Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2019/01427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Т холбогдох,

Ажилласан хугацааны дутуу олгогдсон цалин олговорт 3 487 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, түүний өмгөөлөгч Б.Д, гэрч Б.М, нарийн бичгийн дарга Ч.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ү.Т харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ажиллаж байсан Мажист фитнесс төвд сард 450 000 төгрөгийн цалин авах нөхцөлтэйгээр үйлчлэгчээр ажилд орсон. Би уг бие бялдаржуулах төвд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 11 сар үйлчлэгчээр ажиллаж байгаад 6 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд Ү.Т нь ажлын байраа орхиод явчихсан байсан. Би түүний гэрийг хааяа цэвэрлэж өгдөг байсан болохоор гэрт нь очиж уулзахад үйл ажиллагааны орлого муу байна. Цалинг чинь одоо өгч чадахгүй. Орлого сайтай өөр газар байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Өөрийг тань тэнд ажиллуулж цалинг чинь өгнө. Гэхдээ дараа ирэхэд чинь 1 000 000 төгрөг өгье. Үлдэх цалинг нь шинээр байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ бичгээр байлгуулна гэж хэлсэн. Түүнийг ингэж хэлснээс хойш хэд хоногийн дараа 1 000 000 төгрөгөө авахаар гэрт нь очиход Ү.Т уг байрнаасаа нүүгээд явчихан байсан. Ү.Т нь цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг боловч сүүлдээ надад олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоолгосон. Ажиллаж байх хугацаандаа Ү.Т нийт 2 273 000 төгрөгийг авсан. Иймд Р.О би Мажист фитнес төвд үйлчлэгчээр ажилласан 11 сарын хугацааны цалин хөлсийг түүнтэй тохирсоноор 1 сарын 450 000 төгрөгөөр тооцож, бүрэн олгогдоогүй нийт 2 677 000 төгрөгийг, 2017 оны 6 сараас хойш ажилгүй болсон тул сул зогсолтын мөнгө 810 000 төгрөг, нийт 3 487 000 төгрөгийг Ү.Төлөпбергенээс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ү.Т нь нэхэмжлэгч Р.ОМажести фитнес төвд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллуулсан. Сарын хөлсийг 450 000 төгрөгөөр тохирсон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан М.Ж Тодорхойлолт-оор нотлогддог. Хариуцагч Ү.Т нь М.Ж хийж өгсөн тодорхойлолтыг зөвшөөрөхгүй байгаа бол холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь цалин хөлс олгож байсан талаар тэмдэглэсэн хар дэвтэр байгаа түүнийгээ шүүхэд өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй худал хэлж алга болсон. Иймээс талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, Р.О нийт 11 сарын хугацаанд ажиллуулсан талаар талууд маргаагүй, сарын хөлсийг ажиллуулагч нь 450 000 төгрөгөөр тохирсон боловч тохирсон хөлсийг нь бүтэн өгөөгүйгээс дутуу олгогдсон ажлын хөлс 2 677 000 төгрөгийг Ү.Т гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү. Нэхэмжлэгч сул зогсолтын хөлс гэж 450 000 төгрөгийг 3 сараар үржүүлэн тооцож, түүний нийлбэрээс 60 хувиар тооцож 810 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан болохоос Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэв.

Хариуцагчийн тус шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Р.О гэдэг хүн манай Мажести фитнесс төвд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Цалин хөлс дээр сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Р.О гарын үсэг зурсан баримт нь миний хар дэвтэрт бичигдсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сарын 450 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон гэдэг нь худлаа юм.

2. Нэхэмжлэгч Р.О нь нэхэмжлэлдээ 11 сарын цалин хөлс өгөөгүй гэдэг боловч яг үнэндээ тухай бүр нь надаас цалин хөлсөө авсаар байсан гэдэг нь миний хар дэвтэр дээр он сар өөдрийнх нь гарын үсэгтэй байгаа. Харин ч Р.О гэдэг хүн ажлаа хааяа тасалдаг манайхаар үйлчлүүлж буй хүмүүстэй харилцааны соёлгүй харьцдаг мөн хэд хэдэн үйлчлүүлэгчийг минь хөөж байсан. Үүнээс болж үйлчлүүлэгч багассан асуудал ч байгаа. Уг үйл явдлыг гэрчлэх гэр бүл хамт ажиллаж байсан Б гэдэг хүн бий.

3. Ү.Төлөпберген миний бие нэхэмжлэгч Р.О нэг сарын цалин хөлсний үлдэгдэл өгөх асуудал бол байгаа.

Нэхэмжлэгч Р.О нь мөн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Р.О нь манай фитнесийг өмнө нь ажиллуулж байсан М Ж та намайг өмнө үйлчлүүлэгчээр сарын 450 000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан гэдэг талаар тодорхойлолт гаргаж өгөөч гэж гуйсан байдаг. М Жа нь би Монгол бичиг үсэг мэдэхгүй чи бичээд ир би гарын үсэг зураад өгье гэж хэлсэн. Гэтэл Р.О нь утга санааг өөрчлөн Ү.Тн намайг Р.О цаашид 450 000 төгрөгөөр ажиллуулах болсон утгатай тодорхойлолт бичиж М.Жг монгол бичиг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан байна. Үүнийг миний бие М.Ж та яагаад ийм худал тодорхойлолт шүүхэд гаргаж өгч байгаа юм бэ гэж асуухад би тийм зүйл бичиж өгөөгүй. Р.О над дээр ирээд би өмнө нь таньд ажиллаж байхдаа 450000 төгрөгийн цалин авч ажилладаг байсан энэ талаараа тодорхойлолт гаргуулж авмаар байна гэхээр нь би Монгол бичиг үсэг мэдэхгүй чи бичээд ир би гарын үсэг зурья гэж хэлж байсан, гэтэл өөр утгатай зүйл дээр миний гарын үсэг зурулусан байна Би цагдаагийн байгууллагад хандана, миний бичгийн хэв мөн үү биш үү гэдэг талаар, мөн миний нэр хүндэд халдсан байна гэж хэлсэн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэргийн 22-23 дугаар талд авагдсан тайлбарт гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байсан боловч шүүх түүнээс тодруулахад: хэргийн 89 дүгээр талд 2019.04.11-ний өдөр Шүүхэд хариу тайлбар гаргах нь: хавтаст хэргийн 22, 23 дугаар хуудсанд байгаа хариу тайлбар миний тайлбар мөн болно гэж бичиж гарын үсэг зуржээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ү.Т холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 2 677 000 төгрөг, сул зогсолтын 810 000 төгрөг, нийт 3 487 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ү.Т үйл ажиллагаа явуулж байсан Мажисти фитнес төвд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна гэж үзлээ.

Нэхэмжлэгч буюу ажиллагч Р.О нь хариуцагч буюу ажиллуулагч Ү.Т тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч Ү.Т хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн заалттай байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй ажлын хөлсний үлдэгдлээ ...Ү.Т сарын цалинг 450 000 төгрөгөөр тохиролцож, нийт 11 сарын хугацаанд бүтэн ажилласан байхад уг хөлсийг бүрэн олгоогүй учир дутуу олгосон нийт 2 677 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа боловч энэхүү шаардлагаа бичгийн нотлох баримтаар нотолсон байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан заалтыг нэхэмжлэгч биелүүлэх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Тодруулбал, хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Р.О гарын үсэг зурсан баримт нь миний хар дэвтэрт бичигдсэн..., 11 сарын цалин хөлс өгөөгүй гэдэг боловч яг үнэндээ тухай бүр нь надаас цалин хөлсөө авсаар байсан...шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн... гэж маргаж байгаа хариуцагч талын татгалзлыг нэхэмжлэгч тал няцаах нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуульчилсан байхад энэхүү хуульд заасан заалтыг Р.Оюун хангаагүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн М.Ж Тодорхойлолт гэсэн /хх-8 талд/ баримтад ...Үйлчлэгч Р.О 450,000 төгрөгийн цалингаа амаар тохирсон үнэн болохыг тодорхойлов гэж бичигдсэнийг нь шүүх маргааны зүйл болсон ...сарын хөлсийг 450 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн зохигчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заасны дагуу М.Жанибекийн Тодорхойлолт-д ...450,000 төгрөгийн цалингаа амаар тохирсон... гэж бичигдсэн нь бусад баримтаар давхар нотлогдоогүй ба энэхүү хуулийн заалтад заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж шүүх үнэлэх боломжгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй байна.

Хариуцагч Ү.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө, өмгөөлөгч сонгон авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9 цаг хүртэл хойшлуулаад, талуудад хуралдааны товыг мэдэгдэж, баримтад гарын үсэг зуруулсан байхад хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус хуралдаанд ирээгүй учир шүүх хуралдааныг нээж, Ү.Т шүүхэд өгсөн ..... дугаарын утасруу нь залган спикрээр буюу чанга яригчаар нь хуралдаанд оролцогч нарт хариуцагчийн утсаар тайлбарласныг сонсгоход: ах нас барсан учир Баян-Өлгий аймагт явж байна. Ажил явдалтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн, мөн хэргийн 84 дүгээр талд ...Н, Б нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрч асуулгах хүсэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж, нотлох баримт гаргах, өмгөөлөгч сонгох эрхийг нь эдлүүлэхээр тухайн шүүх хуралдааныг дахин хойшлуулж, хариуцагчид хуралдааныг хойшлуулсан талаар болон шүүгчийн захирамжаар хариуцагчаас гаргуулахаар заасан нотлох баримтыг шүүхэд авчирч өгөхийг сануулж, удаад дараа утсаар шаардаж, ярсан тэмдэглэлүүд үйлдсэн боловч за, удахгүй хөдөөнөөс баримтаа аваад очно, маргааш очино гэж удаа дараа тайлбарласан боловч хариуцагч шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ба нэхэмжлэгч тал хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Тухайн маргааны хувьд хэдийгээр хариуцагч тал татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй хэдийч нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг гаргаж, бүрдүүлэн өгөх, нотлох зарчмыг хэрэгжүүлэх үүргийг хангасан эсэхэд шүүх эхлээд дүгнэлтийг хийх ба дараа нь хариуцагчийн татгалзлын үндэслэл, түүний тайлбар, нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлахдаа NOTEBOOK гэсэн бичигтэй жижиг, бор шаргал өнгөтэй тэмдэглэлийн дэвтрийн ар талын хэсэгт ажилласан хугацаа, авсан болон аваагүй цалингаа тэмдэглэсэн гэж тухайн дэвтрээс харж тайлбарласан тул шүүх уг тэмдэглэлийн дэвтрийг нь хүлээн авч тухайн дэвтэрт тэмдэглэгдсэн зүйлийг тодруулан асууж, он, сар, өдөр бичигдэж, хэд хоног ажилласан, хэдэн төгрөгийн цалин авсан болон авсан гэх цалин нь тавигдаагүйгээр цалин бүтэн авлаа гэж тэмдэглэгдсэн байдлыг нь шинжлэн судлахад: 2016.07.04-ээс-07-20 8 хоног-120,000-г 08-1 авлаа, 2016.07.21-с 08.05-ны цалин (15 хоног цалин) 08-08-нд, 19-ны 110 төг авлаа, 08-06-20-ны 24-нд 110,000, 8-21-09-5-ны цалин 09-08-нд 150 төг авлаа. 09-6-20-ны цалин 150+20 их цэвэрлэгээ=170,00 09-22-нд авлаа, 09-21-X-05-ны цалин Х-9-нд авлаа, 10-6-20-ны цалин авлаа. 26, 30-нд авлаа. 2016.ХI-05-ны цалин ХI-р сарын 11, 12-нд авлаа, 2016.6-20-ны (11, 21) цалин авлаа. 14х 2016.ХI-21-12-05-ны цалин авлаа, ХII-21-2017-01-5-ны ХII-05-ХII-20-24, 26-нд авлаа, 2017-07-нд бүтэн авлаа, 2017-01-6-20-ны цалин 19, 23-нд бүтэн авлаа, 2017-01-21-с 2-р 5-ны цалин 2-8-нд авлаа, 2017.02.6-20-ны цалин-!, авсан нь 2017-04-1-нд 04-1-нд 48,000, 04-4-100,000, 04-23-35,000, 04-24-80+60, 05-8-100,000, 2017-02-05-20-ны 15 хоног 180 000!, 02-21-3-5-15 хоног-8 хоног=96.000!, 03-6-03-20 бүтэн=180.000!, 03-21-04-5 16 хоног 192,000!, 04-6-04-21 15 хоног 04-21-05=180.000!, 5-15 хоног=180.000!, 05-05-05-20 15 хоног-120.000! 05-21-06-02 14 хоног -168.000! гэж бичигдсэнээс авсан гэх цифрээр бичигдсэн цалингийн нийлбэрийг тооцоход нийт 1 083 000 төгрөгийг авсан гэх тооцоо гарч байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017-02-05-20-ны 15 хоног 180 000!, 02-21-3-5-15 хоног-8 хоног=96.000!, 03-6-03-20 бүтэн=180.000!, 03-21-04-5 16 хоног 192,000!, 04-6-04-21 15 хоног 04-21-05=180.000!, 5-15 хоног=180.000!, 05-05-05-20 15 хоног 120.000!, 05-21-06-02 14 хоног 168.000! гэж бичигдсэн хэсгийг нэхэмжлэгч нь цалин авах ёстойгоо аваагүй тул анхааруулах тэмдэг тавьж тэмдэглэсэн гэж тайлбарласан боловч энэхүү аваагүй гэж анхааруулах тэмдэглэгээтэй бичигдсэн цифрийн нийлбэрийг тооцоолоход 1 296 000 төгрөгийн дүн гарч байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн хариуцагчаас цалинд 2 237 000 төгрөг авсан гэж шүүхэд тайлбарлан аваагүй дутуу цалин 2 677 000 төгрөг гаргуулана гэсэн нэхэмжлэлийн шаардлага энэхүү дэвтэрт тэмдэглэсэнтэй тус тус зөрүүтэй, түүнчлэн эдгээр бичигдсэн зүйл нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байх тул энэхүү тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэнийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон сул зогсолтын цалин хөлс 810 000 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй болохыг дурдаж, тайлбарласан бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн харилцааны зохицуулалт хамаарахгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Харин шүүх, хариуцагчийн тайлбарт 3. Ү.Т миний бие нэхэмжлэгч Р.О нэг сарын цалин хөлсний үлдэгдэл өгөх асуудал бол байгаа гэж бичигдсэнийг нь мөн Цалин хөлс дээр сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан. гэж тус тус тайлбарласныг нь хүлээн авч нэхэмжлэгч Р.О нэг сарын цалин хөлс болох 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Ү.Т гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.О хариуцагч Ү.Т дутуу олгогдсон ажлын хөлсний үлдэгдэлд гэх 2 677 000 төгрөг гаргуулах хэсгээс 350 000 төгрөгийг хангаж, үлдэх 2 327 000 төгрөг болон сул зогсолтын мөнгө гэх 810 000 төгрөг, нийт 3 137 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.Т нэг сарын ажлын хөлс 350 000 /гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.О олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3 137 000 /гурван сая нэг зуун гучин долоон мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 750 /далан мянга долоон зуун тавь/ төгрөгөөс 70 742 /далан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 8 /найм/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ү.Т улсын тэмдэгтийн хураамжийн 11 150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.О олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.