Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01375

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 384 дүгээр магадлалтай,

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй,

Д.Мад холбогдох,

 

Барааны дутагдал, гэрээний төлбөрт 3,963,250 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс, гэрээний төлбөрт 5,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булганы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Б би хувиараа хөдөлмөр эрхэлж, малын тэжээл борлуулах бизнес хийдэг бөгөөд иргэн Д.Мтай харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан 2016 оны 5 дугаар сараас хойш малын тэжээл борлуулах ажлыг хийлгэж хөлсөнд нь эхэн үедээ 250,000 төгрөг, хэсэг хугацааны дараа 350,000 төгрөгийн хөлс өгч байсан. Түүний  гуйсны дагуу дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Борлуулалтын гэрээ-г бичгээр байгуулсан ба түүнийг 2016 оны 4-6 сар, мөн оны 10-12 сард, 2017оны 1-6 дугаар сар, мөн оны 10-12 дугаар саруудад ажиллуулсан. Хариуцагч Д.М нь сүүлийн үед борлуулсан тэжээлийн мөнгийг өгөхгүй бие өвдсөн хэмээн худлаа хэлж, бараа дутагдуулсан байсныг би 2018.3.10-ны өдөр тооцоо нийлж 1,223,250 төгрөгийн дутагдал гарсныг илрүүлсэн. Үүнийг өөрөө мэдэж байсан хирнээ тооцоон дээр гарын үсэг зурахгүй гээд зураагүй болно. Уг тооллого тооцоог хийхэд манай гэрээт нягтлан бодогч О.Энх-Үйлс байлцан, мэргэжлийн хүний хувьд үнэнзөв тооцоог хийсэн билээ. Мөн Д.М нь 2017.11.29-ний өдөр чингэлгээс ачиж аваачсан 120 ширхэг хивгийг дутагдуулсан бөгөөд нийт 1,440,000 төгрөгийн үнэтэй юм. Миний бие гэрээт борлуулагчаар малын тэжээл борлуулах ажлыг хийлгэхдээ өгсөн, зарагдсан, үлдсэн тэжээлийн тоо, ширхгийг нарийн тооцож, тооцоон дээр гарын үсэг зуруулж өгч авдаг билээ. Д.М нь надад өөрийн өмчлөлийн хашааны газраас тасалж зарна хэмээн надаас 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,300,000 төгрөгийг авсан боловч тухайн газар нь бидний анх тохиролцсон байршилтай тохирохгүй байсан учир газрыг нь аваагүй бөгөөд одоо хүртэл газрын төлбөрт өгсөн 1,300,000 төгрөгийг өгөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Д.Маас 2018.3.10-ны тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 1,223,250 төгрөг, 2017.11.29-ний өдрийн 12 ширхэг хивгийн үнэ 1,440,000 төгрөг, газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөг, нийт 3,963,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б нь энэхүү нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргаж, хариуцагч 2018.6.26-ны өдөр эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь төлбөр тооцоог тухай бүрд нь хийж гүйцэтгэдэг байсан учир барааны дутагдал гараагүй. Тооцоо нийлсэн акт, баримтууд нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.М нь Н.Бгийн хүсэлтийн дагуу сарын 350,000 төгрөгийн хөлстэйгөөр малын тэжээл борлуулах үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд мөн тэжээл борлуулах контейнерийг нь гаднаа байрлуулж, харж хамгаалсны төлбөрт 1,500,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл Н.Б нь миний энэхүү цалин хөлсийг хугацаанд нь бүрэн олгож байсан удаагүй, түүнчлэн контейнер харж хамгаалсны төлбөрт 1,000,000 төгрөг төлөөд үлдэх 500,000 төгрөгийг төлөөгүй. Н.Бгээс 2016 оны 5-8 сар, 2017 оны 6-12 сар, 2018 оны 2-5 саруудын хөлсийг тус тус аваагүй. Иймд иргэн Н.Бгээс 14 сарын цалин хөлс 4,900,000 төгрөг, контейнер харж хамгаалсны төлбөр 500,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Мын өөрийнх нь хүсэлтээр өөрийн өмчлөлийн малын тэжээлийг борлуулах ажлыг сарын 250,000 төгрөгийн хөлстэйгөөр хийлгэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон бөгөөд тухайн тохиролцооны дагуу ажлын хөлсийг цаг тухайд нь олгож байсан. Хариуцагч Д.М нь зарим үед малын тэжээлийг борлуулсан бэлэн мөнгөнөөс өөрийн ажлыг хөлсийг суутган авдаг байсан бөгөөд зарим үед миний бие ажлын хөлсийг нь дансаар шилжүүлж байсан. Тухайлбал 2016 онд түүний ажлын хөлсөнд 900,000 төгрөг, 550,000 төгрөгийг орлогоос суутгасан бөгөөд 2016 оны 6 сарын 15-ны өдөр, 2016 оны 11 сарын 21-ний өдөр тус тус 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг түүний Хаан банк дахь ...дугаарын дансанд шилжүүлсэн. 2017 онд тэрээр нийт 9 сар, сарын 350 000 төгрөгийн хөлстэйгөөр ажилласан. Уг хугацааны ажлын хөлс болох 2017 оны 2-5 сар, 11-12 сарын ажлын хөлс нийт 1 800 000 төгрөгийг орлогоосоо хариуцагч Д.М нь суутган авсан бөгөөд миний бие дансаар 2016 оны 12 сар, 2017 оны 1 сарын ажлын хөлс болох 700 000 төгрөг, 2017 оны 02 сарын 11-ний өдөр, 2017 оны 12 сар, 2018 оны 01 сарын ажлын хөлс 400 000 төгрөгийг 2018 оны 02 сарын 13-ны өдөр үлдсэн 1,100,000 төгрөгийг түүний Хаан банк дахь 509088414 тоот дансанд шилжүүлсэн. Одоо миний бие түүнд төлөх ажлын хөлсний үлдэгдэл байхгүй бөгөөд хэрэв тийм үлдэгдэл төлбөр байсан бол хариуцагч Д.М нь малын тэжээл борлуулсан бэлэн мөнгөнөөс хэзээ ч суутган авах боломж, бололцоотой байсан. Ингэж ажлын хөлсөө суутган авч байсан болох нь, мөн үлдэгдэл ажлын хөлсийг суутган авсан болох нь 2017 оны 4 сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр өөрийн гараар гарын үсэг зурж, баталгаажуулсан нотлох баримтаар нотлогдоно. Малын тэжээл борлуулах худалдаа зуны 7, 8, 9 дүгээр сард бүрэн зогсдог бөгөөд энэ хугацаанд мал бэлчээрээр өвс ногоо идэж малын тэжээл борлуулалт буурдаг учир энэ хугацаанд миний бие бүх борлуулагч нарыг ажиллуулдаггүй. Энэ нь хариуцагч Д.Мын Хаан банк дахь 5069088414 тоот дансны хуулгаар давхар нотлогдоно. Мөн миний бие 2018.02.01-ний өдрөөр тасалбар болгон Д.Мыг ажлаа зогсоож, тэжээл худалдахгүй байхыг хатуу анхааруулж хэлсэн. Тэрээр 2018 оны 01 сард бие муу гэдэг шалтгаанаар огт ажиллаагүй. Миний бие хариуцагч Д.Мтай нийтийн эзэмшлийн газар, контейнер байрлуулж, түүний хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэдэг нь огт худлаа бөгөөд ямар ч хүн тийм хэлцэл хэзээ ч хийхгүй гэдэг нь тодорхой. Ийм худал хуурмаг зүйл нэхэж миний шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг төлөхгүй байх арга заль зохиож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Д.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Д.Маас 2,523,250 төгрөгийг гаргуулан, Н.Бд олгож, нэхэмжлэлээс 1,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Н.Бгээс 875 000 төгрөгийг гаргуулан Д.Мад олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 525 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118,000 төгрөгөөс 117 350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 78,500 төгрөгөөс 78,362 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 650 төгрөгийг, хариуцагч Д.Маас 55,322 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Бд, мөн улсын төсвийн орлогоос илүү төлсөн 138 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Бгээс 25,550 төгрөгийг тус тус гаргуулан Д.Мад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 384 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 2.523.250 ... гэснийг 1 223 250 гэж, ... 1.440.000 ... гэснийг 2 740 000 гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 500 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 118 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 33 908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд, нэхэмжлэгч Н.Бгээс 25 550 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Мад тус тус олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Бгийн өмгөөлөгч Р.Булган миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 384 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2016.11.21-ний өдөр нэхэмжлэгч Н.Бгээс хариуцагч Д.Мад 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ цалин, төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлснийг газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боломжгүй, ... нэхэмжлэгч нь хаана байршилтай, ямар газар эзэмших эрхийг харииуцагчаас худалдан авахаар тохирсон гэдгээ нотлоогүй байх тул хариуцагч Д.Маас шаардсан 1.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэжээ. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Мыг өөрийн өмчлөлийн хашааны газраас тасалж зарна гэсний дагуу урьдчилгаанд 1.300.000 төгрөгийг нь 1 сарын цалин 250.000 төгрөгийн хамт нийт 1.550.000 төгрөгийг түүний хаан банкны дансруу “цалин, төлбөр” гэсэн утгатайгаар өөрийн гар утасны мобайл банкаар шилжүүлсэн байдаг бөгөөд энэ нь түүний нотлох баримтаар өгсөн банкны хуулганаас тодорхой нотлогддог. Нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон банкны дансны хуулгыг өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримт гэж үзэхгүй, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч өөрийн оршин суугаа газрын хаяг байршилтай газраас тасалж зарах талаар талууд тохиролцсон тухай нэхэмжлэгч тайлбартаа тодорхой дурдсан ба энэ талаар анхан шатны шүүхээс улсын бүртгэлийн газраас нотлох баримтыг гаргуулж хэрэгт хавсаргасан байдаг атал давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаарх хуулиар тогтоосон хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны журам зөрчиж шиидвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн дээрх магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлиин 167.5-д заасан гомдол гаргах эрхийг зааж өгөлгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 384 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Б нь Д.Мад холбогдуулан дутсан барааны үнэ 1,223,250 төгрөг, хивэгний үнэ 1,440,000 төгрөг, газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөг, нийт 3,963,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...барааны төлбөр тооцоог бүрэн хийж дууссан, газрын төлбөр биш, чингэлэг харсан ажлын хөлс” гэж марган, нэхэмжлэгчээс ажлын хөлс 4,900,000 төгрөг, чингэлэг харсны үлдэгдэл хөлс 500,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу дутагдуулсан барааны үнэ 1,223,250 төгрөг болон газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөг, нийт 2,523,250 төгрөгийг хариуцагч Д.Маас гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгон, нэхэмжлэлээс үлдэх 1,440,000 төгрөгийн шаардлага болон сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт ...газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан байна.

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь “...Д.М надад хашааны газраас тасалж зарна гэж 2016.12.11-ний өдөр газрын үнэд 1,300,000 төгрөгийг авсан боловч тухайн газар нь бидний анх тохиролцсон байршилтай тохирохгүй байсан учир газрыг нь аваагүй, гэтэл газрын төлбөрт өгсөн мөнгийг буцааж өгөөгүй” гэж газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2016.11.21-ний өдөр Д.Мын Хаан банк дахь дансанд 1,550,000 төгрөгийг шилжүүлэхдээ “цалин, төлбөр” гэж бичиж шилжүүлсэн. Анхан шатны шүүх ...2016 онд нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу Д.Мад 250,000 төгрөгийн хөлс төлж байсан нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн урьдчилгаа 1,3 сая төгрөгийг цалингийн хамтаар, нийт 1,550,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгөх боломжгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй... гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.М нь Н.Бгийн чингэлгийг харж, хамгаалсны хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, энэ хөлснөөс 2016.11.21-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлснийг авсан гэж марган, үлдэгдэл 500,000 төгрөгийг сөрөг шаардсан боловч газрын төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл болон сөрөг шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн “...2016.11.21-ний өдөр нэхэмжлэгч Н.Бгээс хариуцагч Д.Мад 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ цалин, төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлснийг газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, ...нэхэмжлэгч нь хаана байршилтай, ямар газар эзэмших эрхийг хариуцагчаас худалдан авахаар тохирсон гэдгээ нотлоогүй...” гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

 

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчаас дутагдуулсан барааны төлбөрт 1,223,250 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч Д.М нь 2016 оны 5 дугаар сараас Н.Бгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг гүйцэтгэж байсан байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016.11.11, 2017.04.05, 2018.03.10-ны өдрүүдийн тооллогын баримтууд, Складны бүртгэл баримт, Тооцоо бодсон акт №01, зохигчийн тайлбар болон бусад бичмэл баримтаар Д.М нь 1,223,250 төгрөгийн бараа дутагдуулсан нь тогтоогджээ. Иймд бараа дутагдуулсны төлбөр 1,223,250 төгрөгийг хариуцагч Д.Маас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь 120 ширхэг хивэгний үнэ 1,440,000 төгрөгийг хариуцагч Д.Маас шаардсаныг хангах үндэслэлгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2016.11.29-ний өдөр 1,440,000 төгрөгийн хивэг дутагдуулсан нь тогтоогдоогүй, тодруулбал талууд 2017.04.05-ны өдөр тооллого хийхдээ энэ дутагдлын талаар тооллогын баримтад, ...120 ширхэг хивгийг тодруулна... гэсэн байх боловч сүүлд буюу 2018.03.10-ны өдөр тооллого хийхэд энэ дутагдал гараагүй талаарх баримт /гарсан талаар тэмдэглэл байхгүй/-ыг шүүх зөв үнэлсэн. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

4. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгчээс 14 сарын хөдөлмөрийн хөлс 4,900,000 төгрөг, чингэлэг харж хамгаалсны үлдэгдэл хөлс 500,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч Н.Бгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, “...зуны улиралд малын өвс тэжээл борлуулах шаардлагагүй байдаг тул хариуцагчийг 2016 оны 4-6, 2016 оны 10-12, мөн 2017 оны 1-6, 2017 оны 10-12 дугаар саруудад тус тус ажиллуулсан, ...2018 оны 01 дүгээр сард гэрээг цуцалсан тул нэхэмжилсэн ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй. ...нийтийн эзэмшил газарт чингэлэг байрлуулж, хариуцагчид харж хамгаалсны хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэдэг нь огт худлаа, ямар ч хүн тийм хэлцэл хийхгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь ажиллагч Д.Мад хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2018 оны 2 дугаар сараас мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хөлс болох 875,000 төгрөгийг төлөх үүрэгтэй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 875,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “...ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэсэнд нийцнэ. Хариуцагчийн чингэлэг харж хамгаалсны үлдэгдэл хөлс шаардсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн 1,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан шаардлага, түүний үндэслэлээр үгүйсгэгдсэн гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох чингэлэг харж хамгаалсны үлдэгдэл хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 384 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА