| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0014/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2017-01-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | М.Гантулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч М.Гантулга,
хохирогч Г.Гэрэл,
шүүгдэгч А.Одбаяр, түүний өмгөөлөгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овогт Аръяадайрийгийн Одбаярт холбогдох эрүүгийн 201625022130 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, праграммист мэргэжилтэй, ам бүл 3, Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 29 дүгээр байрны 05 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Эрчим хүчний зохицуулах хороонд ажилтай байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ВЭ 86041513 / Сартуул овогт Аръяадайрийгийн Одбаяр нь:
- 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Эрчим хүчний зохицуулах хороо ”-ны байранд Г.Гэрэлтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар хацар орчим нь алгадаж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Гэрэл хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 5 хоногийн өмнө нөхөр А.Одбаяртай гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Улмаар нөхөр гэрээсээ яваад 5 хоног ирээгүй. Би утас руу нь ярихаар утсаа авахгүй байгаад байхаар нь тэр өдөр А.Одбаяртай уулзахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ Эрчим хүчний зохицуулах хороо “-ны байранд очсон. Үүдэнд нь сууж байсан эмэгтэйгээс би нөхөртэйгээ уулзъя гэхэд оруулсан. Би өрөө рүү ортол нөхөр ажилчдынхаа хамтаар зугаалганд явах талаар яриад сууж байсан. Тэгтэл нөхөр миний өөдөөс ирснээ намайг чирч гаргах үед нөхрөө зугаалганд нь явуулахгүй шүү гэж орилсон. Тэгтэл намайг чирч барилгын гадаа гаргаад зүүн шанаа руу 4-5 удаа алгадсан. Тэгэхээр нь би уурандаа нөхрийнхөө хоолойноос багалзууртсан чинь тэр хэсэгтээ хоолой нь улайсан байсан. А.Одбаяр надтай хамт цагдаагийн хэлтэс рүү явья гэж хэлээд цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн гэжээ. / хх 9-10 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11581 тоот дүгнэлтэнд:
1. Г.Гэрэлийн биед тархины доргилт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсэг, баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /
Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 34 /
Шүүгдэгч А.Одбаярыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр / хх 19-20 /, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-24, 73-74 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Одбаяр мэдүүлэхдээ: Тухайн өдөр өөрийн эхнэр Г.Гэрэлийг алгадаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Иймд Г.Гэрэлээс албан ёсны уучлалт гуйж байна. Цаашдаа Г.Гэрэлийг дахин доромжлох, зодох зэргээр түүний эрх эрх чөлөөнд халдахгүй болно. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гэрэл мэдүүлэхдээ: А.Одбаяр нь дахин Г.Гэрэл надад гар хүрэх, айлган сүрдүүлж хэл амаар доромжлохгүй гэсэн амлалтыг өгсөн. Иймд би А.Одбаяртай сайн дураар эвлэрсэн нь үнэн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч А.Одбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “ Эрчим хүчний зохицуулах хороо ”-ны байранд иргэн Г.Гэрэлтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан алгадаж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Нөхөртэйгээ уулзахаар ажил руу ороход нөхөр ажилчдынхаа хамтаар зугаалганд явах талаар яриад сууж байснаа намайг чирч гаргаад зүүн шанаа руу 4-5 удаа алгадсан гэж хэрэг бүртгэлтийн явцад хохирогч Г.Гэрэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг / хх 9-10 /, …хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11581 тоот дүгнэлт / хх 14 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч А.Одбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь тэдгээрийн мэдүүлэг болон шүүхэд өгсөн бичгийн баримтуудаар нотлогдож байх тул А.Одбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Аръяадайрийгийн Одбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар А.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, А.Одбаяр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. А.Одбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг оролцогчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ