Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 02609

 

 

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/02609

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ё-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: НШШГГ

 

34,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч А.Ё, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бурмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр интернет дэх зарын дагуу А.Ё-тайхолбогдож, 4 дүгээр сарын 02-ны өдөр 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үлдэгдэл 21,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өөрийн өмчлөлийн 60-02 УБВ улсын дугаартай Тоёота Витз маркын автомашиныг 8,000,000 төгрөгт тооцож, нийт 34,000,000 төгрөгөөр энэ машиныг худалдаж авсан бөгөөд тухайн өдрөө тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Автомашиныг худалдаж авснаас хойш Дундговь аймгийн нүүрсэн дээр сар ажил хийсэн. Архангай руу ажилд дуудагдсан тул 2 хоног засвар хийх гэж хотод орж ирээд Орбитод айлын хашаанд машинаа тавьсан байсан. Маргааш нь машиндаа сэлбэг авах гээд явж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас машинтай чинь холбоотой асуудлаар ирсэн байна. Машин дээрээ ирээч гэсэн. Ингээд очиход шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд машиныг хурааж авсан. Тухайн үед би би энэ машины эзэмшигч. Би машинаа хураалгахгүй гэж зөндөө хэлсэн боловч нэгэнт ийм шүүхийн шийдвэр гарсан. Ямар ч боломжгүй. Хэрвээ хураалгахгүй гэх юм бол таныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гээд хариуцлага тооцно гэж хэлсэн. Тэгээд би машинаа хураалгасан. Би цаашид яах ёстой вэ гэж асуухад өөрөө мөнгө өгсөн хүнээсээ нэх гэж надад зөвлөсөн. Тухайн үед н.Идэрчулуун гэж хүн гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж өргөдөл гаргаад миний нэр дээр энэ машиныг шилжүүлж өгсөн гэхэд өөрийн чинь нэр дээр байх хамаагүй гэсэн. Н.Бат-Эрдэнэ гээд шүүхийн шийдвэр гарсан хүн рүү автоматаар шилждэг юм байна.

Анх А.Ё энэ машиныг миний машин. Би нүүрс зөөж байгаа. Улаанбаатарт нүүрс зөөдөг байсан гэж хэлсэн тул энэ хүнийг залилсан гэж ойлгоод цагдаад өгсөн. Цагдаагаар шалгуулахад А.Ё залилаагүй. Иргэнээр явах юм байна гэсэн тул би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч иргэний хэргийн шүүхэд хандаад явж байна. Би А.Ёндонжамцаас ямар нэгэн хохирлын хэмжээ нэхэмжлээгүй. Ажил гүйцэтгэх ёстой байсан гэрээ, машинд хийсэн засвар үйлчилгээний мөнгийг нэхэмжлээгүй. Зөвхөн А.Ёндонжамцад машины төлбөрт өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа. Төлбөрт тооцож өгсөн 8,000,000 төгрөгийн үнэтэй машиныг зарсан байгаа тул нийт 34,000,000 төгрөгийн хариуцагч А.Ё-с гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч А.Ё шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 03 дугаар сард Батсүх Жанчив гэж фэйсбүүк хаяг дээр Норд Бенз маркын автомашиныг чиргүүлтэй нь хамт зарна гэсэн зар тавьсан байсан. Зарын дагуу утсаар холбогдоход Таван толгойд байгаа машинаа чиргүүлтэй нь 55,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Би тухайн үед Таван толгой дээр нүүрс тээвэрлүүлэх гэж байсан болохоор машиныг чиргүүлээс нь салгаж авсан.

Би энэ машиныг авахдаа Тавантолгойн нүүрс тээврийн компанид ажилд явуулах зорилгоор авсан. Худалдаж авахдаа найз нөхөд болон бусад хүмүүсээс мөнгө зээлсэн. Гэтэл цаана нь нүүрс тээвэрлэлт зогссон тул ажлын маань гэрээ контракт бүтээгүй. Иймээс машинаа буцааж зарж хүмүүсийнхээ мөнгийг өгөх шаардлагатай болсон. Ингээд би фэйсбүүк дээр машинаа зарна гэж зар тавиад, түүний дагуу Н.Анөхөртэйгөө ирж машиныг худалдаж авсан.

Би анх энэ машиныг Хөвсгөл ирээдүйн зам ХХК-иас шилжүүлж авахад ямар нэгэн хориг саад, хаалт байгаагүй. Ганц 28,000 төгрөгийн торгууль байсан. Ямар нэгэн асуудал байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Дараа нь би энэ машиныг зарах шаардлага гарч Н.Амарбаясгаланд зарсан. Зарснаас хойш сарын дараа Н.Анад руу залгаад энэ машиныг чинь Шүүхийн шийдвэрээс ирээд хураагаад авчихлаа. Чи намайг залилаа гэж ярьсан. Ингээд би Н.А-тай уулзсан. Шийдвэр гүйцэтгэлийн бичгийг нь үзээд энэ машин 2017 онд шүүхийн шийдвэрт хураагдсан машин болохыг мэдсэн. Би эрхийн доголдолгүй машин худалдсан. Төлбөрт авсан 8,000,000 төгрөгийн үнэтэй машиныг зарсан. Одоо надад байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5930 дугаар захирамжаар н.Гантөгсөөс Норд Бенз маркын 19-28 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж, н.Бат-Эрдэнээс 12,300,000 төгрөгийг гаргуулж банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч н.Гантөгсөөс Норд бенз маркын 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17/143 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, н.Гантөгст шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг тухайн үед өгч байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Авто тээврийн Үндэсний төвийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/7301 тоот албан бичгээр тухайн Норд бенз маркын 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл улсын дугаараа сольсон, шинээр улсын дугаар авсан талаар түүхчилсэн лавлагааг гаргуулан авахад уг тээврийн хэрэгсэл нь 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 61-25 УБЗ улсын дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 24-18 СЭҮ улсын дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 19-28 УБЛ улсын дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 87-66 ХӨҮ, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 01-14 УБД улсын дугаартай болсон талаар дэлгэрэнгүй лавлагааг тус газарт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу Норд бенз маркын 01-14 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хураах тухай тогтоолоор Н.А-аас хурааж, НШШГГ-ынгараажид шилжүүлсэн. Төлбөр авагч Х.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр болох 12,511,350 төгрөгийг тус газрын дансанд төлж барагдуулж, дээрх тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 17250366/01 төлбөр төлөгчөөс хураан авсан эд зүйлсийг төлбөр авагчид шилжүүлэх тухай тогтоолоор н.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичгээр 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 6/15 тоот тогтоолоор дуусгавар болгосон. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хамгийн сүүлийн байдлаар машины эзэмшил Н.А-ийн нэр дээр байсан. Тэр хүртэл хаана байсныг мэдэх боломж байгаагүй. Манайхаас албан ёсоор хориг тавьсан юм байхгүй гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ань хариуцагч А.Ё-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйл болох худалдсан тээврийн хэрэгсэл нь эрхийн доголдолгүй, хариуцах этгээд биш гэж татгалзан маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхээс өөр этгээдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн эд хөрөнгийг худалдсан үндэслэлээр төлбөрт шилжүүлсэн 26,000,000 төгрөг, төлбөрт тооцож өгсөн тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөг нийт 34,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0114 УБД улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, нэхэмжлэгч нь төлбөрт 26,000,000 төгрөгийг дансаар, Тоёота Витз маркийн автомашиныг 8,000,000 төгрөгт тооцож, түүний өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 5, 7, 27 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 225 дугаар зүйл, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дах хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан гэх үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзаж цуцлах, мөн үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, олсон ашгийг харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эртэй.

 

Эрхийн доголдлын талаар Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдсан эд хөрөнгөнд гуравдагч этгээдийн эрх агуулагдаж байгаа бол эрхийн доголдолтой гэж үзнэ. Гуравдагч этгээдийн эрх нь худалдсан эд хөрөнгийн талаар худалдагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцаанаас бий болсон байх ойлголт юм.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий автомашиныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05930 дугаар захирамжийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон 00350 дугаартай гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17/143 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.А-аас хураан авчээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05930 дугаар захирамжаар Ч.Гантөгс, Х.Бат-Эрдэнэ нарын эвлэрлийг баталгаажуулсан байх ба уг эвлэрлээр Ч.Гантөгс нь Норд бенз маркийн 1928 УБЛ улсын дугаартай автомашиныг Х.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэхээр тохиролцсон байна. Уг тохиролцоо биелээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 00350 дугаар гүйцэтгэх хуудас гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17/143 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Норд бенз маркийн 1928 УБЛ улсын дугаартай автомашиныг битүүмжилж, уг битүүмжилсэн автомашиныг Ч.Гантөгсөд хадгалуулсан байна. Дээрх автомашин нь талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад шилжүүлэхийг хориглосон эд хөрөнгө болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Маргаан бүхий автомашины өмчлөгчөөр Ч.Гантөгс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байх ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батын өмчлөлд шилжиж улсын бүртгэлийн дугаар нь 8766 ХӨҮ болж өөрчлөгдсөн. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл Ирээдүйн зам ХХК-ийн өмчлөлд, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч А.Ёндонжамцын өмчлөлд шилжин бүртгэгдэхдээ улсын дугаар нь 0114 УБД болж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Н.А-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох автомашиныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураан авах хүртэл хугацаанд хэд хэдэн этгээдэд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл автомашины өмчлөх эрх А.Ё-н нэр дээр бүртгэлтэй байх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, автомашиныг А.Ё-д хадгалуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үүрэг болгоогүй, энэ талаар мэдэгдээгүй, эд хөрөнгийн талаар үүрэг хүлээлгэсэн харилцаа үүсээгүй байна.

 

Энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаар нотлогдож байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид худалдсан автомашиныг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Маргаан бүхий автомашины өмчлөх эрх А.Ё-н нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар худалдан авагч Н.А-ийн хувьд үнэн зөв гэж тооцогдоно.

 

Талууд худалдах худалдан авах хэлцэл хийхдээ хүсэл зоригоо илэрхийлэн эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцэл хийж, хариуцагч нь нэхэмжлэгчид эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар маргаагүй зүйл болсон эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар хариуцагч мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан нь тогтоогдохгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, шүүхийн шийдвэрт заасан автомашиныг төлбөр авагчид шилжүүлэхээс зайлсхийх зорилгоор автомашиныг бусдад дамжуулан шилжүүлсэн, өмчлөгч биш этгээд байсан талаар нотлогдохгүй байна.

  

Иймд хариуцагч А.Ё-с 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасны дагуу хариуцагч А.Ё-с 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР