Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01394

 

 

Ш.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02915 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр магадлалтай,

 

Ш.Тийн нэхэмжлэлтэй,

М.Мд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.Т нь 2015.8.24-ний өдөр М.М, С.Д нартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээ байгуулан зээлдэгчид олгосон итгэмжлэлийн дагуу Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байр, 174 тоот улсын бүртгэлийн Ү-2204030102 дугаартай гэрчилгээ бүхий 58,6 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 9, 10 сарын хүүг төлсөн бөгөөд 2015.10.24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин 1 сараар гэрээг сунгасан боловч одоо болтол зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө /1хоногт 250,000 төгрөг/ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн дүнгийн 50 хувь болох 25,000,000 төгрөгийг нэмж нэхэмжлэх эрхтэй байна. Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч М.М, С.Д болон хамтран хариуцагч Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 75,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.7.28-ны өдөр гаргасан ба захиргааны маргаан хянагдаж байгаа гэх үндэслэлээр 2018.02.23-ны өдрийн 184/Ш32018/02209 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Д.Гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Д.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэж дууссан. 2018.10.09-нд дахин нэхэмжлэлээ гаргасан ч хариуцагч М.М хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр мөн л тус шүүхийн 2018.11.16 -ны өдрийн 184/Ш32018/13346 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.25-ны өдрийн 182/ШШ2019/00197 тоот шийдвэрээр хариуцагч М.М, С.Д нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Оргодол, хариуцагч М.Мыг байсан хаягтаа оршин суудаг болохыг тогтоосон. Зээлдэгч М.Моос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл авсан, төлбөрийн үлдэгдэл 75,000,000 төгрөг байгаа талаар маргахгүй байна. Барьцааны зүйлийн тухайд Д.Гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг өөрийнх нь зөвшөөрлийг авсны үндсэн дээр барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн барьцаанд тавих өөр эд хөрөнгө надад байхгүй тул зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэж надад тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 2020 оны 5 дугаар сараас төлж эхлэх бодолтой байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие хадам эгч С.Дгийн гуйлтаар өмчлөх эрхийн Ү-2204030102 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байрны 174 тоот, 56,8 м.кв 2 өрөө орон сууцаа М.Мөнсоёлд 2015.08.18-ны өдөр 2 сарын хугацаатай барьцаанд тавих итгэмжлэлийг олгосон. М.М нь хөрөнгө оруулалт орж ирж байгаа тэгэхээр санаа зоволтгүй, байр чинь найдвартай гарт байгаа гэдэг байсан. Гэтэл иргэн Ш.Т гэдэг хүнд барьцаалж, 50,000,000 төгрөг зээлжээ. Энэ тухай би сүүлд шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлээс дуудахад мэдсэн болно. Би М.Мтой орон сууцаа 2 сарын хугацаатай барьцаанд тавихаар тохирсон, миний итгэлийг эвдэж, хууран мэхэлж намайг орох оронгүй болгож байгаад гомдолтой байна. Итгэмжлэлийн хугацаа дууссан байхад орон сууцыг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна. Иймд итгэмжлэлийг хүчингүй болгож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч М.М нь Д.Гээс хуульд заасан шалгуурыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлийг 2015.08.18-ны өдөр авсан, итгэмжлэлээр Д.Г нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 2 сарын хугацаатай олгосон. Итгэмжлэлээр олгосон эрхийг М.М нь 2015.08.24-ний өдөр хэрэгжүүлснээр Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон байдаг. Мөн барьцааны гэрээг хуульд заасны дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй  болгуулахаар Д.Г нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, уг маргаан Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02915 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Моос 75,000,000 /далан таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэд олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030102 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байрны 174 тоот, 56,8 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, хариуцагч М.Мд олгосон 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Моос 603,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 184/ШШ2019/02915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн №334 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч би хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Ш.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, 2015.08.18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ2019/02915 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг гуравдагч этгээд Д.Г эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь дараах байдлаар үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалд ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч ижил эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлтэй адил мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хянан шийдвэрлэдэг журамтай гэжээ. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Д.Гт ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу мэтгэлцэх боломжийг бүрэн олгож хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гуравдагч этгээд Д.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар оролцож, шүүх хуралдаан дээр өөрийн биеэр мэтгэлцсэн байтал шүүх ИХШХШТХуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зохигчийн эрх үүргийг гуравдагч этгээдэд эдлүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй байна. Магадлалд гуравдагч этгээд Д.Г итгэмжлэлийг хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгох, эсхүл хуурч мэхлэн хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын алийг нь гаргаж байгааг тодруулж, уг шаардлагын талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйтэй холбоотой болно гэж үзжээ. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан итгэмжлэлийн хугацаа дууссан үндэслэлээр итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага дээр ИХШХШТХуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5-д зааснаар итгэмжлэлийн бүрэн эрхийг хэрэгжүүлснээр итгэмжлэл дуусгавар болно гэж заасны дагуу гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, хариуцагч М.Мд олгосон 2015.08.18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх дүгнэлтээ хийсэн. Мөн хуурч мэхлэх үндэслэлээр итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага дээр ч мөн дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээд Д.Г нь итгэмжлэлийн хугацаа дууссан тул өмчлөх эрхийг сэргээн 2015.08.18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага гаргасан ба 2019.11.14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны өмнө Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 201625021996 тоот хавтаст хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч М.М нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016.10.12-ны өдрийн №1885 тоот прокурорын тогтоол болон гуравдагч этгээд Д.Гт 8,820,000 төгрөг шилжүүлсэн хаан банкны хуулга зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргасан байсан. /хх-ийн 97 хуудасны ар хэсэг/ ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн. Учир нь эрүүгийн хэрэг үүсээгүй, залилан мэхэлсэн болох нь тогтоогдоогүй хэргийн материалаас нотлох баримт гаргуулах нь хэрэгт ямар ч нотолгооны ач холбогдолгүй юм. Гэтэл дээрх Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол нь хавтаст хэргээс алга болсон байна. Мөн ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу гуравдагч этгээд нь хариуцагч М.Мыг хуурч, мэхэлсэн талаар ямар нэг нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, харин ч өөрөө хариуцагчаас 8,820,000 төгрөг авсан баримт хэргийн материалд авагдсан байдаг. /хх-ийн 94, 95-р хуудас/ Мөн анхан шатны шүүх нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргана гэж заасан. Гэтэл хэргийн материалд хуурч мэхэлж итгэмжлэл авсан тухай ямар ч нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тогтоогдохгүй байна. Учир нь 38.6-д заасан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байх ба тэдгээрийг зохигч өөрөө олж авах боломжгүй байхыг ойлгоно. Давж заалдах шатны шүүх нь дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Тиймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн №334 тоот магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ2019/02915 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Т нь М.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гуравдагч этгээд Д.Гээс 2015.08.18-ны өдөр М.Мд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...зээлдэгч М.М зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. ...үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна...” гэж шаардсан, хариуцагч “...зээлийн төлбөрт 75,000,000 төгрөг нэхэмжилсэн, төлбөрийн дүнтэй маргахгүй, ...Д.Гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг өөрийнх нь зөвшөөрлийг авсны үндсэн дээр барьцаанд тавьж зээл авсан...” гэсэн тайлбар гаргажээ. 

 

Гуравдагч этгээд Д.Гээс ...хадам эгч С.Дгийн гуйлтаар ...өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэлийг М.Мд олгосон. ...орон сууцыг 2 сарын хугацаатай барьцаанд тавихаар тохирсон боловч миний итгэлийг эвдэж, хууран мэхэлж намайг орох оронгүй болгож байгаад гомдолтой. Итгэмжлэлийн хугацаа дууссан байхад орон сууцыг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна... гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Д.Г нь 2015.08.18-ны өдөр М.Мд, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 2 сарын хугацаатай олгосон. Уг итгэмжлэлийг үндэслэн М.М, С.Д нар нь 2015.08.24-ний өдөр Ш.Ттэй зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Д.Гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан байх ба зээлийн гэрээний талууд тохиролцон 2015.10.26-ны өдөр гэрээний хугацааг 1 сараар сунгасан үйл баримтууд тогтоогджээ.

 

Гуравдагч этгээд ...“итгэмжлэлийн хугацаа дууссан” үндэслэлээр хариуцагч М.Мд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар бие даасан шаардлага гаргаснаа шүүх хуралдааны явцад “...М.М итгэл эвдэж, хууран мэхэлсэн” гэж маргасан. Давж заалдах шатны шүүхээс ...шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, шаардлагын үндэслэлийг тодруулаагүй буюу гуравдагч этгээд ...итгэмжлэлийг хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгох, эсхүл итгэл эвдэж, хуурч мэхэлсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын алийг гаргаж байгааг тодруулж, уг шаардлагын талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэн байна. 

Магадлалд заасанчлан анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлон, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.03.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                            Б.МӨНХТУЯА

 

                                                            Х.СОНИНБАЯР

 

                                                            Х.ЭРДЭНЭСУВД