Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00271

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01819 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2011 дүгээр магадлалтай,

Б.О-ын нэхэмжлэлтэй,

Л.Б-т холбогдох,

Худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205,205,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

140,570,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Л.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Б-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205,205,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 140,570,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01819 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 187,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,350,000 төгрөгт холбогдох, нэхэмжлэгч Б.О-аас зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 140,570,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,202,800 төгрөгийг, Л.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860,800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2011 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг хасч, “187,425,000” гэснийг “148,425,000 төгрөг” гэж, “158,350,000 гэснийг “56,780,000” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,075 төгрөг” гэснийг “742,125 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,798,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Л.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.О-ын нэхэмжлэлтэй, Л.Б-т холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2011 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль’’-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2011 дугаартай магадлалын “...390,030,000 төгрөгт 10 хувиар хүү тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 39,000,000 төгрөг хасч тооцсон...”-оос бусад бүх хэсгийг нь эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.3.4, “Иргэний хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Б.О-, Л.Б- нарын 2016-2017 оны хугацаан дахь тамхи зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн төлбөр тооцооны асуудал нь шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байна. Б.О-ын зүгээс Л.Б-ыг тамхины хууль бус худалдаа наймаа эрхэлсэн эсэх асуудлаар ямар нэгэн санал гомдол, хүсэлт, нэхэмжлэл шүүхэд гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд Л.Б-ыг тамхины хууль бус худалдаа наймаа эрхэлсэн эсэх, зөвшөөрөлтэй эсэх зэрэг ямар нэгэн асуудал огт хэлэлцэгдээгүй. Зөвхөн төлбөр илүү, дутуу төлсөн маргаан л бий. Тиймээс тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд тамхины худалдаа эрхлэх зөвшөөрлийн асуудал онцын ач холбогдолгүй тул шүүхээс “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль’’-ийн 16 дугаар зүйлийн 16.3.4 болон “Иргэний хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг энэ хэрэг маргаанд хэрэглэх шаардлага байхгүй байсан гэж үзэж байна. Б.О-ын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 болон 38 дугаар зүйлийн 38.1-ийг анхаарч, хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Шийдвэр, магадлалын зарим хэсэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй, эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Б.О- нь хэрэг маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж буй нэхэмжлэгчийн хувьд Л.Б-аас хэзээ, хаана, ямар нэр төрөл, тоо хэмжээний тамхийг ямар үнээр худалдан авсан, мөн хэдий хэмжээний бэлэн мөнгөний зээлийг хэрхэн авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл тайлбар болон холбогдох бичгэн нотлох баримтын хамтаар шүүхэд гаргаж, өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох ёстой байтал тэрээр хуулиар өөрт олгогдсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тэрээр зөвхөн өөрийн зүгээс Л.Б-т шилжүүлсэн мөнгөний л тухай ярьж, түүнтэй холбогдох баримтуудыг л зөвхөн шүүхэд гаргаж өгсөн. Зөвхөн Л.Б-ын зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээлийн тамхи, мөнгөний талаарх тайлбар баримтыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэх байр сууринаас л хандаж ирсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь дан ганц нэхэмжлэгч Б.О-ын гаргасан нэхэмжлэл, аман тайлбар, зөвшөөрөлд үндэслэх байдлаар (бичгэн нотлох баримтгүйгээр) хэргийг хянан шийдвэрлэсэн явдал нь шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтанд үндэслэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүйд хүргэж байна. Шүүх нь эхлээд Б.О-ын зүгээс Л.Б-аас зээлээр худалдан авсан тамхины тоо хэмжээ, үнэ, төлбөрийн нөхцөл зэргийг бичгэн нотлох баримтаар нарийн тогтоосны дараа Б.О- илүү мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Б.О- нь 2017.05.06-ны өдөр 58 сая төгрөгийг Л.Б- бэлнээр өгсөн гэж, харин Л.Б- нь 2017.05.06-ны өдөр 52 сая төгрөгийг Б.О-аас бэлнээр авсан гэж маргадаг. Талуудын хооронд уг өдөр тус мөнгийг хүлээлцсэн бичгэн нотлох баримт байдаггүй. Харин Л.Б-ын зүгээс 2017.05.06-ны өдөр Б.О-аас бэлнээр хүлээн авсан 52 сая төгрөг бүхий фото зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, улмаар шүүхээс 2018.01.19-ний өдөр үзлэг хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь тус фото зургийг эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэх боломжгүй гэжээ. Тэгвэл яг ямар эргэлзээгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр буюу 58 сая төгрөгөөр тооцсон болохоо шийдвэр, магадлалд огт дурдахгүй байна. 58 сая төгрөг байсан болохыг тогтоосон ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй юм. Шийдвэр болон магадлалд гэрч Г.Эрдэнэбилэгийн мэдүүлгийг эргэлзээтэй байгаа тул үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзээд түүний Л.Б-аас авч Б.О-д шилжүүлсэн гэх 6,000,000 төгрөгийг Л.Б-аас Б.О-д олгосон зээлийн дүнгээс хасч тооцсон хэрнээ нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрчүүд болох Н.Мандахбаяр, Н.Нямжав, М.Ариунтуяа нарын зүгээс өгсөн “...зарим гүйлгээ шилжүүлгийг сайн санахгүй байна, тэгж бичсэн бол мөн байх, манай нөхөр л мэднэ, би сайн мэдэхгүй...” зэрэг эргэлзээтэй мэдүүлгүүдийг нь болохоор шууд нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтаар үнэлсэн байна. Шийдвэр, магадлалын энэхүү байдал нь шүүх хэргийг хянан шийдэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна. Л.Б- нь өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж бүртгэсэн болон өөрийн санаж байгаагаар 387,062,800 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.О-д шилжүүлэн өгсөн. Түүнээс гадна хувийн тэмдэглэлийн дэвтэртээ бүртгээгүй, өөрийн санахгүй байгаа тамхины төлбөр тооцоо байгаа бөгөөд энэ талаараа анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан. Улмаар Б.О-тай биечлэн уулзаж төлбөр тооцоо нийлэх хүсэлтийг ч шүүхэд удаа дараа гаргаж байсан. 387,062,800 төгрөг гэдэг нь Л.Б-ын хувьд Б.О-д өгсөн тамхины хөдөлбөргүй тооцоо биш юм. Түүнд ороогүй, орхигдсон төлбөр тооцоо ч байж болохоор байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх нь энэ байдлыг харгалзан үзээгүйгээс гадна Л.Б-ын хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн тамхины бүртгэл болох 342,062,800 төгрөгөөс 22,767,800 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч 319,295,000 төгрөгийг нь төлбөрт тооцсон байна. Чухам ямар нотлох баримтыг үндэслэж ингэж шийдсэн талаараа шийдвэр, магадлалд огт дурдаагүй байна. 2016-2017 оны хооронд Л.Б-, Б.О- нарын дунд цэвэр итгэлцлийн үндсэн дээр, бичгээр үйлдсэн тодорхой баримтгүйгээр явчихсан тамхи зээлээр худалдах, худалдан авах, улмаар бэлэн мөнгөний хүүтэй зээлийн зэрэг асуудлыг зүгээр нэг хоёр хүний дансны хуулга тулгах байдлаар, эсвэл аль нэг талын зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн аман тайлбарыг үндэслэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдэх боломжгүй гэж үзэж байна. Энэ бүхний эцэст Б.О-аас 140,570,000 төгрөгийн авлага авах ёстой Л.Б- өрөнд орж, ямар ч үндэслэлгүйгээр ажил амьдралаараа хохирч үлдэх байдалд хүрээд байна. Б.О- нь 2017.05.06-ны өдөр Л.Б-аас 90,570,000 төгрөгийн үнэ бүхий тамхи болон 50,000,000 төгрөгийн бэлэн мөнгө шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Б.О- 2017.05.06-ны өдөр Л.Б-аас авсан нийт 140,570,000 төгрөгийн тамхи болон бэлэн мөнгөний зээлийг Л.Б-т одоог хүртэл эргүүлэн төлөөгүй байна. Л.Б-ын зүгээс 2017.05.06-ны өдөр Б.О-д зээлээр худалдсан 90,570,000 төгрөгийн үнэ бүхий тамхины хэлцэл нь магадлалд дурдсан шиг “Иргэний хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм бол Б.О- нь уг тамхийг, эсвэл уг тамхины мөнгийг Л.Б-т буцаан өгөх ёстой бөгөөд үүнийг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүх хамт шийдэх ёстой байсан. Гэтэл шүүх үүнийг шийдэлгүй орхисон байна. Л.Б- нь 2016-2017 оны хугацаанд Б.О-ын санал хүсэлтийн дагуу түүнд ихээхэн хэмжээний тамхины болон бэлэн мөнгөний зээл олгож, түүний ажил амьдралд нь бодит туслалцаа дэмжлэг үзүүлж байсан. Б.О- нь Л.Б-аас авсан зээлийнхээ ачаар өөрийн ажил төрлөө эрхлэн явуулдаг байсан. Гэтэл эцэс сүүлд нь 140,570,000 төгрөгийн авлага авах ёстой Л.Б- нь өрөнд орж, бүр эсрэгээрээ Б.О-д 148,425,000 төгрөгийн төлбөр төлөх өрөнд орж байгаад маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.08-ны өдрийн 102/ШШ2020/01819 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2011 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.О-аас зээлийн болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 140,570,000 төгрөг гаргуулан Л.Б-т олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Б.О- нь Л.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205,205,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 140,570,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 187,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 158,350,000 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчаас 148,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулжээ. 

8. Шүүхүүд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний, мөн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд зохигч 2016-2017 онуудад худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн тамхи, мөн зээлсэн мөнгөний хэмжээ, буцаан төлсөн тамхины үнэ болон зээлд төлсөн төлбөрийн талаар маргасан байна. 

9. Нэхэмжлэгч Б.О- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч Л.Б-аас 390,030,000 төгрөгийг зээлж авсан, мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу 319,295,000 төгрөгийн тамхи өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч төлбөрт нийт 914,530,000 төгрөгийг буюу илүү 205,205,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан бол, хариуцагч нь нийт 387,062,800 төгрөгийн тамхи болон 396,030,000 төгрөгийн зээл өгсөн гэсэн тайлбар гарган, ... Б.О- нь 2017.05.05-ны өдөр авсан тамхины мөнгө 90,570,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр зээлж авсан 50,000,000 төгрөг, нийт 140,570,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж марган, уг төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

10. Хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигч хэргийн үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэн хангалттай мэтгэлцэж чадаагүй, шүүхүүд зохигчийн маргаж буй үндэслэлтэй холбоотой баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэлээ.

11. Анхан шатны шүүх ...зээлдүүлэгч Л.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 390,030,000 төгрөгийг зээлдэгч Б.О-д шилжүүлсэн, ....худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Б- нь 319,295,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.О-д нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. ...хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2017.05.05-ны өдөр шилжүүлсэн тамхины үнэ 90,570,000 төгрөг нь хариуцагчаас нийт 9 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн дээр дурдсан 319,295,000 төгрөгийн тооцоололд, мөн 2017.05.06-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг нь хариуцагчаас нийт 35 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн дээр дурдсан 390,030,000 төгрөгийн зээлийн тооцоололд тус тус багтсан болох нь дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл хариуцагчийн сөрөг нэхэмжилсэн 140,570,000 төгрөгийг буцаан төлсөн нь ...дансны удаа дараагийн гүйлгээ /нийт 44 удаагийн/-ний аль тооцоололд багтсаныг шүүх хэрхэн, яаж тооцсон нь ойлгомжгүй байна.  

12. Түүнчлэн, Б.О- нь 2017.05.06-ны өдөр 58,000,000 төгрөгийг Л.Б-т бэлнээр өгсөн гэж, Л.Б- нь мөн өдөр 52,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргасан, шүүхүүдийн ...нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй гэж үзлээ. 

13. Иймд хариуцагчийн “...шүүх нэхэмжлэгчийн, Л.Б-аас зээлээр худалдан авсан тамхины тоо хэмжээ, үнэ, төлбөрийн нөхцөл зэргийг бичгэн нотлох баримтаар нарийн тогтоосны эцэст нэхэмжлэгчийн илүү мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох ёстой байсан, ...шийдвэр гаргахдаа дан ганц нэхэмжлэгч Б.О-ын гаргасан нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн” гэсэн хяналтын гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байна.

14. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулан, зохигчийн маргаж буй үндэслэлд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.      

15. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01819 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2011 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.23-ны өдөр төлсөн 1,602,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН