Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01568

 

  

Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00493 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дүгээр магадлалтай,

 

Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Буянбат, Б.Буянгэрэл нарт холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012682 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Ариг банк ХХК-иас 2015.03.04-ний өдөр 2105006178 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдсөн. Улмаар зээлдэгч Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь нийт 80,140,167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба талуудын эвлэрлийг тус шүүхийн 2016.08.30-ны өдөр 184/ШЗ2016/03002 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Хариуцагч нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2016.09.30-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулан, үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг Ариг банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр ажиллагаа дуусгавар болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нар нь тус орон сууцанд амьдарч байгаа тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь Ариг банк ХХК-тай 2015.03.04-ний өдөр 2105006178 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 36 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй болсон тул маргаан үүсгэлгүй 80,140,167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснээр шүүгчийн захирамж гарсан. Маргаан бүхий орон сууцыг Ариг банк ХХК нь хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх ёстойг ухамсарлаж байна. Хариуцагч нар одоог хүртэл дээрх орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Ариг банк ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгийг түр манай нэр дээр шилжүүлчих, төлбөрийг төлөөд дууссан тохиолдолд буцаагаад өгнө гэсэн ойлголт өгснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчийн хэлсэн үгийг хариуцагч нар бичиж өгсөн болохоос өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж бичээгүй болно. Үүнээс үзэхэд биднийг хуурч хууль бусаар орон сууцны өмчлөх эрхийг Ариг банк ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017.10.30-ны өдөр бичсэн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот орон сууцыг төлбөрт тооцон Ариг банк ХХК-д шилжүүлнэ гэсэн агуулгатай хүсэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой. Мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2017.10.30-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг Ариг банк ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус байр нь манай банкинд шилжиж ирэх үед хариуцагч нар аав, ээжийн хамт амьдарч байсан ба зээлийн үлдэгдэл мөнгийг удахгүй төлж дуусгана хугацаа өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргасан. Банкны зүгээс үлдэгдэл мөнгийг төлөөд дуусгавал үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн өгөх талаар Б.Буянбат, Б.Буянгэрэл нарт хэлж байсан. 2017.10.30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлнэ, орон сууцаа буцаан авна гэсэн боловч одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. Банкнаас удаа дараа зээлээ төлөх болон байрыг суллаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэгт хариуцагч нарын өөрсдийнх нь гараар бичиж өгсөн нотариатаар баталгаажуулсан хүсэлт авагдсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцыг одоог хүртэл ашиглаж байгаа ба түрээсийн төлбөрийг ч төлөлгүйгээр банкийг хохироож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00493 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч нарын Ариг банк ХХК-д холбогдуулж 2017 оны 10 сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ариг банк ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч нарын Ариг банк ХХК-д холбогдуулж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2020/03815 дугаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Өөрөөр хэлбэл хөрөнгө барьцаалагч буюу нэхэмжлэгч нь үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд авах эрхгүй, харин эд хөрөнгийг захиран зарцуулсан орлогоос өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй байхаар хуульд заажээ гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэсэн нь Иргэний хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр юм. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаан бүхий 4 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр төлбөртөө тооцон хуулийн дагуу мэдэлдээ авч өмчлөгч болсон гэх үйлдэл хууль бус болсон тухай, маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзсэн нь тухайн иргэний хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж дүгнэсэн байна. Ийнхүү үзэхдээ зөвхөн орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон ба энэхүү бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж үзжээ. Эндээс харахад давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай гэж үзэх бүрэн боломжтой. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн миний бие дүгнэж байна. Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 814 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 184/ШШ2020/00493 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нар нь зээлийн гэрээний үүрэгт 80,140,167 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 136 тоот хаягт байрлах 56 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэлт гаргаж, өмчлөх эрхийг банкинд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр байх тул орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Хариуцагч нар ...нэхэмжлэгч нь хууран мэхэлж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэжээ.

 

2.   Анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээргүй бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг шууд өөрийн өмчлөлд авах эрхгүй, харин эд хөрөнгийн орлогоос өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй, ...хариуцагч нар орон сууцыг төлбөрт тооцон авахыг санал болгосон эсэх нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, ...улмаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч нар эзэмшсээр байгаа тул тэдний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй... гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг, ...хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй... гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

 

3.   Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

4.Тухайлбал, хариуцагч нар нь Ариг банкнаас 2015 онд авсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 80,140,167 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрснийг 2016 онд шүүгчийн захирамжаар баталгаажуулж, улмаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017.10.30-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 136 тоот хаягт байрлах 56 м.кв талбай бүхий орон сууцыг төлбөрт шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017.11.02-ны өдрийн 1/27142 дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичгээр орон сууцыг Ариг банк ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, тус орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтыг тогтоогдсон.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

5. Тус байранд зээлдэгч нарын эцэг, эх амьдарч байгаа, төлбөрийг төлж дуусгаад байрыг буцаан авах тухай хариуцагч нарын хүсэлтийг банк зөвшөөрсөн боловч энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй, улмаар 2019.01.10-ны өдрийн Хөрөнгө чөлөөлөх мэдэгдэлд хариуцагч Б.Буянгэрэл: ...2019.02.15-нд байрыг суллах буюу зээлийг бүрэн төлж барагдуулна, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхөд гомдолгүй... гэсэн хүсэлтийг хүргүүлж байжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд энд хэдийгээр нэхэмжлэгч нь өмчлөгч байхыг шаардах боловч хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байхыг анхаарна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нар өөрийн хүсэлтээр орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тодорхой хугацаанд буюу зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл хугацаагаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших хүсэлт гаргасныг банк хүлээн зөвшөөрч байсан тул энэ хугацаанд орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх ба харин орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргасан, нөгөө талаас 2019.02.15-ны өдрөөс хойш хариуцагч нарыг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжтой.

 

Дээр дурдснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Нэгэнт төлбөр төлөгчийн хүсэл зоригийн үндсэн дээр орон сууц банкны өмчлөлд шилжсэн бөгөөд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангаас 2020.05.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД