Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00033

 

Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэртэй, 

Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй, “МХС” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ш, Б.Ш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, Т.Б-ийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 7200000 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд:  “Миний нөхөр Т.Б нь 1957 онд төрсөн. 1981 онд Улаанбаатар хотын Холбооны техникумийг техникч мэргэжлээр төгсөж, аймгийн 138 дугаар станцад тасралтгүй 35 жил мэргэжлээрээ ажиллаж байсан. Нөхөр маань ажлын хуваарийн дагуу ээлжид гарч байсан ба 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд манай охин түүний гар утас болон ажлын газрын утас руу удаа дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Бид 12 цагийн үед утсаар ярихад зүгээр ярьж байсан. Тэгээд бид МХС ТӨХХК-ийн жолооч Ш.Б, инженер А.И, манай охин, хүргэн, бид тавуул станц руу явсан. Ажлын газарт нь 18 цагийн орчимд очиход манай нөхөр газарт шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Баруун талын духны хэсэгт хөхөрч, шалбарсан шархтай, баруун талын чихний арын хэсэгт шалбарсан шархтай байсан. Тэр өдөр ээлжид сууж байгаад 13 цагийн орчим ажил дээрээ ухаан алдаж унасан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч Х.А бидний дуудлагаар ирсэн ба цус харвасан байна, ерөөсөө хөдөлгөж болохгүй гэж хэлснээр ажлын газарт нь эмч авчруулж эм тариа хийлгэсэн. Тухайн өдөр хажууд нь хүн байгаагүй ганцаараа болохоор унасан газартаа олон цаг хэвтсэн тул биеийн байдал нь нэлээн хүндэрсэн байсан. Мөн тэр өдөр би Мэргэжлийн хяналтын газар болон ажлын газрын холбогдох ажилтнуудыг дуудаж авчраад газар дээр нь нөхцөл байдлыг харуулсан. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11 цагт Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирж, "Тархины гүн цус харвалттай" гэсэн оношоор Улаанбаатар хот руу явж яаралтай хагалгаа хийлгэхээр болсон, 3 дугаар эмнэлгийн мэс заслын тасагт хүнд мэс заслын хагалгаа хийлгэж 2 сар хэвтэж эмчлүүлсэн боловч эдгэрээгүй, одоо байнгын хэвтрийн дэглэмтэй, эмчийн байнгын хяналтад эмчлүүлж, одоогоор эм эмчилгээнд 10 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид ч эмчилгээ их шаардагдах болоод байна. Гэвч байгууллага нь дотоод журамд заасныхаа дагуу бидэнд 2 сая төгрөг өгч тусалсан. Нөхөр маань 60 нас хүрээгүй, биеийн байдал нь сайжраагүй, ажил хийх чадваргүй болсон болохоор 2016 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гаргасан. Мэргэжлийн улсын байцаагч Т.Н болон компанийн захирал Р.Ш нар үйлдвэрлэлийн осол гэсэн магадлал гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Удаа дараа даргад нь хандсан боловч нэг ч хариу өгөхгүй сүүлд тэтгэвэрт гарахыг шаардаж, удаа дараа шахалт дарамт үзүүлсэнд туйлын гомдолтой байна. Манай нөхөр өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч, улсад 35 жил яг тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж, хөдөлмөр амьдралаа шингээсэн ч дарга нарын үзэл бодлоос болж авах тусламжаа авч чадахгүй байгаад гомдолтой байна.  

Иймд үйлдвэрлэлийн ослыг тогтоож, Т.Бийн сарын үндсэн цалин нь 400000 төгрөг байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нийт 7200000 /400000 төгрөг*18 сар/ төгрөгийн нөхөн төлбөрийг тус компаниас гаргуулж өгнө үү.” гэжээ.

           

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр станцад 7 хоногоор ээлжид гарахаар ажлын томилолтоор явсан Цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б нь 2 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд цус харваж, ухаан алдаж унасан юм. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комиссын дарга Б.Ш, гишүүд Ш.А, А.И, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Н нар тухайн үед очиж үзлэг, шалгалт хийсэн байна. Тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

1. Ажилтан     Т.Б нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн учраас хууч өвчний нөлөөл байна гэж үзлээ.

2. Мэргэжлийн эмчийн үзлэгээр Т.Б нь амрах өрөөнд өвчний нөлөөллөөр унасан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж тайлбар гаргасан.

3. Комиссын ажиглалтаар Т.Б-ийн ажлын байранд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шинж тэмдэг огт илрээгүй.

4. Т.Б-ийн ажиллаж байсан ажлын байр нь хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд тооцогддог ба ийм ажлын байранд ажиллаж буй ажилтан 12 жил 6 сар ажиллаж 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуультай. Т.Б-ийн ийм нөхцөлөөр ажилласан хугацаа нь болсон талаар 2012 онд байгууллагын захиргаанаас түүнд өндөр насны тэтгэврээ тогтоолгохыг санал болгосон боловч Т.Б өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс тогтоосон энэ дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн осолд бүртгэгдээгүй юм.

Иймд Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б нь Баян-Өлгий аймгийн МХС төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, ажил олгогч /хариуцагч/ МХС төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газраас Т.Б-ийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 тоот дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Шинжээч Т.И-ийн 01 тоот шинжээчийн дүгнэлт нь зөв байсан хэдий ч шүүхээс дахин шинжээч томилсон нь нэг асуудлаар хоёр янзын дүгнэлт гаргаж эргэлзээтэй байдал үүсгэсэн гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №02 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.2-т заасныг зөрчиж 22 сарын дараа акт нөхөн гаргасан. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Т.Б-ийн эхнэр Б.Л-д 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор дээрх хуулийн хугацаа өнгөрсөн тул манай байгууллагын улсын байцаагчид дүгнэлт гаргах боломжгүй” гэж хариу өгсөн болно.

Радио релейны 138 дугаар станцын цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр станцад албан үүргээ гүйцэтгэж байгаад цус харваж унасан  нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Мажетхан, эмчлэгч эмч М.М нарын болон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн магадлалаар тус тус батлагдсан байсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т.Б 2016 оны 2 дугаар сарын 26-ны 12 цагт охин болон эхнэр рүүгээ залгаж ярьсан тухай мөн 14 цагийн үед охин,эхнэр хоёр байн байн утсаар ярьж байсан тухай тодорхой бичсэн байна. Үүнээс үндэслэн бид Т.Б толгой өвдөж байгаа тухай гэр бүлийн хүмүүстээ утсаар ярьж байсан байна гэсэн дүгнэлт хийж байна. Гэр бүлийнхэн нь зүгээр байгаа хүнтэй цаг минут тутам ярихгүй нь мэдээжийн зүйл. Мөн манай ЦЗТэжээлийн инженер А.И, жолооч Ш.Б нар Б.Л-гийн хамт очиход амралтын өрөөний шалан дээр хэвтэж байсан ба амралтын өрөөний зурагт асаалттай. Т.Б гутлаа тайлж орныхоо хажууд тавьсан өөрийнхөө гар утас нь газарт унаж задарсан байдалтай, харин байгууллагаас өгсөн гар утас ширээн дээр байжээ. Мөн ширээн дээр Т.Б-ийн хэрэглэж байсан эмүүд байсан ба эхнэр Б.Л нь Т.Б даралтын эмээ уугаагүй, 4 ширхэг мезимпорт уусан байна гэж манай хүмүүст хэлжээ. Энэ бүх үйлдэл нь Т.Б болон гэр бүлийнхэн нь өвчнөө нууж дарагдуулсныг нотолж байна. Т.Б нь үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөөгүй, цацраг идэвх буюу бодисын нөлөөгөөр хурц хордлого аваагүй, харин өөрийнхөө өвчний улмаас цус харвасан.

Шинжээчид дүгнэлтээ дараах 3 үндэслэлээр гаргасан:

- 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилтээр агаарын температур эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-12 хэмээр, харьцангуй чийглэг 11.4-41.4 хувиар тус тус бага гэж дүгнэлт гаргасан. Энэ нь үйл явдал болсноос хойш 13 сарын дараа хийгдсэн хэмжилт юм.

- Хоёр жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулаагүй гэж манай байгууллагын бичиг баримтыг шалгаж үзээгүй байж өрөөсгөл дүгнэлт гаргаж хилсдүүлсэн. Гэтэл бид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилчдаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулсан.Уг үзлэгийн эрүүл мэндийн хуудсанд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр Т.Б нь дотроор М06, гэмтэл согогоор Q7.6+3 гэсэн өвчний оноштой болох нь тэмдэглэгдсэн. Мөн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Б-нд явуулсан албан тоотоор нотлогдож байна.

- Т.Б нь 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар “М45 Барьцалдаад спондилит” оношоор буюу “...1-10-54 нуруу мурийх, бөгтийж мурийх өвчний 3,4 дүгээр үе (нуруу ба цээжний хэлбэр алдагдсан дотоод эрхтнүүдийн байрлал өөрчлөгдсөн.) 50-70” заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар сунгуулсан бөгөөд энэ өвчин нь цус харвахад нөлөөлөх эсэхийг мөн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмчээс тодруулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/374 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд үүнд “М45 онош: Барьцалдаад спондилит” оношоор ТДГ байсан нь тархины цус харвалтад нөлөөлөхгүй болохыг тодорхойлов” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хэн гэдэг хүн ямар багаж хэрэгслээр хэмжээд, ямар шинжилгээ, нотолгоог үндэслэж дүгнэлт гаргасан тухай нотлох баримт байхгүй, Т.Б нь үйлдвэрлэлийн ямар хүчин зүйлд орсон нь ч тодорхой бус байна.

2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ.” гэж тодорхой заасан байтал шүүгч К.Бүлдирген Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаар бүхий “Магадалгаа гаргах тухай” албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь илт хууль зөрчсөн зүйл болсон. Учир нь ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг газрын даргын албан тоотоор бус эмнэлэг магадлалын комиссын дүгнэлтээр тогтоож тусгай дугаар бүхий “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын үнэт цаасан дээр бичиж комиссын дарга, орлогч дарга, гишүүд (дотрын эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч гэх мэт 6-7 хүн) гарын үсгээ зурж, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тамга дарж баталгаажуулах ёстой тул нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл” хэсэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулаа.

            Б.Л нь МХС төрийн өмчит ХХК-ны Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан “Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б нь  МХС ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, “МХС” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газраас Т.Б-ийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.Б нь “МХС төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ухаан алдаж унаж зүүн талын тархины цус харвалттай эмнэлэгт хүргэгдэж улмаар Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт очиж хагалгаа хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн  хоёр дугаар хэсгийн 2.1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1. “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж заасан байхад “МХС” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “…үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. МХС төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ухаан алдаж унаж зүүн талын тархины цус харвасан нь  Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн  хоёр дугаар хэсгийн 2.1, 2.1.1, 2.1.4-д зааснаар үйлдвэрийн осол тооцох үндэслэлтэй байна. Хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар 2017 оны 12 сарын 11-ны өдрийн 3024 дугаартай шүүгчийн захирамжаар  Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Н, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Э, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга Т.Ө нарыг шинжээчээр томилж, хууль сануулсан баримтыг хэрэгт хавсаргажээ.

Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжаас үзвэл, анхан шатны шүүх шинжээч нарыг нэр зааж томилсон ба  шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гарсны дараа шинжилгээ хийлгэхээр томилж байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйл шинжээчийн эрх, 14 дүгээр зүйл шинжээчийн үүргийг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт нь мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Т.Б-ийг МХС төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, Мэдээлэл холбооны  сүлжээ төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газраас Т.Б-ийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000  төгрөг гаргуулахдаа  шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнийг үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоож, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэж заасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.           

Хариуцагч давж заалдах гомдолдоо “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үнэт цаасан дээр бичиж комиссын дарга, орлогч дарга, гишүүд гарын үсэг зурж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тамга дарж баталгаажуулах ёстой тул нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөөгүй, өөрийн өвчний улмаас цус харвасан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл хэсэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх боловч Т.Б-ийн  хөдөлмөрийн чадвар алдалт хугацаагүйгээр 70-79 хувь болохыг Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга, магадлагч эмч нар тогтоосон, зохигчид Т.Б-ийн хөдөлмөр чадвар алдалтын хувь 70-79 гэдэгт маргаагүй, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 тоот хамтарсан тушаалын  нэгдүгээр хавсралтад Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь, хэмжээ, хугацаа 4-т мэдрэлийн өвчнүүд 4.1-ийн В-д 70-79 хувь гэж заасан байх тул Т.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 71 хувиас дээш гэж үзэж 18 сарын цалингийн  дунджаар тооцож нөхөн төлбөрийг тооцсон нь үндэслэлтэй байна. Хариуцагчийн давж заалдах гомдол нь нотлох баримтад тулгуурлагдаагүй үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14,” гэснийг хасаж, мөн заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1” гэсний дараа “, 128 дугаар зүйлийн 128.1.11” гэсэн нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130150.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                       

Д.КӨБЕШ