Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 183/2019/02067/И |
Дугаар | 001/ХТ2021/01470 |
Огноо | 2021-12-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/01470
М.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр магадлалтай,
М.С-ийн нэхэмжлэлтэй,
“Х” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,163,692,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч М.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “УБТ” ХХК-тай 2019.07.19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээгээр “Х” ХХК-иас шаардах 2,163,692,256 төгрөгийн авлагыг шаардах эрхийг М.С- надад шилжүүлсэн юм. “УБТ” ХХК нь 2013 оноос эхлэн “Х” ХХК-д бизнесийн итгэл хүлээлгэж Иргэний хуулийн 281, 318.1, 458.1-г баримтлан зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж шаардлагатай гэсэн үед мөнгө зээлдүүлж зээлийн баталгаа, тендерийн баталгаа гаргаж, оффис, машин түрээслүүлэх зэргээр тогтмол харилцаж ирсэн. Гэвч “Х” ХХК-ийн зүгээс 2016.07.20-ны өдрийн тооцоо нийлэх актад дурдагдсан авсан зээл, түрээсийн төлбөр зэрэг бусад өр төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байх тул тус компанид зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алданги, түрээсийн болон бусад авлага нийт 2,163,692,256 төгрөгийг “Х” ХХК-иас шаардаж байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан 2016.07.20-ны өдрийн тооцоо нийлэх актад дараах хугацаа хэтэрсэн зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шимтгэл, алданги, оффис болон агуулахын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, түрээсийн оффисийн цахилгаан төлбөр, ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл, ланд машины түрээсийн төлбөр зэрэг багтсан болно. Үүнд 2014.09.18-ны 14/7 дугаартай 2 сарын хугацаа, сарын 1.7 хувийн хүүтэй, 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 6,800,000 төгрөг, шимтгэл 2,000,000 төгрөг, алданги 99,180,000 төгрөг, нийт 307,980,000 төгрөг, 2014.09.22-ны өдрийн 14/08 дугаартай 6 сар 14 хоногийн хугацаа, 5 хувийн хүүтэй, 58,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдэл 27,508,052 төгрөг, алданги 13,478,945 төгрөг, нийт 40,986,997 төгрөг, 2015.05.15-ны өдрийн 116 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, шимтгэл 20,000 төгрөг, алданги 996,400 төгрөг, нийт 3,116,400 төгрөг, 2015.01.22-ны өдрийн 15-12 дугаартай 2 сарын хугацаа, 4.5 хувийн хүүтэй 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, хүү 27,000,000 төгрөг, шимтгэл 3,000,000 төгрөг, алданги 148,755,000 төгрөг, нийт 465,225,000 төгрөг, 2015.05.05-ны өдрийн 99 дугаартай 2 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 10,000,000 төгрөг, шимтгэл 100,000 төгрөг, алданги 4,995,000 төгрөг, нийт 16,095,000 төгрөг, 2015.05.11-ний өдрийн 106 дугаартай 1 сарын 5 хувийн хүүтэй 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, шимтгэл 30,000 төгрөг, алданги 1,494,600 төгрөг, нийт 4,674,600 төгрөг, 2015.06.09-ний өдрийн 132 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг, хүү 650,000 төгрөг, шимтгэл 130,000 төгрөг, алданги 6,476,600 төгрөг, нийт 20,256,600 төгрөг, 2015.08.21-ний өдрийн 213 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 500,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, хүү 25,000 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, алданги 249,100 төгрөг, нийт 779,100 төгрөг, 2015.09.29-ний өдрийн 232 дугаартай 1 сарын хугацаа, 5 хувийн хүүтэй 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 50,000 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, алданги 498,000 төгрөг, нийт 1,558,200 төгрөг, 2014.09.22-ны өдрийн 14/09 дугаартай 1 сарын хугацаатай, хүүгүй 50,000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 50,000 доллар буюу 2016.07.20-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 101,878,500 төгрөг, “Х” ХХК нь Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл 6 км Замын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг “Саунд ов монголиа” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд ажлын хөлс болох 3,000,000 төгрөг нэхэгдэж болсон тул түр хугацаанд “Саунд ов монголиа” ХХК-д шилжүүлэн өгөхийг хүссэн бөгөөд тус агуулгаар талууд аман хэлцэл байгуулж тус төлбөрийг “УБТ” ХХК-иас барагдуулж өгсөн болно. /үүнийг “УБТ” ХХК тус “Саунд ов монголиа” ХХК-иас авах 3,000,000 төгрөгийн авлагандаа тооцоо нийлсэн/. “Х” ХХК нь “УБТ” ХХК-ийн такси баазад оффис түрээсэлж байсан бөгөөд 2015.01.01-ний өдрөөс 2015.11.30-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18,200,000 төрөг, /Х ХХК нь 2015.04.03-нд 2015.01.01-нээс 2015.03.31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 7,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 04, 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын төлбөр нэг сарын 2,400,000 төгрөгөөр тооцож 14,400,000 төгрөг мөн 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр нэг сарын 1,900,000 төгрөгөөр тооцож 3,800,000 төгрөг, нийт 18,200,000 төгрөгийн төлөлт хийгдээгүй байгаа болно. “Х” ХХК нь “УБТ” ХХК-ийн такси баазад оффис түрээсэлж байсан бөгөөд энэ хугацаанд ажилчид нь “УБТ” ХХК-ийн ажилчдын хоолны газар хоол иддэг байсан. 2015.01.01-ний өдрөөс 2015.11.30-ны өдрийг хүртэл /8 сар орохгүй/ хоолны тооцоо нийт 4,166,500 төгрөгөөс 1,623,500 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд үлдэгдэл 2,543,000 төгрөг, Түрээсийн оффисийн 2015.01.01-ний өдрөөс 2015.11.30-ны өдөр хүртэл хугацааны цахилгааны төлбөр 400.000 төгрөг, “УБТ” ХХК-ийн Ланд 100 маркийн 01-09 УНР улсын дугаартай машиныг өдрийн 25,000 төгрөгөөр түрээсэлж хоёр сарын хугацаанд хэрэглэсэн бөгөөд нийт түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, “Х” ХХК нь 2015.12.01-ний өдрөөс эхлэн “УБТ” ХХК-ийн такси баазад агуулах түрээсэлж буй бөгөөд 2015.01.01-ний өдрөөс 2016.07.30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,155,000 төгрөг, 2014.10.16-ны өдөр Хасбаатарын гудамжны засварын ажлын тендерийн баталгаа гаргахад зориулж 1 жилийн хугацаатай хүүгүй 13,000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13,000 буюу 25,740,000 төгрөг, 2014.08.07-ны өдрийн 1 жилийн хугацаатай хүүгүй 10,000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,000 доллар буюу 19,900,000 төгрөг, 2014.06.13-ны өдөр тендерт материал бүрдүүлэх үед “Х” ХХК нь нийгмийн даатгалын өртэй байсан тул түүнийг дарах зорилгоор авсан 1 жилийн хугацаатай хүүгүй 21,000 долларын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 21,000 доллар буюу 41,790,000 төгрөг, 2013.04.09-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн урд 6 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жилийн хугацаатай хүүтэй 101,539,650 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 101,539,650 төгрөг, 2013.06.07-ны өдөр Дорнод аймагт 27 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жил 4 сарын хугацаатай хүүгүй 429,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 429,000,000 төгрөг, 2014.11.05-ны Дорнод аймагт 13 км замын тендер авч хэрэгжүүлэхэд зориулж авсан 1 жилийн хугацаатай 244,309,416 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 244,309,416 төгрөг, 2015.01.06-ны өдөр иргэн Баасансүрэнгийн “Х” ХХК-д өгсөн материалын үнэ 300,000 төгрөгийг Баасансүрэнд бэлнээр өгсөн. “Х” ХХК-ийн авсан витумны үнэ 51,307,420 төгрөгийг “Батс Өргөө” ХХК-иас гэсэн тайлбартайгаар манай компаниас төлж барагдуулсан бөгөөд санхүүгийн анхан шатны баримт олдохгүй байгаа боловч “Х” ХХК нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч 2015, 2016 оны тооцоо нийлсэн актуудад гарын үсэг зурсан байдаг. УБ менежмент компанид “Х” ХХК нь зээл 216,000,000 төгрөгийг төлсөн. 2015.08.21-ний өдөр 3,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлээд удаахгүй өгнө гэж авсан бөгөөд эргэж төлөөгүй. Улаанбаатар хотын банкинд “Х” ХХК-ийн зээл 41,417,372 төгрөг төлсөн. Уг мөнгийг 2016.03.24-ний өдөр Улаанбаатар хотын банкны 2600072130 тоот дансанд манай компанийн ажилтан Урангоо гарын үсэг зурж “Х” ХХК-иас хүү шимтгэл гэсэн тайлбартайгаар хийсэн байдаг. Талууд 2016.07.20-ны өдөр тус хоёр байгууллагын хооронд гарсан авлагыг тооцож үзсэний үндсэн дээр тооцоо нийлж тус актаар “Х” ХХК нь 2,163,692,256 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг харилцан баталсан. Гэтэл “Х” ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх хугацааг хэтрүүлж өнөөг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2016.07.20-ны өдрийн тооцоо нийлэх гэрээний дагуу “Х” ХХК-иас 2,163,692,256 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,163,692,256 төгрөгөөс зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Манай компани 2016.07.20-ны өдөр “УБТ” ХХК-д нийт 12 ширхэг машин тоног төхөөрөмжийг өр төлбөртөө суутгах зорилгоор хүлээлгэж өгсөн байдаг. Уг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгснөөр 704,849,066 төгрөгийг тооцооноос хасахаар талууд харилцан тохиролцож акт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 704,849,066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 1,458,843,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 704,849,066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 10,976,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,452,170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С-эд олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус” гэснийг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 411 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн, Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, 2015.11.30-ны өдрийн тооцоо нийлсэн актаас зарим хэсгийг хариуцагч тал авсан нь баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. /Жишээ нь 28 дахь хэсэг буюу Женерал тек-ээс 3,000,000 /Гурван сая төгрөг авсан нь баримтаар нотлогдоогүй... / Хавтаст хэргийн 21-р тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг тус тус үндэслэн гэрч асуулгах, шүүхээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хүсэлтийг хангаагүйгээс шинээр нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлэх үндэслэл болсон гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн талаар: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэл байна. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй 3,000,000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч М.С- нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан төлбөрийн 2,163,692,256 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...“УБТ” ХХК нь “Х” ХХК-аас нийт 2,163,692,256 төгрөгийн авлагатай, уг авлагыг шаардах эрхийг 2019.07.19-ний өдрийн гэрээний дагуу надад шилжүүлсэн...” гэж маргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. ...баримтаар нотлогдоогүй 3,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “УБТ” ХХК нь “Х” ХХК-аас зээлийн гэрээ, батлан даалтын гэрээний үүрэгт, мөн оффис, автомашины түрээс, ажилчдын хоол, тендерийн баталгаа гаргах зэрэгт 2013 оноос үүссэн их хэмжээний авлагатай бөгөөд талууд 2016.07.20-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдсэн байна. Уг актаар “УБТ” ХХК нь хариуцагч “Х” ХХК-аас нийтдээ 2,163,692,256 төгрөгийн авлагатай тооцоо гарч, үүнээс хариуцагчийн “УБТ” ХХК-д хүлээлгэн өгсөн машин, тоног төхөөрөмжийн үнэ 704,849,066 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 1,458,843,190 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцон, уг актад талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Улмаар “УБТ” ХХК нь “Х” ХХК-аас авах дээрх авлагын шаардах эрхийг 2019.07.19-ний өдрийн “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр нэхэмжлэгч М.С-эд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан “...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэснийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь дээрх, тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч “Х” ХХК-аас төлбөрт 2,163,692,256 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, “УБТ” ХХК болон “Х” ХХК-ийн тооцоо нийлсэн акт болон бусад нотлох баримтад үндэслэн, хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрт 1,458,843,190 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 704,849,066 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай тус тус нийцжээ.
Харин, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдлийн талаар зөв дүгнэсэн боловч зохигчийн маргаан, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан буюу тооцоо нийлэх гэрээ гэж тодорхойлж өөрчлөлт оруулсан нь буруу болсон, шүүх ийнхүү өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ магадлалд тодорхой заагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.24-ний өдөр төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН