Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 02895

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/02895

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Б.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Л.Б-т холбогдох

 

Илүү төлсөн 345 775 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Барааны үнэ болон зээлийн 140 570 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, өмгөөлөгч Б.Энхбаяр /үнэмлэх 0101/, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил /үнэмлэх 0015/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа Л.Баас 2016 оны 6 сараас 2017 оны 3 сар хүртэл 9 сарын хугацаанд нийт 317 530 000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг хэлэлцэн тохирсон хугацаанд бүрэн төлсөн ч тэрээр надаас мөн хугацаанд 145 890 000 төгрөгийг үндэслэлгүй илүү авсан байдаг.Бидний хооронд дээрх зээлсэн мөнгөтэй холбоотойгоор зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч авсан өгсөн нь миний болон Л.Бын дансны хуулгаар нотлогдоно.Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр миний 145 890 000 төгрөгийг авсан атлаа надаас дахин мөнгө нэхэж мөнгийг буцааж өгөхгүй байна.Иймд Л.Баас 145 890 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр бүрдүүлсэн Л.Бын дансны хуулга, хар дансны бүртгэл, тамхины тооцооны хүснэгт, гэрч нарын мэдүүлэг болон тэдний дансны хуулга зэргийг өрийн дансны гүйлгээний баримттай тулгалт хийн дахин тооцоог гаргахад би Л.Бт зээлсэн мөнгө, барааны үнийг бүрэн төлснөөс гадна түүнд 205 205 000 төгрөг илүү шилжүүлсэн байна.Учир нь би Л.Баас өөрийн биеэр очиж тамхиа авдаггүй, мөнгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулж авч, утсаар бүх ажлаа зохицуулж байснаас үүдэлтэй.Тухайлбал Л.Б зээлсэн мөнгө, тамхины тооцоог хугацаандаа өгөхгүй бол хэл ам хийж, харааж зүхэж сүрдүүлдэг байсан тул би өөрөөс гадна хүмүүсээр төлөлт хийлгүүлдэг байсан нь заримдаа давхардал үүсгэж, тооцоонд оруулаагүй хаягдсан байдаг.Мөн заримдаа бараа авах гэхээр мөнгийг нь хий гэдэг тул мөнгийг нь бусдаас Л.Бын данс руу шилжүүлдэг байсныг тооцоогүй төдийгүй миний бэлнээр өгсөн мөнгийг ч огт тооцоондоо оруулаагүй байдаг.Өнөөдрийн байдлаар би түүнд 914 530 000 төгрөг шилжүүлчихсэн учраас зарим хүнд өртэй болж хохирсон атал тэрээр надтай дансны хуулгаа авч ирж тооцоо нийлж авлага, өглөгөө тооцож суутгал хийлгүйгээр 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өгсөн тамхи, мөнгөний 140 570 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна.Тиймээс би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Л.Баас 145 890 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага, үүнийг 25 415 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагаа дахин 174 470 000 төгрөгөөр нэмэгдүүлж, түүнээс нийт 345 775 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О, Л.Б нар 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн харилцаатай байсан, Б.О нь Л.Баас мөнгө зээлдэг, тамхи зээлдэг, буцааж шилжүүлдэг харилцаатай байсан.Л.Баас нийт зээлсэн мөнгө нь 722 092 800 төгрөг болсон байгаа. Үүнийгээ буцаагаад хугацаандаа 914 530 000 төгрөг болгож төлөөд ямар ч тооцоогүй байж байтал олон хүнтэй харьцаж, тооцоо нийлээгүй явж байсны улмаас 345 775 000 төгрөгийг Б.О илүү шилжүүлсэн байдаг.Тооцоо нийлээгүй байсны улмаас илүү шилжүүлсэн, үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн гэж үзэж байна.Тамхиа авахын тулд эхлээд мөнгөө өгдөг байсан, ийм байдлаар явж байгаад олон хүнээс мөнгө шилжсэн учраас зөрүү гарсан.Иймээс илүү төлсөн 345 775 000 төгрөгийг Л.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.Бичгээр хийсэн гэрээ байхгүйг бид мэддэг.Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж байна.Тооцоог гаргаж өгсөн, нотлох баримт судлахад тодорхой болно, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тооцоо дууссан зүйл байхгүй, тооцоо нийлье, тулгая гэхэд тулгаагүй байдаг, тулгасан бол зөрүү гарна, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж байна. Амартүвшингийн тамхийг зөвшөөрч байгаа, сүүлд авсан тамхийг бас зөвшөөрч байгаа.Хүнээс буцааж авсан мөнгөө тооцохгүй байж болохгүй, Б.Оаас, Оюунтуулын өмнөөс гэж шилжүүлсэн байдаг, хүүтэй бол гэрээг бичгээр хийх шаардлагатай, хүүтэй зээл авч байгаагүй, 10 000 000 төгрөг зээлчихээд нугалж аваад байж болохгүй гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би Баянхошууны тойрог хүнсний дэлгүүрт 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл тамхи зээлээр болон бэлнээр өгдөг байсан.Тус дэлгүүрийг ажиллуулдаг Б.Оюундолгор, Б.О нарт итгэж 1 000 000, 1 200 000 төгрөгийн тамхи өгдөг байсан.Б.О нь анх 2016 оны 6 дугаар сараас эхлэн надаас 5 000 000, 10 000 000, 11 000 000 төгрөг зээлдэг байсан.Тэр хугацаанаас хойш би Б.Од итгэж явсаар 2017 оны 5 дугаар сарын 6-нд 90 570 000 төгрөгийн тамхи авч, дээрээс нь 50 000 000 төгрөг 5057341096 Билгүүн гэсэн хүний данс руу хийлгэсэн, нийт барааны үнэ болон бэлэн мөнгө нийлээд 140 570 000 төгрөг болсон.Нэхэмжлэлд дурдсан зүйл бүгд худлаа байна гэжээ.

 

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.О нь Бямбажав, Хишигмаа нараас мөнгө авч ирээд эцсийн байдлаар надад өгөөд тооцоо тэг болсон.Та нар юу ч мэдэхгүй байна.Хүү гэж зах дээр бичиг цаас байдаггүй, хүү бол хар зах дээр байдаг дундаж нь 7 хувь, багадаа 5 хувь, ихдээ 10 хувь байдаг.Би хар нялхаасаа грушикийн ажил хийж цуглуулсан мөнгөө нэг хүүхэнд алдана гэдэг харамсалтай байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.Баярбаатар, Б.О нар 2016 оны 2 сараас эхэлж 2017 оны 5 сарыг хүртэл хугацаанд бизнесийн харилцаанд орж, зээлийн харилцаатай байсан.Б.О нь Л.Баас тамхи зээлээр авдаг, бэлэн мөнгө хүүтэй зээлж авдаг байсан. Нэлээн мөнгөн дүн өндөртэй харилцаа үүссэн.Л.Б 387 062 800 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.Од зээлээр худалдсан.Тамхи хүлээлгэж өгч байсан талаар Л.Бын хар тэмдэглэлд бичигдсэн байгаа.Бэлэн мөнгөний зээл бол Б.Оын хүсэлтээр олгогдож байсан, хүүтэй зээл байдаг.Худалдааны захууд дээр тогтсон зээлийн харилцаа байдаг.Тодорхой хэмжээний мөнгийг аваад богино хугацаанд өгдөг, ийм байдлаар зээлдэг байсан, 396 030 000 төгрөг зээлсэн байдаг.Л.Б бол Б.О гэж бичсэн мөнгөө ялгаж ярьж байгаа.Энэ зээлүүдийг нийлүүлээд тооцвол 783 092 800 төгрөг болж байгаа.Б.Оаас энэ мөнгөнүүдийг эргүүлж Л.Бт төлдөг.Бэлэн мөнгөний зээл дээр хүүтэй зээлдэг байсан.Зээлийн гэрээ энэ гээд үзүүлэх баримт байхгүй ч гэсэн Б.О бэлэн мөнгөний зээлээ хүүтэй зөвшөөрч аваад буцаагаад хүүтэй нь өгдөг байсан. Тухайн үедээ бүрэн хэрэгжээд, дуусаад явж байсан, сүүлд 2017 оны 5 сарын 06-ны өдөр Б.О нь Л.Баас 90 000 000 төгрөгийн тамхи, 50 000 000 төгрөг бэлнээр зээлж авах үед өглөг авлагын тооцоо дууссан, ямар нэгэн тооцоогүй болсон байхад Б.О хүсэлт гаргаж дээрх зүйлийг авсан. Б.О бол Л.Бт үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. 914 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байна, тийм зүйл харагдахгүй байгаа. Л.Б болон түүний ээжийн дансны хуулга хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг байгаа, шүүж үзэхэд тийм мөнгөн дүн гарахгүй байгаа.Нэхэмжлэл өөрөө тодорхой байх ёстой, 345 700 000 төгрөг нэхэж байна үүний хэд нь тамхиных юм, хэд нь зээлийн мөнгө вэ? гэдгийг ялгаж тодруулах шаардлагатай.Зээлийн олон удаагийн харилцаа байгаа, нэг удаа зээлээгүй, маш олон удаагийн үйлдэл байгаа. Энэ бүгд дээр хүү тооцож төлдөг байсан.Хүүг бичгээр тогтоох зүйл яриад байна. Хэдэн зуун сая төгрөг огт хүүгүй зээлдэг харилцаа байхгүй.Б.О Л.Б нарын хооронд аман зээлийн гэрээ байгуулагдаад, хэрэгжээд дууссан.Зээл болгон дээр хүүгээ төлөөд л яваад байсан, ямар нэг хэл амгүй биелүүлснийхээ дараа огт хүү байдаггүй байсан гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би хувиараа тамхины наймаа хийж байх хугацаандаа Б.Од бараа зээлээр өгдөг байсан, үүнийг Б.О өөрөө мэднэ, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 90 570 000 төгрөгийн бараа авч дээрээс нь 50 000 000 төгрөг авсан байж аваагүй мэт ярьж уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 16-нд хэлэлцэн тохиролцсон хугацаандаа өгөөгүй.Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр надаас 145 890 000 төгрөг нэхэмжилж байгаа нь худал хэлж гүтгэж байна.Иймд Б.Оаас 140 570 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Өмнө нь бол тийм мөнгө төгрөг түрүүлж шилжүүлээд авсан зүйл байхгүй. Дандаа зээлээд дараа нь өгдөг.Тэр үедээ өмнөх тооцоогоо өгсөн. Зурган дээр байгаа бэлэн мөнгө бол тэр. Өмнөх тооцоогоо тэглээд ямар ч тооцоогүй болонгуут буцаж ирээд зээлж авсан гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ 50 000 000 төгрөг, 90 570 000 төгрөгийн тамхийг зээлж авсан, хүлээн зөвшөөрч байгаа.Манайх энэ мөнгийг урьдчилаад өгсөн, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 58 000 000 төгрөг бэлнээр, 4 020 000 төгрөг дансаар шилжүүлсэн, 5 дугаар сарын 03-ны өдөр М.Ариунцэцэг гэх хүний данснаас Л.Бт Б.Оаас гээд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Тамхины мөнгө бол ингэж төлөгдөөд дууссан, зээлийн мөнгөний тухайд илүү шилжүүлсэн мөнгө байсан, түүндээ суутгаад төлсөн гэж ойлгож байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Л.Бт холбогдуулан зээлээр авсан тамхины үнэ болон зээлийн мөнгийг буцааж өгөхдөө илүү төлсөн 345 775 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Л.Б нь 2017 оны 5 дугаар сарын 6-нд авсан тамхины үнэ 90 570 000 төгрөг, зээлийн 50 000 000 төгрөг нийт 140 570 000 төгрөгийг Б.Оаас гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Л.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

 

Б.О нь 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын хооронд Л.Баас тамхи болон бэлэн мөнгө зээлдэг байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Гэхдээ Б.О нь Л.Баас хэдийд, хэдий хэмжээний тамхи зээлээр авсан, хэдийд, хэдий хэмжээний бэлэн мөнгө зээлж байсан тухайгаа тодорхойлж баримтаар нотлоогүй байх бөгөөд энэхүү үйл баримтыг тодруулан нотолж байж дараа нь зээлдэгчид буцаан төлсөн үүргийн талаар ярих боломжтой болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эхлээд Л.Баас зээлсэн тамхи болон бэлэн мөнгөний тоо хэмжээг тодорхой болгож байж, улмаар уг зээлсэн тамхины үнэ болон бэлэн мөнгийг буцаан төлсөн дүнг тодорхойлох юм.

Түүнээс нэхэмжлэгч Б.Оын эзэмшлийн Хаан банкин дахь данснаас гарсан зарлага, Л.Бын эзэмшлийн Хаан банкинд орсон орлогын мөнгөн дүнгээр Б.Оын Л.Баас зээлсэн мөнгөний хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

 

Б.О нь эхлээд дээрх зээлийн харилцаатай байх хугацаанд Л.Баас зээлсэн мөнгөний дүнг тодорхой болгож байж дараа нь буцаан төлсөн дүнгээ тодорхойлох үндэстэй байна.

 

Л.Б нь 17 удаагийн үйлдлээр Б.Од тамхи зээлсэн гэж тайлбарлаж байгаа, мөн зохигч талуудын зээлийн харилцаатай байх хугацаанд тэдний эзэмшлийн данснаас хоорондоо шилжүүлсэн мөнгө, өөрсдийн тооцооны мөнгийг бусдаас болон бусдын дансанд шилжүүлсэн байдал зэргээс үзэхэд зөвхөн гэрч Эрдэнэбилэг, Амартүвшин нарын мэдүүлэг болон хариуцагчийн өмгөөлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн гэрч асуулгах хүсэлтэд дурдсанаар талуудын хооронд зээлсэн, зээлдүүлсэн тамхины тоо хэмжээ болон бэлэн мөнгөний дүнг тодорхойлох үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.О нь эхлээд Л.Баас авсан тамхины тоо ширхэг болон бэлэн мөнгөний дүнг тодорхойлж байж улмаар хэдэн ширхэг тамхины үнэ болон зээлийн хэдэн төгрөгийг буцааж төлсөн, түүнээс хэдийг илүү төлсөн тухайгаа тодорхой болгож шаардаагүй байгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:Хариуцагч Л.Баас Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 90 570 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг 50 000 000 төгрөгийн хамт зээлж авсан тухайд маргахгүй байх боловч энэхүү тамхины үнэ болон зээлийн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 58 000 000 төгрөгөөр, 4 020 000 төгрөгөөр тус тус эргүүлж төлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Энэхүү тайлбарын агуулгаас үзэхэд Б.О нь Л.Баас зээл аваагүй байхдаа буюу 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 30 000 000 төгрөгийг төлсөн байх боломжгүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бэлнээр өгсөн 58 000 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 4 020 000 төгрөг зэргийг 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Л.Баас зээлсэн тамхи болон мөнгөний эргэн төлөлт гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 90 570 000 төгрөгийн үнэ бүхий тамхи болон 50 000 000 төгрөгийг Л.Баас зээлж авсан атлаа мөн өдөртөө эргүүлж 58 000 000 төгрөгөөр, 4 020 000 төгрөгөөр тус тус төлсөн байх боломжгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжид Б.Оын төлсөн 2 202 800 төгрөгөөс 2 197 725 төгрөгийг, Л.Бын төлсөн 860 800 төгрөг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 5075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.Од, Б.Оаас 860 800 төгрөгийг гаргуулан Л.Бт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Л.Баас 345 775 000 /гурван зуун дөчин таван сая долоон зуун далан таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.Оаас 140 570 000 /нэг зуун дөчин сая таван зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан Л.Бт олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Б.Оын төлсөн 2 202 800 төгрөгөөс 2 197 725 төгрөгийг, Л.Бын төлсөн 860 800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 5075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.Од, Б.Оаас 860 800 төгрөгийг гаргуулан Л.Бт тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН