Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 457

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 240a тоотод оршин суух, Оорцог овогт Хасбаатарын Гэрэлмаа /МА84091207/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга баг, 13 дугаар гудамж, 1-26 тоотод оршин суух, Жарантай овогт Батсүхийн Энхтөр /МХ86063013/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Гэрэлмаа, хариуцагч Б.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 2003 оны 08 дугаар сард Б.Энхтөртэй танилцаж 2006 оны 08 дугаар сард 46/000942 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2006 оны 12 дугаар сард Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сард Э.Дээдэсийнзаяа гэх 2 хүүтэй болсон. 2016 оноос Б.Энхтөр нь Улаанбаатар хотод ажиллахаар яваад гэр бүлийн маргаан зөрчил гарч эхэлсэн. 2018 он хүртэл хэрүүл маргаантай явж байгаад 2018 оны 02 дугаар сараас ямар ч холбоогүй, 2 хүүтэйгээ ярихгүй болсон. Би 2 хүүхдээ өөрөө асран хамгаалж тэжээж явж байгаа. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй Энхтөр хүнтэй суусан. Одоо хүүхэд нь төрөх гэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Бямбажаргал, Э.Дээдэсийнзаяа нарыг миний асрамжид үлдээж, эцэг Б.Энхтөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй!... гэжээ.

Хариуцагч Б.Энхтөр шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний биө Х.Гэрэлмаатай 2006 оны 8 сарын 03-ны өдөр батлуулж, 2006 оны 08 сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр албан ёсны гэр бүл болцгоосон билээ. Бид хоёрын дундаас 2 сайхан хүү төрж эрүүл саруул энх тунх өсөн торниж байгаа. Миний бие Гэрэлмаатай гэр бүл болоход оюутан байсан 2008 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцад монтёроор ажилд орсон. Тэр цаг үеэс эхнэр 2 хүүгээ хүний дайтай юугаар ч дутахгүй эрх танхи өсгөсөн, хүний урамд эхнэртээ уурлаж уцаарлаж ч үзээгүй, би архи тамхи хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршил байхгүй билээ. Хурим хийх үед миний аав ээж бид хоёрт хашаа байшин худалдан авч өгсөн, айлын дайтай айл болж тусдаа сайн сайхан амьдарч юугаар ч дутахгүй амьдралтай байсан.

Энэ хугацаанд амьдрахын эрхэнд Улаанбаатар хот явж зах дээр жимсний лангуу ажиллуулж байгаад дараа нь гэртэйгээ ойрхон гэж Сэлэнгэ аймгийн олон улсын зах дээр лангуу ажиллуулж явлаа. Би өөр хүнтэй гэр бүл болоод эхнэр хүүхдээ орхисон биш тэр л гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудлыг байнга гаргаж олон удаа уучилж байсан боловч ингээд байж болдог юм гэсэн буруу бодлыг тээж хань ижил үр хүүхдээ доромжилж байгаа тул цаашид Х.Гэрэлмаатай амьдрах хүсэлгүй гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Харин өөрийн 2 хүүгээ би өөртөө авч үлдэнэ. Миний 2 хүүхэд нэг нь 14 нас, нөгөө 6 нас хүрч байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож өөр дээрээ авах бодолтой байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө төвийн хүмүүс ирж надтай уулзаж ажиллагаа явуулсан. Харин хүүхдийн төлөө төвийнхний гаргасан дүгнэлтийг би буруу гэж бодож байна. Хүүхдүүдээ энэ хүн дээр байлгана гэвэл өөрийн гэсэн гэр орон байхгүй. Надад бол гэр орон, бүх юм байна. Өнгөрсөн хугацаанд бүтээнэ, болгоно гэж амьдралаа зохицуулсан тул би 2 хүүхдээ өөр дээрээ авч элэг бүтэн амьдармаар байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гэрэлмаа нь хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2003 онд танилцаж, улмаар 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас охин, хүү Э.Бямбажаргал, Э.Дээдсийнзаяа нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2016 оноос хоорондоо таарч тохирохгүй, тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэр бүлээс гадуур хамтран амьдрагчтай болсноос тэд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагч Э.Бямбажаргал, Э.Дээдсийнзаяа нарыг өөрийн асрамжид авна, ээжид нь өгөхгүй гэж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно, 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж, хэн аль нь тэжээн тэтгэх, асран халамжлах боломжтой гэж тайлбарласан тул шүүхээс зохигчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг томилсон бөгөөд шүүхэд ирүүлсэн 2019 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ерөнхий дүгнэлтэд ... ээж Х.Гэрэлмаа ажил ихтэй байдаг боловч хүүхдэд тавих анхаарал сайн.

Аав Б.Энхтөрийн зүгээс хүүхдэдээ хайр халамж, эцгийн үүргээ биелүүлэх нь дутмаг анхаарал тавих нь сул, мөн амьдрах орчны нөхцөл байдал одоогоор бэлэн бус байшингийн засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

... Тиймээс хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Иймд зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э.Бямбажаргал, Э.Дээдсийнзаяа нар нарыг эх Х.Гэрэлмаагийн асрамжид асрамжинд үлдээж, эцэг Б.Энхтөрөөс хууль заасан хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Энхтөрөөс төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100х12=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар  нэхэмжлэгч Х.Гэрэлмаа нь Б.Энхтөрийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Б.Энхтөр нь Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн ч дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй, тэрээр ...надад бол гэр орон, бүх юм байна... гэх тайлбарыг гаргасан хэдий ч тэр талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Оорцог овогт Хасбаатарын Гэрэлмаа, Жарантай овогт Батсүхийн Энхтөр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг эх Х.Гэрэлмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Энхтөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярдэлгэрт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ