Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 01924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, Усны гудамж 1 тоот хаягт байрлах, “ҮХОБ” ХХК /РД:2693771/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 96-А тоот хаягт байрлах, “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /РД:8030421/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 412,390,889.04  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “ҮХОБ” ХХК нь “КС” ХМХ-тэй 2017 оны 04 сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд 2017 оны 11 сарын 30-ны өдөр ТС-ХЭ-17/007-01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот Зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2017 оны 04 сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай Барьцааны гэрээ, мөн 2017 оны 04 сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж дараах эд хөрөнгө барьцаалсан. Үүнд:

1.А.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 байр, 257 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 155 м.кв талбайтай, 3 өрөө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000276452 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,

2.А.Д-ын өмчлөлийн, Lexus RX 400h маркийн, 99-95 УНТ улсын дугаартай, суудлын зориулалттай авто машин, 

3.2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот Барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий гэрэл зургийн студидэд хэрэглэдэг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу,

4.2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот Барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу,

Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардлага хүргүүлсэн болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөр огт төлөөгүй, үндсэн хүүгийн төлбөрт 23,597,887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264,812.32 төгрөг буюу нийт 23,862,700 (төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул зээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна.

“КС” ХМХ нь 2019 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11.714.804,12 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100.676.084,92 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг буюу нийт 412.390.889,04 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

Иймд хариуцагчаас 2017 оны 04 сарын 24-ний өдөр байгуулсан ТС-ЭХ-17/007 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “КС” ХМХ нэхэмжлэлийн шаардлагаас 263,158,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл хүү болон нэмэгдүүлсэн хүү мөн зээлэнд төлсөн төлбөрийн хамт нийт 149,232,389.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

”ҮХОБ” ХХК-тай байгуулсан 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл болно. Учир нь дээрх зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг 1 жилийн 24 хувийн хүүтэйгээр 1 жилийн буюу 12 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан мэт Зээлийн гэрээ байгуулсан боловч бид зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй бөгөөд Хөрөнгө оруулалтын банкинд 2017 оны 07 сарын 03- ны өдөр буцаан тушаасан байдаг.

“ҮХОБ” ХХК нь 2011 оны 11 сарын 09-ний өдөр “ИМ” ХХК-тай №ТЗ-11\006 тоот Зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар зээлсэн. №ТЗ-11/006 тоот Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас 300,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан.

“ИМ” ХХК нь үйл ажиллагаа нь доголдож цаашид зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болоход “ҮХОБ” ХХК өөр аж ахуйн нэгж дээр зээлээ үргэлжүүлчих гэж хүсэж шаардсаны дагуу бид 2011 оны №ТЗ-11/006 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл 300,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн хамт “КС” ХМХ-ийн нэр дээр шилжүүлэн буцаан барьцаалж “КС” ХМХ-ийн нэр дээр “ҮХОБ” ХХК-тай 2017 оны 04 сарын 24-ний өдөр №ТС-ЭХ- 17\007 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан.

№ТС-ЭХ-17/007 тоот Зээлийн гэрээний 1.1-т зээлийн гэрээний зорилго нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухайд нийцүүлэн банкнаас зээл олгох, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад хяналт тавих, .... талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан атлаа “КС” ХМХ-д олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө зээлдүүлэгч банк буцаан авсан байгаа нь дээрх зээлийн гэрээний зорилгод нийцэхгүй байна. Мөн тус гэрээний 3.1.5-д зааснаар зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч зээлийн мөнгө зориулалтын дагуу ашиглагдаагүй буюу “ҮХОБ” ХХК, “ИМ” ХХК-ийн хооронд 2011 оны 11 сарын 09-ний өдөр байгуулагдсан №ТЗ-11\006 тоот Зээлийн гэрээний 500,000,000 төгрөгийн үлдэгдэл 300,000,000 төгрөгийн төлбөрт төлөгдсөн. Ийнхүү “ҮХОБ” ХХК-иас зээл олгосон үйл ажиллагаа нь өмнө үүссэн төлбөр тооцоог хаахаар байсан бөгөөд Зээлийн гэрээнд заасан зорилгоор “ИМ” ХХК-ийн харилцан хамаарал бүхий “КС” ХМХ-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, зээлийг олголгүйгээр зохиомлоор хийгдсэн, нэг зээлийн төлбөрийг өөр зээлд хөрвүүлэх замаар байгуулсан хууль бус үйл ажиллагаа байна. Нөгөөтэйгүүр Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж зааснаас харахад зээлийг ашигласан хугацаанд төлөх төлбөрийг хүү гэж олгогдохоор байна. Гэтэл бид ашиглаагүй зээлэнд хүү буюу зээлийн үнэ төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн бид гэрээ байгуулснаас хойш нийт 36,841,500 төгрөгийг төлсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 112,390,884,4 төгрөг,  мөн зээлээс буцаан төлсөн 36,841,500 төгрөгийн хамт нийт

149,232,389.4  төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

“ҮХОБ” ХХК нь “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөг гаргуулах,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч  уг зээл нь “ИМ” ХХК-ийн Зээлийн гэрээний үүргийг “КС” ХМХ-ийн нэр дээр шилжүүлж Зээлийн гэрээ байгуулсан, энэ гэрээний дагуу хариуцагч “КС” ХМХ зээл аваагүй, уг гэрээний дагуу “ИМ” ХХК-ийн зээлийн төлбөрийг хаасан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэв.

“ҮХОБ” ХХК, зээлдэгч “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хооронд 2017 оны 04 сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай, 300,000,000 төгрөгийг 12  сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулж,

зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд А.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 байр, 257 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 155 м.кв талбайтай, 3 өрөө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000276452 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, А.Д-н өмчлөлийн, Lexus RX 400h маркийн, 99-95 УНТ улсын дугаартай, суудлын зориулалттай авто машин, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот Барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий гэрэл зургийн студидэд хэрэглэдэг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот Барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу Барьцааны гэрээ байгуулж барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, талууд 2017 оны 11 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ТС-ХЭ-17/007-1 дугаартай гэрээ байгуулж өмнөх Зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан байх бөгөөд эдгээр үйл баримтын талаар  маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдан, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэн өгсөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан байх тул хариуцагчаас үндсэн зээл 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөгийн тооцооллыг хариуцагч үгүйсгээгүй тул шүүх энэ тооцооллыг үнэн зөв гэж тооцов.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын  149,232,389.4  төгрөгийг хасаж тооцуулахаар маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа бичгийн нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн 149,232,389.4  төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тайлбар үндэслэлгүй байна гэж үзсэн.

Иймд “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгслээс зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 04 сарын 24-ний өдөр байгуулагдсан ТС-ЭХ-17/007 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар үйл баримт, нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгслээс 412,390,889.04 төгрөгийг гаргуулж “ҮХОБ” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,104.45  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгийн хураамжид хариуцагч “КС” Хэвлэл мэдээллийн хэрэгслээс 2,290,104.45  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР