Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2019/0011/З |
Дугаар | 118/ШШ2020/0004 |
Огноо | 2020-03-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 118/ШШ2020/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шин Жун Чи ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад холбогдох
12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордуудад 2011-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлснээр 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. Харин манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн ...24 дүгээр зүйлийн 24.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус заасан эрхийнхээ хүрээнд хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс энэ талаарх тодорхойлолтыг авах хүсэлтийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичгээр Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч түүний зүгээс өнөөдрийг хүртэл тодорхойлолт гаргаж өгөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.6 дахь заалт, 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасан хүрээнд Сумын Засаг дарга нь Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөөг зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх, үүрэгтэй бөгөөд үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаар баримтыг буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан юм. Гэтэл Эрдэнэхайрхан сумын Засаг дарга нь 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шин Жун Чи ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн үүргээ нэгэнт биелүүлээд, хайгуулын ажлаа хийгээд дуусгачихсан. Дуусгасан ажлын үр дүн буюу 12 жилийн хугацаанд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн судалгаа гэх мэт бүх материалуудаа төрийн захиргааны төв байгууллага болон түүний харъяа Эрдэс баялгийн зөвлөлд өгөөд, ажлаа тайлагнаад, дүгнүүлсэн. Ингээд нөөцөд бүртгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Дараагийн шатны ажил нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх зүйн үндэс нь бүрдэж байгаа учраас энэ хүрээнд ашигт малтмалын газарт хүсэлтээ гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай болсон. Ингээд баримтууд бүрдүүлэх явцад нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж байсан орон нутгийн Засаг даргаас тодорхойлолт авах шаардлагатай болсон. Хуульд зааснаар сум орон нутгийн Засаг дарга тухайн компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлсэн ажлын тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байсан учраас нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас Шин Жун Чи ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, ийм ажлуудыг хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл 2017 онд А.Балжир дарга өөрөө нэхэмжлэгч компанийн хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгсөн байдаг. 2018 оны хувьд тухайн газар дээр ажил хийгдээгүй. Учир нь хайгуулын ажлын зарим нэг хэсэг нь дуусгавар болчихсон учраас тэр хэсэгт шинжилгээ, судалгаа, тооцоолол хийх ажлыг 2018 онд хийгээд, тооцооллын ажлаа дуусгавар болгосон. Ингээд 2019 оны эхээр тайлангаа эцсийн байдлаар гаргаад Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлд өгсөн. Энэ явцад Эрдэнэхайрхан сумын Цэдэнбал гэдэг иргэнээс Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа Шин Жун Чи ХХК-ийн эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль зөрчигдөж олгогдсон тул тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгнө үү гэсэн байдаг. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зарим нэг өмгөөлөгч нар нь солигдсон. Солигдохдоо нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд тусгай зөвшөөрлийг олгоход асуудал байгаагүй, харин 2016 онд сунгалт хийхдээ тайлан, төлөвлөгөө нь батлагдаагүй байхад сунгалт хийсэн гэдэг үндэслэлээр маргасан. Анхан шатны шүүхээс тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Шин Жун Чи ХХК-д 2016 онд тусгай зөвшөөрөл олгогдохдоо хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Цэдэнбалын анхан шатны шүүхэд өгсөн тайлбарууд, одоо хариуцагчаар шүүх хуралдаанд оролцож байгаа А.Балжирын өнөөдөр өгөөд байгаа тайлбарыг няцаасан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын гол агуулга нь Шин Жун Чи ХХК нь Айраг уулын талбайд 2007-2018 онд хийсэн хайгуулын ажлын төлөвлөгөө тайлангаа төрийн захиргааны байгууллагаар хянуулж баталгаажуулж ирүүлсэн, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан нь Геологи хайгуулын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний 665 дугаартай тогтоолоор тогтоогдсон. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шинэчилсэн төлөвлөгөөг Эрдэнэхайрхан сумын Засаг дарга баталж ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь 1-рт 2007-2018 онд хийсэн хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг төрийн захиргааны байгууллагаар хянуулж баталгаажуулсан гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон. 2-рт 2016 онд сунгалт хийхийн өмнө Эрдэнэхайрхан сумын Засаг дарга төлөвлөгөөг баталгаажуулаад өгчихсөн. Үүний дараа 2017 онд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг гаргаад Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир гарын үсэг зурж баталгаажуулаад, сумын Байгаль орчин хамгааллын улсын байцаагч Мөнхжаргал гэдэг хүн тэмдгээ дарж мөн л баталгаажуулсан. Ингээд хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал геологийн хэлтсийн мэргэжилтэн хүлээж авч гарын үсэг зураад, мөн тухайн байгууллагын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн ахлах байцаагч Наранцацралт гэдэг хүн гарын үсэг зурсан. 2018 оны хувьд тайлан төлөвлөгөөгөө гаргаж өгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн ахлах байцаагч Наранцацралт гэдэг хүн гарын үсэг зурсан, мөн Ашигт малтмал газрын тосны мэргэжилтэн Баттөр гэдэг хүн хүлээж аваад гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Ингээд шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлсэн. Түүний хариу 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 07/429 дугаартай албан бичигт Шин Жун Чи ХХК-ийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчин, геологи, уул уурхайн ахлах байцаагч хянасан боловч нэрийн тайлалгүй байна гэж бичсэн байдаг. Энэ нь төлөвлөгөөгөө хянуулсан байна. Хянасан байцаагч нь гарын үсгээ зураад нэрийн тайллаа бичих ёстой байсан боловч бичээгүй байна. Гэхдээ тамга дарагдсан гарын үсэг зурагдсан байна гэсэн агуулгатай байдаг. Мөн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч баталгаажуулж гарын үсэг зурсан. Хайгуулын ажлын тайлангаа өгсөн. 2017 онд хайгуулын ажлын төлөвлөгөөг Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч хянасан боловч нэрийн тайлалгүй байна. Байгаль орчны хамгааллын төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан батлаагүй гэсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь хэнийг хэлж байгааг нь мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан материалаар батлах ёстой 2 хүн нь батлаад тэмдэг нь дарагдсан байгаа. 2018 онд хайгуулын ажлын тайланг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Наранцацралт хянаж баталсан гэсэн агуулга бүхий албан бичиг ирсэн. Үүнээс юу харагдаж байна вэ? гэхээр хариуцагчаас гаргаад байгаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх шинэчилсэн төлөвлөгөөг өгөөгүй, батлуулаагүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалд Шин Жун Чи ХХК-ийг хууль зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлсэн байна. Тийм учраас тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж дүгнэсэн байдаг. Эдгээрээс харахад хариуцагч Балжир даргаас бусад төрийн эрх бүхий байгууллага, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Ашигт малтмалын газар, төрийн захиргааны төв байгууллага зэрэг нь бүгд нэхэмжлэгч компанийн тайлан төлөвлөгөөг хүлээж аваад зөвшөөрчихсөн байна гэдэг нь харагдаж байна. Хуулиараа сумын Засаг даргад тодорхой хэмжээний эрх, үүрэг олгогдсон боловч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа нь нэгдүгээрт хариуцагчийн эрхийн асуудал боловч энэ олон байгууллагууд нэхэмжлэгчийн явуулсан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөд баталчихаад байгаа асуудлыг А.Балжир дарга яагаад хууль бус эс үйлдэхүй гаргаад албан бичиг бичээд өгөхгүй байгаа юм бэ? хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг үнэхээр хайгуулын ажлаа хийх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн эсхүл нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол нотлох баримтуудаа бүрдүүлээд эрх бүхий байгууллагад нь хандах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн бичиг байдаггүй. Энэ нь нэг талаас нэхэмжлэгч компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас хариуцагчаас биелүүлээгүй гэдэг албан бичиг гаргаж өгөх боломжгүй гэж үзсэнийг харуулж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч компанийг шүүхийн шатанд хүртэл явуулж байгаа нь хариуцагчийн хүнд суртлыг харуулж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь иргэний гомдол шүүхээр шийдвэрлэгдээд Шин Жун Чи ХХК-ийн талд шийдвэр гарсан. Энэ асуудал өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа маргаантай хамааралгүй гэж үзэж байна. Өнөөдөр энэ хэргийг дүгнэж үзэхэд 2013, 2014, 2015 оны ажлыг нь үндэслэж Ашигт малтмалын газар 3 жилийн зөвшөөрлөө өгсөн байх. Түүнээс хойшхи 2016, 2017, 2018 оны асуудал энэ маргаанд хамааралгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөнд заагдсан ажлыг цаг хугацаанд нь бүрэн хийж байсан гэдэг тодорхойлолтыг гаргуулахыг хүссэн. Би 2017 оноос эхлэн Эрдэнэхайрхан сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Миний хувьд энэ тодорхойлолтыг гаргаж өгөхийн тулд 2017 оноос өмнөх баримтуудыг нягталж үзэж байж нэхэмжлэгч компанийг ажлаа сайн хийсэн гэдэг тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай болоод байгаа юм. Түүнээс өнөөдрийн өнцгөөр ажлаа хийсэн юм байна гэдэг байдлаар дүгнээд тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй. Хоёрдугаарт сумын Засаг даргаас байгаль орчинтой холбоотойгоор баталсан асуудлыг Байгаль орчны газар заавал хянадаг. Мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмалын газар зэрэг нь хүний бариад очсон материал, төлөвлөгөөг хараад баталдаг. Харин хөрсөн дээрээ юу хийх гэж байна вэ? гэдгийг сум орон нутаг, аймгийн Байгаль орчны газар баталж хянадаг. 2017 оноос хойшхи бүх материалаа надад авчирч өгөөд ийм ийм ажил хийлээ гээд танилцуулах юм бол би сум орон нутаг төлөөлж байгаа хүний хувьд хянаж үзээд үндэслэлтэй байвал тодорхойлолт гаргаж өгөх боломжтой. Би зөвхөн хувь хүнийг биш сум орон нутгийг төлөөлж шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс явуулж буй үйл ажиллагааг нь би дэмжиж ажилласан. 2018 онд бүх багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийлгүүлээд, нэхэмжлэгч компанийн төлөөлөгчийг тус хурлуудад суулгаад, тухайн компанийн үйл ажиллагааг дэмжиж байгаа эсэх талаар иргэдээс санал авсан. Иргэдийн 80 хувь нь үгүй гэсэн санал гаргасан. Санал авсан ажлын хэсгийнхний материалыг тухайн үед нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгч байсан... Нэхэмжлэгч компани 12 жилийн 6 жилд нь ажлаа хийгээгүй. Дээд шатны байгууллагуудаар орохдоо тайлангууддаа гуйж байгаад гарын үсэг зуруулчихдаг. Миний хувьд 2017 онд л гарын үсэг зурсан. Тэгэхээр бүхэл бүтэн 12 жилийн ажлыг ганц жил гарын үсэг зурсан би мэдэхгүй. Энэ компани 2012, 2016, 2017, 2018 онуудад хайгуулын ажил юу ч явуулаагүй. Миний ойлгож байгаагаар сүүлийн 3 жил нь нөөцийг баталгаажуулдаг. Гэтэл ийм ажлаа хийгээгүй байхад Эрдэс баялгийн газар нь төлөвлөгөө тайланг нь яагаад баталж өгдөг юм. Байгаль орчны байцаагчийн дүгнэлтийг үндэслэж ажлаа хийсэн байна уу, үгүй юу гэдгийг нягталдаг. Тэгэхээр би ганц жилийн төлөвлөгөөг баталж өгсөн нь үнэн. Тэрнээс өмнөх жилүүдэд ямар үйл ажиллагаа явагдсан, яагаад төлөвлөгөө тайлан нь гараагүй гэдгийг нягталж үзэж байж шийдэх ёстой. Энэ асуудал сум орон нутгийн асуудал учраас би нухацтай хандах ёстой... Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа ажлын тайлан, төлөвлөгөөгөө хуулийн дагуу надад өгч байсан гэж тайлбарлаад байна. Гэтэл 2017 оноос өөр онуудын надад өгсөн, танилцуулсан нэг ч материал байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч компанийг энэ ажлаа хийж байсан уу, үгүй юу гэдгийг нотлох нэг ч баримт материал байхгүй. Тийм учраас тэр материалтай танилцах талаар шүүхэд хүртэл хүсэлт гаргасан. 2017 онд ажил хийсэн учраас намайг гарын үсгээ зурсан байна гэж тайлбарлаад байна. Гэтэл ажил хийгээгүй байж хугацаагаа сунгах гэж байгаа гэж явсаар, дээрээс яриулсаар байгаад төлөвлөгөөгөө батлуулсан. Тэгэхээр хөрсөн дээрээ ажил хийсэн үү, үгүй юу гэдгийг дээд газар мэдэхгүй. Ажил хийгээгүй гэдгийг яаж нотолж байгаа юм бэ? гэж байна. Үүнийг манай байгаль орчны байцаагч нотолно. Сумын Засаг дарга юун дээр гарын үсэг зурдаг гэхээр байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөнд л гарын үсэг зурдаг. Түүнээс менежментийн ч юмуу бусад төлөвлөгөөг дээд газраараа зуруулаад ирдэг... Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахтай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг түүнд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар ...12596Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан нь Эрдэнэхайрхан сумын Засаг дарга мөн, хайгуулын ажлын болон байгаль орчны төлөвлөгөө, тайлангаа холбогдох захиргааны байгууллагаар хянуулж баталгаажуулж ирсэн тул тус компанийг байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн биелүүлж ажилласныг тодорхойлохгүй байх боломжгүй тул хариуцагчийн уг эс үйлдэхүй хууль бус хэмээн тайлбарлан маргаж байна.
Хариуцагч Эрдэнэхайрхан сумын Засаг дарга ...Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг харилцан зөвшилцөж боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 2017, 2018 онуудад хайгуулын ажил хийгээгүй, батлуулсан төлөвлөгөөний дагуу байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажлын тайлан байхгүй, бидэнд ирүүлээгүй, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэр хүчингүй болсон тул нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтыг шаардан гаргуулах эрхгүй хэмээн тайлбарлаж байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтууд:
1. Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /тухайн үеийн нэршил/-ийн даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2762 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Айраг уул нэртэй 2762 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх бүхий 12596Х дугаарын тусгай зөвшөөрлийг Хасдаваа ХХК-д олгосон боловч 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Жөн Юан ХХК-д шилжүүлжээ.
Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Шин Жун Чи ХХК шилжүүлэн эзэмших болсон байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр дээрх 12596Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлийн 3 жилээр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК нь уг 12596Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааны эцэст хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордны нөөцийг тогтоосныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс Баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дугаарын дүгнэлтээр баталгаажуулжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч компани дээрх баримт /тодорхойлолт/-ыг гаргаж өгөх тухай хүсэлтийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичгээр хариуцагч Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн нь шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Цэрэнбүжидийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хоёр. Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.6 дахь заалт, 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасан хүрээнд сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх хэмжээтэй байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаарх баримт буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрээр хай Шин Жун Чи ХХК-ийн эзэмшиж буй Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Айраг уул нэртэй ХV-12596 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0516 дугаар шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэр хэвээр үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл Шин Жун Чи ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн 3 жилээр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан кадастрын хэлтсийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзнэ. Иймд ...нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлийн 3 жилээр хуульд заасны дагуу сунгуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад сумын Засаг дарга хяналт тавих эрх хэмжээтэй байх ба дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажлынхаа тайланг жил бүр сумын Засаг даргад заавал хүргүүлж тайлагнахаар байна.
Нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК-ийн тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг[1] 2017 онд хариуцагч Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хүргүүлж батлуулсан боловч уг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлаа 2017 оноос хойш жил бүр тайлагнаагүй, уг төлөвлөгөөний дагуу хэрхэн ажилласан тайлангаа хариуцагч Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хүргүүлж,танилцуулж байсан талаараа шүүхэд нотолж чадахгүй байна.
Шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/169 дүгээр албан бичгээр[2] дээрх үйл баримттай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч компаниас шаардахад зөвхөн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгснийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Шин Жун Чи ХХК-ийн зүгээс хайгуулын ажлын болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлынхаа талаар хариуцагчид танилцуулаагүй, хүргүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгч компанийг уг төлөвлөгөөний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг сумын Засаг дарга тодорхойлохоос татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч компани нь 12596Х дугаарын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвхөн 2017, 2018 онуудад гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө[3] болон уг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг[4] Ашигт малтмал, газрын тосны газрын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүдээр тус тус батлуулсан байгаа хэдий ч уг үйлдэл нь дээрх тайланг огт хүлээж аваагүй, танилцаагүй хариуцагч Эрдэнэхайрхан сумын Засаг даргын тухайд нэхэмжлэгч компанийг байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн биелүүлж ажилласан хэмээн тодорхойлох үндэслэл болохгүй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс хайгуулын ажлын төлөвлөгөө, түүний тайланг дээрх байгууллагуудад хүргүүлсэн эсэх талаар хариуцагч маргаагүй, харин уг хийсэн ажлынхаа талаар өөрт нь танилцуулаагүй талаар маргаж байгаа болно.
Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагууд буюу Завхан аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаар албан бичиг[5], Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдийн 07/429 дүгээр[6] албан бичгүүдээс харахад Шин Жун Чи ХХК нь 2017, 2018, 2019 онуудад зохих ёсоор боловсруулж, сумын Засаг даргаар баталгаажуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянаж байгаагүй байна.
Харин зөвхөн 2015, 2016 онд Эрдэнэхайрхан сумын Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтний гарын үсгээр баталгаажуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авч хянасан талаар тодорхойлсон байна.
Иймд дээрх үндэслэлээр Шин Жун Чи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал 2019 оны 07 сарын 08-ны өдрийн Тодорхойлолт санал авах тухай 07/08, 07/09 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй гэхээсээ илүүтэй уг албан бичгийн дагуу Шин Жун Чи ХХК нь байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ бүрэн биелүүлж ажилласан хэмээн тодорхойлох ёстой гэж маргаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 38 дугаар зүйлийн 38.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий Шин Жун Чи ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ