Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00036

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 815 дугаар магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Б.М, “Е” ХХК, Б.М, Б.М, Б.Ц нарт холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд 4,256,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.М-ийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Е ХХК, Б.М нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэ 4,014,500 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн зардал 183,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулахад төлсөн 54,000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн хураамж 5,000 төгрөг нийт 4,256,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЕХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан. Хариуцагч Б.М, Б.М, Б.М, Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мээс 1,050,625 төгрөг, Б.Моос 700,417 төгрөг, Б.Моос 700,417 төгрөг, Б.Цгоос 700,417 төгрөгийг тус тус гаргуулан Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,104,624 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Есөн бүрдХХК-иас татгалзсан, иргэн С.Динар, С.Дамир нарыг хэрэгт хариуцагчаар татаагүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Мээс 29,765 төгрөг, Б.Моос 21,360 төгрөг, Б.Моос 21,360 төгрөг, Б.Цгоос 21,360 төгрөгийг тус тус гаргуулан Б.Эд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 815 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19ий өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Е” ХХК, Б.М, Б.М, Б.М, Б.Ц нарт холбогдох, орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд нийт 4,256,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М, Б.М, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,570 төгрөг, хариуцагч Б.Мээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 815 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “...Б.Э нь 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “Е” ХХК-ийн дэд захирал Б.Мтэй А/02 дугаартай “орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулсан бөгөөд Б.Э нь орон сууцны үнийг хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч байгууллага нь уг орон сууцны барилгыг барьж 2012 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн.” гэж дүгнэн Б.Мийг иргэний хувиар Б.Этай хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж үзээд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “...Е ХХК-ийн барьсан орон сууцнаас сонгож, үнийг нь төлсөн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Учир нь гэрээний тодорхой м.кв бүхий орон сууцыг худалдан авахаар үнийн дүн дээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч буюу худалдан авагч өөрөө тухайн барилгын материал зардлыг гаргаж зураг төслийг нь хийсний дагуу ажил гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай хийх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Б.М гарын үсэг зурж, ажлын хөлсний зохих хэсгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 370 дугаар шинжээчийн дүгнэлт болон бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн уг орон сууцыг Б.М захиалан бариулсан нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Е” ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан орон сууцны санхүүжилт, орон сууц барих тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон болно. Мөн Е ХХК-ийн захирлын 2011 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ажилд томилох тушаалаар Б.Мийг 2011.03.01-ний өдрөөс тус компанид дэд захирлаар томилон ажиллуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Миний бие гэрээгээр тохирсон хуваарийн дагуу орон сууцны үнийг 2012.01.15-ны өдөр 45,337,500 төгрөг, 2012.03.03-ны өдөр 45,337,500 төгрөг, 2012.10.02-ны өдөр 59,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Төлбөрийн зохих хэсгийг “Е” ХХК-д хүлээлгэн өгсөн, орон сууцыг уг компаниас хүлээн авсан баримтууд авагдсан байх боловч уг нөхцөл байдал нь Б.Мийн гарын үсгийн дардас болон “Е” ХХК-ийн тамга бүхий бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байгаа учир хариуцагч Б.М бид хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх компанийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэх нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна. Мөн “Е” ХХК-г үүсгэн байгуулагч буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Балдан-Осор нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан, одоогоор тус компанийг төлөөлөх этгээдийг бүртгүүлсэн баримт байхгүй. Гэтэл компанийн тухай хуулийн дээр дурдагдсан заалтыг үндэслэн өв залгамжлагч, эрх залгамжлагч нарыг хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Е ХХК, Б.М нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэ 4,014,500 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн зардал 183,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулахад төлсөн 54,000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн хураамж 5,000 төгрөг нийт 4,256,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЕХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Мээс 2,128,250 төгрөг, Б.М, Б.М, Б.Ц нараас төлбөрийн 50 хувь болох 2,128,250 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байна. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Мээс 1,050,625 төгрөг, Б.Моос 700,417 төгрөг, Б.Моос 700,417 төгрөг, Б.Цгоос 700,417 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянан, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

8. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч Б.Э нь 2012.01.05ы өдөр “Е” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буйМажеста хотхоны А блок, Ё байрны 97.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц захиалан тухайн орон сууцны үнийг төлж худалдан авсан ба улмаар 2013.10.23-ны өдөр орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь тогтоогдсон, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна.

10. Харин нэхэмжлэгч нь ...хариуцагч гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу орон сууцыг хүлээлгэн өгсөн. Энэ нь орон сууцны хэмжилт хийсэн Тоонто ГрандХХК-ийн 2014.05.14-ний өдрийн 577 тоот хэмжилт хийсэн тэмдэглэл, дүгнэлтээр тогтоогдсон гэж марган, орон сууцны талбайн зөрүүд 4,014,500 төгрөг болон бусад зардлыг гаргуулахаар шаарджээ.

11. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээсэн. Дээр дурдснаар Б.Э нь 2012.01.05ы өдөр “Е” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан 3 өрөө орон сууц захиалж, гэрээнд заасны дагуу үнийг төлсөн байх ба тэрээр 2013.10.23-ны өдөр захиалсан орон сууцаа хүлээн авч, улмаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83-А дугаар байрны 25 тоот орон сууцны өмчлөгч болжээ.

12. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу ...доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, ...тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д ...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь “Е” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу орон сууцыг 2013.10.23-ны өдөр хүлээн авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн байх ба улмаар орон сууцны доголдлын талаар буюу талбайн зөрүүд 4,014,500 төгрөг болон бусад зардлыг нэхэмжилж 2015.12.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...“Е” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд өнөөг хүртэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байна.

14. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь “Е” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тул ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар ...гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлэн худалдагч талд мэдэгдэж, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримтын талаар шүүх дүгнэх шаардлагагүй” гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

15. Дээрх  байдлаар  давж  заалдах  шатны  шүүх  тухайн  маргаанд  Иргэний  хуулийн

холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, гэвч магадлалын тогтоох хэсэгт “ЕХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, нэхэмжлэгч нь тус компанид холбогдох шаардлагаас татгалзсаныг шүүх анхаараагүй нь буруу болжээ.  

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 815 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...“Е” ХХК” гэснийг хасч өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.30-ны өдөр төлсөн 82,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Д.ЦОЛМОН