Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 120/ШШ2022/0003

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Прокурор: Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Амгалан,

Хариуцагч: Өмнөговь аймгийн дэх ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.*******-Очир,

Прокурорын дүгнэлтийн шаардлага: Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бат-Эрдэнийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Амгалан нь Өмнөговь аймгийн дэх т холбогдуулан Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бат-******* (хариуцагчийг прокурорын хүсэлтээр сольсон) -ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт шүүхэд гаргасан.

2. Өмнөговь аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 19:30 цагт Хилийн цэргийн 0166-р ангийн 0324-р салбарын шалгагч, дэслэгч М.*******аас харилцаа холбооны хэрэгслээр гаргасан мэдээллийн дагуу мөн өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Шивээхүрэн дэх Гаалийн газрын нүүрс тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх цогцолбор, гаалын хяналтын бүсэд Х.*******ын өөрийн унаж явсан, ******* ХХК-ийн Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, Х.*******ыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт (133700 юань)-ийг гаалийн байгууллагад мэдэгдэхгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1 дэх хэсэгт заасан үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзээд Х.*******д 8,849,669.65 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Улсын байцаагч 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн талаар дээрх мэдээллийг хүлээн авсан тухай, эрх бүхий албан тушаалтан үзлэг хийн 133700 юанийг хураан авч хураагдсан эд зүйлийг хадгалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл үйлдэн, холбогдогчоор Х.*******, И.******* (133700 юанийн эзэн гэх), гэрчээр Х.******* (******* ХХК-ийн жолооч гэх), Н.******* (Хилийн цэргийн 0166-р ангийн 0324-р салбарын Хангалт эрхэлсэн орлогч гэх) нарыг асуусан зэрэг ажиллагааг явуулж, улмаар уг зөрчлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус аймгийн Прокурорын газраас Х.*******ын гаргасан гомдлын дагуу ГМ1521008 дугаартай зөрчлийн материалыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр татаж хянаад прокурорын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг мөн өдөр шүүхэд ирүүлжээ.

4. Прокурор Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

Зөрчлийн ГМ1521008 дугаартай материал болон иргэн Х.*******аас гаргасан гомдлыг хянахад Х.******* нь ажил үүргийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ковид-19 цар тахлын халдвар гарсан шалтгаанаар тусгаарлалтад орсон жолооч Х.*******гийн жолоодож дараалалд оруулсан байсан 63-51 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж, улсын хилээр гарахаар очсон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 133.700 юань байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь тогтоогддог. Тодруулбал, Х.******* нь ажил үүргийн дагуу тухайн өдөр тээврийн хэрэгслийн жолоодож орохоор явсан учраас энэ тээврийн хэрэгслийг жолоодоод явах шалтгаан бий болсон. Машинд юань байсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, *******ыг ирэх хүртэл мэдээгүй байсан нь тогтоогдсон байдаг.

Уг хураагдсан мөнгө нь иргэн И.Эрдэнийн мөнгө байсан болох нь түүний холбогдогчоор өгсөн мэдүүлгээр нотлогддог ба тухайн мөнгийг жолооч Х.*******д хэлж, машинд нь хийсэн болох нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иргэн И.******* нь машинд хийсэн мөнгөө хяналтын бүсэд орохоос өмнө эргүүлэн авахаар өөрийн танил болох Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0324 дүгээр салбарын хангалт эрхэлсэн орлогч Н.*******д мэдэгдэн мөнгөө авч өгөхийг гуйсан боловч Н.*******, М.Бүрэнбаатар нар нь тухайн мөнгийг Гаалийн хяналтын бүсээс өөрсдийн хяналт, шалгалтаар илрүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн, тухайн зөрчлийн хэргийн холбогдогч биш иргэн Х.*******д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хилийн цэргийн ажилтан ******* нь хилийн хяналтын цэг дээр очихоос өмнө энд мөнгө байна гэдгийг тогтоосон. Хэрэг шалгах ажиллагааны явцад буцаагаад хий гэж хийлгэсэн байдаг. Үүнээс харахад хилийн цэргийн ажилтан зөрчил үйлдэхэд оролцоотой юу, ямар нэгэн байдлаар хатгаж зөрчил үйлдүүлсэн байж болзошгүй ийм байдал тогтоогддог. Энэ нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хүний эрхийн зөрчил гэж хэлээд байгаа нь мөнгө хилээр гаргах зорилгогүй тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан хүнийг торгож шийтгэсэн нь тогтоогдож байгаа. Хилээр нууж гаргах зорилго байсан гээд мөнгөний эзэн ******* яриад байхад холбогдогчоор оролцуулсан хирнээ түүнд ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй, харин тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдгээр нь ******* гэдэг хүнийг шийтгэсэн. Энэ нь зөрчил үйлдсэн этгээдэд өөрт нь шийтгэл ногдуулахгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй, зөрчил үйлдсэн этгээдийг шударгаар олж тогтоон шийтгэл хүлээлгэх нь хууль нийцнэ гэж үзэж байна. Эдгээр байдлуудад дүгнэлт хийхэд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд шийтгэлийн зорилгыг заасан байхад зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоохын оронд гаалын хяналтын талбай руу оруулж ирээд зөрчил илрүүллээ гэж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй.

Иймд зөрчлийн хэрэг нээж хэргийн үнэн зөв бодит байдлыг шалгаж тогтоогоогүй, ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, тухайн зөрчлийг үйлдсэн холбогдогчийг олж тогтоох, шийтгэлийн хуудас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардагыг хангаагүй, хураан авсан мөнгийг бичиж ямар журмаар шийдэх талаар шийдвэрт тусгаагүй нь хуульд нийцээгүй тул Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бат-Эрдэнийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Гаалын Улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсын дагуу буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, төрийн албан хаагчийн үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байна. *******, ******* бусад хүмүүс энэ зөрчлийг тогтоож, нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр зөрчлийн шийтгэлийг гаргасан, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Х.******* гэдэг жолооч тээврийн хэрэгсэл ашиглаж 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 14 цагт гийн Гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн, хилийн цэргийн хяналт шалгалтаар орох үед хилийн цэргийн шалгагч ******* тухайн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулахад хар өнгийн уутанд боодолтой байдалтай их хэмжээний гадаад валютыг илрүүлсэн.

Энэ талаараа ******* эрх бүхий албан тушаалтан болох Гаалийн эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлсэн байдаг. Үүнийг дэх Гаалийн ахлах байцаагч Бат-******* хүлээж аваад, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийхдээ хилийн цэргийн ахлах дэслэгч Түвшинтөгстэй хамтарч хийсэн. Үзлэгийн явцыг фото зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсан байдаг. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь жолооч Х.*******ын улсын хилээр нэвтрэхдээ унаж явсан 6351 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаажийг өөрөөр нь онгойлгуулахад хар өнгийн ууттай нийтдээ 133700 юанийг гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрсэн нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж үлдсэн. Гэрчүүд үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн өдөр холбогдогч Х.*******аас мэдүүлэг авсан, холбогдогч өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үзлэгт хөндлөнгийн гэрчүүд байлцсан мөн фото зураг, бичлэгээр баталгаажсан учраас эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасан зөрчил. Энэ нь мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар гаалийн бүсээр 15 сая төгрөгөөс дээш хэмжээний төгрөг нэвтрүүлэхээр бол үүнийг холбогдох журмын дагуу гаальд мэдүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Х.******* үнэн зөв мэдүүлэг өгөхөөс зайлсхийж гаалийн байгууллагад холбогдох журмын дагуу мэдүүлээгүй гэж үзэж 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 0245131 дугаартай Шийтгэлийн хуудсаар эрх бүхий албан тушаалтан Э.Бат-******* Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д заасныг үндэслэн гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн асуудлаар тухайн зөрчлийг үйлдсэн этгээд болох Х.*******д нийт гаргасан зөрчлийн 15 хувь болох 8,849,669 төгрөгийн торгууль ногдуулж шийтгэсэн, тухайн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юаныг хурааж авсан, үүнийг Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн.

Улмаар эрх бүхий албан тушаалтан Э.Бат-Эрдэнийн гаргасан Х.*******д холбогдох шийдвэртэй холбогдуулаад И.******* гэдэг хүн гомдол гаргасан. И.Эрдэнийн гомдлыг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар, аймгийн Ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолуудаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр болох учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан буюу энэ асуудал шийдэгдсэн.

Гэтэл эцсийн шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа Х.*******аас гомдол гаргасныг нь хүлээн авч Прокурор дүгнэлт гаргах эрх байхгүй. Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчиж аймгийн ахлах Прокурор Д.Мөнхтуяа нь Ерөнхий Прокурорын шийдвэрийг биелүүлэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчиж гаргасан. Үүнийг дээр үндэслээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 03 дугаартай дүгнэлтийг Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах Прокурор А.Амгалан гаргасан. Прокурор Д.Мөнхтуяа, А.Амгалан нар нь нэхэмжлэл буюу дүгнэлт гаргах эрхгүй. Мөн хугацаа зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн зөрчсөн гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн энэ асуудлын талаар оролцогч гомдол гаргах эрхгүй, Прокурор шийдвэрлэх эрхгүй.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээгээгүй үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан гэдэг агуулгыг Прокурор хэлээд байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гээд Зөрчлийн тухай хуульд заасан. Түүнээс зөрчлийг үйлдэхэд ашигласан эд зүйл нь хэнийх байсан тэр нь холбогдогч гэсэн агуулга байхгүй. Прокурорын дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн талаар үг үсэг байхгүй. Баримтууд дээр Х.******* өөрөө утсаар ярихдаа тэмдэглэл хийж байгаа талаар мэдэгдсэн байгаа, түүнийг Х.******* өөрөө бичээгүй, И.******* бичээд Х.******* гарын үсэг зурсан баримт юм. Хийсвэр, тогтоогдоогүй баримт дээр үндэслээд Монгол Улсын Прокурорын байгууллага дүгнэлт бичих эрх байхгүй. Прокурор шалган шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, тогтоосон зүйл байхгүй. Тиймээс энэ нь үндэслэлгүй юм.

Мөн бичээд байгаа үндэслэлүүд нь Зөрчлийн тухай хуультай хамааралгүй. Эрүүгийн процесстой адилтгаж авч үзээд байна. Яагаад гэхээр зөрчил үйлдэх санаа зорилго байсан юм уу гэдэг агуулга дурдаад байна. Зөрчил үйлдэхэд санаа зорилго байсан уу, байгаагүй юу гэдгийг шалгахгүй. Зөрчил бол санаа зорилго биш зөрчлийн үйлдлийг бодитой гаргаж байгаа зүйл. Прокурорын дүгнэлт нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн аль нэг заалтыг баримтлаагүй, үндэслэлгүй дүгнэлт байна. ******* гэдэг хүн хилийн Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс өмнө Гаалийн хяналтын бүсэд нэвтрээгүй байхад нь нэвтэрсэн мэтээр дуудлага мэдээлэл өгсөн гэдэг агуулга Прокурорын дүгнэлт дээр байдаг.

Энэ талаар гомдол Прокурорт ирж байгаа бол Прокурор *******ыг худал мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр үүсгээд шалгах эрх нь Прокурорт байгаа. *******, ******* гэдэг хүмүүс нь хүнийг зөрчил гаргасан мэтээр баримт бүрдүүлж, зөрчлийн шийтгэл ногдуулсан гэдэг асуулга дүгнэлтэд байгаа. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих биш тухайн үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар эрх мэдлээ хэтрүүлэн урвуулж ашигласан гэдэг үндэслэлээр шалгах боломжтой. Болсон үйл баримтыг болоогүй гээд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсний төлөө, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан албан тушаалтныг буруутгаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процессын дагуу явсан, шаардлагатай баримтуудыг бүрдүүлсэн, хуульд заасны дагуу бэхлүүлсэн гэх мэт хуулийн дагуу ажиллагаа явагдсан шийдвэр юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн Прокурорын дүгнэлтийг татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Прокурор мөнгөний эзэн И.Эрдэнийг шийтгэхээр бол Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрт шийтгэл оногдуулна гэж заасан. Хамтран үйлдсэн нь тогтоогдож байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д зааснаар И.*******д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шинээр явуулах ажиллагаа хийгдэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Амгалангийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хангаж, Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д жолооч Х.*******ыг Гаалийн байгууллагад үнэн зөв мэдээлэг гаргахаас зайлсхийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,849,669.65 (найман сая найман зуун дөчин есөн мянга зургаан зуун жаран есөн төгрөг жаран таван мөнгө) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-т гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг; ойлгоно, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.1 дүгээр зүйлийн 1-т Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих, 11.29 дүгээр зүйлийн 22 дугаар зүйлд Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол ... валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасны дагуу тус аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос шүүх хуралдаан дээр дүгнэлтийн үндэслэлээ ...зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн гүйцэд явуулалгүй шийтгэлийн хуудсаар Х.*******д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, шийтгэлийн хуудас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардагыг хангаагүй, хураан авсан юанийг яаж шийдсэн талаар шийдвэрт тусгаагүй, энэ акт нь хуульд нийцээгүй... гэж,

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Х.*******ын гаргасан үйлдлийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гадаад валютыг их хэмжээгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан учир хуулийн дагуу зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулсан Гаалийн улсын байцаагчийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн, зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, тухайн вальютыг хураан авч, Төрийн санд 58,640,820.00 төгрийг шилжүүлсэн, буцаан гаргах боломжгүй, И.Эрдэнийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн аймгийн Ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоол эцсийн шийдвэр болсон байхад 3 сарын дараа Х.*******аас гаргасан гомдлыг хүлээн авч, дүгнэлт гаргах эрхгүй, нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн энэ асуудлын талаар оролцогч гомдол гаргах эрхгүй, Прокурор шийдвэрлэх эрхгүй гэж тус тус тайлбарлан маргажээ.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол, 2-т Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж..., 4-т Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-т тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж тус тус заажээ.

7. Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлох баримтаар нотлогдсон, хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм.

8. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,[1] хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар баримтаар нотлогдоогүй, зөрчлийг холбогдогч санаатайгаар гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагааг бүрэн явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь эрх бүхий албан тушаалтны 2021 оны 06 дугаар сарын 22, 24, 25-ны өдрийн тэмдэглэл /холбогдогч, гэрч нараас авсан/-үүд,[2] 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан И.*******, А.******* нарын тайлбарууд,[3] Б.*******ийг гэрчээр асуусан тэмдэглэл /...хяналтын талбайд байсан XXL040 гаалийн дугаартай, 63-51 УБЭ Улсын дугаартай шаланз маркийн машинд гаалийн байцаагчтай хамт үзлэг хийхэд багажинд нь хар боодолтой задраагүй, скочоор наасан зүйл байсан, жолоочоос нь асуухад юу байгаа талаар мэдэхгүй байсан, тэр юанийн эзэн нь ******* гэж хүн байсан, өөрөө ирээд задлаад тоолсон.../, М.*******ыг гэрчээр асуусан тэмдэглэл[4] /...хилийн боомтын хяналтын талбайд тээврийн хэрэгсэл шалгахад ******* ХХК-ийн гаалийн дугаартай машинаас их хэмжээний мөнгөн дэвсгэрт гарч ирсэн, хар уутанд хийсэн зүйлийн боодлыг тайлалгүй татаж үзэхэд мөнгө байсан, заставын дарга *******д хэлсэн, жолооч намайг боодолтой зүйлийн эзэнтэй утсаар яриулсан, мөнгөний эзэн ******* гэх хүн байсан.../ зэрэг зөрүүтэй тайлбар, тэмдэглэлүүд болон маргаан бүхий акт болох Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр нотлогдохын зэрэгцээ уг зөрчилд холбогдуулан И.Эрдэнийг холбогдогч гэж үзэн мэдүүлэг авсан атлаа түүнд шийтгэл оногдуулсан эсэх, Х.*******ыг холбогдогчоор асуусан ...өдөр ******* надруу яриад машины багажинд юм байгаа гэснийг би үзээгүй, хилийн цэргийн дэслэгч ******* ирээд *******э намайг очоод юм авчих гэсэн гэж хэлээд, буцаагаад байранд нь хийчих гэсэн, зургийг нь дарсан, авч явах гэж байснаа болиод удирдлагууд хэлчихсэн гэсэн, тэгээд би машинаа аваад хашаанаас гарсан, 30 минутын дараа ******* буцаад байрандаа оч гэсэн... гэсэн мэдүүлгээс үзэхэд уг зөрчил гаалийн хяналтын бүсэд үйлдэгдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй, маргаан бүхий акт болон үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Гаалийн хяналтын бүсэд үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэх/-д дурьдсан дүрс бичлэг зөрчлийн хэрэгт авагдаагүй байна.

9. Тиймээс гаалийн улсын байцаагч нь Х. *******ын гаргасан зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 6.7 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа бүрэн явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхийн албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана, 7 дахь хэсэгт Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, Зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-ыг 2 дугаар хавсралт, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягтыг 3 дугаар хавсралт, Шалгах төхөөрөмжөөс хэвлэх шийтгэлийн хуудасны маягтыг 4 дүгээр хавсралт, Камерын хяналтаар илрүүлсэн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 5 дугаар хавсралт, Шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсан ба уг журмын Нэгийн 1.3-т Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг, шийтгэлээс чөлөөлөх хуудас нь мөн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан мэдээллийг тус тус багтаасан байна, Хоёрын 2.7-д Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна, мөн Шийтгэлийн хуудас /Маягт 2/-ны Шийдвэрлэх нь: хэсгийн 5-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу хураан авсан: ...В. Зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой баримт болох /эд зүйл, баримт бичиг/.../ аль нь болохыг доогуур зурах/ / нэр, төрөл, тоо, хэмжээ, шинж тэмдэг/-г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 болон Засгийн газрын тогтоолоор баталсан "Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам"-ын дагуу...шийдвэрлэсүгэй, 8-д Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтан /гаалийн улсын байцаагч/-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргах захиргааны акт (шийтгэлийн хуудас)-ын эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ юм.

11. Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ эд мөрийн баримтаар хураан авсан гэх БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 133700 /нэг зуун гучин гурван мянга долоон зуу/ юанийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй эсэхийг дурьдаагүй, шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурсан хэдий ч өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй зэргээр захиргааны акт (шийтгэлийн хуудас)-ын эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул дээрх хууль, журамд нийцээгүй байна.

12. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс ...58 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юаныг хурааж аваад энэ үнийн дүнгээрээ Төрийн санд шилжүүлж улсын орлого болгосон баримт нь хэрэгт авагдсан байгаа, энэ мөнгө улсын орлого болсон тул Улсын Төрийн сангаас татаж гаргах боломжгүй... гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагчаас ирүүлсэн хэрэгт авагдсан №20210630785190569085 дугаартай Мемориалын баримтаас[5] үзэхэд 58,640,820.00 төгрөгийг Шивээхүрэн Гаалийн газрын УО барааны үнэ гэж Гаалийн Ерөнхий газрын төрийн сан дахь өөрийн байгууллагын 100900000503 дугаартай дансанд гаалийн өөрийн орлогоор шилжүүлж авсан талаар баримт байна. Үүнийг улсын орлогод оруулсан баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү данснаас гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчлийн хэрэгт хураан авсан гэх БНХАУ-ын мөнгө тэмдэгт болох 133,700.00 юанийг Улсын орлогод оруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

13. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс И.Эрдэнийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн аймгийн Ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоол эцсийн шийдвэр болсон байхад 3 сарын дараа Х.*******аас гаргасан гомдлыг хүлээн авч, дүгнэлт гаргах эрхгүй, нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн энэ асуудлын талаар оролцогч гомдол гаргах эрхгүй, Прокурор шийдвэрлэх эрхгүй хэмээн тайлбарлан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргах боловч Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.3-т оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэрэг, материалыг хянах, 31 дүгээр зүйлийн 31.1-т Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана, 31.4-т Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг бичих аргачлал, журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 1.1 дүгээр зүйлийн 5-д Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна, 3.3 дугаар зүйлийн 1-д ...хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт хяналт тавина, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан...хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах, 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж тус тус заасан бөгөөд прокурор зөрчлийн хэргийн оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэрэг, материалыг хянах, хяналт тавих, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дүгнэлт бичих бүрэн эрхтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

14. Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэж заасны дагуу хариуцагчаас Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас[6] болон прокурорын дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргах эрхээ эдлэх боломжтой байсныг тэмдэглэх нь зүйтэй.

15. Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад дээрх хууль, журмыг зөрчиж гаргасан гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас-ыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

16. Иймд эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий акт хууль бус байх тул актын хүрээнд Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Амгалангийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн шаардлагыг хангаж, Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хавтаст хэрэгт авагдсан ГМ 1521008 дугаартай зөрчлийн хэрэг

[2] Хавтаст хэрэгт авагдсан ГМ 1521008 дугаартай зөрчлийн хэргийн 6-7, 16-18, 21-22 дахь талд

[3] Хавтаст хэрэгт авагдсан ГМ 1521008 дугаартай зөрчлийн хэргийн 20, 41-42 дахь талд

[4] Хавтаст хэргийн 42-45 дахь талд

[5] Хавтаст хэргийн 101 дэх талд

[6] Хавтаст хэрэгт авагдсан ГМ 1521008 дугаартай зөрчлийн хэргийн 69 дэх талд