгийг зааж өгөөгүй. Ерөнхийд нь газрын нэр бичиж өгсөн. Түүнийх нь дагуу тухайн орон нутгийн удирдлагаас нь асууж байгаад өрөмдлөгийг хийсэн. Б сумын Засаг дарга Г.А нь тус газрыг зааж өгсний дагуу өрөмдлөг хийсэн. Гэрээнд заасан газар нь мөн л юм байна гэж ойлгосон. Гэрээнд заагдсанаас өөр газар худгийн өрөмдлөг хийгээд худаг баривал захиалагч хүлээж авахгүй, санхүүжилтийг олгохгүй гэдгийг мэднэ. Тиймээс мэдсэн бол удирдлагад танилцуулах байсан. Сумын Засаг дарга өөрөө газраа зааж өгч байхад би газраа мэдэж байгаа байх гэж бодсон. Тухайн газарт худгийн өрөмдлөгийн ажил бүрэн дууссан. Насос тавьсан онгоц, усан санг хийсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 166-167, 175 хуудас/

7. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тендерийг төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/39 дугаартай тушаалаар ойролцоо аймгуудаар нь багцалсан бөгөөд Г, Дундговь аймгийг нэг багц болгож нийт 9 худгийг 296 000 000 төгрөгөөр барьж байгуулахаар төсөвт өртгийг баталсан. Мөн төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/50 дугаартай тушаалаар шинээр гаргах худгийн байршлыг аймаг, сум, баг, газрын нэрээр гаргасан бөгөөд Г аймгийн С, Ш, Б сумдад нийт 4 худгийг байгуулахаар холбогдох шийдвэрүүд гарсан. Тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд “Монтегео” ХХК нь шалгарч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А/159 дугаартай тушаалаар Дундговь, Г аймгийн нутаг дэвсгэрт барих 9 худгийг 269 995 816 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгогдож 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1162 дугаартай албан бичгээр “Монтегео” ХХК-д мэдэгдсэн. Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 220502/04-227 дугаартай 2022-2023 онд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаартай тушаалаар Г аймгийн Хүнс ХАА-н газарт гэрээний хэрэгжилтэд захиалагчийн хяналт тавьж ажиллах эрхийг шилжүүлж Г аймгийн Хүнс ХАА-н газартай 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 220907/04-500 дугаартай захиалагчийн техникийн хяналт хийх ажлын гэрээг байгуулсан. Гэрээнд худаг барьж байгуулах байршлыг тусгасан, цэгийг гэрээнд тодорхой тусгах боломжгүй бөгөөд тухайн заасан газарт гүйцэтгэгч компани нь уст цэгийн хайгуулыг тогтоож худаг байгуулах ёстой. Б сумын “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт баригдах ёстой худаг нь “Мөнх толгой” гэх газарт байгуулахаар өрөмдлөг хийгдсэн талаар мэдээгүй. Гэрээнд заагдсан газар худаг баригдах ёстой хэрэв өөрчлөгдөхөөр бол тус сумын Засаг дарга нь аймгийн Хүнс ХАА-н газар мэдэгдэж яаманд албан бичиг ирүүлсний үндсэн дээр гэрээний газрын байршилд өөрчлөлт орох ёстой, Г аймгаас өөрчлөлт оруулах тухай албан бичиг ирээгүй. Г аймгаас 2 сумын нутаг дэвсгэрт инженерийн хийцтэй худаг байгуулах санал ирсэн бөгөөд Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулах талаар санал ирээгүй. Харин тухайн үед яамны дэд сайдаар ажиллаж байсан Б орон нутагт ажиллахад Б сумын нутаг дэвсгэрт инженерийн хийцтэй худаг байгуулах санал хүсэлт гаргасан гэж хэлсэн бөгөөд “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулах шаардлагатай талаар бичиж тэмдэглэсэн байсныг надад хэлсэн. Би Г аймгийн Хүнс ХАА-н газартай холбогдоход Б сумаас хүсэлтийг нь албажуулж авч өгнө гэсэн боловч одоо хүртэл хүсэлтээ ирүүлээгүй байна. Гэрээний хавсралтад дурдагдсан газруудад инженерийн хийцтэй худаг байгуулахыг гүйцэтгэгч компанид даалгасан байдаг. Хэрэв гэрээнд заасан байршлыг өөрчлөхөөр бол гүйцэтгэгч компани нь тухайн аймгийн Хүнс ХАА-н газартаа мэдэгдэж Хүнс ХАА-н газраас яаманд энэ талаар мэдэгдэж хүсэлт ирүүлэх бөгөөд уг хүсэлтийг үндэслэж сайдын тушаалд өөрчлөлт орж мөн гэрээнд өөрчлөлт орох ёстой үүнийг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээ болон ХХААХҮ-ийн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 тоот хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-аар зохицуулагдана. Яамны зүгээс гэрээнд заасан газраас өөр газар худаг байгуулсан бол гэрээг зөрчсөн үндэслэлээр уг худгийг хүлээн авахгүй бөгөөд санхүүжилтийг олгохгүй. Дэд сайд Б Г аймгийн Б сумын нутаг дэвсгэрт томилолтоор ажиллаж байхад иргэдээс “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулах санал гаргасан талаар Б сайд надад хэлсэн. Өөрөөр хэлбэл сумын иргэд нь тухайн газарт худаг байгуулах хэрэгцээ шаардлага байна гэж хандсан гэсэн үг. Үүний дагуу хэрэгцээ шаардлага байна гэж үзэн Г аймгийн хэмжээнд дахин нэг ширхэг худаг байгуулахаар болж тендер шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Дараа нь аймгийн Хүнс ХАА-н газартай холбогдож энэ талаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 180-181, 183 хуудас/

8. Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 онд С сум, Ш суманд тус бүр нэг худаг гаргах захиалгыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 03/24 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Яамтай манай газар нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 220907/04-500 дугаартай захиалагчийн техникийн хяналт хийх ажлын гэрээг байгуулсан бөгөөд тэр үед 2 худаг гаргах санал явсан нь 4 худаг баригдахаар болсон юм байна гэдгийг мэдсэн. Гүйцэтгэх компани нь “Монтегео” ХХК бөгөөд Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулахаар гэрээнд тусгагдсан байсан. “Монтегео” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б сумын нутаг дэвсгэрт худгийн цооног өрөмдөхөөр ирсэн. Би Б сумын Засаг дарга Г.Ат Бр дамжуулж тухайн компани нь манай аймаг руу ирж байгаа юм байна, гэрээнд заасан газарт худгийн өрөмдлөгийг хийлгүүлээрэй гэж хэлсэн. Би өөр ажилтай явсан тул мал үржлийн албаны дарга Бг очиж уулз гэсэн. Б сумын 2 дугаар багт “Мөнх толгой” гэх газарт худгийн хажууд дахин худаг гаргах гэж байсныг болиулсан талаар хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бгийн хамт “Монтегео” ХХК-ийн өрөмдлөг хийж байгаа газар нь очиход эвдэрсэн худгийн зүүн талд 500 метрийн зайд худгийн цооног өрөмдөөд өрөмдлөгийн ажил эхэлсэн байсан. Би энд худаг гаргахыг хэн зааж өгсөн юм бэ гэхэд Б сумын Засаг дарга Г.А зааж өгсөн гэсэн. Бс асуухад Б сумын Засаг дарга Г.Ат энд худаг гаргаж болохгүй, гэрээнд заасан газар худаг гаргах ёстой гэхэд хуучин худаг нь газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон тул энд худаг гаргаж байгаа юм гэдэг тайлбарыг хэлж байсан гэсэн. Хүнс ХАА-н хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яамны 2005 оны 101/189/194 дугаартай тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-д зааснаар тухайн сумын багийн иргэдийн нийтийн хурал, малчдын хоршоо, сумын Засаг дарга нь санал гаргаж аймгийн Хүнс ХАА-н газарт хүргүүлдэг. Аймгийн Хүнс ХАА-н газар тухайн саналыг яам руу хүргүүлж худгийн захиалгыг хүргүүлдэг. Яамнаас худаг барих компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулдаг. Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулах талаар аймгийн Хүнс ХАА-н газраас яам руу санал яваагүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх гэрээ байгуулах үед мэдсэн. Бс асуухад Б суманд 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр яамны дэд сайд уулзалт хийхэд сумын удирдлагаас худаг барих санал тавьсныг нь хүлээн авч шийдвэрлэсэн гэж байсан. Худгийг хаана барих саналыг сумын Засаг даргын орлогч Э хүргүүлсэн юм шиг байна лээ гэж байсан. Гэрээнд зааснаас өөр газарт худаг гаргахаар бол сумын Засаг дарга саналаа өгөөд зөвшөөрлийг авсны дараа өөрчлөх ёстой. Одоо өрөмдлөг хийсэн байгаа газарт байсан өмнөх худаг нь газар хөдлөлтийн улмаас эвдэрч ашиглах боломжгүй болсон бөгөөд хэрэгцээ шаардлагын хувьд “Мөнх толгой” гэх газарт шинээр гаргахаар өрөмдлөг хийсэн газарт малчид нэлээдгүй байдаг, хэрэгтэй байршилд тавьсан гэж үзэхээр байна лээ. Б сумын Засаг дарга Г.Аын малыг малладаг Н гэх айл нь худгийн цооногийн өрөмдлөг хийсэн газраас зүүн зүгт 1 километр гаруй зайтай амьдардаг. “Мөнх толгой”, “Давайн хормойн оройн зүүн” гэх газар нь хоорондоо 20 орчим километрийн зайтай байх. Г аймгийн Б сумын нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар худаг гаргахаар анх товлосон “Давайн хормойн оройн зүүн” гэх газрууд нь хоорондоо хэр зайтай болох, хэдэн малчин өрх амьдарч байгаа талаар болон худаг гаргах хэрэгцээ шаардлага нь аль талдаа байгааг тодорхойлохоор мал үржлийн албаны дарга А.Бг ажиллуулсан. “Нүдэнгийн бор гүвээ” гэх газарт 3 айл, “Давайн хормойн оройн зүүн” гэх газар 2 айл өрх аж төрдөг бөгөөд “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт нутагладаг 2 айл нь отроор явсан, эзгүй байсан, бууц дээр нь Дундговь аймгийн 2 айл амьдарч байсан. “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт 2022 оны 04 дүгээр сард Ц.А, Б.Н нар нь хувийн хөрөнгөөр 2 ширхэг худаг гаргуулсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 191-192, 194 хуудас/

9. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ХХААХҮ-ийн яам Г аймгийн Хүнс ХАА-н газартай 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 220907/04-500 дугаартай захиалагчийн техникийн хяналт хийх ажлын гэрээг байгуулсан. 2022 оны 09 дүгээр сард сонгон шалгарсан “Монтегео” ХХК нь манай аймагт ирж худгийн цооногийн өрөмдлөг хийнэ цэгээ зааж өгөөрэй гэсэн. Үүний дагуу Г аймгийн Б, С, Ш сумдын Засаг даргатай холбогдож тухайн компани нь удахгүй ирэх юм байна, гэрээнд заагдсан цэгийг зааж өгөх талаар мэдэгдэж худаг барих байршлыг сольж болохгүй талаар хэлcэн. Би Б суманд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шалгачихъя гээд очиход “Мөнх толгой” гэх газарт байрлах хуучин худгийн хажууд өрөмдлөг хийлгэх гэж байсан. Би энэ байршил нь биш байна, худаг барих байршлыг сольж болохгүй шүү, яамнаас байршлыг сольж болохгүй, солихоор бол хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлнэ гэдгийг хэлсэн. Гэтэл Б сумын Засаг дарга Г.А нь гэрээнд заагдсан газраа өрөмдлөг хийлгэнэ, наад хүмүүс чинь машиных нь мотор эвдэрсэн болохоор наанаа байрлаж байгаа юм байна лээ, би очиж үзээгүй байна, өөрөө очиж цэгээ зааж өгнө гэж хэлсэн. Би “Монтегео” ХХК-ийн ажилчдад Б сумын Засаг дарга нь ирж өрөмдлөг хийх байршлыг зааж өгнө гээд явсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г аймгийн Хүнс ХАА-н газрын дарга Н.Дгийн хамт худгийн өрөмдлөгийн ажилтай танилцахаар Б суманд очиход өрөмдлөг хийгдэж байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байрласан байсан газраас нэг их холгүй 500 метрээс 1 километр орчим байх газарт өрөмдлөг хийсэн байсан. Засаг дарга Г.Ааас асуухад хуучин худаг нь газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн, малчдаас энд худаг бариулах санал ирж байгаа, энд худаг барих хэрэгцээ шаардлага нэлээдгүй байна гэх тайлбарыг хэлсэн. Сумдаас иргэдийн саналыг авсны үндсэн дээр худаг гаргах санал ирүүлдэг. Манай газраас яам руу худгийн захиалгыг хүргүүлдэг. Б сумын Засаг дарга Г.А нь уг худаг хаана баригдах ёстойг маш сайн мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 205-206 хуудас/

10. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сараас Б сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна ХХААХҮ-ийн дэд сайд Г.Б нь Г аймагт томилолтоор ажилласан. Тухайн үед би Г аймагт 3 худаг баригдах юм байна, Б суманд 2022 онд худаг баригдахгүй юм байна, яагаад сумыг ялгаж хандаж байгаа юм бэ, Б сумын 2 дугаар баг “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг барих шаардлагатай байгаа талаар хэлсэн. Тухайн үед дэд сайд холбогдох хууль журмынх нь дагуу цааш нь уламжилна гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын дундуур Г аймагт явж байхдаа Хүнс ХАА-н газраас манай суманд худаг баригдах эсэхийг асуухад худаг барихыг шийдэж өгсөн юм шиг байна лээ. Энэ ондоо баригдах уу, ирэх онд баригдах уу гэдэг нь тодорхой болоогүй байна гэж хэлж байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын эхээр Б сумын Засаг дарга Г.А залгаад худаг барих компанийн ажилтан ирсэн байна, Нд дагуулаад оч гэсэн. 1 дүгээр багийн Засаг дарга Т бид 2 тус компанийн ажилтан нарыг Н гэх айлынд хүргэж өгөхөд компанийн ажилтан нь энд худаг гаргах юм уу, энэ газар чинь биш байна шүү дээ гэж хэлээд Г.Атай холбогдоод үлдсэн. 3 хоногийн дараа Г.А даргатай уулзахад “Мөнх толгой” гэх газарт байсан хуучин худаг нь эвдэрсэн ажиллахгүй байгаа учраас тэнд бариулахаар болсон. “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт айлууд хувьдаа хэд хэдэн худаг гаргасан байгаа юм чинь шаардлагагүй гэсэн. Миний мэдэхээр “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг байдаггүй санагдаж байна. Б сумаас албан ёсоор “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг байгуулах талаар санал хүргүүлээгүй, дэд сайдтай томилолтоор ажиллаж байх үед нь “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг шийдэж өгөх талаар хүсэлт гаргаж байсныг шийдэж өгсөн. Би 2021 онд орлогчийн ажлыг хүлээн авч отроор болон малчин иргэдтэй уулзаад явж байхад “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг хэрэгцээтэй байгаа талаар малчин иргэд санал хүсэлт гаргадаг байсныг дэд сайдад уламжилсныг яамнаас гэрээ байгуулахдаа гэрээнд тус газрыг зааж өгсөн байх. “Монтегео” ХХК-ийн худгийн цооног өрөмдсөн газар нь Б сумын “Мөнх толгой” гэх газар. Н гэх айл нь Засаг дарга Г.Аын 100 гаруй тооны малыг малладаг айл” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 213-214 хуудас/

11. Г аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 4 худаг шинээр барьж байгуулах ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийх ажлын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 220907/04-500 дугаар гэрээ, Г, Дундговь аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 9 худаг шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220502/04-227 дугаар гэрээ, түүнд холбогдох баримтууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаал, түүний хавсралтын хуулбарууд, Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалын хуулбар /1-р х.х-ийн 13, 16-54, 59-86, 87-93, 185-189/

12. Худгийн хяналт хийсэн тухай тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, гомдол мэдээлэл ирүүлсэн газрын байршлын зураг /1-р х.х-ийн 119-120, 127-130, 138-140 хуудас/

13. Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “2022 онд шинээр гаргах худгийн цэг, шинээр гаргасан худгийн хоорондын зай, тухайн орчны айл өрхийн талаарх” танилцуулга, Д.Нийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын баримт, Г.Аын хөрөнгө, орлогын мэдүүлэг хуулбарууд /1-р хх-ийн 143-146, 147, 2-р х.х-ийн 17-34 хуудас/

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р х.х-ийн 35-42 хуудас/

15. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/56 дугаар албан бичиг, Г аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр албан бичиг, бүртгэл хяналтын карт, 2 иргэнээс гаргасан хүсэлтийн хуулбарууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтэндээ: Хамгийн эхэнд худаг гаргах журмыг хуульчилсан. Журам, дүрмийг хэрхэн биелүүлсэн эсвэл биелүүлээгүй эсэх талаар тодруулах нь зүйтэй. Худаг гаргах саналыг хэн гаргах вэ гэхээр Нэгжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2-т зааснаар багийн Засаг дарга гэж хуульчилсан. Мөн инженерийн хийцтэй худаг барьж байгуулах журамд зааснаар багийн иргэдийн саналаар анхан шатны нэгжээс санал гаргасны дагуу худаг барьж байгуулах саналыг Хүнс, хөдөө, аж ахуйн газраар дамжуулан Хүнс, хөдөө, аж ахуйн яаманд хүргүүлэх ёстой. Иргэдээ оролцуулаагүй учир хор, уршиг нөхцөл байдалд хүргэж байна. Хүнс хөдөө аж ахуйн газар 2 дугаар сарын 09-нд худаг гаргах саналаа хүргүүлсэн. Б суманд худаг гаргах саналыг хэн ч гаргаагүй, иргэдээс санал ирээгүй. Гэтэл сумын орлогч дарга Эрхэмбаатар тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайд Г.Б яагаад манай сумыг ялгаад байгаа юм бэ гэж аман яриагаар мэдээлэл хүргэсний дагуу Б дэд сайд Г аймгийн Б суманд “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг гаргах шаардлагатай гэх мэдээллийг яаманд өгснөөр сайдын тушаал гарсан. “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг гаргах хэрэгцээ шаардлагатай байсныг судлах шаардлагатай байсан. Үүнээс болж хэрэгцээ шаардлагагүй газар худаг гаргах нөхцөл байдал үүссэн. “Давайн хормойн оройн зүүн” гэдэг газар худаг гаргах хэрэгцээ шаардлага байгаагүй. Харин “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар худаг гаргах хэрэгцээ шаардлага байсан учраас тухайн газарт худаг гаргасан. Сайдын тушаалыг хэрэгжүүлээд “Давайн хормойн оройн зүүн” гэх газар худаг гаргасан бол хэд хэдэн хор уршиг учрах байсан. 30 сая төгрөг зүгээр хаягдах байсан. Энэ худгийг түшиглээд өөр айлууд нүүн ирж бэлчээрийн маргаан гарна, мал маллах стандарт зөрчигдөнө. Энэ нөхцөл байдлыг бий болгоогүй, өөр газар байршлыг өөрчилсөн Аг шууд буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Тендерийн хорооны нарийн бичгийн дарга М нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалд Б сайд санал гаргасан үндэслэлээр “Давайн хормойн оройн зүүн” гэдэг газар худаг гаргах болсон гэсэн. Сайдын гаргасан тушаал хуульд нийцэхгүй гэж ойлгож байна. Анхан шатны нэгж буюу багийн иргэдийн нийтийн хурал, багийн Засаг дарга, сумын Засаг даргын шийдвэргүйгээр энэ шийдвэр гарсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар А нь зөвхөн хуульд нийцүүлсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр сайдын тушаал нийцсэн эсэхийг шалгах ёстой байтал шалгаагүй зөвхөн А буруутай гэсэн үндэслэлээр асуудлыг шийдсэн. Мал сүрэг бол үндэсний баялаг, мал хэнийх байх нь хамаагүй, мал ундны усаар хангагдах эрхтэй. Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг. Худаг гаргах байршлыг зөв тогтоож гаргасны төлөө А гэмт хэрэгтэн болох үндэслэлгүй. Ганц Аын малыг услах гэж худаг гаргуулаагүй, 4-5 айлын хэдэн мянган малыг услах гэж гаргасан. Аын ганц хоёр зуун мал энэ айлд байснаар хэрэгт буруутан болох үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ үйлдлийн улмаас хэнд ямар хохирол учирсан бэ, “Давайн хормойн оройн зүүн” гэх газар хичнээн мал усгүй болчив. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ч “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар худаг гаргаснаар ач холбогдлоо өгсөн. Бэлчээрийн хомсдол үүсэхээс сэргийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна,

Улсын яллагч: Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэдэг нь материаллаг хохирол учруулахыг шаарддаггүй гэмт хэрэг. Төрд итгэх иргэдийн итгэл үнэмшил, хууль дээдлэх ёстой байдаг. Төрийн албан хаагч Г.А нь Засаг даргаар ажиллаж байсан, Төрийн албаны хуулиараа ч, Нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулиараа дээд шатны байгууллагаас гарч байгаа шийдвэрийг биелүүлэх, тухайн шийдвэртэй холбоотой санал хүсэлт гаргах зохицуулалттай. Гэтэл шүүгдэгч А нь тухайн худгийг гаргахаар Хүнс хөдөө аж ахуйн яамнаас цэг тогтоогоод өгсөн байхад ямар нэгэн хүсэлт шийдвэр уламжлалгүйгээр дур мэдэн өөрийн малыг малладаг малчны ойролцоо гаргах гэж завдсан, түүнийг таслан зогсооход дахин худгийн байршлыг өөрчлөн гаргаж байгаа нь ашиг сонирхлын үүднээс хандсан гэж үзэж байна. Шүүгдэгч Г.А нь худаг, уст цэг гаргах журамд зааснаар өөрөө ямар нэг санал хүргүүлээгүй атлаа 2022 оны 04 дүгээр сард дэд сайд Б Б суманд ажиллахад нь Э худгийн асуудлыг дэвшүүлсэн. Үүний дагуу төрөөс бодлогын асуудал яриад тухайн газар, орон нутагт нь худаг ус гаргая гэхээр дур мэдээд цэгийг өөрчлөөд, малчныхаа гадаа малчиндаа болон өөртөө давуу байдал олгож байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Шүүгдэгч Г.А нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Г, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил”-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаартай гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасныг зөрчиж Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-ний ажилчдад зориудаар худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 километрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Нийн өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжэгч, гэрчүүдийн мэдүүлэг, ХХААХҮЯ-ны “Монтегео” ХХК-тай хийсэн гэрэээний хуулбарууд болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сс гаргасан гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: 2022 оны 04 дүгээр сард  ХХААХҮ-ийн дэд сайд Г.Б нь Г аймгийн Б суманд томилолтоор ажиллах үед нь иргэдээс Б сумын 2 дугаар баг, “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт худаг гаргуулах хүсэлт гаргасныг ХХААХҮ-ийн яаманд уламжлан тухайн жилд шинээр гаргах худгийн тоонд нэмэлтээр оруулж байршлыг Г аймгийн Б сумын 2 дугаар баг, “Давайн хормойн оройн зүүн” гэх газарт тогтоож, худаг гаргах ажлыг “Монтегео” ХХК гүйцэтгэх, захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гүйцэтгэх тус тус гэрээ байгуулсан болох нь Г аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 4 худаг шинээр барьж байгуулах ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийх ажлын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 220907/04-500 дугаар гэрээ, Г, Дундговь аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 9 худаг шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220502/04-227 дугаар гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаал, гэрч Д.М нарын мэдүүлгээр,

дээрх гэрээнүүдийн дагуу 2022 оны 10 дугаар сарын эхээр “Монтегео” ХХК-ны ажилчид техник төхөөрөмжийн хамт Г аймгийн Б суманд ирж Засаг дарга Г.Атай уулзаж худаг гаргах газрыг заалгахад 1 дүгээр багийн Засаг дарга Т, орлогч дарга Э нараар Нд хүргүүлж “Мөнх толгой” гэх газарт эвдэрсэн худгийн дэргэд шинээр худаг гаргуулах гэж байхад нь Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Б нь гэрээнд заасан худаг гаргах байршил тогтоосон газар биш болохыг анхааруулж, худаг гаргах ажлыг таслан зогсоож, худгийн байршлыг өөрчлөх тохиолдолд ХХААХҮ-ийн яаманд хүсэлт явуулахыг мэдэгдсэн. Үүний улмаас “Монтегео” ХХК-ны ажилчид Засаг дарга Г.Атай холбогдоход өөрийн биеэр ирж худаг гаргах гэж байсан “Мөнх толгой” гэх газраас байршлыг бага зэрэг өөрчлөн “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Нийн өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж худаг гаргуулсан болох нь гэрч А.Б, Э.Э, Ж.Т нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах, худгийн байршлыг өөрчлөх тохиолдолд хүсэлтээ холбогдох газарт хүргүүлэхийг мэдсэн атлаа худгийн байршлыг өөрчлөх тухай хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлж шийдвэрлэлгүйгээр Г аймгийн Б сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худгийн байршлыг өөрчилж гаргуулсан байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г.А нь 100 гаруй тооны өөрийн өмчлөлийн хонь, ямаа зэрэг бог малаа Д.Нээр маллуулдаг, Д.Н нь “Мөнх толгой” гэх газарт 2021 онд нүүж очиход тухайн газарт байсан худаг нь эвдэрсэн байсан нь шүүгдэгч Г.А, гэрч Г.А, Д.Н нарын мэдүүлгээр тогтоогдсон. Тухайн газарт худаг шаардлагатай байсан гэж шүүгдэгч Г.А нь мэдүүлсэн боловч 2022 онд худаг гаргуулах талаар захиалга өгөөгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Г.А нь тухайн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргахаар болсныг мэдээд өөртөө болон өөрийн маллыг малладаг Д.Нд давуу байдал бий болгож түүний нутагладаг газраас 1.7 км газарт худгийн тогтоосон байршлыг өөрчлөн гаргуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С нь худаг гаргах асуудлыг шийдвэрлэхдээ хууль, журамд заасан дагуу шийдвэрлээгүй учир холбогдох албан тушаалтны буруутай үйлдэл байна гэснийг хүлээн авах боломжгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Аыг Г аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Г, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил”-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаар гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-ний ажилчдад худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 километрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Нийн өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Аын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Г.А нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан иргэний нэхэмжлэгч Т.Ц, гэрч Г.А, Д.Н, Ш.Ш, Ж.Т, Д.М, Н.Д Б.Б, Э.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Г аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 4 худаг шинээр барьж байгуулах ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийх ажлын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 220907/04-500 дугаар гэрээ, Г, Дундговь аймгийн бэлчээрт инженерийн хийцтэй 9 худаг шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220502/04-227 дугаар гэрээ, түүнд холбогдох баримтууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаал, түүний хавсралт, Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалын хуулбарууд, худгийн хяналт хийсэн тухай тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, гомдол мэдээлэл ирүүлсэн газрын байршлын зураг, Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “2022 онд шинээр гаргах худгийн цэг, шинээр гаргасан худгийн хоорондын зай, тухайн орчны айл өрхийн талаарх” танилцуулга, Д.Нийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын баримт, Г.Аын хөрөнгө, орлогын мэдүүлэг, хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Г.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Г.А нь улсын төсвийн хөрөнгөөр байгуулахаар тогтоосон худгийг өөрт болон бусдад ашигтай байдлаар шийдвэрлэх сэдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах санал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С нь шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргана гэжээ.

Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Г.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Ат 1 жилийн хугацаанд Г аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: “Монтегео” ХХК-ийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Т.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд худаг гаргасан зардал болох 22 613 012 төгрөгийг шүүгдэгч Г.Ааас нэхэмжилж мэдүүлсэн ба түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд гомдол санал байхгүй гэсэн байна. “Монтегео” ХХК нь гэрээнд зааснаас өөр газарт худаг гаргасан тохиолдолд гэрээнд заасан санхүүжилтийг олгохгүй нөхцөл байдал үүснэ, мөн худаг гаргасан санхүүжилт нь бүрэн олгогдохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байх тул иргэний нэхэмжлэгч Монтегео” ХХК нь инженерийн хийцтэй худгийн ажил гүйцэтгэсэн зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Гын Аыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 1 /нэг/ жилийн хугацаанд Г аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

            6. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний нэхэмжлэгч Монтегео” ХХК нь инженерийн хийцтэй худгийн ажил гүйцэтгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА