Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 11 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00601

      Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Х Х Ө ” ХХК -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Э М Я -нд холбогдох,

           Санхүүжилтийн дутуу 19 000 000 төгрөг, алданги 6 108 500 төгрөг, нийт 25.108.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнгөнцэцэг, Г.Базархүрэл, гэрч Б.Энхсайхан, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

        “Х Х Ө ” ХХК нь 2016 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтанд оролцож шалгарсан учир 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-Ажил-12 тоот “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ”-г Ховд аймгийн Засаг даргатай байгуулж ажлаа эхлүүлсэн.

        Гэрээний ажлын санхүүжилтийг 818.945.646 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг санхүүжүүлэлтийг 3 өөр эх үүсвэрээс олгохоор заасан. Үүнд:

  1. Улсын төсвөөс буюу Э М Я  380.000.000 төгрөг,
  2. Ховд аймгийн Орон нутгийн Хөгжлийн сан 220.000.000 төгрөг,

3. Германы техникийн хамтын ажиллагааны төсөл /GTZ/ 218.945.646 төгрөгийн дүнгээр санхүүжилтийг тус тус хувааж хийхээр гэрээгээр тохиролцсон.

Орон нутгийн хөгжлийн сан болон Германы техникийн хамтын ажиллагааны

төсөл /GTZ/-ийн санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдсэн.

            Харин Э М Я наас 380.000.000 төгрөгний санхүүжилт хийгдэх ёстойгоос Эрүүл мэндийн сайдын 2016.09.15-ны өдрийн А/47, 2016.12.22-ны өдрийн А/201 тоот тушаалаар нийт 361.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлснээр манай компанид уг мөнгө олгогдсон. Бид гэрээнд заасан хугацаанд буюу 2016.09.16-ны өдөр гэрээгээр хүлээсэн ажлаа чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

            Тодруулбал: Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагч Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар 2016.07.04-ний өдөр 74.000.000 төгрөгийн санхүүжилттэй “Засварын нэмэлт ажлын гэрээ”, 2016.10.21-ний өдөр 38.000.000 төгрөгийн санхүүжилттэй “Хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын засвар шинэчлэлтийн нэмэлт ажлын гэрээ”-г тус тус нэмж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчийн үүргээ амжилттай гүйцэтгэж, гэрээний дагуу ажлын үр дүнг 2016.10.15-ны өдөр, мөн 2016.11.16-ны өдөр тус тус Улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Эдгээр нэмэлт гэрээнүүдэд улсын төсвийн буюу Э М Я наас ямар нэгэн санхүүжилт хийхээр тохиролцоогүй болно.

            Гэтэл 2016.06.13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ”-ний Э М Я наас хийгдэх санхүүжилтийн үлдэгдэл 19.000.000 төгрөгийг 2016, 2017 онуудад төдийгүй өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсаар байгаа боловч огт хариу өгөөгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлж, уг санхүүжилтийн мөнгөний үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироож байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Мөн 2016.06.13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ”-ний Тусгай нөхцлийн 11-т “Алданги ногдуулах хэмжээг хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна” гэж талууд бичгээр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслэн 2016.06.16-ны өдрөөс 2018.06.20-ны өдрийг дуустал тооцож үзвэл 19.000.000х0.05% = 6.108.500 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд 2016.06.13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ”-ний санхүүжилтийн үлдэгдэл 19.000.000 төгрөг, алданги 6.108.500 төгрөг, нийт 25.108.500 төгрөгийг хариуцагч Э М Я наас гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э М Я  нь Х Х Ө  ХХК-ийн барьсан барилгын санхүүжилтийг хариуцах үүрэг огт хүлээгээгүй. Эрүүл мэндийн сайд нь эрх шилжүүлэх хоёр тушаал гаргаж, Ховд аймгийн Засаг даргад эрхээ шилжүүлсэн байна. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргад сүүлд шилжүүлсэн 171 000 000 төгрөгийг төсөвт суугаагүй ч гэсэн яамны сайд багцаасаа шийдвэрлэсэн, эхлээд 190 000 000 төгрөгийг, дараа нь 171 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

            Манай яам нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа 3 талт гэрээ гэдгийг байгуулаагүй, байгуулах ч хууль эрх зүйн үндэс байхгүй, Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тендер зарлаад ажил гүйцэтгэгчээс сонгон шалгаруулаад, Х Х Ө  ХХК-тайгаа ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад, хяналтаад тавих, санхүүжүүлэх үүргээ хүлээсэн байна. Сайд нь гаргасан тушаалынхаа хүрээнд өгөх ёстой 190 000 000 төгрөг болон 171 000 000 төгрөг, нийт 361 000 000 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлээд өгчихсөн байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа санхүүжилтийн дутуу гэх 19 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.

            Хэрэв санхүүжилт дутуу байгаа бол Ховд аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн орлогоосоо дутуу гээд байгаа санхүүжилтийг нь олгож зохицуулах үүрэгтэй болохоос, манай яаманд хамраалгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч Х Х Ө  ХХК нь хариуцагч Э М Я анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн дутуу 19 000 000 төгрөг, алданги 6 108 500 төгрөг, нийт 25 108 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

           Хариуцагч Э М Я  нь гэрээний тал биш санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй, сайд нь эрх шилжүүлэх хоёр тушаал гаргаж, Ховд аймгийн Засаг даргад шилжүүлсэн ба эхний удаа 190 000 000 төгрөгийг, дараагийн удаа 171 000 000 төгрөгийг, нийтдээ  361 000 000 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

           Х Х Ө  ХХК болон Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-ажил-12 дугаар гэрээнд Х Х Ө  ХХК нь Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт санхүүжилт 818 945 646 төгрөг, санхүүжилтийг 30/25/25/20 харьцаагаар олгох, уг ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3.1-д заажээ. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан ба энэхүү хуульд заасан журмын дагуу тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт явуулж, Ховд аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчээр Х Х Ө  ХХК шалгарсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй./хх-47-52/

Захиалагч болох Ховд аймгийн Засаг дарга нь гүйцэтгэгчийг сонгож, Х Х Ө  ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-Ажил-12  дугаартай “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г-2016-Ажил-13 дугаартай “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын нэмэлт ажлын гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай “Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн завсарын нэмэлт ажлын гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г-2016-Ажил-13 дугаартай “Аймгийн халдвартын эмнэлгийн хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын засвар шинэчлэлтийн нэмэлт ажлын гэрээ” зэргийг тус тус байгуулсан ба хэрэгт эдгээр гэрээнүүд авагджээ./хх-15-22/

Гэрээнд, гүйцэтгэх ажлыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр тохирсон ба Улсын комисс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 25/2016 дугаар акт үйлдэж тухайн барилгыг хүлээн авч, ашиглагч байгууллага болох Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэдэлд шилжүүлж, ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна./хх-45-46/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлын үр дүнг хүлээн авч, Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажил бүрэн хийгдэж, уг барилга ашиглалтанд орсон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Эрүүл мэнд спортын яам, Ховд аймгийн Засаг дарга, ГОУХАН нар хамтран Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, үүний дагуу Э М Я  нь санхүүжүүлэх ёстой 380 000 000 төгрөгөөс 361 000 000 төгрөгийг санхүүжүүлсэн, дутуу 19 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа тул түүнийг, гэрээнд заасан алданги 6 108 500 төгрөгийн хамт, нийт 25 108 500 төгрөгийг гаргуулна гэж шаардсан боловч талуудын тайлбар, хэргийн 105-106 дугаар хуудсанд авагдсан 01 дугаартай гэрээнд Ховд аймгийн Засаг дарга, ГОУХАН-ийн Эрчим хүчний ашиг төслийн баруун бүсийн менежер нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан боловч Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурж, баталгаажуулаагүй гэрээ авагджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Б.Энхсайхан нар тайлбартаа “...Эрүүл мэндийн сайд нь тушаалаар Ховд аймгийн Засаг даргад эрхээ шилжүүлээд, эрх хэмжээнийхээ хүрээнд багцаасаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/47 дугаар тушаалаар ...төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх XVII.1.2.7 Эрүүл
эндийн салбарын их засвар /Улсын хэмжээнд/ төсөл арга хэмжээний хүрээнд батлагдсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилт /Ховд, Жаргалант/ 190 000 000 төгрөгийн төсвийн зарцуулах эрх /гэрээ байгуулах, сунгах, цуцлах, хяналт тавих, санхүүжүүлэх/-ийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлсэн,

мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/201 дугаар тушаалаар ...төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд хэрэгжүүлэх Эрүүл мэндийн салбарын их засвар төсөл арга хэмжээний хүрээнд “Аймаг сумын эрүүл мэндийн байгууллагуудын их засвар”-ын ажлын 1 дүгээрт батлагдсан 171 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй Нэгдсэн эмнэлгийн их засвар /Баянхонгор/-ын ажлыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн их завсар /Ховд/ төсөл арга хэмжээ болгон өөрчилж, 171 000 000 төгрөгийн төсвийн зарцуулах эрхийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлсэн байдаг тул манай яамнаас дутуу санхүүжилт гэж 19 000 000 төгрөгийг нэхэмжилэх үндэсгүй байна. Сайд эрхээ шилжүүлчихсэн учир Ховд аймгийн Засаг даргатай санхүүжүүлэх талаар үүрэг хүлээж, гэрээ байгуулахгүй. Тиймээс тухайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь Х Х Ө  ХХК болон Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-ажил-12 дугаар гэрээнд Х Х Ө  ХХК нь Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт санхүүжилт 818 945 646 төгрөг, үүнээс хариуцагч Э М Я ыг 380 000 000 төгрөгийг санхүүжүүлэхээр заасан тул дутуу санхүүжилт 190 000 000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадахгүй байна.

Маргааны зүйл болсон Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажил нь Ховд аймгийн Засаг дарга болон Х Х Ө  ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бодитой хийгдэж, улсын комисс хүлээн авч үр дүн бий болсон үйл баримт тогтоогдсон хэдий ч уг ажлын санхүүжилтийн 380 000 000 төгрөгийг Э М Я  хариуцах үүрэг хүлээсэн талаар бичгийн нотлох баримт байхгүй тул хариуцагчаас санхүүжилтийн дутуу гэх 19 000 000 төгрөг, алданги гэх 6 108 500 төгрөг, нийт 25  108 500 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э М Я наас 25 108 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х Х Ө  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,492 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮМЭНЦЭЦЭГ