Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 118/2016/0032/З |
Дугаар | 247 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 247
Г.Нямдаваагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0276 дугаар магадлалтай, Г.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Нямдаваад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 88 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,371,333 төгрөгийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Нямдаваад олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын аль нэгэнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0276 дугаар магадлалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “69 дүгээр зүйлийн” гэсний өмнө “46 дугаар зүйлийн 46.2” гэж нэмж, “олгосугай” гэснийг “олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтын “болсонд тооцсугай” гэснийг “болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан, хэргийн нөхцөл байдалд бодит үнэлэлт өгч чадаагүй, хууль зүйн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хүрээнд өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүрэг, албан тушаалтны орон тоо өөрчлөгдсөн зайлшгүй шалтгаанаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй ажлын байранд инженерийн мэргэжилтэй хүн ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа бодит нөхцөлийг шүүх харгалзалгүй орхисон.
2. Орон нутгийн өмчийн газрын “бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” гэж албан тушаалын ангилал салж шинээр үүссэн бодит нөхцөлийг хэт нэг талаас харж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нөхцөлийг шүүхийн шийдвэрт заан тусгаж хариуцагч надад захиргааны шинэ акт гаргахыг даалгасан шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн газар” нь Худалдан авах ажиллагааны албатай байхаар дүрмийг баталж, шинээр төсөв хөрөнгөтэй болгож бүтэц орон тоог шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын дэргэхэд Орон нутгийн агентлаг болох манай байгууллагын ажиллах цар хүрээг өргөтгөсөн. Энэ байдал нь тус байгууллагад ажиллах мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага өндөрсгөх, тодорхой албан тушаалтны хувьд давхар мэргэжилтэй байх ажлын шаардлагыг бий болгосон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллах ажлын байранд тавигдах шалгуурт “Холбооны инженер” байх буюу IT болон оптик инженерийн нарийн мэргэжил шаардагдах болсон. Үүнийг байгууллагын зохион байгуулалт дүрэм болон бүтэцдээ зааж тогтоож өгөх шаардлага ажил албан тушаалын хувьд тавигдаж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн үүнтэй холбоотойгоор өмнөх “Худалдан авах ажиллагааны албанд” албаны чиг үүргийг тодорхойлсон хэм хэмжээг шүүх харгалзаагүй ба өмнөх худалдан авах ажиллагаа хариуцсан 3 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасныг үзэхэд гурвуулаа ижил чиг үүрэгтэй ажлын байрны давхардал үүссэн төдийгүй нэг мэргэжилтний ажлыг гурвуулаа хийж байсан нь харагдаж байна. Худалдан авах ажиллагааны 3 мэргэжилтэн хийдэг байсан ажлыг бараа худалдан авалт, ажил үйлчилгээ худалдан авалт хариуцсан 2 мэргэжилтэн болгон орон тоог цөөрүүлэн ажлын байрны давхардлыг арилгасан. Зөвхөн нэхэмжлэгчийн үгээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон. Учир нь өмнөх “Худалдан авах ажиллагааны алба” нь 3 ажилтантай байна гэж заан дурдсан байхад үүнийг шүүхээс илэрхий үл тоож шийдвэрлэсэн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Нэхэмжлэгч Г.Нямдаваад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 88 хоногийн дундаж цалин хөлснөөс Г.Нямдаваад олгосон 3 сарын тэтгэмжийг хасаагүй байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 23.4-т “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг ажлаас чөлөөнө” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь өмнөх худалдан авах ажиллагаа хариуцсан 3 мэргэжилтний 1 орон тоо нь хасагдаж бараа, ажил үйлчилгээ худалдан авалт хариуцсан, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон 2 ажлын байр болон хасагдсан байгааг анхаарч үзээгүй байна.
Иймд хариуцагч миний гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүхээр уг маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ шийдвэрлэсэн боловч Тогтоох хэсэгтээ тусгаагүй нэхэмжлэлийн шаардлагыг нэмж, найруулгын өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзав.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг тогтоохдоо Орон нутгийн өмчийн газарт Худалдан авах ажиллагааны алба харъяалагдахаар заасны дагуу Завхан аймгийн Засаг дарга 2016 оны А/231 дүгээр захирамжаар урьд бие даан ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, Орон нутгийн өмчийн газар харъяалуулахдаа тус албаны чиг үүргийг нь өөрчлөөгүй, өмнөх алба нь дарга, ахлах мэргэжилтэн, 2 мэргэжилтэн, нийт 4 орон тоотой байсан бол шинэ бүтцээр зөвхөн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж, 2 мэргэжилтний орон тоог хэвээр хадгалсан /одоогийн бүтцээр албаны дарга, худалдан авах ажиллагаа хариуцсан 2 мэргэжилтэн, 1 хуулийн мэргэжилтэн, нийт 4 орон тоотой байгаа нь өмнөх албаны нийт орон тоотой адил/, мөн нэхэмжлэгч нь өмнө нь худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, шинээр зохион байгуулагдсан газарт түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг 2 мэргэжилтэнд хувааж /бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн/ шинээр тогтоосон зэрэг хэргийн үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэсэн байна.
Иймээс хариуцагчийн гомдолд дурдсан “өмнөх худалдан авах ажиллагаа хариуцсан 3 мэргэжилтний 1 орон тоо нь хасагдаж 2 ажлын байр болсныг шүүх анхаарч үзээгүй”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.
Учир нь, дээр дурдсан үйл баримтаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан” гэх нөхцөл байдал бий болоогүй байна.
Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албаны чиг үүрэг, орон тоо, эрхэлж байсан ажил нь хэвээр хадгалагдсан байхад хариуцагч түүнийг давхар эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбогдуулан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэснийг зөрчсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд, хариуцагчийн гомдолд дурдсан “Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хүрээнд өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүрэг, албан тушаалтны орон тоо өөрчлөгдсөн, орон нутгийн өмчийн газрын албан тушаалын ангилал салж шинээр үүссэн бодит нөхцлийг шүүх харгалзаагүй, тус байгууллагад ажиллах мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага өндөрсгөх, тодорхой албан тушаалтны хувьд давхар мэргэжилтэй байх ажлын шаардлагыг бий болгосон, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллах ажлын байранд тавигдах шалгуурт “Холбооны инженер” байх буюу IT болон оптик инженерийн нарийн мэргэжил шаардагдах болсон” зэрэг үндэслэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэмэлт тайлбартаа “шинээр бий болсон хоёр ажлын байрны тодорхойлолтуудыг өөрийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад миний өмнө нь ажиллаж байсан ажлын үндсэн чиг үүрэг, зорилтуудаас хувааж хуваарилсан болох нь харагдаж байна. ... Иймд уг хоёр ажлын байрны аль нэгэнд нь буюу заавал аль нэг ажлын байранд нэр зааж очих ёстой гэж нэхэмжлэл гаргах боломжгүй байна” гэсэн байх тул хариуцагчийн “...албан тушаалын ангилал салж шинээр үүссэн бодит нөхцлийг хэт нэг талаас харж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нөхцлийг шүүхийн шийдвэрт заан тусгасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна” гэх утгатай гомдол үндэслэлгүй юм.
Харин “нэхэмжлэгч Г.Нямдаваад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 88 хоногийн дундаж цалин хөлснөөс түүнд олгосон 3 сарын тэтгэмжийг хасаагүй байна” гэх гомдлын тухайд хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохдоо суутган тооцох боломжтой болохыг дурдаж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь оновчгүй болжээ. Учир нь, уг шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл нь “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх байтал энэхүү маргааны хувьд хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа бүрэн тогтоогдож байхад шүүх түүнд дүгнэлт өгөн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байжээ.
Гэвч нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ