Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02915

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 14 өдөр

     Дугаар 184/ШШ2019/02915

                       Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Ш.Т /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Бага тойруу гудамж, дугаар байр,  тоот

Хариуцагч: З овогт М.М /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, дүгээр байр, тоот

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т овогт Д.Г /РД:/. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Баянмонгол хороолол, дүгээр байр, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч С.Н, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                                                                                                                                                               

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Т нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр М.М, С.Д нартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээ байгуулан зээлдэгчид олгосон итгэмжлэлийн дагуу Д.Г-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянмонгол хороолол,  дүгээр байр, тоот улсын бүртгэлийн Ү-22 дугаартай гэрчилгээ бүхий 58,6 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 9,10 сарын хүүг төлсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин 1 сараар гэрээг сунгасан боловч одоо болтол зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө /1хоногт 250,000 төгрөг/ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн дүнгийн 50 хувь болох 25,000,000 төгрөгийг нэмж нэхэмжлэх эрхтэй байна. Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч М.М, С.Д болон хамтран хариуцагч Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 75,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ба захиргааны маргаан хянагдаж байгаа гэх үндэслэлээр 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 184/Ш32018/02209 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Д.Г-н өмчлөлийн орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Д.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэж дууссан. 2018 оны 10 дугаар сарын 9-нд дахин нэхэмжлэлээ гаргасан ч хариуцагч М.М хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр мөн л тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16 -ны өдрийн 184/Ш32018/ тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/ тоот шийдвэрээр хариуцагч М.М, С.Д нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Оргодол, хариуцагч М.М-г байсан хаягтаа оршин суудаг болохыг тогтоосон. Зээлдэгч М.М-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл авсан, төлбөрийн үлдэгдэл 75,000,000 төгрөг байгаа талаар маргахгүй байна. Барьцааны зүйлийн тухайд Д.Г-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг өөрийнх нь зөвшөөрлийг авсаны үндсэн дээр барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн барьцаанд тавих өөр эд хөрөнгө надад байхгүй тул зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэж надад тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 2020 оны 5 дугаар сараас төлж эхлэх бодолтой байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч  этгээд шүүхэд, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие хадам эгч С.Д-н гуйлтаар өмчлөх эрхийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянмонгол хороолол, дүгээр байрны тоот, 56,8 м.кв 2 өрөө орон сууцаа М.М-д 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай барьцаанд тавих итгэмжлэлийг олгосон. М.М нь хөрөнгө оруулалт орж ирж байгаа тэгэхээр санаа зоволтгүй, байр чинь найдвартай гарт байгаа гэдэг байсан. Гэтэл иргэн Ш.Т гэдэг хүнд барьцаалж, 50,000,000 төгрөг зээлжээ. Энэ тухай би сүүлд шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлээс дуудахад мэдсэн болно. Би М.М-тэй орон сууцаа 2 сарын хугацаатай барьцаанд тавихаар тохирсон, миний итгэлийг эвдэж, хууран мэхэлж намайг орох оронгүй болгож байгаад гомдолтой байна. Итгэмжлэлийн хугацаа дууссан байхад орон сууцыг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна. Иймд итгэмжлэлийг хүчингүй болгож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч М.М нь  Д.Г-с хуульд заасан шалгуурыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авсан, итгэмжлэлээр Д.Г нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 2 сарын хугацаатай олгосон. Итгэмжлэлээр олгосон эрхийг М.М нь 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хэрэгжүүлснээр Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон байдаг. Мөн барьцааны гэрээг хуульд заасны дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй  болгуулахаар Д.Г нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, уг маргаан Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өмчлөх эрхийг сэргээж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.  

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ш.Т  хариуцагч С.М  нар нь  2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдэгч нь 5, 000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлэн авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Г-ийн өмчлөлийн эрхийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байрны тоот, 56,8 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 тоот гэрчилгээ, Д.Г-с М.М-д олгосон итгэмжлэл зэрэг баримтаар нотлогдож байна.

Зээлийн болон барьцаааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч М.М, С.Д нар, зээлдүүлэгч, барьцаалагчаар  Ш.Тгарын үсгээ зуржээ. 

Хариуцагч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу 50,000,000 төгрөг шилжүүлэн авсан, төлбөрийн үлдэгдэл 75,000,000 төгрөг байгаа тухайд маргахгүй байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээр дурдсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 1 сараар сунгаж, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохиролцжээ. 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Г-ийн өмчлөлийнх бөгөөд тэрээр 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч М.М-д үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг 2 сарын хугацаатай олгож, итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч М.М 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлжээ. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох, барьцааны гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах, энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. 

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн нь үндсэлэлтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нь хариуцагч М.М-д 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд нь шаардлагын үндэслэлээ хариуцагч М.М-д өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан, 2 сарын дотор барьцаанаас чөлөөлж өгнө гэж хууран мэхлэсэн гэж тайлбарлана.

Гуравдагч этгээд Д.Ганчимэгийн  хариуцагч М.М-д олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.

Д.Г-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “М.М, Ш.Т, С.Д нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүх 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2018/ дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 221/МА2018/ тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гурвадагч этгээд нь хууран мэхэлж итгэмжлэлд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан хариуцагч М.М зээл авах гэж байгааг Д.Г мэдэж байсан гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281  дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М-ээс 75,000,000 /далан таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнхсоёл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  зээлийн барьцаанд байгаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянмонгол хороолол, дүгээр байрны тоот, 56,8 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, хариуцагч М.М-д олгосон 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн   603,150 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-ээс 603,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ