Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

Ц.Т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

        Прокурор Т.Түмэнжаргал,

        Шүүгдэгч Ц.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан,

     Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Т холбогдох 2209000002269 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын  20-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

      Монгол Улсын иргэн, Б овогт Ц Т - оны - дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгт арга зүйч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Г аймгийн Ш сумын - дүгээр баг, - дугаар байрны - тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй гэх /РД: -/,

   Яллагдагч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D- дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орж 2023 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэл ашиглаж, 85 907 251 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

    Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Ц.Т үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар  шүүгдэгч Ц.Т гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 58 146 433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний үйлчлүүлэгч Ц.Т холбогдох эрүүгийн 2209000002269 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж, 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол гарсан бөгөөд уг шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

        Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан хугацаанд авсан гарт олгосон цалинг тооцоход шүүгдэгч Ц.Т нь нийт 58146433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийн хохирлыг төсөвт учруулсан болох нь Говьсүмбэр аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ГСА-2023-22/03-20 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т төрөөс цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 58146433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийн хураамж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

      Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

     Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй гэж,

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

      Анхан шатны шүүх: Хэрвээ хохирогч байгууллагаас гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргавал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломж байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж үзэх боломжгүй байна.

         Монгол улсын үндсэн хууль, төрийн албаны тухай болон хөдөлмөрийн тухай хуулиар “иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай” гэж заасан байдаг.

    Гэтэл шүүх дээрхи хуулийн заалтуудыг зөрчиж Ц.Т хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хөдөлмөрлөж авсан цалин хөлсийг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т 58146433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

     Шүүгдэгч Ц.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний  бие  1979-1989  оны  хооронд Улаанбаатар  хотод  -р сургууль  төгссөн.  1989  онд цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн орж 1991 оны 06 дугаар сард төгссөн. Тухайн үед 1991 оны 02 дугаар сард цэцэрлэгийн багшийн сургуулийг коллеж болгосон ч суралцаж байсан бид цэцэрлэгийн багшийн сургуулиар төгссөн. Тэр үед төгсөгч нар хүсэлт тавиад бид цэцэрлэгийн багшийн тусгай дунд боловсролоор төгссөн. Энэ нь тухайн үеийн төрийн бодлого байсан. Тухайн үед нэг хичээлийн агуулга 6-7 хичээлийн кредиттэй адилхан байсан. Би зэрэглэл ахиулах сургалтанд хамрагдаж байгаа. Тусгай дунд боловсрол эзэмшсэн гэдэг нь хүчинтэй байгаа. Би хуурамч дипломтой байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцаас эхлээд л хүлээн зөвшөөрсөн. Тухайн үеийн нөхцөл байдал хүнд байсан. Манай нөхөр үйлдвэрлэлийн ослоос болж бэртэл авч, хоёр хүүхэд маань бага байсан. Тэр нөхцөл байдлаас болж би болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна. Би улсад хохироосон хохирол байхгүй гэж үзэж байгаа. Учир нь би хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалттай  сайн, хоёргүй сэтгэлээр биелүүлэн ажилласан. Говьсүмбэр аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт бодит хувь нэмрийг оруулан ажиллаж ирсэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Боловсролын бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэсэн шүүхийн шийтгэх тогтоолтой шийдвэрийн цахим сангаас олж мэдсэн. Энэ төрлийн 106 хэргийг шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулинд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, мөн 14 дүгээр зүйлийн 2-т ялгаварлан гадуурхаж үл болно гэж, Шүүхийн тухай хуулинд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж тус тус заасан. Би дээрх шийдвэрлэсэн хэргийн талаар судлаж үзэхэд нийслэлийн хэмжээнд 67 хэрэг байна. Үүнээс 62 шийдвэр нь иргэний журмаар шийдвэрлэхээр гарсан, улсад нөхөн төлүүлэхээр 4 шийдвэр гарсан байна. Орон нутагт болохоор иргэний журмаар 18, улсын төсөвт оруулахаар 15, тухайн байгууллага гомдол гаргаснаар 6 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна. Монгол улсын хэмжээнд нэг ижил төрлийн хэргийг нэг зүйл ангиар шийдвэрлэхдээ өөр өөр шийдвэр гаргаж байгаа  нь  үнэхээр ойлгомжгүй байна. Хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний журмаар  шийдвэрлэхээр үлдээсэн нь олон шийдвэр байна. Миний ажилласан хугацааны цалин хөлсийг 80 гаран сая төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хасаад 58 сая төгрөг гэж тооцож шийдвэрлэсэн. Гэтэл миний дараа хийгдсэн хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргасан байгаа. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж байна гэж үзэж байна. Боловсролын яамны холбогдох эрх бүхий албан тушаалтан болон аймгийн Боловсролын газрын дарга А.З, цэцэрлэгийн эрхлэгч Д нар нь удаа дараа гомдолгүй ямар нэгэн хохиролгүй гэж мэдүүлсэн. Ингээд байхад заавал надаас ажилласан цалин хөлсийг минь хууль бус олсон орлого гэж үзэж буцааж авч улсын орлого болгож байгаад гомдолтой байна. Би хэдийгээр өнгөрсөн хугацаанд хуурамч диплом ашиглан ажилласан гэх боловч тухайн ажилласан хугацаанд өглөөнөөс эхлээд орой хүртэл сэтгэлээрээ ажиллаж байсан. Заримдаа хонох ч тохиолдол байдаг байсан. Энэ нь миний үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Хэрвээ иргэний хуулийн дагуу шийдвэрлэж болохгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Яг үнэнийг хэлэхэд би өнгөрсөн хичээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас халагдсаны тэтгэмжээрээ цалингийн зээлээ төлж байна. Цаашид юу болохыг үнэхээр мэдэхгүй байна. Надад 58 сая төгрөг төлөх боломж байхгүй. Яг миний авсан цалин хууль бус бол миний авсан шагнал болон урамшуулал бас хууль бус болно гэсэн үг. Хэдийгээр би өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч бусад хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих үүднээс би хувь хүний хөгжил сэдвээр сургалт зохион байгуулан ажиллаж байгаа. Би шүүхийг хүмүүсийг айлгах биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарах боломжийг бий болгоосой гэж хүсэж байна. Би бие сэтгэл болоод биеийн хувьд төлөх боломж, нөөц үнэхээр байхгүй байна. Би Говьсүмбэр аймагт ирээд 25 жил болж байна. Ирсэн цагаасаа эхлээд энэ аймгийн сургуулийн өмнөх боловсролд өөрийгөө зориулсан. Миний энэ хөдөлмөр үнэгүйтэхийг би хүсэхгүй байна. Яагаад ингэж хот, хөдөөд ялгаатай шийдвэрлээд байгаад би гомдолтой байна. Би энэ мөнгийг хулгай хийж олоогүй, хөдөлмөрлөж ажил хийж цалин авсан. Тийм учраас миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

     Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Т хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг багасгаж өгөөч гэсэн зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулах ойлголтыг хэлдэг. Хэрвээ Т нь тухайн үед хуурамч диплом ашиглаж ажиллаагүй байсан бол өөр нэгэн хүн тэр ажлын байранд ажиллаж цалин хөлс авах боломж байсан. Бусдад олгогдох байсан боломжыг хууль бусаар авсан учраас анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 64 дугаартай шийтгэх тогтоолоор түүнээс 58.146.433 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ц.Т хэлээд байгаа гол санаа нь үндэслэлтэй гэж харж байгаа. Энэ нь Улаанбаатар хотод шийдвэрлэсэн зарим шийдвэрүүдэд иргэний шүүхээр шийдвэрлэхээр үлдээсэн асуудал байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэндээ алагчилж хандаад янз бүр шийдвэрлээд байгаа харагдсан байх. Үүнийг Т хувьд зөвөөр ойлгох хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Г аймгийн Ш сумын - дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орж 2022 оны 11 дүгээр 14-ний өдөр хүртэл ашиглаж, 58 148 433 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

        Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.       

      Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд  болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан шаардлага зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй ба тэдгээрийг үнэлсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гараагүй байна.

        Шүүгдэгч  Ц.Т нь хуурамч диплом ашиглан ажилд орсон болох нь - хохирогч Б.Д “ ... 2017 оноос эхлээд Ц.Т цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан. ... Ц.Т одоогийн ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаал бакалаврын дипломтой, дээд боловсролтой хүнийг томилох албан тушаал мөн. Миний хувьд болон цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол байхгүй гэж  үзэж байна “ гэх / 1-р хх-ийн 61-62/

   - хохирогч А.З  “... Ц.Т одоогийн ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод цэцэрлэгийн багшаар 8-аас доошгүй жил ажилласан бакалаврын зэрэгтэй байх гэсэн тусгай шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /2-р хх-ийн 31/

   - гэрч Д.Ц  “ ... Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэж орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна” гэх /1-р хх-ийн 98-109/

     - шинжээчийн дүгнэлт “... шинжилгээнд ирүүлсэн диплом нь хуурамч байна“ гэх  дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд.

     - Ц.Т авч байсан цалингийн дүнд хийсэн шинжээчийн “... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацаанд 58 146 433 төгрөгийн цалин хөлсийг гарт авсан байна. гэх /2-р хх-ийн 140-141/ дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

      Шүүгдэгч Ц.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон байх ба Ц.Т нь хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн  гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв болсон байна.

       Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацаанд Ш сумын цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан хугацаанд гарт авсан  цалин болох 58 146 433 төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар төрөөс олгосон цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон хураах учиртай.

       Гэвч шүүгдэгч Ц.Т нь 1991 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хохиролоос хасах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон үзвэл: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 240 000 төгрөг буюу 3 120 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 320 000 төгрөг буюу 3 840 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-нийг дуустал 420 000 төгрөг буюу 14 700 000 төгрөгөөр тооцоход нийт 21 660 000 төгрөгийг хохиролоос хасаж, үлдэх 36 486 433 төгрөгийн хохирлыг Ц.Т гаргуулж улсын төсөвт оруулахаар өөрчлөх нь зүйтэй байна.

         Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:      

        1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  6 дахь  заалтын  “ ... 58 146 433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ “ гэснийг “... 36 486 433 /гучин зургаан сая дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ “ гэж  өөрчилсүгэй.     

           2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      3Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧ                                                    А.САЙНТӨГС

                ШҮҮГЧ                                                    О.ОДНЯМАА