Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 252

 

Ж.Даваажавын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дүгээр магадлалтай, Ж.Даваажавын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Одон Жөмбөгийн Даваажавын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу "Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох”-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу “ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах“ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Даваажавын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дугаартай магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн эрхийг илт хохироосон хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа. Түр чөлөө аваад 18 сарын хугацаа өнгөрч байхад намайг ажилд минь эгүүлэн томилох битгий хэл, миний хувьд хэвээр хадгалагдах ёстой албан тушаал дээр мал эмнэлэг, үржлийн тасаг бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн, З.Наранцэцэгийг шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилон тэр бүү хэл улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллуулж байна.

2. Миний бие холбогдох хуулийн дагуу 1.5 жил хүртэл хугацаагаар түр чөлөө авсан ба хуулиар миний ажлын байр хадгалагдаж байх учиртай. Би өөрийгөө чөлөө авснаас хойш 1 сарын дараа ч ажилдаа орох эрхтэй гэж ойлгож байна. Миний орон тоо сул байсан, ажил хэргийн шаардлагын улмаас тус сумын малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч байгаа учраас мэргэжлийн хүнийг томилон ажиллуулах талаар аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн мэргэжлийн хяналтын газар, сумын удирдлагын зүгээс удаа дараа үүрэг, даалгавар өгсөн боловч Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү нь хэрэгжүүлж ажиллаагүй байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд “....нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа гэх хууль бус эс үйлдэхүй хариуцагчид байхгүй, түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх бодит нөхцөл байдал байхгүй байхад анхан шатны шүүх үйл баримтыг зөв үнэлэлгүйгээр одоогоор түүнийг үүрэгт ажилд нь буцааж томилох орон тоо байхгүй байхад нэхэмжлэгч Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

3. Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс намайг ажилд минь буцаан томилохгүй байх шалтгаан нь тус сумын мал эмнэлэг, үржлийн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, мал үржлийн хяналтын улсын байцаагч С.Эрдэнэцэцэгийн тэтгэвэрт гарах асуудалтай огт холбоогүй, 1.5 жил хүртэл хугацаагаар түр чөлөө авсан байхад давж заалдах шатны шүүх нь “...өөрөө 1.5 жилийн чөлөө авч, С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гарахаар эргэж ажилдаа орох талаар харилцан тохиролцож чөлөө авсан атлаа эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон хэмээн чөлөөний хугацаа дуусаагүй байхад ажилдаа эгүүлэн томилуулахаар шаардаж байгааг хүлээн авах боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

... С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гарах хугацаатай зэрэгцэн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор тохиролцсон нөхцөл байдал арилаагүй, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн болохоо тайлбарласан нь хэрэгт авагдсан Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн хурлын тэмдэглэл, шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.” гэсэн нь давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт огт хамааралгүй үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсөн хэрэг гэж үзэж байна. Тасгийн хурал гэх зүйл нь намайг чөлөө авсны дараа буюу төр төлөөлөх эрхгүй болсны дараа болсон үйл явдал бөгөөд эрх зүйн хувьд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх үнэлсэн нь ямар ч хамаагүй аргаар хариуцагчийн талд шийдвэр гаргах үндэслэлийг эрэлхийлж, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж би бодож байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлтүүд нь илэрхий алдаатай, үндэслэлгүй болсон ба уг дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн үйл баримттай ямар ч уялдаа холбоо байхгүй, бодитой биш байна. Ийм байдлыг хянах гэж , ямар ч аргаар хамаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гэж давж заалдах шатны шүүх хуралдаагүй байлтай. Яавал энэ нэхэмжлэлийг хангахгүй орхих вэ? гэсэн ганцхан л зүйлд анхаарлаа хандуулж хэтэрхий нэг талыг баримтласнаас миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг үнэн зөв шүүгээгүй, нотлох баримтуудад эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүйд маш их гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дугаартай магадлалыг хүчингүй болгон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Даваажавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан Ж.Даваажаваас  эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас түр /1.5 жил/ чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1.5 жил хүртэл хугацаагаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр түүнийг “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох”-ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсгүүдэд тодорхой заажээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ... мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “Энэхүү журмын ... 2.2.1, ...т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл Ж.Даваажав нь одоог хүртэл нөөцийн бүртгэлд хэвээр байгаа гэж тооцогдохоор байх тул түүнийг нөөцөд байгаагаас үүсэх үр дагавар, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь дээрх хууль болон холбогдох журмаар зохицуулагдах юм. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусаагүй, түүнийг ажлаас түр чөлөөлсөн захирамж гарснаас хойш 2 сарын дараагаас буюу 2016 оны 02 дугаар сараас эхлэн ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас түр чөлөөлөхөд эрүүл мэндийн байдлын улмаас бол “1 жилээс дээш хугацаагаар...” гэж заасантай нийцэхгүй, энэ хугацаанаас өмнө гаргаж буй хүсэлтийг захиргааны байгууллага дээрх хууль, холбогдох журамд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй юм.

Иймээс хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ажилд нь эгүүлэн томилохгүй хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, “... хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргах боломжтой...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Ж.Даваажавыг чөлөөний хугацаа дуусаагүй байхад ажилд авах боломжгүй, түүнтэй тохиролцсоны дагуу С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гармагц нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох боломжтой талаарх хариуцагчийн тайлбарыг шүүхийн магадлалд тодорхой дурджээ. 

Дээр дурдсаныг нэгтгэвэл, “... давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн, 1.5 жил хүртэлх хугацаагаар гэж хуульд заасан тул 1 сарын дараагаар ч ажилдаа эргэж орох эрхтэй, хуулиар миний ажлын байр хадгалагдаж байх учиртай...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “ажилд нь эгүүлж томилохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” тухай Ж.Даваажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ