Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 74

 

 

 

 

      

 

 

 

 

  2019         10            23                                             2019/ДШМ/74

 

 

 

С.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Б.Догмиддорж,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

           Шүүгдэгч: С.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Бэд холбогдох, эрүүгийн 1820002520124 дугаартай, 1 хавтас, 221 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Амондагийн 1 дүгээр гудамжны 37 тоотод оршин суух хохирогч Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрт байсан хивс, тоос сорогч зэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан,

           мөн 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Мөнгөн шонхорын 4 дүгээр гудамжны 13 тоот хашаанаас хохирогч Ж.М-н эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Хаожэ” маркийн мотоциклийг хулгайлсан,

 мөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Нарны 2 дугаар гудамжны 01 тоот хашаанаас Ч.М-н эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Хаожэ” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

          Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Б-г 1 жил 5 сар хорих ялаар шийтгэж,

 

          Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

          Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 41 размерын хар өнгийн үдээстэй цахилгаантай пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-д, Скарлет гэсэн бичигтэй улаан хүрэн өнгийн тоос сорогч 1 ширхэг, Эрдэнэт гэсэн бичигтэй шаргал өнгийн 150 см өргөнтэй, 4 метрийн урттай хивс 1 ширхэгийг хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Амандогийн 1-37 тоотод оршин суух Д.Б-д тус тус олгож,

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс гаргасан зардал 140000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100061405001 тоот дансанд оруулж,

 

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

 

           Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд ямар нэгэн хохирол төлбөргүй, учруулсан гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа цаашдаа нийгэмд биеэ зөв авч явж ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн оногдуулах боломжтой юм. Шүүгдэгчийн эхнэр М нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд дан ганц С.Б-ийн орлогоор бага насны хүү Б нар нь амьдардаг бөгөөд С.Б нь одоо ажиллаж байгаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-д цаашдаа ажиллаж тогтсон ажил хөдөлмөр эрхлэх тул хэргийг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Иймд хохирол төлбөргүй, хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өөрчилж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Үүнийг харгалзан үзэж бага ял оноож өгнө үү гэв.

 

Хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж би давж заалдах шатны шүүх хуралд дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч С.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүх С.Б-д хорих ял оногдуулахдаа өөрийнх нь хувийн байдал үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан уг ялыг оногдуулсан. Мөн шүүгдэгч С.Б-д ял оногдуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлыг харгалзан үзвэл түүнд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтэй нь тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудаар хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар энэ хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэлийг зөвтгөж хэрэглэсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүйг залруулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10-р сарын 16-17-нд шилжих шөнө иргэн Ж.М-н “ХАОЖЭ” маркийн мотоциклийг, 10-р сарын 26-ны өдөр Ч.М-н “ХАОЖЭ” маркийн мотоциклийг, 11-р сарын 05-ны шөнө Д.Б-н гэрийн цоожийг эвдэж орон гэрээс нь хивс, тоос сорогч зэргийг тус тус хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Ж.М, Ч.М, Д.Б нарын мэдүүлгүүд /хх-ийн 13-14, 65-66, 108-109/ болон гэрч С.Отгонбат, Д.Жавзанцогзол, С.Ганзориг, Х.Бямбасүрэн, С.Баярмагнай нарын мэдүүлгүүд /хх-ийн 15-16, 17-18, 19-20, 67, 136-137/, хэргийн газрын үзлэг /хх-ийн 3-5, 54-56, 100-106/, хулгайн эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-49/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-63/ зэргээр тус тус нотлогдон тогтоогддог ба шүүгдэгч С.Б нь эдгээр гэмт хэргүүдийг үйлдснээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээрээ хүлээн зөвшөөрдөг болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хэргийн бүх үйл ажиллагааг хянан хэлэлцвэл хохирогч Д.Б-н хөрш О-с цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж 2018 оны 11-р сарын 20-нд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч 2018 оны 10-р сард хулгайлсан хохирогч Ж.М, Ч.М нарын мотоциклиудыг тэрээр хулгайлснаа хүлээн мэдүүлснээр  гэмт хэрэг тус бүрд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, түүнд холбогдох гэмт хэргүүдийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-р зүйлийн 1, 7-р зүйлүүдэд зааснаар нэгтгэж мөрдөн байцаалт явуулсан ба хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогчдод танилцуулсан, тэдгээрээс хэрэгт нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Прокурор яллагдагч С.Б-г хохирогч Ж.М, Ч.М нарын “ХАОЖЭ” маркийн мотоциклиудыг тус тус хулгайлсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-т зааснаар, хохирогч Д.Б-н гэрийн цоожийг эвдэж нэвтэрч хивс, тоос сорогч хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн 3 удаагийн хулгайлах гэмт хэргийг “үргэлжилсэн нэг гэмт  хэрэг” үйлдсэн гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хуулийн зүйлчлэлийг дангаар нь хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй зөв болсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-р зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-р зүйлийн 4-т “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл прокурор яллагдагч С.Б-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийг 2018 оны 12-р сарын 04-ний өдөр, 2018 оны 12-р сарын 11-ний өдөр тус тус хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 97, 145/ гаргаж нэгтгэсэн байж яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь дээрх хуулиудад нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг анхан шатны шүүх зөвтгөсөн байна.

 

Харин анхан шатны шүүх ийнхүү хуулийг хэрэглэхдээ шийтгэх тогтоолд заагаагүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж шийтгэх тогтоолд нэмж заалт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ж.М, Ч.М нарын өмчлөлийн мотоциклиудыг гэрийн гаднаас, хохирогч Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн гэрээс хивс, тоос сорогч хулгайлсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэсэн шинжүүдийг тус тус хангасан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жилийн хорих ял “ шийтгэхээр заасан боловч анхан шатны шүүх түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж 1 жил 5 сарын хорих ял оногдуулсан нь хүнд биш гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6-д заасан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилсүгэй.” гэж нэмж өөрчилж, тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  дугаар заалтуудыг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 болгон дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Бийн 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС