Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 02  өдөр

Дугаар 139/ШШ2019/000404

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж  тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг Ш х ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, 55-р байр, 33   тоотод оршин суух, РД:ЗН81100804 регистрийн дугаартай, Бо  овогт Гэ-н О т холбогдох 26580000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2018/00475/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тө,  хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч ,  гэрч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гэ ын О нь Сайнцагаан сумын 7-р баг, 55-р байр, 33 тоотын 3 өрөө 75 м.кв орон сууцыг  2015 онд худалдан авсан ба үлдэгдэл 17700000 төгрөгийг төлөх хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсний алданги болох 8850000 төгрөг үлдэгдэл төлбөр 17700000 төгрөг нийт 26550000 төгрөгийг гаргуулж өгнө үү? Мөн Г.О нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөлгүй 3 жил болсон бөгөөд төлбөрийг нэхэмжлэн  эвлэрүүлэн  зуучлалд хандаж  улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг  төлж хохирсон. Иймд иргэн Г.Оаас 26580000 төгрөгийг  гаргуулж  хохирлыг барагдуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Тө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш х ХХК нь 2015 оны 1 сарын 28-нд 75 метр квадрат орон сууцыг хариуцагч талд хүлээлгэж өгсөн байгаа. 2014 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч О нэхэмжлэгч компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа нэг метр квадратыг 1200000 төгрөгөөр тооцож 75 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг авсан. Хариуцагч “би банкнаас зээл авах гэхээр 17700000 төгрөг байхгүй болохоор та нар миний өмнөөс уг урьдчилгаа 17700000 төгрөгийг төлчих гэж хэлээд нэхэмжлэгч компаниар 17700000 төгрөгийг төлүүлсэн. Банкны зээл бүтсэн үед би мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгтэл 2015 оны 12 сард хариуцагчийн банкны зээл бүтээд нийт 63 сая төгрөг орж ирснээс 3 сая төгрөгийг хариуцагч Г.О нь тавилга авах гэсэн юм гээд буцааж авсан гэсэн. Хариуцагч уг 17700000 төгрөгийг төлөх нь үнэн гэдгээ хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан. Иргэний хуульд зааснаар алдангийг тооцохдоо 50 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг үндэслэлээр 8850000 төгрөгийг алданги гэж тооцож нэхэмжилж байснаа татгалзсан.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 4903500 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.О миний бие Ш х ХХК-иас 2015 оны 7 сард Сайнцагаан сумын 7-р баг, 5-р байрны 33 тоотын 3 өрөө байрыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сард банкнаас зээл авч 63 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 14700000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн. Миний бие Орон сууцны барилгын захиалгын гэрээний дагуу нийт 75 мкв, 3 өрөө байр худалдан авахаар тохирч, нэг квадрат метр талбайн үнийг 1050000 төгрөгөөр бодож 77700000 төгрөгөөр худалдаж авсан. Сүүлд нь өрөөний метр квадрат дутуу гэдгийг мэдээд Мандал харш ХХК-иар орон сууцныхаа өрөөнд хэмжилтийн зураг хийлгэхэд 70.33 м.кв байсан.  Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл 14700000 төгрөгөөс 5750000 төгрөгийг хасуулж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Манайх энэ байранд ороод удаагүй байхдаа шатаж тодорхой хэмжээний хохирол учирсан. Энэхүү хохирлоо гаргуулах мөн орон сууцны талбайн хэмжээн дутуу байсныг тооцон үнийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байснаас хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлээ энэ нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй гэж үзэж татан авч байна. Дараа энэ асуудлаар тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Харин орон сууцны талбайн үнийн зөрүүг 5750000 төгрөг гэж тооцсон нь буруу байсан болохоор сөрөг нэхэмжлэлээ 4903500 төгрөг болгон бууруулж байна. Манайх орон сууцны үнээс 60 сая төгрөг төлсөн гэж бодож байсан боловч банкнаас гүйлгээ хийсэн баримтыг авч үзэхэд 63 сая төгрөг шилжүүлсэн байна. Би 3 сая төгрөгийг буцааж аваагүй. Ийм учраас 77700000 төгрөгөөс банкны зээл авч шилжүүлсэн 63000000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 4903500 төгрөгийг хасаж тооцон 9796500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш х ХХК-нь хариуцагч Г.Оаас орон сууцны үлдэгдэл үнэ болох 17700000 төгрөг, алданги 8850000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нийт 26580000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Ш х ХХК-аас гэм хорын хохирол 16993110 төгрөг, орон сууцны талбайн зөрүүгийн үнэ 5750000 төгрөг нийт 22743110 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Ш х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 8850000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн 4903500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон гаргуулахыг зөвшөөрсөн ба хариуцагч Г.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол 16993110 төгрөг гаргуулах хэсгийг татан авах, орон сууцны талбайн зөрүүгийн үнэ болох 5750000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 4903500 төгрөг болгон бууруулахаар хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах эрхтэй байх тул зохигчийн дээрхи татгалзал, хүсэлтүүдийг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн болно.

Талууд орон сууцны нэг метр квадратын үнийг 1200000 төгрөгөөр тооцон 90000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч нэг метр квадратын үнийг 1050000 төгрөгөөр тооцон 77700000  төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, анх гэрээ байгуулахад 75 метр квадрат талбайтай орон сууц худалдан авсан гэх боловч орон сууцны талбайн хэмжээ 70,33 метр квадрат байсан гэдэгтэй маргахгүй байгаа болно.

Харин хариуцагч Г.О нь банкнаас олгосон зээл болох 63000000 төгрөгийг Төрийн банкнаас шууд Ш х ХХК-д шилжүүлсэн байгаа нь баримтаар нотлогдож байгаа, би 60000000 төгрөг төлсөн гэж бодож байсан боловч 63000000 төгрөг төлсөн байгаа тул орон сууцны нийт үнийн дүнгээс 63000000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэж, нэхэмжлэгч тал нь хариуцагч нь 60000000 төгрөг төлсөн үлдэх мөнгийг гаргуулна гэж тайлбарлан маргаж байгаа болно.

Хариуцагч тал нь шүүхэд 2015 оны 12 сарын 16-ны өдөр Төрийн банкны Дундговь салбараас Ш х ХХК-ий дансанд “Г.Оаас байрны үнэ шилжүүлэв” гэх утгатай 63000000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 Хариуцагч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “би орон сууцны үнийг 90000000 төгрөгөөр тооцон банкинд ипотекийн зээлийн хүсэлт гаргасан учраас 63000000 төгрөгийн зээл гарсан. Энэ олгогдсон зээлийн мөнгийг банк шууд нэхэмжлэгчийн дансанд шилжүүлдэг. Би энэ мөнгөнөөс 3000000 төгрөгийг буцаан аваагүй” гэх тайлбарыг гаргаж байна. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “63000000 төгрөг банкнаас шилжсэн байх боломжтой. 3000000 төгрөгийг Г.О нь тавилга авах хэрэгтэй байна гээд авсан гэдэг” гэж тайлбарлаж байна. Зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б .Ө ын өгсөн “Г.О нь 17700000 төгрөг төлөх ёстой юм байна гэж тооцож байсан. 63 сая төгрөг төлсөн гэсэн, гэхдээ 3 сая төгрөгийг буцаан авсан гэсэн. Би бэлэн болон бэлэн бусаар өгснийг нь мэдэхгүй, хараагүй” гэх мэдүүлгээс харахад 63000000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдож байна. Харин нэхэмжлэгч нь 3000000 төгрөгийг хариуцагч Г.От буцаан өгсөн болох нь хэрэгт цугларсан  баримтаар  нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 17700000 төгрөгөөс төлсөн гэх 3000000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байтал гэрээгээр тогтоосон хэмжээнд хүрэхгүй орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй ба худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болохоор хуульд зохицуулсан байх тул хариуцагчийн орон сууцны талбайн үнийн зөрүү гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингэхдээ үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнэ буюу нэг метр квадратын үнийг 1050000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хуульд нийцсэн байна гэж үзлээ. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дутууг нэхэмжилсэн ба хариуцагч нь уг орон сууцны талбайн хэмжээ дутуу гэж үзэж талбайн дутуу хэмжээгээр сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул харилцан тооцогдох нэхэмжлэл гэж үзэн нэхэмжлэгчид олгогдох үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн үнийг хасаж тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч тал нь энэхүү асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан шийдвэрлүүлэхийг хүссэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг хариуцагч тал нь эс зөвшөөрсөн тайлбар гаргаагүй, төлөхгүй гэж маргаагүй тул дээрх 30000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан, нэхэмжлэлийн зарим хэсгийг татан авсан тул нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр, нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290850 төгрөг, хариуцагч талаас төлсөн 271665 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Ш х ХХК-аас 93406 төгрөг гаргуулан хариуцагч Г.От олгож, хариуцагч Г.Оаас 172174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш х ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ “сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нотлох баримтаар өгсөн, хэргийн 47-63, 80 дугаар талд байгаа зарлагын баримтууд, 64 дүгээр талд байгаа барилгын засвар үйлчилгээг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримтыг эх хувиар нь хэргээс авч нотариатаар батлуулсан хувийг хэрэгт хавсаргах хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч, уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээхээр зохицуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                   1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар хариуцагч Г.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гал түймрийн улмаас учирсан хохирол 16993110 /арван зургаан сая есөн зуун ерэн гурван мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, үлдэх 5750000 /таван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн 4903500 /дөрвөн сая есөн зуун гурван мянга таван зуу/ болгон бууруулсныг, нэхэмжлэгч Ш х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас  8850000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөгийг татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                   2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч Г.Оаас 9826500 /есөн сая найман зуун хорин зургаан мянга таван зуу/  гаргуулж нэхэмжлэгч Ш х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3000000 /гурван сая/ гөгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

                   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар  Ш х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавин/ төгрөг, хариуцагчаас төлсөн 271665 /хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг тус тус төсвийн орлогод  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш хйиморь ХХК-с 93406 /ерэн гурван мянга дөрвөн зуун зургаа/ төгрөг гаргуулж хариуцагч Г.От,  хариуцагч Г.Оаас 172174 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Ш х ХХК-д олгосугай.

                   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан, хэргийн 47-63, 80, 64-р талд байгаа баримтуудыг авах хүсэлтийг хангаж, баримтуудыг хариуцагч талд хүлээлгэн өгч, хэрэгт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг үлдээхийг шүүгчийн туслах Г.Н-д даалгасугай.

                   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийн бусад заалтад шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.У