Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0007

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

2018        04             06                                               07

 

 

                                                                                

Л.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Хөвсгөл салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М би 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны захирлын тушаалаар Тариалан сумын тооцооны төвийн эдийн засагчаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулж, туршилтын хугацаа дууссан тул тухайн салбарын захирлын тушаалаар жинхэнэ ажилтан болсон. Би ажлаа хийж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгавар хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж ажиллаж байсан. 2017 оны дотоод аудитын шалгалтаар Тариалан тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байсан Л.М намайг ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчаараа зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн зөрчил гаргасан, уг зөрчлийг тогтоосон хэмээн үзэж аудитын төлбөр зөрчлийн акт тогтоож улмаар Хаан банкны захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна. Учир нь би Н.Агэгч хүнээр зээл авахуулаагүй, мөн тэр зээлийг би өөртөө ашиглаагүй, санхүүгийн хэрэгцээнд хэрэглээгүй, миний данс руу мөнгө нь шилжиж ороогүй, би зээлийг нь төлж байгаагүй байхад хүчээр дарамталж 3-5 цаг суулгаж, чи хүнээр зээл авахуулснаа ямар учиртайг нь бич чамд ямар ч асуудал байхгүй, өөр харилцагч нар тухайн өдөр зээл авсан байхад энэ харилцагч 500 000 төгрөгийн зээл аваад та 200 000 төгрөгийг нь авсан байна гэх мэтээр айлган сүрдүүлж байж намайг харилцагч Н.Адъяатөмөрийн нэр дээр зээл авсан болгож хүчээр бичүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар өөрсдөө шалгаж тогтоосон зүйлгүй болно. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тушаалдаа үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч огт байгуулаагүй байж ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан хэмээн тушаал гаргаж байгаа нь буруу байна.

Иймд Хөвсгөл Тариалан тооцооны төвийн эдийн засагчийн ажилд Л.М намайг эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 8 дугаар сард аудитын шалгалтаар ирсэн аудиторууд намайг оройн 19 цаг өнгөрч байхад манай байгууллагын эрхлэгчийн өрөөнд оруулж суулгасан. Энэ өрөөнд шалгалтаар ирсэн 2 аудитор болон миний бие гээд 3 хүн байсан. Ингээд миний дансанд ямар нэгэн орлого орсон болон зарлага гарсан байхад ямар нэгэн харилцагч тухайн өдөр зээл авсан нөхцөл үүсэхэд тухайн өдрийн баримтуудыг надаар олуулаад наанаас чинь юу харагдаж байна. Харилцагч зээл авсан байхад чи үүнээс мөнгө авсан байна гэх мэтчилэн гүтгэж, шахаж, тулгаж байсан. Яг энэ байдал 19 цаг өнгөрч байхад эхлээд 23 цаг хүртэл үргэлжилсэн. Харилцагч Алтанцэцэг гэх хүн 500 000 төгрөгийн зээл авсан байхад тухайн өдөр миний дансанд орлого орсон байвал чи энэ зээлээс 200 000 төгрөгийг нь авсан байна гэж намайг гүтгэсэн. Харин би аваагүй. Надтай ямар ч хамааралгүй гэж хэлэхэд аудитор Тулга 23 цаг болж байхад харилцагч Алтанцэцэг рүү утсаар залгаж тодруулсан. Үүний дараа мөн харилцагч Батцэнгэл гэх малчин хүн рүү залгасан. Энэ харилцагчийн эхнэр нь бие муутай, өөрөө хөл муутай учраас манайхаас зээл аваад эмчилгээнд явдаг харилцагч байсан. Мөн энэ хүний зээл авсан өдөр миний дансанд 400 000 төгрөгийн орлого орсон байсан. Тэгээд уг баримтуудыг гаргаж ирээд чи мөн адил энэ хүнээс 400 000 төгрөг авсан байна гэж хэлэхэд нь би аваагүй гэдгээ хэлсэн. Ингээд 23 цагийн үед аудитор Тулга Батцэнгэл гэх хүн рүү утсаар залгаж тодруулахад харилцагч Батцэнгэл надад мөнгө өгөөгүй гэх тайлбарыг хэлсэн. Ингээд оройн 19 цагаас 23 цаг хүртэл суусан миний бие шахалт дарамтанд орсон. Үүнээс хурдан гарахыг хүсч байсан. Ингээд эцэст нь Адъяатөмөр гэх иргэний 2015 онд авсан   5 000 000 төгрөгийн зээлийг чи хувьдаа аваад хэрэглэсэн юм биш үү гэж асуусан. Би аваагүй гэдгээ хэлэхэд аудитор Тулга Адъяатөмөрийн утас руу залгахад энэ хүний утас холбогдохгүй байсан. Тэгэхэд аудитор Тулга хэлэхдээ Маа чи энэ зээлийг авчихсан юм биш үү, чи ямар нэгэн тайлбар бичээд өгчих, эргээд чамд сөрөг асуудал гарахгүй гэсэн. Ингэж хэлэхээр нь би энэ мөнгийг авсан гээд худлаа тайлбар бичээд өглөө гэхэд би ажилгүй болно шүү дээ гэж хэлэхэд аудитор Тулга ямар нэгэн асуудал гарахгүй. Чи зүгээр л тайлбар бичээд өгчих, бидний ажлыг ойлгох хэрэгтэй шүү дээ гэх тайлбарыг өгсөн. Тэгээд би тайлбар бичиж өгсөн. Надад энэ зээлийг авах шаардлага байгаагүй. Учир нь тухайн үед буюу 2015 онд өрхийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй өгдөг байсан. Хаан банкны ажилчдын цалингийн зээл жилийн 15.6 хувийн хүүтэй байдаг байсан. Үүнээс үзэхэд 2 дахин илүү хүү харагдаж байгаа юм. Тиймээс тухайн үед надад харилцагчаар өндөр хүүтэй зээл авахуулах ямар ч шаардлага байхгүй байсан. Харин би тухайн үед бага хүүтэй цалингийн зээл аваад явах бүрэн боломж надад байсан. Үүнээс болоод надад аудитаас төлбөрийн акт тавигдсан байсан. Энэ төлбөрийн актыг үндэслээд намайг ажлаас халсан байгаа.  …Энэ явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учир намайг Хаан банкны Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хаан банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цшүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Л.М нь Хаан банкны Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвийн эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа банкны дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах дүрэм, журмуудыг зөрчиж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд салбарын захирал Д.Цэцгээгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хуульд нийцэж байна. Тэрээр ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчаар зээл авахуулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн уг үйлдлээ нуун дарагдуулсан Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.4, 5.4.2, 5.4.4, 5.5.3, 5.8.4, Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.3, 2.2.5.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, дэх заалтуудыг тус тус зөрчиж 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлийг гаргасан юм. Л.Мын гаргасан дээрх зөрчлийг үндэслэн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул Л.Мын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэл бүхий гарсан. … Л.М нь харилцааны менежерээр ажиллаж байхдаа Адъяатөмөр гэх харилцагчид 5 000 000 төгрөгийн зээл олгосон баримт байгаа. Уг зээлийг Л.М нь хувьдаа авч ашигласан. Харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх зөрчил гаргасан юм. Л.Мын гаргасан энэ үйлдэл нь харилцагчид зээл олгоод тухайн зээлийг хувьдаа авч ашигласан. Зээлийн сар бүрийн төлөлтийг Л.М нь өөрийн данснаас гаргаад Адъяатөмөрийн зээлийг төлдөг байсан нь гүйлгээний баримтуудаар нотлогдож байгаа юм. Мөн уг үйлдэл нь аудитын шалгалтаар илэрсэн учраас Л.Мын хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа.

… Иймд Л.М нь харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.15-д заасан ноцтой зөрчил гаргасныг аудитын шалгалтаар илрүүлсэн юм.

Иймд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс Хаан банкны Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвд дотоод аудит хийхдээ тухайн тооцооны төвийн теллерийн данс, хуулга, зээлийн дансны хуулгууд болон зээлийн төлөлтийн харилцах дансны хуулгуудад аудит хийдэг. Ингэж аудит хийхэд Л.Мтай холбоотой нэг зээл гарч ирсэн. Энэ зээл нь Адъяатөмөрт холбогдох зээл байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. М нь өөрийнхөө данснаас зарлага гаргаад 5 минутын дараа хажуу талынхаа теллерээс гүйлгээ хийгээд дараа эргээгээд орлого хийх байдлаар нуун дарагдуулж зээлээ төлдөг байсан. Тухайн үед бид Л.Мтай ярилцахад гүйлгээний баримт дээр зурагдсан гарын үсгийг өөрөө мөн гэдгийг зөвшөөрсөн. Үүний дагуу бид тайлбараа бичиж өг гэж хэлсний дагуу тайлбар бичиж өгсөн. Бидний зүгээс тухайн үед ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх шаардлага байгаагүй. Бид хүний ажил, амьдралыг шийддэг учраас харилцагчаас болон ажилтнаас тодруулга авч хоёр талын гаргасан тайлбарыг харж дүгнэлт гаргадаг. Үүний дагуу л бид ажилласан. ... Үнэхээр энэ хүн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол гарын үсгээ зурахгүй байсан байх гэж бодож байна.

… Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мыг Хаан банкны Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хаан банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь: “ (ШШХ 7 дахь нүүр) ... 2015 оны 10 сарын 15-ны өдөр харилцагч Н.Адъяатөмөртэй байгуулсан №201542398731 дугаар барьцаат зээлийн гэрээнд банкийг төлөөлж салбарын захирал Ш.Нармандах, зээлийн эдийн засагч Л.М нар гарын үсэг зурсан үйл баримт зэргээс дүгнэхэд Л.Мыг харилцагч Н.Адъяатөмөрт зээлийг өөрөө судлан олгосон гэх зөрчлийг гаргасан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Н.Адъяатөмөртэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнд Л.М банкийг төлөөлж салбарын захиралтай хамтдаа гарын үсэг зурсан байтал түүнийг огт хамааралгүй мэт дүгнэсэн байна. Тухайн зээлийг судалж олгосон эдийн засагч нь банкийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурдаг. Л.М гарын үсэг зурснаар Н.Адъятөмөрт олгосон зээлийг судлан олгосон гэдгийг нь нотолж байна. Ингэснээр шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй болох нь батлагдана.

Шүүхийн шийдвэрийн өөр нэг үндэслэл нь: (ШШХ 7 дахь нүүр) Н.Адъяатөмөрийн “... Би Хаан банкнаас 2015 онд 5 000 000 төгрөгийн зээл авч байсан, уг зээлээс Л.Мд өгөөгүй.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хаан банкны дотоод аудитын шалгалт хийгдэж байх үед Л.Мын гаргасан зөрчилтэй холбоотой тайлбар авахаар Н.Арүү 91249911 дугаарт залгаж энэ талаар тодруулахад 5 000 000 төгрөгийн зээлийг Л.Мд авч өгсөн нь үнэн.” гэж хэлсэн тайлбар байгаа.

Гэтэл Л.М нь харилцагчийг гэрчээр дуудан худал мэдүүлэг өгүүлсэн байна. Аудитын шалгалтаар уг 5 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 644,060 төгрөгийг төлж барагдуулах тухай “Төлбөр, зөрчлийн акт”-д Л.М гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан байгаа нь Н.Адъяатөмөрөөр зээл авахуулсан гэх зөрчлийг баталж байна. Гэтэл шүүгч гэрчийн мэдүүлэгт үндэслэн хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Л.Мын гаргасан зөрчил нотлох баримтаар нотлогдож байгаа байдал, уг зөрчлийн агуулга шинж чанарыг хянан үзэж Хаан Банкны Хөвсгөл салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, Л.Мын гаргасан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байгаа тул шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Л.Мын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан  шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.М эдийн засагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Хаан банкны Хөвсгөл салбар “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул  хуульд  заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэх тайлбар гаргаж, түүнтэй  холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч Л.М нь тус банкны эдийн засагчаар ажиллаж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн,  харилцагч Н.Адъяатөмөрийн 5 000 000 төгрөгийн зээлийн зарим сарын төлөлтийг өөрийн данснаас зарлага гарган төлж байсан нь Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайлан, төлбөр зөрчлийн акт, гүйлгээний баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Л.Мын гаргасан дээрх зөрчил нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.15-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчийн уг зөрчлийг Хөвсгөл салбарын Тариалан тооцооны төвийн 2016 оны 7 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 31 хүртэлх үйл ажиллагаанд хийсэн банкны дотоод аудитын шалгалтаар илрүүлсэн, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил  гаргасан нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5890/244 дугаар тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалттай  нийцсэн гэж үзэхээр байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгч Л.М харилцагч Н.Адъяатөмөрийн авсан                5 000 000 төгрөгийн зээлийг авч ашигласан гэх зөрчил нь гэрч Н.Адъяатөмөрийн “...би банкнаас  5 000 000  зээл авч байсан, уг зээлээс Л.Мд өгөөгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч энэ талаар нотолсон баримтыг ирүүлээгүй  гэсэн  дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Л.Мыг эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Мын шүүхэд гаргасан “эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мын Хаан банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                            Т.ГАНБАТ

 

 

 

,