Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2020/0003/З |
Дугаар | 118/ШШ2020/0010 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 118/ШШ2020/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн******* сумын Засаг даргад холбогдох
Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын нутагт орших ******* ХХК-ийн эзэмшиж байгаа Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа******* сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч тус аймгийн******* сумын Засаг дарга Г.******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Манай компани Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцон ялж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот шийдвэрээр олгосон Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын нутагт орших Дааган дэл уул нэртэй талбайд хайгуул хийх эрхийн ХV-017981 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн сунгалт хийлгэх хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа дуусахаас нэг сарын өмнө хуулинд заасан холбогдох материалыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газарт өгөх ёстой. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь удаагийн 3 жилийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх байсан. Иймээс 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж*******, Дөрвөлжин сумдын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 12 сард явсан боловч Засаг дарга нар баталж өгөөгүй тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх уг хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай явагдаж 2019 оны сүүлч болсон тул Ашигт малтмалын газраас 2020 оны төлөвлөгөөг шаардаж, 2020 оны төлөвлөгөөг батлуулж ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийнэ гэсэн. Хэрвээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа цаг хугацаандаа буюу шүүхийн шийдвэр гармагц хийгдэж, шүүхийн шийдвэрийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж явуулсан бол бидэнд ийм чирэгдэл гарахгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шаардсаны дагуу 2019 оны 12 дугаар сард 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумд руу явуулсан боловч мөн л баталж өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч ажиллагаа хийх үндэслэлгүй байна гэсэн. Иймээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэх /АМТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1/, Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр /АМТХуулийн 38 дугаар зүйлийн 38.2/ хуульчлан үүрэг болгосон. Энэ нь Засаг даргад олгогдсон бүрэн эрх ба Засаг дарга нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй /АМТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1/. Анх Ашигт малтмалын газраас 2015 онд олгосон Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний сунгалт буюу 2-дох 3 жилийн сунгалтыг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор хийлгэх, харин 3-дах 3 жил буюу 2-дох удаагийн сунгалтыг 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор хийлгэх ёстой юм. Манай компаний хувьд эхний сунгалт буюу 2-дох 3 жилийн сунгалтыг хийлгэж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Хэдийгээр шүүхийн байгууллагаар явж, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх эрхээ сэргээлгэсэн боловч, тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийх эрх бүхий төр захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь 2019 оны сүүлчээр 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авах боломжгүй, уг төлөвлөгөөг үндэслэн 2019 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахгүй, нэгэнт 2019 он дуусч байгаа тул хуулийн дагуу шинэчлэн батлуулсан буюу 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч ирж сунгалтаа хийлгэхийг шаардсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахад шаардлагатай баримт бичгийг жагсаасан бөгөөд 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасан. Энэ хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж авч ирэхийг шаардаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ. Харин Засаг дарга ... төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан. Хуулийн дээрх заалтаар сумын Засаг дарга нь хүргүүлсэн төлөвлөгөөг хүлээн авч, 10 хоногийн дотор баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхийг хуульчилсан атал сумдын Засаг дарга нар төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлах үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийхээс татгалзсан хариу өгөөд байна. Улмаар Засаг дарга нарын хууль зөрчсөн, хууль бус эс үйлдэхүйн улмаас манай компани эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хуулийн дагуу сунгуулах, тусгай зөвшөөрөл эзэмших, хайгуул хийх эрх ноцтой зөрчигдөж байна. Хэрвээ Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийг Сумдын Засаг дарга нар шүүхийн мэдэгдэл явуулсан 30 хоног дотроо биелүүлсэн бол манай компанийн эрх ашиг зөрчигдөхгүй, тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан.
Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумдын Засаг даргаас гадна заавал байгаль орчны байцаагчаар зуруулж ир гэж шаарддаг. Хэдийгээр ийм заалт хуулинд байхгүй боловч хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах, эс сунгах асуудлыг шийдвэрлэж байгаа төр захиргааны байгууллагын шаардлагыг биелүүлэх нь бидний үүрэг юм. Сумдын Засаг дарга нар зурсан боловч байгаль орчны байцаагч зурахаас санаатайгаар зайлсхийх, татгалзах зэргээр мөн л удаашруулах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж сумдын байгаль орчны байцаагч нарт холбогдуулан мөн нэхэмжлэл гаргасан болно.*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө 3 удаа 3 жилээр сунгуулах. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хуульчлагдсан эрх зөрчигдөж байна.
Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.2-д тус тус заасныг үндэслэн Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын нутагт орших ******* ХХК-ийн эзэмшиж байгаа Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь өөрийн эзэмшиж байгаа Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Дааган Дэл Уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга нар, байгаль орчны хяналтын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга нар болон байгаль орчны хяналтын байцаагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Дөрвөлжин сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж ирүүлснээр тухайн нэхэмжлэлийн шаардлагаас Дөрвөлжин сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох хэсгээс татгалзсан. Нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэгч ******* ХХК нь 2015 онд Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад орж тус Дааган Дэл Уул нэртэй газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрлийг 3 удаа 3 жилийн хугацаагаар сунгах хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч компани уг тусгай зөвшөөрлийг 2018 онд 2 дахь удаа 3 жилээр сунгуулахаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хүргүүлсэн боловч*******, Дөрвөлжин сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүй учраас энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүхээс хэрэг 2018 оны 12 сарын 24-ний өдөр тухайн төлөвлөгөөг батлахаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 онд бүтэн хэрэгжиж 2019 оны сүүлчээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн биелж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж ирүүлсэн учир нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын газрын тосны кадастрын хэлтэст хандахад 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө баталж ирүүл, 2019 онд байгаль орчинд нөлөөлөх тодорхой үйл ажиллагаа явуулаагүй учраас 2019 оны төлөвлөгөө шаардлагагүй, 2020 оны төлөвлөгөөг баталж ирүүлж байж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана гэж хэлсэн. Тийм учраас 2019 оны 12 сард нэхэмжлэгч компани байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар холбогдох сумууд руу албан бичгээр хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 хоногийн дотор баталж ирүүлэх ёстой байдаг. Гэтэл холбогдох сумуудаас дээрх төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд баталж ирүүлээгүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс уг асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад захиргааны хэргийн шүүхэд ханд гэж хэлснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ХХК нь ашигт малтмалын тухай хуульд зааснаар ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Иймд хариуцагч талаас гаргаад байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх эс үйлдэхүй байх боломжгүй юм. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн эзэмшиж байгаа Дааган Дэл Уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа******* сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг*******, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч нарт даалгаж өгнө үү гэж хүсч байна гэв.
Хариуцагч шүүхэд цахим шуудангаар ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын нутаг дэвсгэрт байрших ХҮ-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны хайгуулын төлөвлөгөөг сунгах асуудлаар тухайн компаниас хүсэлт ирүүлж улмаар 2018-2019 онд шүүхээр шийдвэрлэгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 13-нд 2020 оны хайгуулын төлөвлөгөөг батлуулахаар ирүүлсэн ба энэ нь ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэж 2019 оны төлөвлөгөөг батлуулахгүйгээр 2020 оны төлөвлөгөө ирүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.6, 38.1.8 дахь заалтуудыг хангаж ажлаагүй гэж үзэж байна. Суманд байгаль орчны улсын байцаагч томилогдоогүй болно. ******* ХХК-иас 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулъя гэж яриад байгаа. 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө шүүхийн маргаантай явж байгаад шүүхийн шийдвэрээр биелсэн. 2020 оны баримтууд бидэнд ирсэн. Ирэхдээ 2019 онд хийгдэх ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй, үндсэндээ бүтэн 1 жилийн дараа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар ирсэн. Манай зүгээс дээрх төлөвлөгөөг холбогдох хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн, мөн 2019 онд нэхэмжлэгч компани нь хайгуулын төлөвлөгөө ирүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. Хэдийгээр 2019 онд энэ асуудлаар шүүхийн маргаантай шүүхээр хэлэлцэгдэж байсан гэж байгаа боловч 2019 оны төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэх боломжтой байсан. Гэтэл ямар нэгэн үндэслэлгүйгээр 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар ирүүлж байгааг бид хууль зүйн алдаатай гэж үзсэн. Мөн байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой баталгаа буюу 50 хувийг нэхэмжлэгч компани нь тухайн жилийнхээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаас өмнө байгаль хамгаалах санд байршуулах ёстой байсан боловч байршуулаагүй. Энэ баталгааг 2018, 2019, 2020 онуудад байгаль хамгаалах санд байршуулаагүй учраас дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь анх Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын нутагт орших ******* ХХК-ийн эзэмшиж байгаа Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Дөрвөлжин сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ******* ХХК-ийн эзэмшиж байгаа Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах гэж тодруулсан байна.
3. ******* ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот шийдвэрээр Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын нутагт орших Дааган дэл уул нэртэй талбайд хайгуулын ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай эзэмшсэн байх ба 2018-2027 он хүртэл 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгах, нийт 12 жилийн хугацаатай эзэмших боломжтой байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ гээд 21.1.5-д ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэжээ. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хуульд заасан тусгай зөвшөөрлөө сунгуулах эрх, дээрх журмын дагуу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааны 1 дэх 3 жилийн сунгалтыг хийлгэхээр Завхан аймгийн*******, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт хандан 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч батлаагүй эс үйлдэхүй гаргасан тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2019 сүүлч хүрснээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахыг шаардаж, уг төлөвлөгөөг батлуулж ирсэн тохиолдолд ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн 2018 оны сунгалтыг хийнэ гэсэн тул нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/24 дугаартай албан бичгээр Завхан аймгийн******* сумын Засаг даргад хандаж ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүсэлт гаргаж хүргүүлсэн гэж тайлбарлаж байна.
7. Хариуцагч******* сумын Засаг дарга нэхэмжлэгч компаний 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйгээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.6, 38.1.8-д заасан үүргийг нэхэмжлэгч хангаж ажиллаагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлж ажиллаагүйг нотлох баримтыг хариуцагчаас тус шүүх удаа дараа шаардахад Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.6, 38.1.8 дахь заалтыг хангаж ажиллаагүй ба түүнийг баталгаажуулсан нэг ч баримт байхгүй гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байна.
8. Хэдийгээр хариуцагчийн эс үйлдэхүйн үндэслэл нотлогдохгүй байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1-д заасан төлөвлөгөөг ....мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална, Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан батална ... гэжээ.
9. Хэргийн үйл баримт, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасан зохицуулалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хууль зүйн үндэслэлгүй байх тул******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгчид анх 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгосон ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн 1 дэх 3 жилийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгагдах хуулийн зохицуулалттай байна.
10. Тодруулбал ХV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь 3 жилийн хугацааг сунгуулахдаа 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1 сар 10, түүнээс багагүй хоногийн өмнө 2021 оны байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэх хуулийн зохицуулалттай ба байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгуулах тутамд шинэчлэн боловсруулж, батлуулдаг ба сунгасан 3 жилийн хугацаанд хэрэгждэг тул жил болгон шинэчлэн боловсруулж, батлуулахгүй. Иймд ХV-017981 дугаар тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэгчийн шаардлага хуульд заасан журамд нийцэхгүй байна.
11. Харин нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ХV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ХV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийг харьяалалын шүүхэд гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР