Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

 

 2023         03            27                                 2023/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Иргэдийн төлөөлөгч С.Ганчимэг,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

            Хохирогч Ж.Г-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

  Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын Ж-т холбогдох эрүүгийн 2225000000399 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймаг Хутаг-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д малын эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж- овогт Г-ын Ж-, /РД:ГН92051018/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас эцэг Ж.Г-ын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч Г.Ж шүүх хуралдаанд: “...Хөдөө явах ажилтай байсан. Гэтэл архи уучихсан согтуу гэрт ирсэн. Маргааш ажилтай унт гэхэд унтахгүй ээжийг элдвээр хэлээд та нарыг ална гээд дайраад байсан. Ээжийг цохьсон... Би хутга хаанаас авснаа санахгүй байна. Буруугаа ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

            - Хохирогч Ж.Г- шүүх хуралдаанд: “...Тэр үеийн үйл явдал надаас үүдэлтэй. Машин тэргээ янзлуулж байгаад архи уусан, гэрийн гадаа ирээд машин дотроо мөн архи, пиво уусан. Банк бус санхүүгийн байгууллагад машинаа 10 сая төгрөгийн барьцаанд тавиад хүнд мөнгийг нь өгчихсөн байсан. Тэрэндээ жаахан сэтгэлээр унаад уучихсан юм. Хааяа архи дарс уугаад агсам согтуу тавьдаг нь үнэн. Миний буруугаас болж хүүгээ ажилгүй, амьдралгүй болгочихлоо. Хүүгээ ч хэцүү байдалд оруулаад өөрөө ч хэцүү байдалд орчихлоо... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэхээр их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан:

- Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “... Энэ хэрэг ааваас шалтгаалж үүссэн. Өөрөө согтуу орж ирээд хэрүүл хийгээд, намайг ална, ээжийг бас ална гээд л. Аав ална гээд байсан учир ээжийг алж болохгүй шүү дээ гэсэн чинь надад одоо чамайг алахгүй юм бол дараа нь дүүгээрээ алуулна гээд аав хутга авсан. Би айсандаа тэр хутгыг нь авсан. Тэгтэл аав чи одоо намайг алах гэж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би түүнд юу гэж тэгэсэнюм бэ гэсэн чинь одоо чи намайг алчих, одоо алчихгүй юу гээд миний хутгатай гараас барьсан. Чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгэхээр нь би үгүй, үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Аав байн байн намайг алчих гэж хэлээд байсан. Намайг хутгаа ширээн дээр тавих гэсэн чинь аав чи намайг алчих гээд л байсан. Би хутгатай гараа далайгаад байж байсан чинь аав чи намайг алчих гээд гараас татаад байсан. Тэгж байгаад зүсэгдсэн юм....Аав өөрөө согтуу байсан шүү дээ. Би дүрээгүй. Аавтай ноцолдож байхад хутга надад байсан болохоор зүсэгдсэн байхгүй юу. Би аавыгаа хутгалаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 76-77х/,

 

- Хохирогч Ж.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “.... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр хороололд байдаг хуучин Солонго захын хойд талд байдаг авто засвар дээр өөрийн машинаа засуулж байхдаа дэлгүүрээс 0,33 граммын хэмжээтэй нэг шил архи авч ганцаараа уусан. Машинаа засуулж дуусаад орой 19 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадна ирээд дахин нэг шил 0,33 граммын архи авч машин дотроо уусан. Архиа ууж дуусаад гэртээ ороход эхнэр Б.Ц-, хүү Г.Ж хоёр байсан бөгөөд хүү минь надтай зөрөөд машинаар ажил руугаа явж эмээл авна гээд гарч яваад удаагүй эргэж ирсэн. Хүү минь эргэж ирээд маргааш Хөвсгөл аймаг руу явах гэж байхад архи уучихад ирлээ. Би хөдөө явж мал авч зараад машины чинь зээлийг төлж авах гээд байхад архи уулаа гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би өөрөө эхлээд хутга гаргаж ирээд би өөрийгөө ална гэсэн. Тэр үед хүү Ж- миний хутгыг булааж аваад маргалдаж байхдаа зүүн талын чих рүү хатгачихсан. Тэгэхээр нь би гараараа дараад үзсэн чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би хүүдээ энэ чинь болохоо болилоо шүү дээ гэж хэлээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад үүдэнд байхад танихгүй хоёр залуу явж байхаар нь дуудлага өгөөд өгөөч гэж гуйсан. Удаагүй цагдаа, эмнэлгийн ажилчид ирээд авч явсан. Эмнэлэгт очиж хагалгаанд ороод 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн болсон. 09 сарын 15-ны өдрийн орой намайг согтуу гэртээ ирэхээр хүүгийн уур нь хүрээд л машин тэрэг барьцаанд тавьж танихгүй хүнд мөнгө төгрөг өгчхөөд, түүнийг нь зохицуулах гэхээр архи дарс уулаа гээд уурласан. Тэгэхээр нь би өөрөө хутга аваад л би та нартай хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан болохгүй бол өөрийгөө ална гэсэн чинь хүү минь миний барьж байсан хутгыг булааж авсан. Тэгээд маргалдаж байхдаа л миний зүүн чихний хойд тал руу нэг удаа хатгасан. Намайг айлгах гэж байгаад л тэгсэн байх. Санаатай ч хатгаагүй л байх. Энэ хэрэг болох үед эхнэр Б.Ц-, хүү Г.Ж бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Эхнэр том өрөөнд байсан. Би өөрөө гэрийн гал тогооны шүүгээнд байсан улаан өнгийн бариултай урд үзүүр хэсэг нь мөлгөр жижиг хутгыг авсан юм. Тэр хутгаар намайг хатгасан. Одоо миний зүгээс гагах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...Гэмт хэрэгт холбогдсон этгээд Ж.Г-оос хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 250,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь дансанд оруулна уу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

- Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “... Манай хадам аавын гэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-17-17 тоотод буюу 5-17 дугаар байрны зүүн талаасаа 2 дахь орцны нэг давхарт байдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20-21 цагийн орчим хадам аавынхаа гэрээс гараад орцны үүдэнд баз Мөнхбаярын хамт тамхи татаад зогсож байсан чинь хадам аавын гэрийн орцноос зүүн талын чихний ар хавиас нь цус гарч, цусаа гараараа дарсан 50-55 эрчим насны эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн орцноос гарч ирэнгүүтээ манай хүү адуунаас болж намайг хутгалчихлаа гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явсан... нөгөө хутгалуулсан хүн 5-17 дугаар байрны баруун талын буланд сууж байсан. Нөгөө хүн тэр хавиар явж байсан хүмүүст ахдаа эмнэлэг дуудаад өгөөч, дүү минь хэлээд өгөөч гэсэнмэтээр гуйгаад байсан боловч тухайн хүний хувцас баруун талаараа нил цус болсон байсан болохоор хүмүүс тус болохгүй, өөрөөс нь айгаад байсан. Тэр хүнээс маш их цус гарч байсан учир би эмнэлгийн 7035103 дугаарын утас руу залгасан боловч ярьж байгаа дохио өгөөд утас салаад байсан. Тэгэхээр нь аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн ажилтан ирэхээр нь нөгөө хүнийг хүлээлгэж өгөөд би явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

 

- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би гэр бүлийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-17-7 тоотод оршин суудаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой манай баз Дашпүрэв манай гэрт ирж юм хийж өгөөд бид хоёр манайд гэрт хоол идчихээд тамхи татах гээд хамт гараад орцны үүдэнд зогсож байхад гэр нь манай орцны 3 давхарт байдаг зүс таних ах зүүн гараараа зүүн талынхаа чихний ард дарчихсан, гарын салаагаар нь цус гарсан байдалтай гараад ирсэн. Тэр ах гарч ирээд надад туслаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь адуунаас болоод хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлээд байрны баруун булан тийшээ явсан... Тэгсэн чинь манай баз Дашпүрэв цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа, эмнэлэг ирээд тэр хүнийг аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

 

- Гэрч Ч.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 21 цагт Хүрэнбулаг багийн эргүүлийн төв дээр очиж шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэнүүргийг удирдлагаас аваад гарсан. Яг гарч байхад Согоот багийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч М.У- сая цагдаагийн газрын жижүүрээс Уртбулаг баг 5-17 дугаар байрны гадна хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн. Манай цагдаа байхгүй, хамт очоод ирье гэхээр нь М.У-ын хамт тухайн дуудлага руу явсан. М.У- бид хоёрыг 5-17 дугаар байрны баруун талын буланд очиход хүзүүнээс нь цус гарч, хүзүүгээ даавуугаар дарсан 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана чинь гэж асуусан чинь хүзүү рүү гээд заасан. Хүзүүгээ хувцсаар дарсан байсан. Тэгэхээр нь хүүхэд чинь хаана байна гэж асуухад гэртээ байгаа гээд 5-17-27 тоот гэж хаяг өгсөн. Тэгэхээр нь танай хүүхдийг хэн гэдэг юм бэ гэсэн чинь нөгөө хүн манай хүүг Ж- гэдэг гэж хэлсэн... Хаалгыг нь цохисон чинь нүдний шилтэй залуу гэрийн хаалгыг онгойлгож өгсөн. Би тэр залуугаас чамайг хэн гэдэг вэ гэсэн чинь Ж- гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад аавыгаа хутгалж байгаа юм бэ гэсэн чинь аав намайг бага байх үеэс л архи уугаад ээж бид хоёрыг айлгаж дарамталдаг байсан. Үүнээс болж би аавыгаа хутгалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар хутгаар хутгалсан юм бэ гэсэн чинь гал тогооны өрөөний ширээн дээр байсан улаан өнгийн бариултай богино хутгыг заагаад энэ хутгаар хатгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас чи аавынхаа хаана нь хутгалсан юм бэ гэсэн чинь аавынхаа хүзүү рүү нь гээд өөрөө чихнийхээ ард талд заасан. Ингээд байж байхад ээж гэж эмэгтэй хүн, хэсгийн байцаагч М.У-тай хамт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

- Гэрч М.У- мөрдөн шалгах ажиллагаанд: “.. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 21 цагт Хүрэнбулаг багийн эргүүлийн төв дээр очиж шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэнүүргийг удирдпагаас аваад гарч байхад цагдаагийн газрын жижүүрээс Уртбулаг багийн 5- 17 дугаар байрны хажуу талд хутгалуулсан байна гэсэн дуудлага өгсөн. Тэр өдөр Уртбулаг багийн хэсгийн байцаагч хамарч байсан учир би Дэнж багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттөмөрийн хамт тухайн дуудпагаар очсон. 5-17 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд нь замын хашлага дээр хоолойгоо хар бараан өнгийн гадуур хувцсаар боосон 45-50 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад миний хүү надтай маргалдаад миний хүзүүг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэр хүний зүүн чихний хойд талаас маш их хэмжээний цус гарч байсан учир цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, эмнэлэг рүү дуудлага өгөх талаар хэлсэн. Тэр хүнээс хүүхэд чинь хаана байгаа юм бэ, хэрэг хаана болсон юм бэ гэж хохирогчоос асуухад манай хүүхэд 5-17-21 тоотод буюу гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттөмөрийг гэр лүү нь явуулсан. Ч.Баттөмөрийг яваад удаагүй байхад эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

 

- Гэрч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “... Өнөөдөр үдээс хойш 16 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ харьсан чинь гэрт хүн байхгүй байсан. Миний нөхөр Ж.Г-, хүү Г.Жын хамт маргааш өдөр Хөвсгөл аймаг руу явах гээд өнөөдөр машинаа засуулах гэж яваад ирээгүй байсан. Хүү Г.Ж ажлаасаа мөн тарж ирээгүй байсан. 17 цаг өнгөрч байхад хүү Г.Ж ажлаасаа ирсэн. 19 цаг өнгөрч байхад нөхөр Ж.Г-ыг ирж байна гэж утсаар ярихад нь хүү минь машинаар нь ажил руугаа явж эмээл авна гээд аавынхаа урдаас гарсан. Түүнийг гарч яваад удаагүй байхад нөхөр Ж.Г- согтуу орж ирсэн. Согтуу орж ирээд маргааш хүү Хөвсгөл аймаг руу явна гэж байна уу, намайг авч явна гэж байна уу гээд байсан. Би түүнд маргааш хөдөө явах гэж байж архи уулаа, унтаж амар гээд байж байхад хүү Г.Ж ажил дээрээсээ эмээл аваад ирлээ гээд орж ирсэн. Г.Ж аавыгаа та хөдөө явах гэж байхад архи уулаа, ямар ч хариуцлага алга гэсэнмэтээр хэлээд, аав нь биеэ өмөөрөөд маргалдсан. Г.Ж аавыгаа гэрээс гарч өөр газар очиж хоно гэсэн чинь нөхөр маань хувцсаа өмсчихөөд чи намайг хөөлөө гээд гэрийн үүдний коридорт суучихаад хүүтэйгээ хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад хүү минь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга аваад гараад ирсэн. Тэр үед би түүнд боль яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Ж аав руугаа гараа далайгаад хөдлөх шиг болсон чинь аавынхаа хүзүүнийх нь зүүн тал руу хатгачихсан чинь цус гарч эхэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр хувцастай байсан болохоор шууд гараад явчихсан. Г.Ж үлдээд үүдэнд туссан цусыг угааж цэвэрлэсэн. Тэгээд байж байхад цагдаагийн ажилтнууд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

 

- Гэрч Г.Энхгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд: “... Ж.Г- нь миний төрсөн эцэг, Г.Ж нь миний төрсөн ах. Ах бид хоёр эхээс хоёулаа. Миний хувьд нөхөр хүүхдийнхээ хамт тусдаа амьдардаг. Харин ах минь эцэг, эхийн хамт амьдарч байгаа. Энэ хоёр хүний холбогдоод байгаа хэргийн талаар нарийн зүйлийг нь мэдэхгүй. Энэ хэрэг болсон өдрийн орой намайг гэр бүлийн хамт гэртээ байхад миний ээжийн төрсөн эгч Цэцэгмаа эгч над руу утсаар яриад аав чинь эмнэлэг дээр байна. Хурдан хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр яваад очсон чинь аав минь эмнэлгийн тусламж авч байсан. Эмнэлгийн гадна ахтайгаа таараад энэ хоёрыг маргалдаж, муудалцсан байна гэдгийг нь гадарласан. Ер нь аав архи уухаараа агсам ч гэсэнюм уу хэцүү болчихдог болохоор нь маргаан болж гэж бодсон. Ээжтэйгээ уулзаад юу болсон талаар асуухад ах чинь яачихлаа гэж хэлсэн. Энэ хэрэг болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа ээжтэй ярилцаж байхад аавыг гаднаас согтуу орж ирээд ахтай маргалдсан гэж сонссон. Яагаад аав хутгалуулсныг мэдэхгүй байна. Маргалдсан л байх. Аав архи ууж орж ирэхээрээ олон үгтэй болчихдог юм. Бодвол тэгээд л яагаа биз. Нээх айхавтар биш. Хаяа, хаяа маргалдах зүйл байдаг байсан. Аавын архи дарстай л холбоотой. Аав нэлээд архи уудаг хүн. Аав хүний үг сонсдоггүй, төвөг уддаг. Түүнээс нь болоод л маргадаг. Уг нь нэг нэгийгээ зодох, хутгалчих маргаан болж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 705 дугаартай “... 1. Ж.Г-ын биед хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Гэмтэл нь түүнийг босоо, суугаа байрлалд байхад үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дугаартай “...Ж.Г- /ГН68043016/-ын биенээс авсан цусанд 2,60 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 285 дугаартай “...Г.Ж /ГН92051018/-ын биенээс авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65х/,

 

- Шинжээч Ж.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд: “:...Хохирогчид зүүн чихний омгоос хүзүүний зүүн ар хажуу хүрсэн шарх үүссэн байна. Энэ шарх нь биеийн зүүн хажуу болон урдаас, дээрээс доош, доороос дээш чиглэлтэй үүсгэгдсэн байх боломжтой шарх юм. Шарх нь өвчний түүхэнд бичсэнээр 2 см хэмжээтэй байсан байна. Шарханд хагалгаа хийж шалгахдаа шархны хэмжээг өөрчилсөн тул би үзлэг хийхдээ шархны хэмжээг бичээгүй болно. Шархны байрлалаас үзэхэд уг шархыг өөрөө өөртөө үүсгэсэнболомжгүй гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70х/,

 

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 110-113х/,

 

- Эд мөрийн баримтаар тооцсон хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 114-115х/,

 

- Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 118-137х/,

 

-Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 795 дугаартай.... Ж.Г-ын /ГН:68043016/ тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэлийн дагуу 250.000 төгрөг олгогдсон болно гэсэн албан бичиг /хх-ийн 139х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Үйл баримт: 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн аав Ж.Г-той шүүдэгч Г.Ж нь “маргааш Хөвсгөл аймаг явах ажилтай байж архи уулаа, яасан хариуцлагагүй юм бэ”, гэрээс гарч өөр газар очиж хоно” гэж, Ж.Г- нь” чи намайг хөөлөө” гэж маргалдаж байгаад Г.Ж нь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга авч Ж.Г-ын хүзүүний зүүн хажууд хатгаж биед нь хүзүүний зүүн хажууд гүрээний судсыг гэмтээсэн 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-21 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсэг хэрэглэн эцэг Ж.Г-ын хүзүүний зүүн хажууд хутгалж гүрээний судсыг гэмтээсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, нөхцөл байдал тогтоогдоогүй, төлөх төлбөргүй...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: “...Хохирогч Г-ын биед учруулсан гэмтэл, хор уршигт маргахгүй. Шууд санаатай гэмтэл учруулсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн зүй бус зүйлүүд ярьж хохирогчийг гутаан доромжилсон... сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан учраас уг гэмт хэргийг үйлдсэн...гэсэн,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Ганчимэг: “...аавынх нь гэм буруугаас болж л ийм хэрэг болсон байна гэж үзэж байна. Хүүгийн сэтгэл маш их хямарсан байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Жын үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.Г-ын “...Тэгэхээр нь би өөрөө хутга аваад л би та нартай хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан болохгүй бол өөрийгөө ална гэсэн чинь хүү минь миний барьж байсан хутгыг булааж авсан. Тэгээд маргалдаж байхдаа л миний зүүн чихний хойд тал руу нэг удаа хатгасан. Намайг айлгах гэж байгаад л тэгсэн байх. Санаатай ч хатгаагүй л байх...” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Дийн “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20-21 цагийн орчим ...хадам аавын гэрийн орцноос зүүн талын чихний ар хавиас нь цус гарч, цусаа гараараа дарсан 50-55 орчим насны эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн орцноос гарч ирэнгүүтээ манай хүү адуунаас болж намайг хутгалчихлаа гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.М-ын “...Тэр ах гарч ирээд надад туслаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь адуунаас болоод хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлээд байрны баруун булан тийшээ явсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Б-ийн “...М.У- бид хоёрыг 5-17 дугаар байрны баруун талын буланд очиход хүзүүнээс нь цус гарч, хүзүүгээ даавуугаар дарсан 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээр очоод юу болсон талаар асуухад хүү минь намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч М.У-ын “... Тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад миний хүү надтай маргалдаад миний хүзүүг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэр хүний зүүн чихний хойд талаас маш их хэмжээний цус гарч байсан учир цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, эмнэлэг рүү дуудлага өгөх талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Ц-ийн “...Тэгж байгаад хүү минь гал тогооны өрөөнөөс улаан өнгийн бариултай хутга аваад гараад ирсэн. Тэр үед би түүнд боль яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Ж аав руугаа гараа далайгаад хөдлөх шиг болсон чинь аавынхаа хүзүүнийх нь зүүн тал руу хатгачихсан чинь цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт, хэргийн газарт хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдалд хэргийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ж.Г- нь гэртээ согтуурсан байдалтай орж ирснээс шалтгаалж хүү Г.Жтайгаа маргасан болох нь тогтоогдсон, хохирогч Ж.Г- нь хүү Г.Ж болон эхнэр Б.Ц-ийг ямар нэг байдлаар хүч хэрэглэж, бодитойгоор ямар нэг хүч хэрэглэхээр заналхийлсэн, гутаан доромжилсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хохирогч сэтгэл санааны хүнд цочролд оруулсан, хүндээр доромжилсон ямар нэг үйлдэл хийсэн болон түүний хариуд Г.Жын сэтгэл санаа гэнэт түрхэн зуур цочирч хутгаар хатгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.Жын бусдын биед халдан хутгаар хатгаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Г.Жын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.Г- нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Л 250,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн /1хх-ийн 177х/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Г.Жт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

 

Шүүгдэгч Г.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар 3 жил 5  сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа,  хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 67 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж- овогт Г-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Г-ын Ж-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 67 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРМАНДАХ

 

                                             ШҮҮГЧИД                            Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                         

                                                                                          Ц.АЛТАНГАДАС