Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 69

 

 

 

 

      

 

 

 

   2019          10            08                                           2019/ДШМ/69                   

 

 

 

Б.Г, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Ахлах прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

           Шүүгдэгч: Б.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г, Б.Э нарт холбогдох 1919002060110 дугаартай, 1 хавтас, 222 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Ж.Жаргалсайхан нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр ... төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд Улаанбаатар хотын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хзсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Г,

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Э нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Г, Б.Э нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанаас шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлийг ковш механизм ашиглан хулгайлж, 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Э нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Э нарт оногдуулсан тус бүрийн 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  

 

           шүүгдэгч Б.Г, Б.Э нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Э ...машин механизм ашиглан хулгайлан авах үед байгаагүй боловч ...уг машины сэлбэгийг тээврийн хэрэгсэлгүйгээр авах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан болох нь... тогтоогдож байна... гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх дүгнэлтээ үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, машин механизм ашигласан хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэн ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Э нь “...” ХХК-ийн хашаанаас шланз машины тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлан авах үед байгаагүй хэдий боловч уг машины сэлбэгийг анх авах санаачилгыг шүүгдэгч Б.Г-д хэлж, уг машины сэлбэгийг тээврийн хэрэгсэлгүйгээр авах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл шүүхээс дүгнэсэн энэхүү хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч Б.Г-ын мэдүүлсэн: ...тухайн үед тэнхлэг нумыг зогоон дагуулаад гаргаж өгөхөд Б.Э ирээгүй байсан ба би тэнд буулгаж өгөөд буцсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-н мэдүүлсэн: ...би тухайн үед ганц тэнхлэг хэрэгтэй байна гэсэн..., ...би анх асуухдаа ганцхан тэнхлэг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн яг авдаг өдөр тэнхлэг, нум хоёрыг гаргаад үлдээчихсэн байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Золбаярын мэдүүлсэн: ...миний шланзны арын чиргүүлийн хойд тэнхлэг эвдэрсэн. Тэгээд энэ талаар Б.Э-д хэлж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж уг үйлдлийн арга барилыг урьдчилан тооцоолж буюу уг машины сэлбэгийг комоор нь тэр тусмаа тээврийн хэрэгсэлгүйгээр авах боломжгүй байсан болохыг мэдэх ямар ч нөхцөл боломж байгаагүй болох гэм буруугийн санаа зорилгын хэлбэр бодитойгоор тогтоогдож байна. Иймд энэхүү үндэслэлээр Б.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа. Надруу 5 дугаар сарын дундуур Золбаяр гэдэг хүн яриад миний машины тэнхлэг эвдэрчихлээ, ямар ч ашиглах боломжгүй болсон. Чи хүнээс асуугаад нэг тэнхлэг олоод өгөөч гэж гуйсан. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Г руу утсаар ярин намайг ажиллаж байхад өмнө нэг тэнхлэг байсан, одоо байгаа юу, байгаа бол та мэддэг нярав, нягтлангуудад хэлээд аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өглөө над руу утсаар яриад зүүн талын зогоонд дагуулаад тавьчихсан байгаа очоод аваарай гэж хэлсэн. Тэгээд би З-д зүүн талын зогоонд тавьчихсан байгаа очоод авчих гэж хэлсэн. Золбаяр эргэж ирээд ганц тэнхлэг биш ком нум байна. Үүнийг яах юм бэ гэж надаас асуусан. Тэгээд үүнийг нийтэд нь авъя гэсэн. Тэгээд би түүнийг цааш нь Б.Г ахад дамжуулж өгсөн. Тухайн хэрэг болох үед би байгаагүй. Ажилтай байсан. Б.Г гэдэг хүнийг уурхайгаасаа ковш ашиглаад, тэгээд тийш нь гаргаад тавьчих гэж хэлээгүй. Тухайн үед нь байгаа ч үгүй. Тийм болохоор миний энэ зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж та бүхнээс хүсч байна...” гэв.

 

Ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г, Б.Э нар нь 2019 оын 05 дугаар сарын 19-ний өдөр ... нутаг дэвсгэрт байрлах ... ХХК -ний хашаанд шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг зүйлийг ковш машинд ачин бүлэглэн хулгайлж, 2500000 төгрөгийн хохирол учруулсантай холбоотой энэ хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлтэй холбогдуулан давж заалдах гомдлыг гаргасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээд үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдсон. Шүүгдэгч нар энэ хэргийг бүлэглэн үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Шүүх шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй байгаа гэж үзэж шүүгдэгч Б.Э-н гаргасан болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг прокуророос хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ6/19-017 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 38-39-р хуудас/, хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч В.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Б.Г, Б.Э нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанаас шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлсийг тус компаний өмчлөлийн ковш механизмыг ашиглан хулгайлж, 2500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог бөгөөд гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Энэхүү эрүүгийн хэргийн шүүгдэгч нарын хувьд тэд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба шланз машины тэнхлэгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдэж байсан төдийгүй уг эд зүйлийг машин механизм ашиглахгүйгээр, харуул хамгаалалт бүхий компаний хашаанаас зөөж, тээвэрлэх боломжгүйг хэн аль нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал шүүгдэгч Б.Г, Б.Э нар бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа  ...машин механизм ашиглах талаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй хэдий ч тэд бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авах санаа зорилго нэгтэй байсан, тухайн үйлдэлд санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдээгүй буюу тэрээр шүүгдэгч Б.Г-г хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэхэд машин механизм ашигласныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Энэ хэргийн шүүгдэгч Б.Г үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож, тогтоогдсон, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг нь авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, хавтаст хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтүүдийг тэдэнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан байх ба шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид тэдгээрийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн шүүгдэгч нарын үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

             Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Э-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын “...шүүгдэгч Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г-ын 43 хоног, шүүгдэгч Б.Э-н 43 хоног цагдан хоригдсоныг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                        Н.БОЛОРМАА