Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00427

 

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00427

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт  байрлах НР  ХХК /56/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт  байрлах ДҮ  ХХК /26/-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, М.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.А, Ч.М, өмгөөлөгч П.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай НР  ХХК нь өөрийн салбар дэлгүүр болох Эко э-З монгол, Э э-120 мянгат дэлгүүрүүдийн барилгын гадна талын үүдний хэсэгт засвар шинэчлэл хийх ажлын хүрээнд ДҮ  ХХК-тай NR/18/290, NR/18/291 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнүүдэд зааснаар дээрх дэлгүүрүүдийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг чанартай өндөр түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэх буюу 2018.09.21-ний өдрөөс 2018.10.01-ний өдрийг хүртэл хуанлийн 10 хоногт багтаан хийж дуусгахаар гэрээ байгуулж ажилласан. НР  ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу манай компанийн зүгээс гүйцэтгэгч талд төлбөрийн 50 хувь болох гэрээ тус бүрд 7.450.000 төгрөг нийт 14.900.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал ДҮ  ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа хаяж явсан ба манай компанийн зүгээс NR/18/290 тоот гэрээний ажлын гүйцэтгэл 32.1 хувьтай, NR/18/291 тоот гэрээний гүйцэтгэл 25.6 хувьтайгаар тус тус гүйцэтгэсэн ажлыг нь дүгнэн хүлээн авсан. Ингээд өөр компаниар ажлыг хийлгэж дуусгасан. Хариуцагч талд тооцоо хийж, зөрүү төлбөрийг буцаан төлүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй болно.

Иймд манай актанд тусгаснаар 290 тоот гэрээний хувьд хариуцагч ДҮ  ХХК-иас урьдчилгааны зөрүү дүн 2,664,440 төгрөг, алданги 9 хоног 0,3%-иар тооцож 402,300 төгрөг, торгууль 20% буюу 2,980,000 төгрөг, нийт 6,046,740 төгрөг, 291 тоот гэрээний хувьд урьдчилгааны зөрүү дүн 3,623,392 төгрөг, алданги 9 хоног 0,3%-иар тооцож 402,300 төгрөг, торгууль 20% буюу 2,980,000 төгрөг, нийт 7,005,692 төгрөг, бүгд 13.710.813 төгрөгийг хариуцагч ДҮ  ХХК-аас Иргэний хуулийн 343.1, 343.2-т зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр ажил гүйцэтгэх гэрээний дагуу Залуу монгол Эко экспресс салбар дэлгүүрийн гадна тамбур, фасадны ажил, 120 мянгант Эко экспресс салбар дэлгүүрийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг тус тус хийгдэхээр байсан. Эдгээр ажлын нийт үнийн дүнгийн урьдчилгаа 50 хувь болох 14.000.000 төгрөг авсан нь үнэн. Харин бид тухайн 14.000.000 төгрөгт таарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Залуу монгол салбарт 46 ажлын даалгавар бичигдсэнээс зохих ажлууд хийгдсэн, 120 мянгат салбар дэлгүүрт нийт 63 ажлын даалгавар бичигдсэнээс мөн зохих ажил хийгдсэн. ДҮ  ХХК нь НР  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг болох ажлын даалгавар болон зураг төсөл нь өгөгдөлдөө буруу өгөгдөж, НР  ХХК-ийн энэ ажилд зориулагдсан хяналтын төсөв хийгдээгүй, гэрээ баталгаажиж хавсрагдаагүй, НР  ХХК-ийн зургийн инженер н.Мөнх-Эрдэнэ, барилгын хяналтын инженер н.Цолмон нарын буруутай үйлдлээс шалтгаалан ажил цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тухайлбал, зургийн инженер н.Мөнх-Эрдэнэ ажлын явц дунд буруу зураг төсөл гаргасан болохоо мэдэгдэж, зургаа өөрчилж манай компани руу шилжүүлсэн урьдчилгаа 14.900.000 төгрөг гэрээнд заасан ажлын хаана ч хүрээгүй. Үүнээс гадна хоёр банз солих ажлын оронд дээврийн ажил солих ажил хийгдэж явсан. Хамгийн гол нь гэрээний салшгүй хэсэг болох хяналтын төсөв байхгүй байсан учир ажил цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болсон. Бид хяналтын төсөв НР  ХХК-аас шаардсан боловч өгөөгүй. Тэгээд үл ойлголцол бий болсон. Нэхэмжлэгч тал хуульд байхгүй алданги, торгуулийг зэрэг авахаар гэрээнд тусгасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсан талаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэлийн шаардлага дээрээ ч гэрээ цуцлагдсан талаар тодорхой тусгасан байгаа. Нэхэмжлэгч тал нэг талын зүгээс акт үйлдэж манай хийсэн ажлыг хувиар илэрхийлсэн байгааг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасантай ч нийцэхгүй, актанд хоёр тал гарын үсэг зурах байсан. Тийм учраас энэхүү актаа үндэслэн урьдчилгаанд илүү мөнгө өгсөн гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээг цуцлагдсан талаар манайх маргасан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч НР  ХХК нь хариуцагч ДҮ  ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,710,817 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаас учирсан хохирол буюу гэрээний урьдчилгаанд илүү шилжүүлсэн 6,287,832 төгрөг, алданги 1,462,985 төгрөг, торгууль 5,960,000 төгрөг, нийт 13,710,817 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, түүний буруутай шалтгаанаар гэрээ цуцлагдсан бөгөөд бид хийсэн хэмжээнд нь ажлыг хүлээн авч, өөр байгууллагаар ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан, харин хариуцагчид урьдчилгаанд илүү мөнгө өгсөн бөгөөд ирж тооцоо хийхийг мэдэгдсэн боловч ирээгүй учир илүү өгсөн мөнгөө алданги, торгуулийн хамт буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид гэрээний урьдчилгаанд авсан 14,900,000 төгрөгийн хэмжээнд зохих ажлаа хийсэн, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, анх ажлын талбар дээр очиход л ажлын хийгдэх процесс буюу төсөвт тусгагдаагүй зардал гарах, хугацаа шаардах ажил байсан, үүнийг нэхэмжлэгчид бодит байдлаар нь хэлж, төсвөө нэмэх шаардлагатай гэхэд зөвшөөрөөгүй, тиймээс гэрээ цуцлагдсан, урьдчилгаа мөнгөнөөс буцаах боломжгүй, тэгээд ч анзыг давхардуулан шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч НР  ХХК нь 2018.09.18-ны өдөр Залуу Монгол, 120 мянгат салбарын Эко экспресс дэлгүүрүүдийн гадна фасадны засварын ажилтай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарласан байх бөгөөд хариуцагч ДҮ  ХХК нь ажил тус бүрийг 8-10 хоногт, 14,900,000 төгрөгөнд багтааж хийж гүйцэтгэх хамгийн бага үнийг санал болгосноор сонгогджээ.

 

Ийнхүү зохигчдын хооронд 2018.09.20-ны өдөр NR/18/290, NR/18/291 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд 290 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч НР  ХХК-ийн захиалгын дагуу хариуцагч ДҮ  ХХК нь Залуу монгол салбар, Эко экспресс дэлгүүрийн гадна тамбур, фасадны ажлыг 2018.09.21-ний өдрөөс 2018.10.01-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч НР  ХХК нь төлбөрт 14,900,000 төгрөгийг төлөх үүргийг,

291 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч НР  ХХК-ийн захиалгын дагуу хариуцагч ДҮ  ХХК нь 120 мянгат салбар, Эко экспресс дэлгүүрийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг 2018.09.21-ний өдрөөс 2018.10.01-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч НР  ХХК нь төлбөрт 14,900,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч НР  ХХК нь дээрх гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр тус бүрт 7,450,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөгийг 2018.09.24, 2019.09.25-ны өдрүүдэд хариуцагч ДҮ  ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч ДҮ  ХХК нь гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ажлуудыг буюу хуучин довжоо, саравчыг буулгаж ханын өнгөн хэсгийг хусах, шинээр довжоо угсарахад зориулж хэв хашмал бэлдэх, дүүргэлт хийх, шатны марш болон амрах тавцангийн арматур бэлдэх, логоны суурь цутгах, дээврийн хуучирсан банзуудыг буулгаж шинээр солих зэрэг ажлуудыг 2018.09.21-ний өдрөөс 2018.10.03-ны өдрийг хүртэл хийжээ.

 

Хариуцагч ДҮ  ХХК нь дээрх ажлуудыг хийх явцад нэхэмжлэгч байгууллагаас зургийг өөрчилөх, зарим тооцоолоогүй ажлуудыг нэмж хийх, төсөв нэмэгдэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч НР  ХХК-тай уулзалт хийсэн гэх боловч тодорхой үр дүнд хүрээгүй байх бөгөөд хариуцагч ДҮ  ХХК нь 2018.10.03-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй, нэхэмжлэгч НР  ХХК нь 2018.09.28-ны өдөр хариуцагч ДҮ  ХХК-нд ажлаа хугацаанд нь чанартай хийж хүлээлгэн өгөхийг хүссэн албан бичгийг, түүнчлэн 2018.10.09-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч НР  ХХК-нд хүргүүлсэн байна.

 

Ингээд нэхэмжлэгч НР  ХХК нь 290, 291 тоот гэрээнүүдийг нэг талын санаачилгаар дүгнэж акт үйлдсэн байх бөгөөд уг актандаа 290 тоот гэрээний хувьд хариуцагч ДҮ  ХХК-ийг 32,1%-ийн ажил хийсэн, 2018.09.28-ны өдрөөс хойш ажиллаагүй, иймд урьдчилгааны зөрүү дүн 2,664,440 төгрөг, алданги 9 хоног 0,3%-иар тооцож 402,300 төгрөг, торгууль 20% буюу 2,980,000 төгрөг, нийт 6,046,740 төгрөгийг буцаан авахаар,

291 тоот гэрээний хувьд хариуцагч ДҮ  ХХК-ийг 25,6%-ийн ажил хийсэн, 2018.10.01-ний өдрөөс хойш ажиллаагүй, иймд урьдчилгааны зөрүү дүн 3,623,392 төгрөг, алданги 9 хоног 0,3%-иар тооцож 402,300 төгрөг, торгууль 20% буюу 2,980,000 төгрөг, нийт 7,005,692 төгрөгийг буцаан авахаар шийдвэрлэсэн гэж тусгажээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээнүүд, төлбөрийн даалгаврын жагсаалт, 2010.10.08-ны өдрийн байдлаарх хариуцагч ДҮ  ХХК-ийн хийсэн ажлыг харуулсан гэх гэрэл зургууд, НР  ХХК-иас ДҮ  ХХК-нд хүргүүлсэн албан бичгүүд, ажил гүйцэтгэгчийг сонгосон тухай баримтууд, ДҮ  ХХК-иас үнийн санал болон хамтран ажиллах санал хүргүүлсэн тухай баримтууд, гэрч П.Цолмон, Э.Мөнхбат нарын мэдүүлэг, ДҮ  ХХК-иас ажлыг хийхтэй холбоотойгоор гаргасан 2018.09.18-ны өдрийн төсөв, НР  ХХК-ийн Их тамир констракшн ХХК-тай байгуулсан 2018.10.09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримтууд, ДҮ  ХХК-ийн болон Б.Алтансүх-ийн ХААН банкны депозит дансны хуулгууд, ДҮ  ХХК-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Зохигчдын мэтгэлцээн, дээрх үйл баримтуудаас шүүх тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч НР  ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байх боловч нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдаагүй, харин хариуцагч талын тайлбарласнаар нэхэмжлэгч байгууллагаас зургийг өөрчилөх, зарим тооцоолоогүй ажлуудыг нэмж хийх, төсөв нэмэгдэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч НР  ХХК-тай тохиролцоогүй шалтгаанаар хариуцагч ДҮ  ХХК нь 2018.10.03-ны өдрөөс ажиллахаа больж, 2018.10.09-ний өдрийн нэхэмжлэгч ДҮ  ХХК-ийн албан бичгээр гэрээ цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч НР  ХХК нь хариуцагч ДҮ  ХХК-ийн дээр дурдсан ажлуудыг хийсэн хэмжээнд нь нэгэнт хүлээн авсан, хийсэн ажлын чанар байдлын талаар ямар нэгэн маргаангүй байх бөгөөд ингэхдээ өөрсдөө акт үйлдсэн байх боловч уг актыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, үүнийг хуралдааны явцад тордуулж чадаагүй, актанд хариуцагч ДҮ  ХХК гарын үсэг зураагүй, нэг талын баримт байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ...зохигчид хоёр талаасаа ажлаа хүлээлцэн акт үйлдэж, талуудыг төлөөлсөн эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан... акт гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл дурдсан гэрээ дүгнэсэн актаар хариуцагч ДҮ  ХХК-ийг 290 тоот гэрээний хувьд 32,1%, 291 тоот гэрээний хувьд 25,6%-ийн гүйцэтгэлтэй ажил хийсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд харин хариуцагч тал нь хоёр гэрээний дагуу урьдчилгаанд авсан 14,900,000 төгрөгийн хэмжээнд ажлыг хийсэн болох нь тэдний ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Тодруулбал хариуцагч ДҮ  ХХК нь гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хийсэн ажлаа нэхэмжлэгч НР  ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зохигчид ажлыг хоёр талаасаа дүгнэсэн актгүй байх боловч, хариуцагч ДҮ  ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч НР  ХХК-нд хохирол учирсан болох, хэдий хэмжээний ажил хийлгэсэн болох, ажлын хөлсний урьдчилгаа, алданги, торгуулиар хэрхэн хохирсон болох нь тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч НР  ХХК нь дурдсан ажлын хүрээнд хариуцагч ДҮ  ХХК-нд ажлын хөлсний урьдчилгаанд 6,287,832 төгрөг илүү төлсөн гэж үзэхгүй бөгөөд, харин шүүх хариуцагч ДҮ  ХХК нь урьдчилгаанд авсан 14,900,000 төгрөгийн хэмжээнд тохирсон ажлыг нэгэнт хийсэн байна гэж дүгнэсэн болно.

 

Харин алданги, торгууль нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын төрлүүд байх бөгөөд энэ нь хариуцлагын шинжтэй, үүргийн гүйцэтгэлийг хангах арга, нэг үүргийн зөрчилд анзын 2 төрлийг давхардуулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.6-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд, алданги 1,462,985 төгрөг, торгууль 5,960,000 төгрөг нь хохирол байх боломжгүй юм.

 

Иймд ДҮ  ХХК-нд холбогдох гэрээ цуцласнаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай НР  ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хариуцагч ДҮ  ХХК-иас гарган өгсөн төсөвчин П.Баатарцогтын 2019 онд хийсэн Эко экспресс барилгын ажлын төсвийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ДҮ  ХХК-нд холбогдох гэрээ цуцласнаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай ДҮ  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч НР  ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА