Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 38

 

У.Б, Т.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч У.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, С.Оюунцэцэг, шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Т.Багахүү, Ж.Эрхэмбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 741 дүгээр магадлалтай, У.Б, Т.Ө нарт холбогдох 201626030832 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 130 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сар хорих ял, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосныг Улсын дээд шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасныг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б овогт У-гийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Т-гийн Ө нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос У.Б, Т.Ө нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч У.Б, Т.Ө нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг хэрэглэж алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Б-д 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Т.Ө-д 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Т.Ө нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Т.Ө-д 2 жил 6 сар” гэснийг “...Т.Ө-д 1 жил” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б гаргасан гомдолдоо “...прокуророос миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үйлдлүүдийн зүйлчлэл нь байхгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан атлаа надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохгүй шинээр мөрдөж буй Эрүүгийн хуульд нийцүүлэн төсөөтэй хэрэглэж ял оногдуулсанд гомдолтой байна. Би бууны дуу сонсоод мотоциклтой хоёр залуу бай буудаж байсныг удаа дараа мэдүүлж ирсэн бөгөөд дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Г нь мотоциклийн мөрийг үзээд бидэнд хамааралгүй гэж үзэн явуулж байсан. Цагдаагийн байгууллагаас дахин дуудаагүй байснаа сарын дараа гэнэт баривчлан учир битүүлгээр зодож, баруун хөлөндөө Герман улсад хүнд мэс засал хийлгэсэн байсан шархыг сэдрээж гэмтээсэн. Хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд мэс заслын улмаас гүйх ямар ч боломжгүй байсан. Гэтэл намайг гүйж байсан мэтээр гэрч нар худал мэдүүлэг өгч байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн миний машин, эд зүйлд хийсэн үзлэгээр буу огт байгаагүй нь нотлогдсон. Гэрч, хохирогч гэх хүмүүс буугаар буудсан гэх тоог янз бүрээр хэлж мэдүүлж хэргийн газраас олдсон хонгионуудыг энд тэндээс түүж олсноо биднийг буудсан болгож ял оноосонд гомдолтой байна. Иймд миний гомдлыг хянан үзэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн байх бөгөөд У.Б, Т.Ө нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэдний мэдүүлгээс харахад буудсан тоо өөр өөр байдаг, мөн 34 ширхэг хонгионууд зөрүүтэй байгаа нь өөр этгээдүүдийн буудуулсан сумны хонгио болохыг харуулж байна. Гэтэл эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байхад хэргийн газраас болон энд тэндээс түүж олсон бүхий л хонгионуудыг У.Б, Т.Ө нарынх болгон холбогдуулсан бөгөөд анхан шатны шүүх үнэн бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэгийг бүрэн гүйцэд хийж, улмаар У.Б, Т.Ө нарт буу байгаагүй гэдгийг тогтоосноор өөр этгээдүүд буудсан гэх нөхцөл байдал бий болсон. Шинжээч томилж шинжилгээ хийлгэхдээ сэжигтэн, яллагдагч нарын хэнд нь ч танилцуулахгүйгээр шинжилгээ хийлгэсэн нь У.Б, Т.Ө нарын эрхийг зөрчсөн. Өөр этгээдүүдийн буудсан хонгионуудыг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд У.Б, Т.Ө нарын буудсан хонгио мөн бишийг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагч шинжээч томилсон тогтоолтой танилцах эрхийг хязгаарласнаар уг хэргийг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй, түүнчлэн хэргийг мөрдөн шалгах явцдаа У.Б-гийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдсан байдаг. У.Б-г баривчлах ажиллагаа нэрийн дор зодсон тухай өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх шүүх хуралдааны мэтгэлцээн дээр цагдан хорих газраас зодуулсан талаарх баримтыг фото зургаар бэхжүүлэн авчирч байсан, мөн У.Б ч гэсэн энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын дэргэдэх тусгай субьектэд гомдол гаргаж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан болохоо тогтоолгож шалгуулж байсан гэдгийг хэлмээр байна. Цагдаагийн байгууллага төлбөртэй буудуулсан этгээдүүдийг шалгах ажиллагаа хийлгүй зөвхөн У.Б л хийсэн гэх байдлаар хандсан бөгөөд уг хэргийн жинхэнэ эзэн холбогдогчийг шалган тогтоогоогүй. Уг хэргийг У.Б, Т.Ө нар үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс У.Б-д 2 жил 6 сарын хорих ял шийтгэснийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч У.Б-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хэлсэн саналдаа “...Шүүгдэгч У.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, ял шийтгэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинж У.Б-гийн үйлдэлд байхгүй юм. Харин У.Б-гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч залуу насандаа алдаж онож явсан бөгөөд урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт тулгаж ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Т.Ө-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн заавал байх шинж болох “бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгаж, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулах” гэсэн үйлдлүүдийн алиныг ч Т.Ө үйлдээгүй байдаг. Мөн Т.Ө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэрэг үйлдээгүй болох нь түүний субьектив санаа зорилго нь нотлох юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж нь хоорондоо өөр өөр буюу бусдад хүч хэрэглэхээр заналхийлэх шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохгүй болсон. Уг хууль зүйн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүх зайлшгүй харгалзан үзэх ёстой байсан боловч хүчингүй болсон зүйлийг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь хохирол, хор уршиг шаарддаг гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн зарчмын дагуу Т.Ө нь хохирогч нарт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул түүний үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй юм. Шийтгэх тогтоолд Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинжүүдээс “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, ингэж олон нийтийн амгалан тайван байдлыг буугаар буудаж буюу зэвсэг хэрэглэж алдагдуулж байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна” гэсэн боловч энэхүү дүгнэлт нь хоорондоо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинжүүдээс зарим шинжийг Т.Ө-гийн үйлдэл агуулсан гэсэн хэрнээ дүгнэхдээ бүрэн хангасан гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Т.Ө нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шүүгдэгч Т.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд байхгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар буруутгахдаа зөвхөн бүлэглэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэв Т.Ө-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгочих юм бол энэ хэргийн бүлэглэсэн гэсэн шинж алга болчих учраас хүчээр ял тулгаж буруутгаж байгаад гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өмгөөлөгчийн хувьд Т.Ө-гийн үйлдлийг гэмт хэрэг гэж огт үзэхгүй байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Т.Ө-г цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч нар нь Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг зөрчсөн гэдэг заалтад хамаарч байгаа, харин орчин тойрондоо айдас төрүүлсэн шинж нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэсэн шинжид хамаарч байгаа юм. Анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Ө-гийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой дурдаж өгөөгүй нь мөн алдаа болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос У.Б, Т.Ө нарыг бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд Туул голын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх У.Б, Т.Ө нар нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны орой 20 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд Туул голын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, тэнд амарч байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэж, уг үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд уг гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн үндэслэлээр хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тус бүрт нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх У.Б, Т.Ө нарын үйлдлийг тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг буюу хэм хэмжээгээр хориглож байсан талаарх үйл баримт болон хууль зүйн буруу дүгнэлт хийж, тэдний үйлдлийг танхайрах гэмт хэрэг, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг тул У.Б, Т.Ө нарын үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл буюу танхайрах гэмт хэргийн шинжийг агуулж байсан эсэхэд үндэслэлтэй бөгөөд эргэлзээгүй дүгнэлт хийх ёстой.

У.Б, Т.Ө нар 2016 оны 6 дугаар сарын 17-ны орой 20 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн тал Туул голын бургасанд У.Б-гийн авч явсан гар буугаар тэнгэр лүү, мод руу, ус руу буудсан үйл баримтыг тогтоосон боловч тэдний ямар санаа зорилготой буудсан болохыг буудахаас өмнөх болон хойших нөхцөл байдалтай холбон үзэх нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтооход ач холбогдолтой юм.

У.Б, Т.Ө нарын буудлага хийсэн газар нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Таван толгойн гүүрнээс 1600 метр зайд орших Өлийн ам гэх газар Туул голын хойд талын эрэгт ойр орчимд ямар нэгэн айлгүй, хэсэг модтой газар байх бөгөөд тэднээс 300 метр зайд хохирогч гэх иргэд амарч байсан, хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлтүүдээр сумны хонгио амарч байсан гэх хүмүүсийн чиглэлд бус эсрэг чиглэлд олдсон, хохирогч нарын мэдүүлгээр тэдэн рүү чиглэсэн ямар нэг буудлага, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгдээгүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж” гэсэн бусад руу буюу хүн рүү чиглэсэн байх шинжийг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл, У.Б, Т.Ө нарын бусдад илтэд хүндэтгэлгүй хандсан, хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл тогтоогдоогүйгээс гадна тэдний хийсэн буудлагын улмаас бусдын амгалан тайван байдал алдагдана гэдгийг ухамсарлаж, түүнийг зориудаар хүсч хүргэсэн хүсэл зоригийн элемент буюу гэм буруугийн хэлбэрийг агуулсан үйлдэл тогтоогдоогүй бөгөөд галт зэвсгээр буудсан буудлагын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар нэг гэмтэл, хохирол учраагүй байна.

Иймд тэдний энэхүү үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй гэж үзнэ.

Харин У.Б галт зэвсгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй буу, сумыг авч явж хадгалж байсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.

У.Б-гийн авч явсан гэх гар буу олдоогүй боловч шинжээчийн дүгнэлтүүдээр уг бууны буудалтын шинж тэмдэг болон буудсан сумнууд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, буудлага хийгдсэн газарт У.Б, Т.Ө нараас өөр хүн харагдаагүй тэд буудлага хийж байсан нь нотлогдсон байна.

У.Б-гийн галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан үйлдэл нь тухайн үедээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг гэмт хэргийн шинжийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...галт зэвсэг хууль бусаар хадгалсан...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ ижил боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг хөнгөрүүлсэн, өөр төрлийн хөнгөн ял сонгон хэрэглэх боломжтой болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Т.Ө-гийн үйлдлийг танхайрах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, У.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, У.Б-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 741 дүгээр магадлалын тогтоох хэсэгт

“Прокуророос шүүгдэгч Т.Ө-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай”,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч У.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч У.Б-г галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэснийг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН