Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01496

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/02330 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаар магадлалтай,

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ө.С-д холбогдох,

 

Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жадамбын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б- миний бие Ө.С-д 2009 онд Солонгос улс руу явах үед надад миний эцэг Шын өгсөн өв залгамжлан ирсэн 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаантай шүрэн толгойтой, бор халтар манан хөөргийг хар хөх өнгийн үйтэнхуар дээр зүү ороосон уламжлалт хээтэй даалингийн хамт хадгалж байгаарай гэж өгснийг 2012 онд уулзаад авах гэхэд нь манайх нүүж ирээд удаагүй балкон дээр юманд дарагдсан байгаа гэж хэлээд буцаан өгөөгүй байдаг. Би Ө.С-гийн үгэнд нь тухайн үед итгээд Солонгос улс руу буцсан юм. Тухайн үед Ө.С- нь нялх хүүхэдтэй болохоор нь балкон ухуулж яахав гэж бодоод хөөргийг хайлгаж гэр орныг нь ухуулаагүй Солонгос руу буцсан юм. Ингээд 2015 онд Солонгосоос Монгол Улсад ирээд Ө.С-тай уулзаж хөөргөө авахаар очиход Ө.С- нь ...алдчихсан гэсэн тайлбартайгаар өгөөгүй билээ. Тухайн үед Ө.С- нь хөөргийг алдсан талаар надад хэлээгүй, Цагдаагийн болон хуулийн зохих байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Ингээд Ө.С- хөөргийг минь өгөх шинжгүйг мэдээд шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018.04.25-нд гомдол гаргахад 181101226 тоот хэрэг нээсэн атлаа 2018.11.22-ны өдөр эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хаасан талаарх прокурорын 2018.11.22-ны өдрийн 1391 дүгээр тогтоолыг 2019.05.16-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч 181101226 дугаартай Ө.С-д холбогдох материалд гомдол гаргасан юм. Энэхүү хөөргийн талаар болон Цагдаагийн байгууллагад Ө.С-г шалгуулахад гэрчилсэн гэрчүүд надад байгаа болно. Би өв уламжлан ирсэн хөөрөгний зах зээлийн үнэ хэд байдаг гэдгийг мэдэхгүй. Ер нь бол хөөргөө хөөргөөр нь Ө.С-гаас гаргуулан авах хүсэлтэй болно. Иймд Ө.С-гаас эцэг Шаас өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой бор халтар манан хөөргийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жадамба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б- нь Ө.С-д холбогдуулан Шаас өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой бор халтар манан хөөрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2009 онд Солонгос улс руу явах үед миний эцэг Шын өгсөн өв залгамжлан ирсэн 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаан шүрэн толгойтой бор халтар манан 1700-аад оны үеийн өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн эдэлж явсан мөргүй цэвэрхэн загвар бүхий хөөргийг зүү ороосон уламжлалт хээтэй даалингийн хамт хадгалж байгаарай гээд өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хадгалалтын гэрээний харилцааны дагуу эд хөрөнгөө буцаан шаардаж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ш.Б- болон Ө.С- нарын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлд хадгалалтын гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг тусгаагүй боловч Ш.Б-ийн гэрээ байгуулах саналыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үзэх шаардлагатай юм. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэдэг бөгөөд хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэдэг. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь 2009 онд Ө.С-д ямар хөөрөг хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэлд дурдсан 1700-аад оны үед өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн хэрэглэж байсан хөөргийг өв залгамжлан авч улмаар хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Зүй нь нэхэмжлэлд дурдаад байгаа хөөрөгний гэрэл зургийн үзүүлэлт, эсвэл Ө.С-д ямар хөөрөг хүлээлгэн өгсөн тухай баримт зэргийг үндэслэн тухайн эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2012 онд өөрийн хөөргийг буцаан авахаар Ө.С-гаас шаардсан талаар дурдсан байдаг бөгөөд Ө.С-гийн хувьд 2012 онд уг хөөргийг надаас авахаар нэхэж байсан талаар хэлдэг. Дээрх тайлбарыг харьцуулан үзэх юм бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч 2012 оноос уг хөөргийг Ө.С-гаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иймд Ш.Б-ийн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан гэж үзэж байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэх дээрх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018.11.22-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1391 дугаартай прокурорын тогтоол авагдсан байна. Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Харин прокурорын болон цагдаагийн байгууллагаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/02330 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 заасныг баримтлан хариуцагч Ө.С-гаас эд хөрөнгө гаргуулах тухай Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182Ш2019/02330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жадамба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн №556 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Ш.Б- нь “н.Шаас өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой бор халтар манан хөөрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ө.С-д холбогдуулан гаргасан. Ингэхдээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хөөргийг үнэд хүргэх зорилгоор өөрсдийн санаан зоргоор тодорхойлохыг оролдсоноос өөрөөр уг тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө бодит байдалд тухайн хөөрөг ямар байсныг ч баримтаар нотолж чадахгүй байхад шүүх энэ нөхцөл байдлыг тогтоох үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч тал “эд хөрөнгө гаргуулах” шаардлага гаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзвэл уг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм. 2. Ш.Б- нь “2009 онд Солонгос улс руу явах үед миний эцэг н.Шын өгсөн өв залгамжлан ирсэн 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаан шүрэн толгойтой, бор халтар манан, 1700-аад оны үеийн өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн эдэлж явсан мөргүй цэвэрхэн загвар бүхий хөөргийг, хар хөх өнгийн үйтэнхуар дээр зүү ороосон уламжлалт хээтэй даалингийн хамт хадгалж байгаарай гэж өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байтал давж заалдах шатны шүүхээс хадгалалтын гэрээний үүрэг эсхүл эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардсан эсэх нь тодорхой бус гэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, түүний үндэслэлийг зааж, нотлох үүрэгтэй юм. 3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.12.17-ны өдөр хэргийн материалтай танилцсан бөгөөд ийнхүү танилцахдаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон 2019.12.03-ны өдрийн №182/ШТ2019/322 дугаартай шүүхийн тогтоолтой танилцсан, мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товтой танилцаж, улмаар “гадаад улс руу явах тул эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай” хүсэлт болон визний зургийг нотлох баримтаар хавсаргасан байсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх хязгаарласан зүйл байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэнэ гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэхгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн №556 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 182/ШШ2019/02330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь Ө.С-д холбогдуулан эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...2009 онд Солонгос улс руу явах үедээ эцэг Шын надад өгсөн, өв залгамжлан ирсэн 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаантай шүрэн толгойтой, бор халтар манан хөөргийг Ө.С-д хадгалуулсан. ...2012 онд Монголд ирээд, Ө.С-тай уулзаж хөөргөө авъя гэхэд “манайх нүүж ирээд удаагүй байгаа балкон дээр юманд дарагдсан” гэхээр нь итгээд буцсан. ...2015 онд Солонгосоос ирээд Ө.С-гаас хөөргөө авахаар очиход “алдчихсан” гээд өгөөгүй...” гэж тодорхойлжээ.  

 

Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэлд дурдсан 1700-аад оны үеийн, өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн хэрэглэж байсан хөөргийг нэхэмжлэгч өв залгамжлан авч, улмаар хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. ...нэхэмжлэгч 2012 онд өөрийн хөөргийг буцаан авахаар Ө.С-гаас шаардсан талаар нэхэмжлэлд дурдсан, ...энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ш.Б-ийн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан...” гэж маргасан байна.   

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний үүрэг шаардсан, эсхүл түүний эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардсан эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэснээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох эцэг н.Шын өгсөн, 1700-аад оны үеийн өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн эдэлж явсан, 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаан шүрэн толгойтой бор халтар манан хөөргийг хариуцагч Ө.С-д хадгалуулсан, хариуцагч “...алдчихсан” гээд өгөөгүй гэж марган, хөөрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан шинж чанар бүхий хөөргийг хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх, тэдний хооронд хуульд заасан ямар эрх, үүргийн  харилцаа үүссэн болох нь тодорхойгүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна. Түүнчлэн, шүүх гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан гэж дүгнэсэн боловч ийнхүү дүгнэх болсон үндэслэл, хугацааг хэрхэн тооцсон нь мөн тодорхойгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                           ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.СОНИНБАЯР

                                                                                                   Д.ЦОЛМОН