Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 915

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00143/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. аймаг, .. сум, .. багт оршин суух, .. регистрийн дугаартай, харилцах утас .., .. овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй бөгөөд одоогоор Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, /харилцах утас ../, .. овогт П.Б,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг.. оршин суух хаягийн бүртгэлтэй бөгөөд одоогоор Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух, /харилцах утас ../, .. овогт Н.А нарт холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг, түүний хүү 1 200 000 төгрөг, замын зардал 250 000 төгрөг нийт 5 450 000 төгрөг гаргуулах,

хариуцагч нарын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б нь П.Б болон түүний нөхөр Н.А нарт мал өгөөд үлдэгдэл болох 4 сая төгрөгийг гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болно. П.Б-гаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирсэн элдэв шалтаг тоочоод үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч П.Б-гаас үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, түүний хүү болох 1 200 000 төгрөг, ирж очсон зардал 250 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие П.Б нь Д.Б гэж хүнтэй малын наймаа хийгээгүй. 2018 оны 23 дугаар сарын сүүлээр би гэртээ байж байхад Б гэж хүн гэрт орж ирээд манай нөхөр А-ийг асууж, мал авсан мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Би нөхөр хөдөө явсан утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Та нар нэг гэр бүлийн хүмүүс ялгаа юу байсан юм, надтай явж нотариатаар гэрээ хий гэж тулгасан юм. Би татгалзаж, А-тэй тооцоо байвал өөртэй нь хий, би яахаараа нөхрөөсөө асууж зөвшөөрөл авалгүй тантай гэрээ хийдэг юм гэхэд. Би тэгвэл танай нөхрийг цагдаад хандаж хориулж шалгуулна гэж сүрдүүлсэн. Тэр үед би он гараад удахгүй төрөх дөхсөн том гэдэстэй байсан учир төрөх үеэр А-ийг хоригдсон байвал бүр хэцүүднэ гэж айсан. Малын тооцооны учир нь олдох байлгүй гэж бодоод бас намайг элдвээр загнаж их сүртэй байсан болохоор нь айгаад нотариатын газар очиж гэрээ хийсэн. Би сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй, боловсрол эзэмшээгүй хүн юм. Ингээд тэр Б том гэдэстэй намайг дагуулж нотариат дээр авч ирээд бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Тус гэрээнд юу гэж тохирсон байсныг уншиж мэдэхгүй ч гарын үсэг зурсан. Манай нөхөр А байсхийгээд хөдөө явдаг хүн юм. Би нөхөр А-д Б гэж хүн Хөвсгөлөөс ирлээ малын тооцоо хий гээд загнаад чамайг хориулж, шалгуулж чадна гээд загнаад байхаар нь би айгаад чиний өмнөөс нотариат дээр орж гэрээ байгуулсан гэдгээ би бүр сүүлд цагаан сарын өмнө хэлсэн. Энэ хугацаанд би өөрөө бас хүндрэлтэй төрж нялх нойтон хүүхэдтэй болсон. Нөхөр гэрээний талаар сонсоод чи юу мэдэж Б-тай гэрээ хийсэн юм гэж их уурласан. Энэ хүн нэхэмжлэлдээ надаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж, 3 удаа Хөвсгөлөөс Дарханд ирж байсан гээд бас замын зардал нэхэмжилсэн байна. Гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа ирж байгаагүй, сая он гараад 01 сарын 29-ний өдөр намайг шүүхэд өгсөн байна. Би нэхэмжлэл гаргасан Б гэж хүнийг сайн танихгүй. Энэ хүнтэй нөхрийнхөө урдуур ороод малын наймаа хийсэн асуудал байхгүй. Манай нөхөртэй хэдэн мал өгч авалцаад хэдэн төгрөгийн тооцоо байгааг би нарийн сайн мэдэхгүй, жирэмсэн байхад ирж загнаж айлгаж сүрдүүлж байгаад бичиг үсэггүй надтай гэрээ хйиж авсан зээлийн гэрээг хүчингүй болгож, надаас нэхэмжилсэн 5 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Б-аас хариуцагч Н.А надад холбогдуулан гаргасан нийт 5 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хөвсгөл аймагт очиж хямд үнээр мал ченжийн үнээр бөөнөөр нь авахаар очоод Д.Б гэж хүнээс 10 шар үхэр нэг бүрийг нь 600 000 төгрөгт тооцож 6 000 000 төгрөгөөр зээлээр, 51 эр хонийг нэг бүрийг нь бөөний үнэд 100 000 төгрөгт тооцож, 5 100 000 төгрөгөөр зээлээр авч ирсэн. Надад бага үнээр мал авч зах зээлийн үнээр зарж дундаас нь хэдэн төгрөгийн ашиг олох зорилго байсан Д.Бт мөнгөний хэрэг байсан учир бид хоёр наймаа хийсэн юм. Би Д.Б-аас авсан малаа тууж ирээд А гэж хөлсний нядалгаачин туслуулагч А хоёроор малаа төхөөрөөд зах зээлийн үнээр борлуулахад миний хүссэн ашиг гараагүй. Малын үнэ унасан учир анх авсан шар үхэрүүдийн бөөний үнэ 600 000 төгрөгөөр үнээ л барьсан. Би тооцохдоо нэг шар үхэрийг тухайн үед 900 000 төгрөгөөр борлуулах зорилготой байсан. Ингээд нэгэнтээ хүнээс авсан учир мөнгийг ньтаслаад өгсөн, өгөхдөө үхэрийн үнээс 5 600 000 төгрөгийг төлсөн зөрүү 400 000 төгрөгийг төлөөгүй. Нядалгаачин, туслагч нарт хөлсийг өгөөд дутсан. 51 эр хонийг нэг бүрийг нь 110 000 төгрөгөөр зарж нэг хониноос 10 000 төгрөгийн ашиг харсан. Хонины тооцоог бэлнээр болон дансаар өгч дуусгасан. Иймд би одоо 400 000 төгрөгийн тооцоотой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын ихэнхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг эзгүй байхад гэрт ирж төрөх гэж байсан эхнэрийг элдвээр загнаж, айлгаад нотариатын газар эхнэр П.Бтай гэрээ хийсэн байсан. Д.Б бид хоёр өөрсдөө эхнээсээ бичгээр гэрээ байгуулаагүй байсан. Манай эхнэртэй Д.Б наймаа хийсэн асуудал байхгүй. П.Б-тай хийсэн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Б, Н.А нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг, түүний хүү 1 200 000 төгрөг, замын зардал 250 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь малын наймаа хийгээгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнийг сүрдүүлж байж гарын үсэг зуруулж гэрээ хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг П.Б болон нөхөр Н.А нар Хөвсгөл аймгийн Тариалан суманд ирж 60 хонь, 10 шар үхэр авсан. 60 хонины мөнгийг тухайн өдрөө өгөөд, 10 шар үхэрийн мөнгөө өгөөгүй. 1 шар үхэрийг 1 000 000 төгрөгөөр тооцсон бөгөөд 6 шарын мөнгө 6 000 000 төгрөгийг аваад үлдэгдэл болох 4 сая төгрөг өгөхгүй байсан. Иймд Б эхнэрийн хамт Дарханд хэд хэдэн удаа ирж Байгалмаатай хамт нотариат дээр гэрээ хийж 4 сая төгрөгийг 10 сард төлнө гэсэн гэрээ хийсэн. Тэр гэрээний дагуу үндсэн төлбөр 4 сая төгрөг, хугацаандаа өгөөгүй хүү 1 200 000 төгрөг замын зардал 250 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон болно.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.А, П.Б нар нь харилцан тохиролцож 10 шар үхрийг 7 сая төгрөгөөр, 51 хонийг 5 600 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51 эр хонины төлбөр 5 600 000 төгрөгийг хариуцагч нар төлсөн үйл баримт тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч П.Б нь Д.Б гэдэг хүнтэй малын наймаа хийгээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хэлцэл гэх баримтаар П.Б Д.Б-т 4 сая төгрөгийг бэлнээр болон дансаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана, хэрэв энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцож талууд гарын үсэг зурсан баримт, 2018 оны 3 дугаар сарын 12-ны Гэрээ гэх баримтад П.Б, Н.А нар 10 шар үхэр, 51 хонины үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэрэг баримтууд, гэрч Б.Д мэдүүлэг, төлбөр шаардаж байсан талаар утсаар ярьж байсан СД бичлэг зэрэг нотлох баримтаар талуудын хооронд 10 шар үхэр, 51 хонь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх хэлцлүүдэд зурсан гарын үсгийг биш болохыг нотлох баримт ирүүлээгүй, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хэлцэл гэх баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэл, айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан, бичиг үсэг мэдэхгүй гэж маргаж Дархан-Уул аймгийн .. сумын Засаг даргын гарын үсгийн чадваргүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн боловч гарын үсгийг хүч хэрэглэж зуруулсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Н.А-ийн шүүхэд ирүүлсэн тайлбараар Д.Б-аас 10 шар үхэр, 51 хонийг худалдаж авсан талаар маргадаггүй бөгөөд 10 шар үхэрийг нэг бүрийг нь 600 000 төгрөгөөр нийт 6 сая төгрөг, 51 эр хонийг нэг бүрийг нь 100 000 төгрөгөөр тооцож 5 100 000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан тооцоог бэлнээр болон дансаар төлж дуусгасан гэж тайлбар ирүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д ...бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ гэж заасан боловч П.Б нь хэлцлийн агуулгыг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсгээ зурсан нь мөн хуулийн 42.2-т Энгийн бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх бөгөөд хүч хэрэглэсэн болон айлган сүрдүүлсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээлийн хүү 1 200 000 төгрөг гэж нэхэмжлэлийн

шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлээр хүү тохироогүй, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь замын зардал 250 000 төгрөг нэхэмжилсэн боловч зардалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Б, Н.А нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 450 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.Б, Н.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэднийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Б, Н.А нараас 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, 1 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 78 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА