Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0004

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0004

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.ЭХХК

Хариуцагч: АМГТГУУКХД

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин , аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, иргэдийн төлөөлөгч Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ГО ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр олгосон Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт орших Нүүрс уул-3 алтын шороон ордод ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулах, Байгаль орчны үнэлгээний нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулан батлуулах, Ашиглалтын үйл ажиллагааны үйл ажиллагааг батлуулах зэрэг хуульд заасан холбогдож ажиллагааг хийж байсан.

Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 , Байгаль орчин , аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/3964 тоот албан бичгээр ирүүлсэн ****** дугаар дүгнэлтийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан" талаар мэдэгдлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" , 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу захиргааны байгууллага манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар биднээс тайлбар аваагүй нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа/ эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" гэж цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болно.

Манай компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн талбайдаа уурхайн болон олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэгэнт эхлээгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчил гарах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий дээрх актыг гаргахдаа Байгаль орчин , аялал жуулчлалын яамны 2020 оны " Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ****** дугаар дүгнэлтийг үндэслэл болгожээ.

БОАЖЯнаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар гарсан дүгнэлтийг мэдэгдээгүй, ямар үндэслэлээр гарсныг нэхэмжлэгч мэдээгүй, харин хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүнд хавсаргасан ирүүлсэн баримтуудаас бичгээр дүгнэлттэй танилцаа. Гэтэл энэ дүгнэлт нь үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д " байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхгүй/ хамаарна, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэж заажээ.

Нэхэмжлэгч ГО ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд тусаагүй, харин талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалттай бус, онцгой хамгаалалтын

бүстэй давхцаж байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн тухайд ашиглах эрх бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулах, Байгаль орчны үнэлгээний нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулан батлуулах, Ашиглалтын үйл ажиллагааны үйл ажиллагааг батлуулах зэрэг хуульд заасан холбогдож ажиллагааг хийж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа байхгүй байхад дээрх дүгнэлтийг гаргасан нь хууль бус юм.

Иймд, БОАЖЯны 2020 оны " Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай " ****** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АМГТГУУКХД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Увс аймгийн Түргэн сумын нутаг Нүүрст уул-3 нэртэй 7725.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх АМГТХЭГ-ын /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрээр Ануунсувд " ХХК-д олгожээ. Ануунсувд ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэхээр гаргасан өргөдлийг хянаж үзээд АМГ /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Г.ЭХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Г.ЭХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн NM-025639 дугаартай өргөдлийг хянаж үзээд Увс аймгийн Түргэн сумын нутаг Нүүрст уул-3 нэртэй 864.23 гектар талбайд АМГ /хуучин нэрээр/ -ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 03 -ны өдрийн 322 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосныг бүртгэсэн байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/3964 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн Уг дүгнэлтэд "Г.ЭХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Нүүрст Уул-3" талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул ГЭ" ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар төрийн захиргааны байгууллагад үүрэгжүүлж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэр гарсан.

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол" , мөн 28.1.2 - т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

"Г.ЭХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот мэдэгдлээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан *** дүгээр шийдвэрийг мэдсэн тухайгаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч БОАЖЯ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд "ГО ХХК нь Байгаль орчин , аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" ****** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна" гэж заасныг, 15 дугаар зүйлийн 1.1-д "байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг" төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна гэж заасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... ", 56.1.8.- д "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн бол Ашигт малтмал газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг тус тус үндэслэсэн.

Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн Цуглуулах санал хүргүүлэх тухай 1/299 тоот албан бичиг, Түргэн сумын ИТХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03 тоот албан бичиг, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 1/17 тоот албан бичгүүд яаманд ирсэн учраас энэхүү дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй байна. БОАЖЯнаас байгаль орчинд хор уршигтай гэдэг нь бүрэн нотлогдоогүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь буруу гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч ГО ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэр, БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн ****** тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ****** тоот дүгнэлтэд ... Г.ЭХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай Нүүрст уул-3 тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га, давхцалтай, орон нутгийн онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрдэлтэй байх тул гэсэн үндэслэлийг заасан байна.

Дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8 дахь заалтууд болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж тус тус заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; 56.1.8-д Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн. гэж заасан байна.

БОАЖЯны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн лавлагаанаас үзэхэд МV-00020524 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь ... Засгийн газрын 2012 оны ***, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх, эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна гэсэн байна.

Мөн Ашигт малтмал Газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/2700 тоот албан бичигт ... Г.ЭХХК-ийн ашиглалтын МV-020524 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай давхцалгүй байна гэсэн байна.

Уг 9/2700 тоот албан бичгийн хавсралт тойм зургаас үзэхэд Г.ЭХХК-ийн ашиглалтын МV-020524 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай давхцалгүй болох нь нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Г.ЭХХК-ийн ашиглалтын МV-020524 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай давхцалгүй болох нь тогтоогдож байх тул БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ****** тоот дүгнэлтийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэсэн буюу баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох БОАЖЯны 2020 оны ****** тоот дүгнэлтийг гаргахдаа Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна.

Ашигт малтмал Газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/2700 тоот албан бичиг[1]-ийн 1-т Өнөөдрийн байдлаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн мэдээллийн санд ... хилийн заагийг тогтоосон Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дүгээр тогтоол бүртгэлгүй байна. гэсэн байх ба үүнээс үзэхэд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дүгээр тогтоол нь Ашигт малтмал газрын тосны газрын зураг зүйн мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №3-2/81 тоот Лавлагааны хуудсаас үзэхэд дээрх Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дүгээр тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдож байх тул тус хурлын 2019 оны 9/01 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад заасны дагуу хүчин төгөлдөр Захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх боломжгүй.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын зураг зүйн мэдээллийн санд бүртгэлгүй, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан БОАЖЯны 2020 оны ****** тоот дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн дээрх Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ****** тоот дүгнэлтийг гаргахдаа Увс аймгийн Засаг даргын 2020 оны 1/299 тоот, Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2020 оны 03 тоот болон 11 тоот, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 1/17 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байна.

Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичигт ... Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ Рашаант багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын үсэг, багийн иргэдийн нэрс, гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн байна... мөн тухайн талбайд булаг рашаан голын эх бүрэлддэг ойн сан бүхий газар орсон учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж байна гэсэн байна.

Мөн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №1/17 тоот албан бичигт ...Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ Рашаант багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын үсэг, багийн иргэдийн нэрс, гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн байна ... мөн тухайн талбайд түүх соёлын дурсгалт 2 хүн хөшөө, булаг, рашаан голын эх бүрэлддэг ойн сан бүхий газар орсон учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж байна гэсэн байна.

Харин Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №11 тоот албан бичигт зөвхөн ...Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ Рашаант багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын үсэг, багийн иргэдийн нэрс, гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн байна гэсэн үндэслэлийг заасан байна.

Дээрхээс үзэхэд БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар дүгнэлтийн үндэслэл болсон албан бичгүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

Тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/5839 тоот албан бичгээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар, уг дүгнэлттэй холбоотой бүх баримтыг шаардахад БОАЖЯны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/5424 тоот албан бичгээр БОАЖЯны ****** дугаар дүгнэлт, дүгнэлттэй холбоотой бүх баримтуудыг ирүүлсэн боловч уг хавсарган ирүүлсэн баримтуудаар ГО ХХК-тай холбоотой хяналт шалгалт явуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Манай компани нь ... тухайн талбайдаа уурхайн болон олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэгэнт эхлээгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчил гарах боломжгүй юм... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалт буюу олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй асуудалтай хэргийн оролцогчид маргадаггүй ба нэхэмжлэгч нь олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байх тул БОАЖЯны ****** дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч БОАЖЯ нь бодит нөхцөл байдлыг шалган тогтоох, шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байна.

Хэдийгээр БОАЖЯны ажлын хэсэг нь ****** тоот дүгнэлтийг гаргахдаа Увс аймгийн Засаг даргын 2020 оны 1/299 тоот, Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2020 оны 03 тоот болон 11 тоот, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 1/17 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байх боловч хариуцагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож, шалгах үүргээ гүйцэд биелүүлэх шаардлагатай байжээ.

Мөн БОАЖЯны ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар дүгнэлтийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүргүүлээгүй болох нь БОАЖЯны ажлын хэсгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/5854 тоот албан бичгээр нотлогдож байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд БОАЖЯны ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг ****** тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Г.ЭХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан болох нь БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/3964 тоот албан бичгээр ирүүлсэн ****** дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг гаргахдаа БОАЖЯны Ажлын хэсгийн дугаар ****** дугаар дүгнэлтийг үндэслэсэн байна.

БОАЖЯны Ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцээгүй талаар дээр дүгнэсэн тул уг ****** дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны *** дүгээр шийдвэр мөн хууль зүйн үндэслэлтэй байх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэс нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй захиргааны байгууллагын хувьд бодит нөхцөл байдлыг тогтоох, шалгах үүргээ биелүүлэх ёстой байжээ.

Тодруулбал, Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэс нь БОАЖЯны Ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг хянан үзсэний үндсэн дээр Г.ЭХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх учиртай.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн

захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...хуульд заасны дагуу захиргааны байгууллага манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар биднээс тайлбар аваагүй нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна... гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь заалтуудаар тусгайлан тусгайлан нарийвчлан зохицуулсан байх тул манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч Л.О нь ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй байна. БОАЖЯнаас байгаль орчинд хор уршигтай гэдэг нь бүрэн нотлогдоогүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь буруу гэж дүгнэлт гаргасан байна.

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээс үзэхэд шүүхийн энэхүү шийдвэрийн үндэслэлтэй иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт агуулгын хувьд адил байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ гаргасан байх тул тус дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ГО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ****** дугаар дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 

 

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудас