Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2017/03743/и |
Дугаар | 00843 |
Огноо | 2018-04-04 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00843
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00427 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” СӨХ-д холбогдох
Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний үүрэгт нийт 7 952 552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.С шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК 2016 оны 11 дүгээр сард хуулийн этгээдийн нэрээ “С” ХХК хэмээн өөрчилөн бүртгүүлсэн. “С” ХХК нь 2013 оноос хойш “Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Э” СӨХ-ны эзэмшил, ашиглалтад байх Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 16 дугаар хороо, Макс малл худалдааны төвийн залгаа байрлах орон сууцны барилгад байрлах Di1-PA9/600/-СО60-16/13 үзүүлэлттэй, 4 ширхэг иж бүрдэл цахилгаан шатны техникийн үзлэг, засвар үйлчилгээг сард 1 удаа гүйцэтгэх бөгөөд 1 сарын техникийн үзлэг үйлчилгээний төлбөр 1 цахилгаан шат 99 000 төгрөг буюу 4 иж бүрдэл нийт 396 000 төгрөг байхаар “Э” СӨХ тухайн сарын үзлэг үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 29-ний өдөр “С” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээ 2013 оноос эхлэн 1 жилийн хугацаа дуусгавар болоход талуудын хүсэлтээр 1 жилийн хугацаагаар сунгагдсан. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болж “Э” СӨХ-оос гэрээгээ дахин хугацаа сунгаж байгуулах хүсэлт гаргаагүй тул гэрээ дуусгавар болсон. “Э” СӨХ 2014 оны 10 дугаар сараас хойш cap бүр төлөх ёстой гэрээний төлбөрийг төлөхгүй хуримтлуулсаар 6 740 000 төгрөгийн төлбөртэй болсон.
“Э” СӨХ нь 2014 оны 03 дугаар сараас хойш орон сууцны ашиглалтыг хариуцаж байгаа. “Сима тек” ХХК-иас cap бүр техникийн засвар үйлчилгээ орж байсан боловч үйлчилгээний төлбөрийг 2014 оны 10 сараас эхлэн төлөөгүй. Тус СӨХ-той 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 3 077 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөр 3 564 000 төгрөг, алданги 1 311 552 төгрөг, нийт 7 952 552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” СӨХ-ны төлөөлөгч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний анх байгуулсан гэрээний 2.4-т зааснаар “С” ХХК cap бүр үзлэг оншилгоо “Э” СӨХ-ны лифтэнд хийнэ гэсэн боловч завтай үедээ ирж үзлэг хийдэг болсон. Үүний улмаас манай лифтний тороос 2015 оны 03 дугаар сард тасарсан. Гэрээний 2.4-т техникийн үзлэгийн хувиар гаргаж хөтөлж, хувиарын дагуу сард нэг удаа үзлэг хийж акт хөтлөнө гэсэн байдаг боловч нэг ч удаа хувиар гаргаж үзлэгээ хийж байгаагүй. 2014 оны 08 дугаар болон 11,12, 2015 оны 01 дүгээр саруудад үзлэг хийгээгүй. Үзлэг үйлчилгээ хийгдсэн актанд эрх бүхий этгээд гарын үсэг зурж акт үйлдэнэ гэсэн боловч нэг ч удаа үзлэгийн график гаргаагүйн улмаас дуртай үедээ ирж байгууллага төлөөлөх эрхгүй ажилчдаар гарын үсэг актан дээр зуруулсан нь засвар үйлчилгээний актууд бүхэлдээ хүчингүй буюу гэрээний нөхцлийг хангах чадамжгүй гэж үзэж байна.
2015 оны 10 дугаар сараас манай 1 дүгээр лифтний хаалга дурын давхартаа хаагдахгүй, гацаж зогсох болсон бөгөөд нэхэмжлэгч лифтийг засварлаж чадаагүй. 2016 оны 02 дугаар сард сүүлийн гэрээ хийхдээ танай байгууллага гэрээнд заасан ажлаа хийж сайн засварчидаа явуулж манай лифтийг засах итгэлцлээр байгуулсан боловч өмнөх байдлаараа лифтийг засч чадахгүй хэвээр байсан. 2016 оны 03 дугаар сарааас эхлэн манай 1 дүгээр лифт огт ажиллахаа больж үзлэгээр ирсэн хүмүүс ажилуулж өгөөд явсны нь дараа унтардаг болж, тухайн лифтийг зогсоож 2016 он 11 дүгээр сард өөр лифтний байгууллагаар шалгуулж плат нь шатсан болохыг тодруулж шинээр сольж хэвийн үйл ажилгаанд оруулсан. Эвдэрсэн лифтийг засч оншилж чадахгүй байж төлбөр нэхэх нь ёс зүйгүй үйлдэл юм. Гэрээнд манай СӨХ-ны хүсэл зоригийг тусгаагүй, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр гэрээний нөхцөлийг бичсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ хангалтгүй хийсэн тул манай СӨХ төлбөр төлөх ёсгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” Сууц өмчлөгчдийн холбооноос 7 645 256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 307 296 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “Э” СӨХ анхнаасаа “С” ХХК гэрээний маш олон заалтыг ноцтой зөрчиж улмаар сар бүр ирдэггүй, улиралдаа нэг ирдэг, дуудлага өгөхөд гэмтлийг зөв оношилж, засварлаж чадахгүй, сүүлдээ дуудлага ч авахгүй больсон тул төлбөрөө төлөхгүй гэж үзэн тайлбар гаргасан. Шүүх үзлэгийн цэнхэр баримтыг нотолгоо болгон, 1 цахилгааны шатны үзлэгийн үнэ 99 000 төгрөг гэж үзэж шийдвэрлэсэн. Гэрээний 4.1-т 1 цахилгааны шатны сарын техникийн үзлэг, үйлчилгээий төлбөрт 99 000 төгрөг байхаар заасан. Энэ нь зөвхөн сард 1 удаа хийгдэх цахилгаан шатны техникийн үзлэгийн төлбөр биш бөгөөд сард 1 удаа хийгдэх техникийн үзлэгийн үйл явц 4 ширхэг лифтэнд 30 минут хүрэхгүй хугацаанд дуусдаг.
Харин үйлчилгээ хэдэн ч удаа тохиолдож болдог лифт гацах, хаалга хаагдахгүй ба онгойхгүй болох гэх мэт механикийн олон гэмтэл, эрсдэлүүдийг яаралтай ирж засах, аврах 24 цагийн үйлчилгээ юм. Үйлчилгээ нь сард нэг удаа хийдэг үзлэгтэй харьцуулашгүй чухал. "С” ХХК болон "Э" СӨХ-ын хооронд байгуулагдсан гэрээ нь цахилгаан шат ашиглалтын засвар, үйлчилгээний гэрээ бөгөөд сард 1 удаа техникийн үзлэг хийлгэх гэрээ биш. Тодруулбал, гэрээний 1.1, 2.4, 2.13, 4.1-т зааснаар тодорхой харагдана. Сард 1 удаа ирж үзлэг хийсэн цэнхэр хуудастай баримтыг 99 000 төгрөгийн өртөгт дүйцүүлэх заалт гэрээнд байхгүй. Сард нэг удаа хийдэг техникийн үзлэгийн цэнхэр баримт нь гэрээний үзлэг, үйлчилгээний төлбөр болох 99 000 төгрөгийн өртөгийн ердөө нэг хэсэг. Хэрвээ үзлэг нь гэрээний нэг хэсэг бол цэнхэр баримт буюу үзлэгийн өртөг хэд вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байхаас гадна хариуцагч "нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй" гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариүцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй юм гэж шүүх шийдвэрлэжээ. "С" ХХК нь 2015 онд cap бүр хийх үзлэгийн 6 сард нь буюу хагас жил ирээгүй бөгөөд 2014 онд улирал дарааллан ирээгүйг тооцоо нийлсэн актны эх хувиар нотолж хавсаргаж өгсөн. Жилийн 6 сард ирдэггүйг нотолсон байхад нотлоогүй гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иймд "С" ХХК-ийн техникийн үзлэгийн төлбөр болон цэнхэр баримт гэрээний үзлэг, үйлчилгээний 99 000 төгрөгийн өртөгийг дангаараа хангахгүй тул үзлэгийн баримтад тулгуурлаж шийдвэр гаргах бол сард нэг удаа хийдэг техникийн үзлэгийн үнэ, өртөгийг тогтоож өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 2.4, 2.13, 3.3, 4.1-т заасан заалтуудыг дахин нягталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэроэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” СӨХ-д холбогдуулан цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний үүрэгт нийт 7 952 552 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигч талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус байгуулагдсан “Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-гээр нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “Э” СӨХ-той тохиролцсон графикийн дагуу Баянгол дүүргийн Энхтайвны өргөн чөлөө, 16 дугаар хороо, 35 дугаар байрны 4 ширхэг иж бүрдэл зорчигчийн зориулалттай цахилгаан шатны үзлэг, засвар үйлчилгээг сард 1 удаа, үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч нь 1 ширхэг цахилгааны шатны үзлэгийн төлбөрт 99 000 төгрөг, 4 ширхэг цахилгааны шатны үзлэгийн төлбөрт 396 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь дээрхи гэрээнүүд /SM-A/S AP-140313-01, SM-A/P160201/04 дугаартай/ цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн хүснэгт “татуургат цахилгаан шат” гэх баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 6-12, 31-46/
Дээрх “Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт хариуцагч байгууллага нийт 4 653 000 төгрөг төлөхөөс 3 077 000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
“Засвар үйлчилгээний тооцоо нийлсэн акт” гэх нэхэмжлэгч компанийн санхүүгийн тэмдгээр баталгаажсан баримтаас үзэхэд төлөгдсөн дүнг 1 576 000 төгрөг гэж тооцсон боловч үлдэгдэл төлбөр болон уг тооцоо нийлсэн баримтыг хариуцагч талд танилцуулаагүй байна. Иймд цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээний дагуу хэдэн төгрөгийн төлбөр үүссэн талаар тооцох боломжгүй юм. /Хх 132-133/
Цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн хүснэгт /Татуургат цахилгаан шат/-гэх хэргийн 13-46 талд авагдсан баримтуудаар гэрээнд заасан хугацаанд лифтэнд үзлэг хийж, 2 байгууллагыг төлөөлж төлөөлөгчид нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан нь гэрээний 2.3-т заасантай нийцсэн байх тул уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ. Харин эдгээр 65 баримтаас 26 дугаар талд авагдсан баримтад хариуцагч байгууллагаас баталгаажуулж, талуудын гарын үсэг зурагдаагүй тул үзлэг хийсэн гэж үзэхгүй. Иймд дээрх баримтуудад үндэслэн лифтэнд 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 65 удаа үзлэг хийсэн гэж үзэж, 4 лифтийн нэг удаагийн үзлэгийг 99 000 төгрөгөөр тооцоход 6 336 000 төгрөг /99 000 төгрөг*4 лифт/ болох бөгөөд нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн акт гэх баримттай харьцуулан дүгнэхэд хариуцагч байгууллага нь гэрээний үүрэгт 4 760 000 төгрөг /6 336 000-1 576 000/-ийг төлөх үндэслэлтэй.
Харин талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ний 2.4-д “Цахилгааны шатны техникийн үзлэгийг /ТҮ/ сард 1 удаа, захиалагчтай тохиролцсон графикийн дагуу үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэнэ” гэж заасны дагуу график гаргаж батлаагүй, нэг талын үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой бус байх тул гэрээний дагуу алданги гаргуулах боломжгүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч нь ”үйлчилгээний 99 000 төгрөгийн өртөгийг дангаараа хангахгүй, сард нэг удаа хийдэг техникийн үзлэгийн үнэ, өртөгийг тогтоолгох” агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т “нэг цахилгааны шатны 1 сарын техникийн үзлэг үйлчилгээний төлбөрөө 99 000 төгрөг” гэж тохиролцсон байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7 645 256” гэснийг “4 760 000” гэж, ”307 296” гэснийг “3 192 552” гэж, 2 дахь заалтад “137 274” гэснийг “91 110” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 274 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА