Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1408

 

 

 

 

 

 

   2019 оны 06 сарын 20 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01408

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ш.Б-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: нотариатч Б.М д холбогдох,

 Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Ш.Ганбат, хариуцагч Б.М , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б , Я.Ж , тэдгээрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн 185 тойргийн нотариатч Б.М  2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа Ш.Цогтсайханы Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар байр 284 тоотод 2005 оны 03 дугаар сарын 18-наас 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас бартлаа амьдарч байсан, Сүхбаатар дүүргийн хүн ам, иргэний бүртгэлийн баримтын архивын нас барсны бүртгэлийн 112/012407 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд Ш.Цогтсайхан 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсныг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 193 тоотод бүртгэсэн нас барсны лавлагаа, Ш.Цогтсайханы 2006 оны 01 дугаар сарын 18-ны 00178141 дүгээр тоот байрны гэрчилгээг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 818 тоот шийдвэрт Н.Ойдовдорж барьцаалж 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ҮХЭХБ-ийн газарт хаалгаар 24.700.000 төгрөгийн авлагатай гэсэн байхад, өвлөгч нар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А байрны 18 тоотыг (ҮХЭХБ-ийн улсын бүртгэлийн Ү-2205009850 дугаартай) 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан, өвлөгч нар нь талийгаачтай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар байр 284 тоотод өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь хуурамч, Иргэний хуулийн 528.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 528.3 дахь хэсгээр (5 жил 7 сар) өвлөх эрхээсээ татгалзсан, тус хуулийн 528.4 дэх хэсгээр өвлөх эрхээ сэргээлгээгүй өвлөгч нарыг 2008 оны 03 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы өмчилж байсан байрны гэрчилгээ гээд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны 00275925 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ бариад ирэхэд нь хууль ёсны өвлөгч нар мөн үү, бичиг баримт нь зөрчил байна уу гэдгийг шалгалгүй зөрчилтэй бичиг баримтаар өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг олгосон үйлдэл нь хууль бус учраас өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн 185 дугаартай нотиаратын үйлдлийг хууль бус үйлдэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б.М  нотариатч нь 2000 онд Улс орон даяар хүчингүй болж өөрчлөгдсөн хүрэн паспортаар үйлчилж, мөн нас барсны гэрчилгээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотод гэртээ нас барсан гэж худлаа баримт бүрдүүлсэнийг хүлээж авсан. 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Ш.Цогтсайханы өв нээгдсэн газар нь Баянгол дүүрэг дээрх баримтаар 2011 оны 06 дугаар сарын 21-нд V-2205009850 дугаартай улсын бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотоо Иргэний хуулийн 528.2 дахь зүйлээр эзэмшиж, эзэмдэн захиран зарцуулж, эрхлэн удирдаж байсан нотлох баримтаар Баянгол дүүргийн байраа Баянгол дүүрэгт өв нээгдсэн гэж тухайн газрын нотаритаар хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан байдаг. Зориуд худлаа гаргуулсан нас барсны гэрчилгээг дахин ашиглаж 2008 оны 03 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы Сүхбаатар дүүрэг дэх өв хөрөнгөнүүдийг 2013 оны 08 дугаар сарын 08-нд буюу 5 жил 5 сарын дараа 528.3–аар өвлөхөөс татгалзсан хойноо өв хөрөнгийн мэдээгүй болох гэж худлаа ҮХЭХБ-ийн газраас Г.Ичинхоролын заавраар лавлагаа авч Ш.Цогтсайханы өв хөрөнгө Сүхбаатар дүүрэгт байр, газар байна гэж өвлөх эрхээсээ татгалзсанаа мэдсээр байж өмнөх баримтуудаа ашиглан /Баянгол дүүрэгт өв нээлгэсэн нас барагчийн гэрчилгээг, бусад нотлох баримтыг дахин ашиглаж /2000 онд хүчингүй болгогдсон хүрэн паспортыг үндэслэн Сүхбаатар дүүрэгт дахин өвлөх эрхийн гэрчилгээг авахад нь тусалж Нотариатийн хуулийн  31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомжоор, Иргэний хуулинд өвлөх нотлох баримтыг дахин ашиглахгүй гэж заасныг 31.1.2-т өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал байвал /ҮХЭХБ-д 2008 оны 02 дугаар сарын 20-нд өр төлбөртэй, 2006 оны 02 дугаар сарын 13-нд Гэрэг инвест ХЗХ-д зээлийн барьцаанд хаалгасан тэмдэглэлтэй/ 31.1.6-д хуульд заасан бусад  гэсэн заалтад талийгаачийн оршин сууж байсан сүүлчийн хаягт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооноос буюу эсвэл өвлөх гэж буй Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооноос тодорхойлолт авагдаагүй байхад бүрдүүлбэр дутуу нотлох баримт, бичиг баримт эргэлзээтэй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Нотариатын тухай хуулийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох заалтын 43.2.1-д хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт гэдэгт Иргэний хуулийн 528.3-аар өв хүлээн авахаас татгалзаж 2008 оны 03 дугаар сарын 07-нд нас барсан талийгаачийн өв хөрөнгийг 2013 оны 10 дугаар сарын 14-нд өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргаж байгааг, Нотариатын тухай хуулийн 43.2.3-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт гэдэгт Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 45-4-48 тоот байрны талийгаач амьддаа авсан 00178141 дугаартай 2006 оны 01 дугаар сарын 18-ны гэрчилгээ нь биш нас барсанаас нь хойш 2014 оны 9 дүгээр сарын 27-нд гаргуулсан гэрчилгээгээр буюу эргэлзээтэй гэрчилгээгээр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэснийг, 43.2.5-д ...түүний оршин суугаа Засаг даргын тодорхойлолт дээр талийгаачийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотод амьдарч байгаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Ш.Цогтсайхан Баянгол дүүрэгт амьдарч байсан гэх нь худлаа гэдэг нь шинээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны 457 дугаар шийдвэрээр илэрч Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд 2008 оны 02 дугаар сарын 27-нд оны шинэчлэгдсэн бүртгэлээ хийлгэсэн, 2019 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс Улсын хүн амын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаанд 2005 оны 03 дугаар сарын 18-наас 2008 оны 03 дугаар сарын 07-ны хооронд талийгаач нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод амьдарч байсан лавлагаа гарч ирсэн нь үнэн зөв нотлох баримтуудаар, харин өвлөгч нар Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод 2005 оны 03 дугаар сарын 18-наас 2008 оны 03 дугаар сарын 07-ны хооронд амьдарч байгаагүй учраас 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь эргэлзээтэй байна гэдгийг нотолж байгаа тул дээрх зөрчилтэй нотлох баримтуудаар хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэндээ хоёр үндэслэлээр тайлбараа хэлье гэж бодож байна. Өмнө нь өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гурван шатны шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Ингэхдээ иргэн Я.Ж , Ц.Б  нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байсан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлага юм. Нотариатч нь нотариатын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нотариатын үйлчилгээний хөлс мөнгөөр цалинждаг, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг хүлээдэг. Үндсэндээ төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг субъект юм. Нотариатч байхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс энэ асуудлыг гурван шатны шүүхээр шийдэгдсэн гэж хязгаарлаж болохгүй байх гэж бодож байна. Я.Ж , Ц.Б  нар нь талийгаачийн хууль ёсны өвлөгч мөн эсэх асуудал дээр маргаагүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн. Харин нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч талийгаачтай хамт амьдарч байсан эсэх, эсвэл тусдаа амьдарч байгаад өв хүлээж авах хүсэлтээ гаргасан эсэх, өв хүлээж авах хүсэлтээ гаргаагүй байж байгаад өв хүлээж авахаас татгалзсанд тооцогдсон эсэх асуудлаар өнөөдөр хэргийн материалд цугларсан нотариатчийн гаргаж өгсөн 7 лавлагааг харахаар тэр бүгдийг тогтоогоогүй байдаг. Талийгаач Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягт амьдарч байгаад нас барсан уу? Эсвэл Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 10-284 тоот хаягт амьдарч байгаад нас барсан уу гэдэг дээр маргаад байгаа юм. Талийгаачийг нас барснаас хойш 5 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Тэгвэл эрх бүхий байгууллагаас Ш.Цогтсайхан нь нас барах хүртлээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягт амьдарч байсан уу? гэдэг лавлагааг аваагүй. Тэгээд Я.Ж , Ц.Б  нарын иргэний үнэмлэхийн хаягийн лавлагаагаар тогтоогдоно гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь Я.Ж , Ц.Б  нарын иргэний үнэмлэхийн хаягийн лавлагаа нь Я.Ж , Ц.Б  нарыг л хаана амьдарч байсныг тогтоох боломжтой юм. Харин эдгээр хүмүүс хамт амьдарч байгаад Ш.Цогтсайхан нас барсан гэдгийг нотолсон үйл баримт биш юм. Талийгаачийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Энэ лавлагаа нь Баянгол дүүргийн хаяг дээрээ 1973 оноос хойш амьдарсан гэж байна. Сүүлд амьдарч байсан 3 хаяг гэдэг дээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 10-284 тоот гэдэг хаяг бүртгэлтэй байгаа. Энэ хаягт 2005.03.18-ны өдөр бүртгүүлсэн. Энэнээс хойш шилжилт хөдөлгөөн хийгдсэн лавлагаа, баримт иргэний бүртгэлээс ерөөсөө гарч ирээгүй. Тэгвэл Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн 22 дугаар зүйл дээр иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасан. Энэ тодорхойлох ажлыг нотариатч хийгээгүй. Эдгээр баримтаас харахад Я.Ж , Ц.Б  нар нь талийгаачийг нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарч байгаагүй. Хамт амьдарч байгаагүй мөртлөө нас барснаас хойно 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаагүй. Энэ талаарх баримт хэргийн материалд байхгүй. Хуульд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой. Үүний дагуу Баянгол дүүргийн нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Нотариатч тухайн үед тойроггүй байсан, нэг тойрогтой болсон байсан гэж тайлбарласан. Тийм асуудал байхгүй. Миний мэдэж байгаагаар 2011 онд Нотариатын тухай хууль шинэчлэн батлагдсан. Тэрнээс өмнө нотариатын тойргийг Хууль зүйн сайдын 2009 оны 213 дугаар тушаалаар 30 тойрогтой байхаар батлаад, энэ нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Тиймээс харьяалал зөрчигдсөн учраас нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:     Нэхэмжлэгч Ш.Б  нь нотариатч намайг иргэний хариуцагчаар татан өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь хуурамч, өвлөх эрхээсээ татгалзсан, өвлөх эрхээ сэргээлгээгүй өвлөгч нарт ...зөрчилтэй бичиг баримтаар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус үйлдэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

          Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй. Учир нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргана, мөн хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газрыг өв нээгдсэн газар гэж үзнэ гэсэн заалтуудын дагуу өвлөгдвөл зохих хөрөнгийг хүлээн авах хүсэлтийг хууль ёсны өвлөгч нар нь харьяа дүүргийн нотариатчид гаргаж өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх нь хэн бүхэнд нээлттэй байдаг. Үүний дагуу 2008.03.07-ны өдөр нас барсан Шаравын Цогтсайханы эхнэр н.Жаргалсайхан, охин Ц.Б  нар талийгаачийн амьдарч байсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар хороолол, төмөр замын 45 дугаар байрны 48 тоотын 29 мкв хоёр өрөө Ү-2203012401 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өвлөн авах хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч нар нь нас барагчийн хууль ёсны өв залгамжлагч гэдгийг дараах байдлаар нотолсон баримтуудыг нотариатчид ирүүлсэн.

1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримт бичгийн архивын хэлтсээс 2013.10.11-ний өдөр олгосон 114023117 дугаартай гэрлэлтийн лавлагааг ирүүлсэн. Энэ баримтаар Ш.Цогтсайхан, Я.Ж  нар 1975.07.05-ны өдөр гэр бүл болсон гэдгийг нотолсон баримт ирсэн. 2. Мөн өдөр олгосон 05009177 гэсэн ХААТР-1 маягтын лавлагааг ирүүлсэн. Энэ баримтаар Я.Ж  нь хоёр хүүхэд төрүүлсэн болохыг нотолсон. 3.Нас барагч Ш.Цогтсайхан 2008.03.13-ны өдөр нас барсныг Иргэний бүртгэлд 193 дугаарт бүртгэж 0011901 тоот гэрчилгээ олгосон баримтыг ирүүлсэн. Энэ баримтаар нас барагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод оршин сууж байсан гэсэн бүртгэлтэй байсан. 4.Сартуул овгийн Шаравын Цогтсайханы 060685 тоот паспортыг ирүүлсэн. 5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хэлтсээс 2013.08.08-ны өдөр иргэн Ц.Б т олгосон лавлагаа байсан. Энэ лавлагаагаар нас барагч иргэн Ш.Цогтсайханыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууцны өмчлөлд бүртгэлтэйг нотолсон талаар баримт. Энэ баримтаар Ш.Цогтсайханы өмч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууц мөн гэдгийг нотолж байгаа юм. 6.Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууцны Ү-2203012401 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлсэн. Энэ баримтаар тухайн орон сууцны өмчлөгч нь Ш.Цогтсайхан болохыг нотолсон. 7.Я.Ж , Ц.Б , Ц.Болдбаатар нар нь иргэний үнэмлэхээ ирүүлсэн. Энэ иргэний үнэмлэхийн оршин суух хаяг нь өвлүүлэгч Ш.Цогтсайханы оршин сууж байсан гэх Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайвын өргөн чөлөө 4а байрны 18 тоотод бүртгэлтэй гэсэн нэг хаягт амьдарч байсныг нотолсон баримтуудыг ирүүлсэн. Эдгээр баримтууд нь хуульд нийцэж байгаа эсэхийг миний бие үнэлж, дүгнэсэн. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно” гэж заасан байгаа. Улсын дээд шүүхийн 2009.03.31-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1-д МУ-ын Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-д заасан байнга оршин суугч гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар тухайн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлох хаягт бүртгэлтэй иргэнийг хэлнэ гэж байнга оршин сууж байгаа иргэнийг тодорхойлон заасныг тайлбарласан байна. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Иргэний улсын бүртгэлийн лавлагаа гэж Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг хэлнэ гэж заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн төрөл садангийн, төрсний, гэрлэлтийн, иргэний үнэмлэхийн үнэн зөвийг баталсан лавлагаанууд байсан. Мөн 18 дугаар зүйлд иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл гэсэн заалтад Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлсэн байхыг байнга оршин суугч гэнэ гэж энэ хуульд заасан байна. Мөн 18 дугаар зүйлийн 18.2-т 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа хаяг нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэсний дагуу өвлүүлэгч, өвлөгч нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоотод хамт амьдарч байсан гэх үндэстэй байсан. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх заалтаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатчид буюу, нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг хөрөнгийг хүлээж авна гэж заасан. Я.Ж , Ц.Б  нар нь уг хөрөнгийг хүлээж авахаас татгалзсан хүсэлтийг гаргаагүй байсан. Талийгаач Ш.Цогтсайхан нь Я.Ж тай гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсны эхнэр нөхөр болсон байсан. Мөн Ш.Цогтсайхан, Ц.Б  нар нь эцэг, хүүхэд байсан. Эдгээр хүмүүс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод оршин сууж байсан. Иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу би эдгээр хүмүүсийг хууль ёсны өвлөгч мөн гэж үзсэн. Тиймээс 2013.10.14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгож, Монголын нотариатчдын танхимын цахим бүртгэлийн санд оруулж бүртгүүлсэн. Нэхэмжлэгч талаас талийгаач Ш.Цогтсайханыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 10-284 тоотод оршин сууж байсан гэх баримт ирүүлсэн нь цаг хугацааны хувьд ч тэр, мөн Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлээс зөрж байгаа. Тиймээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайвын өргөн чөлөө 4а байрны 18 тоотод гэр бүлийнхээ хамт гэр бүлтэйгээ хамтран амьдарч байсан гэдгийг үгүйсгэх баримт биш учраас нотариатын үйлдэл хууль зөрчсөн үйлдэл биш юм. Нэхэмжлэгч Ш.Б  нь талийгаач Ш.Цогтсайханы төрсөн ах гэдэг нь төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч учраас талийгаачийн хөрөнгийг өвлөж авах эрхгүй этгээд юм. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад хамаарал бүхий этгээд биш юм. Гуравдагч этгээдүүдийн хувьд Я.Ж , Ц.Б  нар нь өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөж авах эрхээ алдаагүй, мөн энэ эрхээсээ татгалзаагүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хамаарах хууль ёсны өвлөгч нар юм. Иргэний нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасан байгаа. Я.Ж , Ц.Б  нарт олгосон 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь 2014 онд шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх 2014.11.21-ний өдөр хэлэлцээд 5563 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ш.Б  нь давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн 2014.04.03-ны өдрийн 379 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2015.06.23-ны өдрийн 489 тоот тогтоолоор 5563 тоот шийдвэр, 379 тоот магадлалыг хэвээр үлдээж хүчин төгөлдөр болсон. Тиймээс Я.Ж , Ц.Б  нарын хариуцагчтай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өнөөдөр хариуцагчийг нь өөрчлөөд дахин шүүхэд хэлэлцүүлж байгаа юм. Тиймээс өмнө нь шүүхээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй үйл баримтыг дахин шүүхэд гаргаж байгааг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй. Энэ хэрэг өмнө нь шүүхээр хэлэлцэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ш.Цогтсайхан нь нас барах үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 10-284 тоотод оршин сууж байсан гэж бичсэн байдаг. Миний аав Ш.Цогтсайхан 2008.03.07-ны өдөр нас барах хүртлээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Ж , хүү Ц.Болдбаатар, миний бие Ц.Б  нарын хамт амьдарч байсан. Үүнийг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. 2008.03.07-ны өдөр аав маань гэртээ нас барсан. Гэртээ нас барахад нь гадны нөлөө байсан эсэх талаар эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна лээ. Бид Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. Энэ үед Ш.Б  бас очиж мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ манай дүү Шаравын Цогтсайхан нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Ж , охин Ц.Б , хүү Ц.Болдбаатар нарын хамт амьдардаг гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь сүүлийн 5-6 жил иргэний хэргийн шүүхэд янз бүрийн нэхэмжлэл гаргаж биднийг чирэгдүүлж, хохироож байна. Сүүлд нэхэмжлэлдээ миний аавыг нас барах үедээ бид нартай хамт амьдарч байгаагүй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 10-284 тоотод амьдарч байсан гэж бичсэн байдаг. Миний аав 2008.02.27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягтай иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байдаг. Иргэний үнэмлэхээ дахин авах тухай өргөдөл бичээд, үнэмлэхээ авч чадаагүй байж байгаад 2008.03.07-ны өдөр нас барсан. Миний аав нас барахаасаа өмнө өөрийнхөө гараар иргэний үнэмлэхээ гээсэн тул дахин шинээр олгож өгнө үү гэж өргөдөл бичсэн байдаг. Энэ өргөдлийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягт амьдарч байсныг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгаа. Миний ээж, аав хоёр Цэргийн 165 дугаар ангид ажиллаж байсан. Уг орон сууц нь 165 дугаар ангиас өгсөн цэргийн байр юм. Миний ээж, аавтай хамт ажиллаж, нөхөрлөж байсан хүмүүс одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд 5 хүний тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Миний аавыг ямар хүн байсан, хэн хэнтэйгээ амьдарч байсан талаар тодорхойлж өгсөн. Мөн Ш.Б  нь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд 2014 онд нэхэмжлэл гаргаж байсан. Уг нэхэмжлэлдээ аавыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотдоо амьдардаг байсан гэж бичиж дурдсан байдаг. Миний аав Ш.Цогтсайхан нь бид нартай хамт амьдарч байсан нь баримтаар нотлогдож байхад, хамт амьдарч байгаагүй гэж гүтгэж байгаад нь гомдолтой байна. 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар өмнө нь шүүхэд хандаад гурван шатны шүүхийн шийдвэр Ш.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Я.Ж : Би нөхөртэйгөө цуг ажиллаж байсан. Би хамт ажиллаж, хамт нэг байранд амьдарч байснаа 5 хүнээр тодорхойлолтыг бичүүлж аваад шүүхэд өгсөн байгаа. Энэ талаар сая охин маань дурдаад өнгөрлөө. Ш.Б  нь намайг Ш.Цогтсайхантай амьдарч байгаагүй гэж гүтгэсэн. Талийгаачийг нас барсны дараа түүний дүү нь ирж ажил явдалд нь оролцсон. Ш.Б  ажил явдалд нь ч оролцоогүй. 2013 оноос өмнө Ш.Б  надтай гудамжинд тааралдаад зугтааж байсан. Талийгаач бид хоёрыг тасралтгүй хамт амьдарч байсныг нотлох баримт бүгд хэрэгт авагдсан байгаа гэв. 

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн маргаанд ач холбогдолтой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Талийгаач Ш.Цогтсайхан нь зээлийн анкетад яаралтай үед холбоо барих хүний нэр, утасны дугаар гэсэн хэсэгт энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй охин Ц.Б  болон түүний нөхрийн мэдээллийг бичсэн байдаг. Энэ нь талийгаач Ш.Цогтсайханыг эхнэр Я.Ж , охин Ц.Б  нараас гадна Ц.Б ын нөхөртэй нь хамт амьдарч байсныг нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч Ш.Б  нь эдгээр хүмүүсийг хамт амьдарч байгаагүй, харилцаа холбоогоо таслаад олон жил болж байгаа мэтээр тайлбарлаад байдаг юм. Нэхэмжлэгч маань өөрөө их сэргэлэн хүн л дээ 2008 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод шилжээд очсон байдаг. Газрын маргаан гарах үед Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан. 2008 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 101 тоотод өгсөн тайлбартаа 58 настай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 16 байр 28 тоотод оршин суудаг, групптэй, талийгаачийн төрсөн ах нь гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тухайн мэдүүлэгтээ миний дүү Ш.Цогтсайхан нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Ж , охин Ц.Б , хүү Ц.Болдбаатар нарын хамт амьдардаг. Би хамгийн сүүлд дүүтэйгээ 4 хоногийн өмнө уулзсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийг тухайн үеийн эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан хэлбэр, шаардлага хангуулан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Цогт-Эрдэнээс гаргуулан авсан байдаг. Эдгээр баримтаас харахад нэхэмжлэгч нь талийгаачтай хамт амьдарч байсан гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Талийгаач нь 2008.02.27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод оршин сууж байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хаягт н.Бямбацэрэн гэдэг хүнтэй гэр бүл болсон мэтээр бүртгүүлсэн байсан. Дараа нь н.Бямбацэрэн гэдэг хүнийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны газрынхаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан. Мөн н.Бямбацэрэнтэй өөрийгөө асруулах гэрээ байгуулаад хувийн харилцаа тогтоосон байсан. Дараа нь Я.Ж аас салгаад н.Отгончимэг гэдэг хүнтэй гэр бүл болгосон. Тэгээд энэ хүмүүсээр дамжуулаад өр шир болсон гэж тайлбарласан. Сүүлд нь өөрөө н.Бямбацэрэнг шүүхэд өгч байгаад албан ёсоор бүртгүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулсан. 2006 онд 35,000 еврогоор тэр байрыг зээлийн үнэд хүрэх үү, үгүй юу гээд зээлийн гэрээтэй холбоотойгоор шүүх хуралдаан болж, шүүх хуралдаандаа н.Сосорыг гэрчээр дуудсан. Гэрчээр н.Сосорыг оруулахаар болтол шал өөр хүнийг оруулаад ирсэн, энэ юун хүн бэ? гэсэн чинь н.Сосорын оронд н.Намжилмаа гэдэг хүнийг аваад ирсэн. Тэгээд шүүхээс таны гэрчээр оролцуулах хүн биш байна гэхэд гэрчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа юм. Энэ хүн гэрчийн мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ш.Б  нь иймэрхүү эргэж буцсан, санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй будилж төөрөлдсөн зүйл үйлдэж байдаг. Нэхэмжлэгчийн хийж байгаа үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг бодсон арга заль, зальхай л байсан. Өмч хөрөнгөнөөс болж маргалдах зүйл байлгүй л яахав. Гэхдээ хууль дүрмээ болъё гэхэд Монгол хүний ёс жудаг байна даа. Үнэхээр эргэлзээтэй. Я.Ж  гуай өнөөдөр тийм ч залуухан хүн биш. Тэгэхэд шүүх хуралдаан дээр Я.Ж  гуайг нөхрөө алсан гэж ярина. Найзтай нь нөхрийг нь суулгачихна. Нөхөр нь хэнтэй сууснаа мэдээгүй байхад шал өөр хороонд аваачаад нэг хүнтэй суулгаад бүртгүүлчихнэ. Хамтын амьдралтай байсан гээд шүүх дээр тайлбарлаад байдаг юм байна лээ, гэх мэтчилэн нотлох баримтууд байна. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Монгол Улсын дээд шүүх Нотариатын үйлдлийг дүгнэсэн байна лээ. Уг дүгнэлтэд нотариатын үйлдлийг буруутай гэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байна. Энэ дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа үйл баримтыг өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байгаа. Үүнийг одоо шүүх шийдэх байх. Нэхэмжлэгчийн шүүхэд өгч байгаа баримт нь маш эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаа тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг нь үгүйсгээд, няцааж байна. Нэхэмжлэгч дүүгийнхээ өмч хөрөнгө дээр маргаж байгааг ойлгож байна. Гэхдээ нэхэмжлэгч нь хоёрдугаар эрэмбийн өвлөгч юм. Нэхэмжлэгч Я.Ж , Ц.Б  нарыг өвлөх эрхээ алдсан гэж тайлбарлаад байна. Өвлөх эрхээ алдах нь хууль зүйн өөр үр дагаврыг шаарддаг. Хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэл бүхий тайлбар гэж үзэж байна. Я.Ж , Ц.Б  нарын нотариатчид өгсөн баримт нь улсын бүртгэлийн газрын лавлагаанууд юм. Нотариатч эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн баримт, лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь буруутай үйлдэл биш юм. Улсын дээд шүүхээс энэхүү маргааныг дүгнэсэн дээр би нэмж тайлбарлах шаардлага байхгүй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Б  нь харуицагч Б.М д холбогдуулан Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Я.Ж  нь Ш.Цогтсайхантай 1977 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас охин Ц.Б , хүү Ц.Болдбаатар нар төрсөн, Ш.Цогтсайхан нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.Б ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-156 талд/, Ц.Болдбаатарын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт болон түүний иргэний үнэмлэхний хуулбар /хх-49-ын урд ба ар талд/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-15, 46/ болон зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.

            Ц.Б , Я.Ж  нар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 45 дугаар байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг өв залгамжлалаар өмчлөгч болсон байдал нь хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-45, 235 талд/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203012401 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар /хх-48 дугаар хуудасны ар талд/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 5563 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-64-66/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 379 дугаартай магадлалын хуулбар /хх-67-71/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 489 дүгээртэй тогтоолын хуулбар /хх-72-74/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 1156 дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000178141 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-75-76/, Улсын бүртгэгчийн ерөнхий газрын хариу тайлбарын хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 сарын 09-ний өдрийн 445 дугаартай захирамжийн хуулбар /хх-77-78/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 3941 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-79-80/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 1412 дугаартай магадлалын хуулбар /хх-81-83/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 146 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-89-90/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талийгаач Шаравын Цогтсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамжны 45 дугаар байрны 48 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д  зааснаар өвлөх хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр Я.Ж , тэдний  дундаас төрсөн охин Ц.Б  нар байх бөгөөд мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2, 515.3-т заасны дагуу өвлөсөн болох нь нотлогдож байна.

            Талийгаач Ш.Цогтсайханыг 2005 оноос хойш нас барах хүртэлх хугацаанд хаана амьдарч байсан талаар зохигч талууд маргаж байх боловч нэхэмжлэгч Ш.Б  нь талийгаачийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 гудамжны 284 тоотод амьдарч байсан гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 4 а байрны 18 тоотод амьдарч байсан гэж тус тус тайлбарласан.

            Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заасны дагуу Ш.Цогтсайханыг 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барах хүртлээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Ж , охин Ц.Б  нартайгаа хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Ийм учраас Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д “Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ” гэж заасны дагуу талийгаач Ш.Цогтсайханы өв нээгдсэн газрыг түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамжны 45 дугаар байрны 48 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байгаа газар болох Сүхбаатар дүүрэг гэж үзэх нь хуульд нийцнэ.

            Гуравдагч этгээд Я.Ж , Ц.Б  нар, талийгаач Ш.Цогтсайханыг нас барах хүртэл нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 4 а байрны 18 тоотод хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар талийгаач Ш.Цогтсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамжны 45 дугаар байрны 48 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хуульд заасан журмын дагуу уг өвийг хүлээн авсан байна гэж үзнэ.

            Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар байрны 284 тоотод Я.Ж , Ц.Б  нарыг өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь хуурамч, Иргэний хуулийн 528.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 528.3 дахь хэсгээр (5 жил 7 сар) өвлөх эрхээсээ татгалзсан, тус хуулийн 528.4 дэх хэсгээр өвлөх эрхээ сэргээлгээгүй өвлөгч нарыг 2008 оны 03 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы өмчилж байсан байрны гэрчилгээ гээд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны 00275925 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ бариад ирэхэд нь хууль ёсны өвлөгч нар мөн үү, бичиг баримт нь зөрчил байна уу гэдгийг шалгалгүй зөрчилтэй бичиг баримтаар өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл нь хууль бус учраас өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн 185 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулна гэж шаардсан шаардлага нь хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр няцаагдаж байх бөгөөд нотариатч Б.М  нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу “Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээ”-г үйлдсэн талаар шүүхийн шийдвэрүүдэд тус тус дүгнэлтийг хийсэн байна.

Мөн Ш.Цогтсайхан нь 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн эхнэр Я.Ж , охин Ц.Б  нарт өвлүүлэгчийн өмчлөлд байсан Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамны 45 дугаар байрны 48 тоотын орон сууцыг өвлөх эрхийг Өвлөх эрхийн 86 дугаартай гэрчилгээгээр олгосон байх бөгөөд Ш.Б  нь уг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5563 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 379 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ш.Б ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-64-74/ 

Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаар тухайн шүүх дахин дүгнэлтийг хийхгүй.

            Хариуцагч /нотариатч/ Б.М  нь тухайн хэргийн маргааны зүйл болсон Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг өвлөгч Я.Ж , Ц.Б  нарт олгохдоо Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад ...гаргана”, 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын Наймдугаар зүйлд Өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор тус тус заасан заалтыг зөрчихгүйгээр холбогдох баримт бичгийг үндэслэн хуульд заасан журмын дагуу олгогдсон гэж үзэх бөгөөд харин нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хуульд заасан шаардлага хангаагүй, баримтаар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М д холбогдуулан гаргасан, 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ш.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ