| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0901/Э |
| Дугаар | 1168 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1168
Д.Пд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.П,
нарийн бичгийн дарга Б.... нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1823 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Пд холбогдох 1905036611026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овгийн Дын П, 1993 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;
Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 04 цагаас 05 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын 213 тоот өрөөнөөс иргэн А.Тгийн эзэмшлийн “Самсунг Галакси А-50” загварын 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ. “Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох хууль зүйн ойлголт юм. Зочид буудлын өрөөнд амарч байгаа хүмүүсийн зөвшөөрөлгүй уг өрөөнд орж, тэдний хувийн орон зайд нэвтрэн эд зүйлийг хулгайлсан үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан нь шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагчийн хэргийг хүндрүүлэх эрхийг хуулиар хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг буцаах үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг хянана” гэж заасан байх ба энэ нь шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсоныг хянах хууль зүйн ойлголт тул уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөлийг хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг болон 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4-т заасан гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлох, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Д.П нь өөрийн найз Д.Маргад түүний найз эмэгтэйн хамтаар хохирогч А.Тгийн адил Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудалд 213, 313 тоот өрөөнүүдэд амрахаар тус тус байрласан байдаг бөгөөд анхнаасаа зочид буудалд амарч байгаа хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлах болон бусад байдлаар гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй болох нь тогтоогддог. Хэрэгт авагдсан баримтууд болох зочид буудлын бүртгэлийн хуудас, гэрч Д.Маргад, Э.Мөнгөнчимэг нарын мэдүүлгүүдээс үзэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд өөрийн байршлыг өөрчлөх, хэргийн газраас зугтаах зэрэг идэвхтэй үйлдлийг хийж гэмт санаа зорилгоо бүрэн гүйцэлдүүлэх ёстой байтал Д.Пын тухайд энэхүү идэвхтэй үйлдэл хийгдээгүй болно. Хэргийн үйл баримтаас харахад Д.П нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ өөрийн байрласан буудлын өрөөг андуурч иргэн А.Тгийн байрлаж байсан 213 тоот өрөөнд орсон, мөн уг өрөөнд унтаж буй хүнийг сэрээх гэсэн үйлдлийг хийж байх явцдаа бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго гэнэт үүссэнээр уг гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааны эхлэлд хамаарах юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.П нь буудлын өрөөгөө андуурч А.Тгийн байрлаж байсан хаалгаа онгорхой орхисон 213 тоот өрөөнд орохдоо гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй талаараа мэдүүлэгтээ тодорхой илэрхийлсэн болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шалгаж үнэлж дүгнэсний үндсэн дээр мөрдөгч, прокуророос орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж яллах нотлох баримтаар үнэлээгүй. Д.Пд холбогдох хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалттай хамтатган удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн шийдвэр нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үе шатанд хамаарах заалт бөгөөд Д.Пд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж буцааж байгаа эсхүл хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлснээр буцааж байгаа аль нь болох нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэм буруутай үйлдлээ хийсэндээ гэмшиж, харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Дахин алдаагаа давтахгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1823 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Пд холбогдох хэргийг прокурорт буцаахдаа шүүхийн хэлэлцүүлгээр ямар нотлох баримтыг хэлэлцэж, ямар дүгнэлтэд хүрснээ тодорхойлж бичихгүйгээр, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон мэтээр шууд дүгнэлт хийж зүйлчлэл хүндрүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд “...Гоймон худалдаж авчихаад өрөөгөө олохгүй тэр хавиар өрөөгөө хайж байгаад хаалга нь онгорхой өрөө рүү орсон...” гэж, “...Буцаж өрөөндөө орох гэж явж байхдаа төөрөөд нэг онгорхой өрөөнд ороход үл таних залуу унтаж байсан... би гар утсыг нь халааснаас нь аваад өрөөндөө орсон” гэж мэдүүлж байсан бөгөөд түүний энэхүү мэдүүлгүүдийг хэргийн бусад нөхцөл байдлуудыг харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь үнэлж, няцаан үгүйсгэх нөхцөл байдлуудын талаар зохих дүгнэлтээ хийсний үндсэн дээр хэргийн талаарх бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр ямар нотлох баримтуудыг судалсан нь тодорхойгүйгээр “...шүүгдэгч Д.П нь хохирогч А.Тгийн өрөөнд нэвтэрч гар утсыг хулгайлсан үйл баримт тогтоогдсон” гэж шууд дүгнэлт хийж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр...нэвтэрч” гэх хууль зүйн нэр томъёонд шууд хамааруулах байдлаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн аливаа зүйл заалт, нэр томъёог тайлбарлан хэрэглэх, тухайн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хууль зүйн техникийг хэрэглэхдээ хуулийн агуулга, үзэл баримтлал, хуульд тусгах болсон нийгмийн хэрэгцээ шаардлага, нэр томъёоны тайлбар, логик зүй тогтол зэрэгт бүх талаар зохих судалгаа хийсний үндсэн дээр хамгийн оновчтой гэж үзсэн үндэслэл бүхий дүгнэлтээ хийж байх нь зүйтэй юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тусгасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэх” гэх хууль зүйн нэр томъёог хэл зүйн, эсхүл логик арга зүйн талаас тайлбарлахын тулд “хууль бус нэвтрэх”, “хууль ёсны дагуу нэвтрэх”, “нэвтрэх үйлдлийг санаатай хэрэгжүүлэх” гэх зэрэг ойлголт тус бүрт зохих хууль зүйн дүгнэлтүүдийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийн нөхцөл байдалд тулгуурлан зөв хийх ёстой байжээ.
Иймд энэхүү үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1823 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1823 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Пд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ