Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2020/00493

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

        

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Өөрийн байр, “Ариг банк” ХХК-ийн //-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар  хороо, 33 дугаар байр, 136 тоотод оршин суух, Жугна овогтой Буянжаргалын Буянбат,

            Жугна овогтой Буянжаргалын Буянгэрэл нарт холбогдох,

 

 

   Орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Хэлцэл  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, гэрч О.Анхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.   

     

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“...Иргэн Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012682 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Ариг банкнаас 2015 оны 03 сарын 04-ний өдөр 2105006178 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн хэрэглээний зээл авсан. ...Зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдөж байсан. Ариг банкны зүгээс иргэн Б.Буянгэрэлтэй эвлэрэн тохиролцож улмаар ...тус шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдөр 184/ШЗ2016/03002 тоот шүүгчийн захирамж гарч  зээлдэгч Б.Буянгэрэл нар нь 80 140 167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Хариуцагч Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2016.09.30-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн ШШГГ ажиллагаа явуулж, үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг “Ариг банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгч албадах ажиллагаа дуусгавар болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа тул хариуцагч нарыг орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан   тайлбар ба сөрөг нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Буянгэрэл, Б.Буянбат нар нь Ариг банкнаас 2015 оны 03 сарын 04-ний өдөр 2105006178 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн хэрэглээний зээл авсан. Зээлийг жилийн 36 хувийн буюу сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй авч зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 мкв  4 өрөө  орон сууцыг  барьцаалсан байна.  Хүндэтгэн үзэх  шалтгааны  улмаас  үүргээ  биелүүлэх боломжгүй болсон тул маргаан үүсгэлгүй 80 140 167  төгрөгийг  төлөхөөр   эвлэрч шүүгчийн  захирамж гарсан  байдаг.

 Хариуцагчийн зүгээс тухайн орон сууцыг нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин  зээлийн  төлбөрийг төлөх  үүргээ   биелүүлэх ёстойг  ухамсарлаж байгаа. Хариуцагч нар  одоо ч  энэ  байрандаа  амьдарч байгаа. Олон  хүний  эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Сөрөг  нэхэмжлэлийн  шаардлагын  хувьд:  

Захирамжийн дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явуулахдаа  Ариг банкны зүгээс  барьцаа хөрөнгөө  түр  манай  нэр дээр шилжүүлчих,  асуудлаа шийдчихвэл буцаагаад өгнө  гэсэн  ойлголт өгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчийн хэлсэн үгийг бичиж  өгсөн  болохоос  яг өөрсдийн  хүсэл  зоригоо  илэрхийлж  бичээгүй болно. Энэ  байдлаас харахад биднийг  хуурч  хууль бусаар  бидний өмчлөлийн  байрыг Ариг банкны нэр дээр шилжүүлж  авсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах нь гэсэн 2017 оны 10 сарын 30-ны өдөр бичсэн  Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот орон сууцыг төлбөрт тооцон Ариг банкинд шилжүүлнэ гэсэн агуулгатай хүсэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх,мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой. Мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү.

Энэ байр 1988 онд ашиглалтанд орсон, байршил, байрны ашиглалтын хувьд  80 000 000 гаруй сая төгрөгөөр үнэлэх ёсгүй. Зээлийн гэрээний талуудын харилцан тохиролцон үнэлгээгээр тухайн байрыг 2015 онд 115 000 000 төгрөг гэж гаргаж байсныг одоо 80 000 000 гаруй төгрөг гэж  зээлийн үлдэгдэлд хурааж авч байгаад  гомдолтой байна. Үнэхээр тухайн байрны асуудлыг шийдэх гэж байгаа бол Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус тус заасны дагуу тухайн байрыг Ариг банкны зүгээс хуулийн дагуу процесс ажиллагаа явагдаагүй. Ийнхүү ноцтой төөрөгдүүлж хэлцлийг байгуулсан  иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа:  

“...хариуцагч нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй  тул ...Гүйцэтгэх хуудсыг үндэслэн ШШГА явуулж, 2017.10.30-ны өдөр орон сууцыг Ариг банкны өмчлөлд шилжүүлсэн. Тус байр нь манай банкинд шилжиж ирэх үед хариуцагч нарын аав ээжийнхээ хамт амьдарч байсан ба зээлийн үлдэгдэл мөнгийг удахгүй төлж дуусгана хугацаа өгөөч гэж удаа дараа тус банкинд хүсэлт тавьж байсан. ...Банкны зүгээс үлдэгдэл мөнгийг төлөөд дуусгавал уг үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн өгөх талаар Буянбат, Буянгэрэл нарт хэлж байсан. 2017 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн үлдэгдлийг удахгүй төлнө, зээлийг хаана, байраа буцаан авна гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцагч  нар нь тус банкнаас зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл хугацаа авч банкийг хохироож байна. Банкнаас удаа дараа зээлийг төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан ба байрыг суллаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ноцтой төөрөгдүүлсэн гэж яриад байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шилжээд очсон асуудал. Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн. Хариуцагч нартай уулзаад заавар өгсөн үйлдэл  болоогүй.  Хавтаст хэрэгт байгаа хариуцагч нарын өөрсдийнх нь гараараа бичиж өгсөн нотариатаар баталгаажуулсан хүсэлт байгаа. 2-рт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа явагдаж байх явцад дуудлага худалдаагаар ороод дуусдаг асуудал. Байрыг манайд шилжүүлж өгсөний дараа банктай ирж уулзаад тодорхой хугацааны дараа байраа буцааж авъя гэдэг байсан. 2017 оны 10 дугаар сард болсон асуудлаас хойш өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй, банкинд мөнгө төлөөгүй, банкны эзэмшлийн байрыг өөрсдөө одоог хүртэл ашиглаад тухайн ашиглаж байх хугацаандаа түрээсийг банкинд төлөлгүйгээр банкыг хохироож байгаа. Банкны цаана иргэд, хадгаламж эзэмшигчид мөнгөөрөө хохирч байгаа. Манай зүгээс хариуцагч нартай зөндөө уулзаж мөнгөө төлөөд байраа ав гэсэн санал тавьж байхад 2-3 жил арга төлөх талаар хэмжээ аваагүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

 

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК  нь хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нарт  холбогдуулан тэдний хууль бус  эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч уг сууцанд  гэр бүлийн гишүүд болон аав, ээжийнхээ хамт амьдардаг гэж маргаж,

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д холбогдуулж 2017 оны 10 сарын 30-ны өдрийн  хэлцлийг  хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ:  “...2016 оны 08 сарын  30-ны өдрийн 03002 тоот шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул                                                                                                         2016 оны 09 сарын 30-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны дагуу Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 мкв 4 өрөө орон сууцны өмчлөх эрх “Ариг банк” ХХК-ийн өмчлөлд шилжиж, рд:2111683 дугаарт бүртгэлтэй гэрчилгээ 2017 оны 11 сарын 07-ны өдөр бичигдэж, тус банкны өмч тул хууль бус  эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарлаад:

 Нотлох баримтаар зээлийн болон барьцааны гэрээ, хөрөнгө чөлөөлөх тухай мэдэгдэл, эрх шилжүүлэх тухай албан тоот, гүйцэтгэх хуудас,  2016 оны  08 сарын  30-ны өдрийн 03002 тоот  эвлэрлийн гэрээ  баталсан шүүгчийн захирамж,  2017 оны  11 сарын  07-ны өдөр бичигдсэн ҮХЭХӨЭУБ-ийн  гэрчилгээ, хариуцагч нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлт зэрэг /хх-6-19/ бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.

 

 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа: “...Тус орон сууцанд гэр бүлийн бусад гишүүдийн хамт аав, ээж амьдардаг тул чөлөөлөх боломжгүй гэж тайлбарлан  нотлох баримтаар Б.Буянбатыг Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, өнөр хороолол  33-р байр, 136 тоотод суудаг гэх иргэний үнэмлэхний цахимаар авсан лавлагаа, Б.Буянгэрэлийг уг байранд бүртгэлгүйг тодорхойлсон Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны Засаг даргын  тодорхойлолт, /хх 82-83/, тайлбар, хүсэлт зэргийг ирүүлжээ.

 

 Тэрээр 2017 оны 10 сарын 30-ны өдөр “...орон сууцыг төлбөрт тооцон Ариг банкинд шилжүүлэн өгнө...” гэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн “...түр шилжүүлчих, дараа нь буцааж өгнө...” гэж хэлсэнд хууртагдсан. Тухайн байгууллагын албан тушаалтны заавраар түүний хэлсэн үгийг бичсэн. Өөрийн хүсэл зоригийг илэрхийлж бичээгүй. Энэ талаар шүүх хуралд  гэрчээр оролцсон О.Амаржаргалын  “...нөхөр Б.Буянбат хиймэл хөлтэй учир аливаа асуудалд би байнга хамт явдаг. Тухайн бичгийг үйлдэх үед Ариг банкны болон, шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь өөрөө хэлж өгөөд манай хадам эгч Б.Буянгэрэл бичсэн...” гэх тайлбар нотолно гэж  маргаж  байна. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Ариг банк” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч нь итгэмжлэл олгосон ба, бүрэн эрхт төлөөлөгчид удирдлагын эрх, үүргийг  шилжүүлсэн Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалыг ирүүлсэн байна. /хх-86-87/,

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.  Үүнд:

        

Хариуцагч нар “Ариг  банк”  ХХК-тай 2015 оны 03 сарын 04-ны өдөр 105006178 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөг зээлсэн ба зээлийн барьцаанд  Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 мкв 4 өрөө орон сууцыг  барьцаалсан байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Ариг банк” ХХК нь  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүх дэхь  эвлэрүүлэн зуучлалд хандсан байна. Талууд эвлэрснээр тус шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдөр 184/ШЗ2016/03002 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нарын 80 140 167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 99 дугаартай эвлэрлийн гэрээг баталсан болох  нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон  хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-14-15/,  

Нэхэмжлэгч нь шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 09 сарын 30-ны өдөр бичүүлжээ. 2017 оны 10 сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт бичиж хариуцагч Б.Буянгэрэл гарын үсэг зурсан байна. /хх-17/,  

Хэргийн 18 дахь талд авагдсан баримт хэн гарын үсэг зурсан эсэх тодорхой бус баримт, эрх шилжүүлэх тухай 2017 оны 11 сарын 02-ны өдөр бичсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, хөрөнгө чөлөөлөх тухай мэдэгдэл, маргаан бүхий  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 11 сарын 07-нд  бичигдсэн зэрэг үйл явдлууд болсон болох нь дээрх баримтаар тогтоогдож байна. /хх-11-12, 19/,  

 

Талууд зээлийн төлбөр болох 80 140 167 төгрөг төлөх талаар маргаагүй байна.     

                     

Дээрх  нөхцөл  байдлуудаас дүгнэж  үзэхэд:

          

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн  106.1-д “...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.3-д “...шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал ...зөрчигдсөн эрхээ хамгаалуулна...” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний  дагалдах эрх болох барьцааны эрхийг үндэслэн үүргээ биелүүлээгүйгээс маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх үүссэн талаар тайлбарласан байна.

Талуудын хоорондох маргааныг эрх зүйн талаас нь дүгнэвэл: “...барьцааны эд хөрөнгийг өмчлөх эрхийг барьцаалуулагч буюу хариуцагч эдэлдэг учраас барьцаалагч буюу  нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийн эрх үүсэхгүй байхаар хууль зохицуулсан байна.

 

 Харин  хариуцагчийн  эзэмшил хууль бус байх нөхцөлд хангагдхаар заажээ. 

 Өөрөөр хэлбэл хөрөнгө барьцаалагч буюу нэхэмжлэгч нь үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд авах эрхгүй, харин эд хөрөнгийг захиран зарцуулсан орлогоос өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй байхаар хууль заажээ.

 

 Гэтэл талуудын тайлбар болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээргүй бөгөөд хариуцагч нарын хууль ёсны эзэмшил хэзээ дууссан эсэх, орон сууцыг төлбөрт тооцон авахыг санал болгосон эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

Хэргийн 6-19 дэх талд авагдсан нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй байх тул хэрэгт ач холбогдолгүй  гэж үнэлэв.

Түүнчлэн хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцыг хууль  бус  эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд одоо ч тухайн байранд Б.Буянбат гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг. Тус орон сууцны өмчлөгч  байсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байгаа ба эзэмшил нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.    

 Тэрээр хариуцагч нараар “орон сууцыг төлбөрт тооцон “Ариг банкинд шилжүүлэн өгнө” гэх агуулгатай бичгийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр бичүүлснээр орон сууцыг өөрийн мэдэлд авч гэрчилгээ бичүүлсэн гэх үйлдлийг хариуцагч нар тохиролцоогүй, бодит  байдалд орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ шилжүүлээгүй байна .   

 

 Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Ариг” ХХК нь  маргаан бүхий 4 өрөө  орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр төлбөртөө тооцон хуулийн дагуу мэдэлдээ авч өмчлөгч болсон гэх үйлдэл хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа гэх үндэслэлээр шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                   

Сөрөг нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...Нэхэмжлэгчид холбогдуулан хариуцагч нарын өмчлөлийн байрыг “Ариг банк” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлж авахдаа 2017 оны 10 сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан  Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот  орон сууцыг төлбөрт тооцон  Ариг банкинд шилжүүлнэ  гэсэн агуулгатай  хүсэлтийг  хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрч О.Амаржаргалын мэдүүлэг нотолно гэж   тайлбарласан  байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад маргаан бүхий байр                                                                                                          1988 онд ашиглалтад орсон, байршил, байрны ашиглалтын хувьд 80 000 000 төгрөгөөр үнэлэх ёсгүй. Зээлийн гэрээнд тухайн байрыг 115 000 000 төгрөг гэж үнэлсэн. Одоо 80 000 000 гаруй төгрөг гэж зээлийн үлдэгдэлд хурааж авч байгаад гомдолтой гэж тайлбарлаж  байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн  73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж хүсэлтийг хангаж, 2020 оны 01 сарын 23-нд  №01422 дугаар захирамжаар хангасан байна. /хх-72-75/,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны  болон шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  55 дугаар зүйлийн  55.7-д заасан үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан гэж үзлээ.  

Түүнчлэн хариуцагчийн бичсэн “хүсэлт” гэх бичгийг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан нь эрх зүйн хувьд алдаатай томъёолол хэрэглэсэн ба Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1-д заасан үндэслэлүүдийн аль үндэслэлд хамаарах эсэхээ баримтаар нотолж чадахгүй байгаа ба гэрч О.Амаржаргалын мэдүүлэг хамааралгүй, ач холбогдолгүй гэж үнэлэв.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д холбогдуулж шийдвэрлэхэд учир дутагдалтай тул бүхэлд нь хэрэгсэхгүй  болгов.     

                 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 мкв 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.Буянбат, Б.Буянгэрэл нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

        

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч нарын “Ариг банк” ХХК-д холбогдуулж 2017 оны 10 сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг тус тус  улсын оролгод хэвээр үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ