Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2019/00255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Э.Б-д холбогдох,

гэм хорын хохиролд 8.702.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Э.Б, иргэдийн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие насанд хүрээгүй хохирогч Н.Т хууль ёсны төлөөлөгч. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон ослын улмаас миний 13 настай охин дунд чөмгийн хоёрлосон хугаралтай байнгын хэвтэрт орсон. Түүнээс хойш одоо хүртэл эмчилгээнд явж байгаа. Одоо Өвөрхангай аймгийн Хужирт гэх сувилалд эмчлүүлж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж үдээс хойш нь би хүүхдээ Ж гэдэг хүнээр хүргүүлсэн бензиний зардалд 88.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд бид 2 сумаас буцаж ирсэн, шалтгаан нь хүүхдийнхээ хөлийн гипсийг авахуулах байгаад Эрдэнэ-Пүрэв гэдэг залуугаар хүргүүлж ирсэн зардал 88.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-нд манай хүүхэд шүүх хуралд орохдоо гипсээ авхуулаагүй байсан өмсдөг памперс, барагшин, диклоденк гээд бүх эмийн жагсаалт баримт дээр байгаа 95.800 төгрөг, 15-ны өдөр би өөрөө урагшаа явсан. Урагшаа явахдаа авч явсан дэвсдэг памперс, өмсдөг памперсны үнэ 45.000 төгрөг, 16-ны өдөр авсан дикло-денк, хятад пластрь үнэ 9.600 төгрөг, 19-ны өдөр авсан дикло-денктэй лаа 5.500 төгрөг, эдгээрийг дандаа аймагт байдаг хүүхдээрээ авахуулдаг. 21-ний өдөр авсан эм тарианы мөнгө, өвчин намдаах тариа болон тэжээлийн эм тариа дусал 17.700 төгрөг, би өөрөө эмч учраас гэрээрээ эмчилгээ хийж байсан. 22-ны өдөр ирээд гипсээ авхуулаарай гэж хэлсэн тул гипсээ авахуулахад физик эмчилгээнд яваарай гэж хэлсэн. Өглөө нь хичээлд нь явуулаад үдээс хойш физик эмчилгээнд явуулж байсан. Өвчин намдаагчтай ногоон тосны  үнэ 3000 төгрөг, 23-ны өдөр өвчин намдаагчтай эм тарианы мөнгө 17.700 төгрөг, 24-нд физик эмчилгээнд явахдаа дахиад тос авсан. Өдөр болгон эмчилгээнд явахдаа өдөр болгон шилтэй эм тариа авдаг. 25-ны өдөр 29.000 төгрөгийн баримт байна. Энэ физик эмчилгээнд хэрэглэсэн эмийн мөнгө, шээсний уут 8500 төгрөг, таягийн үнэ 34.650 төгрөг, 550.000 төгрөг онгоцны зардал, 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод Баянхошуугаас такси барьж байсан мөнгө 240.000 төгрөг, 5 сарын 12-нд буцаж ирсэн онгоцны зардал 661.000 төгрөг, би эгчийнхээ хүүхдийг сарын 200.000 төгрөгөөр тохирч хардаг байсан. Тэр хүүхдийг харах байсан 3 сарын хугацааны цалинд 600.000 төгрөг, 22-ны өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд физик эмчилгээнд зөөсөн таксины хөлс 40.000 төгрөг, 6-нд явсан баримт 50.000 төгрөг, би өөрөө хүүхдээ эмчилгээ хийлгэхээр авч явсан автобусны зардал юм, 5 сарын 13-наас 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зөөсөн таксины мөнгө 40.000 төгрөг, Цаст Алтайгаас авсан зээлийн хүүг нэхэмжилж байгаа. 5 сарын зээлийн хүүд 325.000 төгрөг, 6 сарын зээлийн хүүд 275.000 төгрөг, 7 сарын зээлийн хүүд 262.000 төгрөг, 27-ноос 03-наас 05-ны өдрийг хүртэлх хугацааны 20.000 төгрөг, 6 сарын 14-ны хүртэл нийт 80.000 төгрөгийг таксины зардалд төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 13-нд Цаст-Алтай банк бус санхүүгийн газраас хүүхдийн эмчилгээнд зориулж 3.000.000 төгрөгийн зээл авсан, 6-8 сарын эгчийнхээ хүүхэд хардаг байсан хугацааны цалинд 600.000 төгрөг, 8 дугаар сарын зээлийн хүү 260.000 төгрөг, тулгуур эрхтний тэтгэмж олгодог гээд хүүхдээ группт оруулахаар хөөцөлдсөн боловч энэ оношоор групп тогтоохгүй, хариуцагчаасаа ав гэсэн тул сарын групп 174.000 төгрөгийг 6 сараар тооцож 1.044.000 төгрөг зэргийг хариуцагч Э.Бгаас нэхэмжилж байна. Эвлэрэх гэж очсон эвлэрэхгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа давхар тооцож гаргасан байх тул 16.100 төгрөгөөс нь татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Магнай трейдийн шатахуун түгээгүүрээс төв зам руу орох гэж байхад хойноос хурдтай мотоцикл ирэхэд би зогсоох арга хэмжээ авсан боловч мотоциклийн жолооч сандарсан юм байлгүй миний машин доогуур гулгаж ирээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд ард талд нь сууж байсан охин нь босохгүй байсан тул цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд хөл нь хугарсан байна гээд аваад явсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болж намайг гэм буруутай гэж үзээд шийтгэх тогтоолоор гарсан 1.900.000 төгрөг төлсөн. шүүх хуралдаан болохоос өмнө 690.000 төгрөгийг, шүүх хуралдааны дараа 1.110.000 төгрөг тус тус төлсөн.

Одоо нэхэмжилж байгаа мөнгөний баримтын тухайд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шатахууны баримт Ж гэдэг хүн 88.000 төгрөг авсан байгаа. Тэр нь яаж авсан болох нь тодорхойгүй. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 80.000 төгрөг баримтаар эм тариаг хэн авсан нь тодорхойгүй. Алтай тан 95.800 төгрөг гэсэн зарлагын баримт байгаа. Уг баримт нь он сар өдөр нь зөрүүтэй. Алтай Тан эмийн сан нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлалтай байдаг. Энэ хүмүүс тухайн үед Чандмань суманд байсан. 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45.000 төгрөгийн баримт Тэгшжаргал мөн Чандмань суманд байсан. Хэн авсан нь тодорхой бус байгаа. 9600 төгрөг гэж байгаа. Бамбайн үндэс эмийн сан Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрладаг мөн хэн тухайн эмийг авсан нь тодорхойгүй, хэнд хэрэглэсэн нь тодорхойгүй гэж үзэж байна. 5 дугаар сарын 09-ны өдөр 34.650 төгрөгөөр таяг авсан баримт, таягийг хэн ав гэж хэлсэн нь тодорхойгүй, таяг ав таягтай бол танай хүүхэд хөл дээрээ босно гэсэн эмчийн бичиг байхгүй байна. 50.800 төгрөгийн баримт Говь-Алтай аймгаас Тэгшжаргалтай Улаанбаатар хот руу ниссэн хэр нь бас Улаанбаатар хот руу автобусаар явсан зардал байна. Энэ надад ойлгомжгүй санагдаж байгаа учраас төлөх боломжгүй гэж үзэж байна. 4 дүгээр сарын 24-ны өдөр Очир тулга трейдээс тэргэнцэр авсан байгаа. Таяг аваад тэргэнцэр бас авсан байгаа. Би эмчтэй нь очиж уулзсан. Эмчээ энэ хүүхэд хөл дээрээ босох уу? гэж асуухад эмч нь над руу тэр хүүхэд чинь эрүүл саруул болно гээд гипсийг нь авсан байхад дахин дахин ирж асуугаад байх юм гээд намайг загнаад буцаасан. 4 сарын 20-ны өдрийн 1600 төгрөгийн баримт бас тодорхой бус, эмийн болон бензиний баримт нь хэнд зориулагдсан нь эргэлзээтэй, Ц.Н нь эм тариа авч охин Тэгшжаргалын эмчилгээнд зориулсан нь эргэлзээтэй, Тэгшжаргал нь Чандмань суманд байхдаа аймгийн төвийн эмийн сангаас өдөр бүр эм тариа авсан байгаа юм. Энэ зүйлийг Тэгшжаргалын эмчилгээнд хэрэглэхээр заасан эмчийн ямар нэгэн бичиг байхгүй нь эргэлзээ төрүүлж байна. Мөн иргэдийн гаргаж өгсөн тодорхойлолтын тухайд иргэдийн зүгээс цалин өгсөн, таксигаар үйлчилсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь хангалттай нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байгаа. Нотариат энэ тодорхойлолтыг тухайн хүн л бичсэн гэдгийг батлах бөгөөд яг мөнгө авсан, өгсөн гэдгийг нотлохгүй гэж үзэж байна. Ийм бичгийг ямар ч хүн нотариатаар баталгаажуулж авах боломжтой, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 4 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ниссэн нислэгийн тухайд Ц.Н нь Тэгшжаргалын хамт 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу ниссэн нислэгийн Оюунтуяа, Тэгшжаргал гээд ниссэн. Улаанбаатар хот руу ямар шаардлагаар явсан нь эмчийн магадалгаа байхгүй. Нэхэмжлэлдээ баримтаа хавсаргаж өгөөгүй болохоор би эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй. 7 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Ц.Н нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан байгаа нь бас ойлгомжгүй, эмчилгээнд зориулж 3.000.000 төгрөгийн зээлийн авсан гэх бөгөөд зээл, зээлийн хүүд 3,862.000 төгрөг нэхэмжилсэн зээлийн гэрээнд эмчилгээнд зориулж авсан гэх зүйл бичигдээгүй, уг зээлийг Тэгшжаргалын эмчилгээнд зориулсан гэхэд эргэлзээтэй, тулгуур эрхтний үйл ажиллагаа алдагдахад олгодог тэтгэмжийг төрөөс олгох бөгөөд төрийн байгууллагаас олгогдохгүй байгаа тэтгэмжийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй учир Ц.Нгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж эргэлзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Э.Б-д холбогдуулан насанд хүрээгүй хохирогч Н.Т эмчилгээнд гарсан зардал, замын зардал, тэргэнцэр, таягны зардал, түүний хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгч Ц.Нгийн олох ёстой байсан цалин зэрэгт нийт 2.662.850 төгрөгийг гаргуулахаар шаардсан /хх-1-2/ нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 210.000 төгрөгөөр /хх-49/, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3.942.000 төгрөгөөр /хх-57-58/, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1.904.000 төгрөгөөр /хх-74/ тус тус нэмэгдүүлж банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр, эмнэлэг магадлалын комисс групп тогтоогоогүй тул 6 сарын группийн мөнгө зэрэгт нийт 8.718.850 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын 16.100 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болно /хх-106/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас 13 настай охин Тэгшжаргал  дунд чөмгийн хоёрлосон хугарал гэх гэмтэл үүсэж байнгын эмчилгээ, сувилгаанд явж зардал гарч байна. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гипсээ авахуулсанаас хойш тэргэнцэрт сууж хичээлдээ явах болсон үүний дараа суга таягтай явж байгаа тул эрүүгийн шүүх хуралдаанаас хойш гарсан эмчилгээ, сувилгаа, замын зардал, авах байсан цалин хөлс, эмчилгээнд зарцуулахаар авсан зээл, зээлийн хүү, 6 сарын хугацаанд авах байсан группийн мөнгө зэрэгт нийт 8.702.750 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлаа ...би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Магнай трейдийн шатахуун түгээгүүрээс төв зам руу орох гэж байхад хойноос хурдтай мотоцикл ирж байсан тул зогсоох арга хэмжээ авсан боловч мотоциклийн жолооч сандарсан юм байлгүй миний машин доогуур гулгаж ирээд мөргөсөн. Би машинаасаа буугаад ирэхэд мотоциклын жолоочийн ард сууж явсан охин босохгүй байсан тул цагдаа, эмнэлэг дуудахад түргэн тусламж ирээд хөл нь хугарсан гээд аваад явсан. Тухайн үед байсан мотоциклын жолоочтой хамтран төлвөл төлнө, би ганцаараа хариуцахгүй, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болж намайг гэм буруутай гэж үзсэн. Шүүхийн тогтоолоор гарсан 1.900.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө 690.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөний баримтуудын он, сар, өдөр эргэлзээтэй, хэнд хэзээ ямар эмчийн зөвшөөрлөөр авч хэрэглэсэн нь тодорхойгүй, эмийн баримтуудын он сар зөрүүтэй, хэн авсан нь тодорхой бус баримтууд байна. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ниссэн, Улаанбаатар хот руу автобусаар явсан зардлын баримтууд надад ойлгомжгүй, төлөх боломжгүй, нотариатч энэ тодорхойлолтыг тухайн хүн бичсэн гэдгийг батлах бөгөөд яг мөнгө төгрөг өгсөн, авсан гэдгийг нотлохгүй. Улаанбаатар хот руу ямар шаардлагаар явсан, энэ талаарх эмчийн магадалгаа байхгүй, шүүхэд хавсаргаж өгөөгүй болохоор би эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан учир Ц.Нгийн нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж эргэлзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Э.Б нь 25-29 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Б.Нямцэрэнгийн жолоодож явсан 58-88 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас мотоциклийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Н.Т биед гэмтэл учирсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна /хх-25-34, 103-107/.

Зохигч талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч Ц.Н нь насанд хүрээгүй хохирогч Н.Т эмчилгээ, сувилгаа, замын зардал, бусад гарсан зардалд нийт 8.702.750 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч дээрх эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Т гэх хүүхдийн талаарх бичиг баримтыг уг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй буюу нэхэмжлэгч Ц.Н нь насанд хүрээгүй хохирогч Н.Т эх болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, эрүүгийн журмаар шийвэрлэгдсэн шийтгэх тогтоолд нэхэмжлэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан, хариуцагч энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргэнцэр, таягны үнэ, Чандмань сум руу ирж, явсан шатахууны зардал, Улаанбаатараас Алтай, Алтайгаас Улаанбаатар хот руу ниссэн онгоцны зардал, памперс, эм, тариа, өвчин намдаах тос, шээсний уут, өвчин намдаах лаа, Улаанбаатарт явсан таксины хөлс, Говь-Алтай аймагт сургууль, эмнэлэг хүртэл явсан таксины хөлс, физик эмчилгээ хийлгэхэд гарсан зардал, хүүхэд харж цалин авдаг байсан орлого, Алтайгаас Улаанбаатар хот руу явсан автобусны зардал, эмчилгээнд зарцуулахаар авсан зээл, зээлийн хүү, группийн мөнгө зэрэгт нийтдээ 8.702.750 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Харин хариуцагч Э.Б насанд хүрээгүй хохирогч Н.Т эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй ба түүнд 8.702.750 төгрөгний эмчилгээ хийгдэж, зардал гарсан эсэхэд маргасан.

Гэм хор учирснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хохирогчид гэм хор учруулсан хууль бус үйлдэл, уг үйлдэл болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал бөгөөд бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдийг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан. Иймд нэхэмжлэгч уг эрүүгийн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй охин Н.Т эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр буруутай этгээдээс шаардах эрхтэй тул насанд хүрээгүй хохирогч Н.Т учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгч Ц.Нгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

Хариуцагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Т эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн охин болох насанд хүрээгүй хохирогч Н.Т биед баруун дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгч Ц.Н-д 699.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн, 1.110.628 төгрөгийг хариуцагч Э.Б-гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д, 100.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Н.Т олгох, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн 42 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр, энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж,

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул эрүүгийн журмаар тогтоогдсон хариуцагчийн гэм буруу, шийтгэх тогтоолд тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан.

Иймд насанд хүрээгүй хохирогч Н.Т биед баруун дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон талаар шийтгэх тогтоолд дурдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаас зайлшгүй гарах эмчилгээний зардал болох таягны үнэ 34.650 төгрөг, тэргэнцэр 250.000 төгрөг, кальциум фосфо, дикло-денк, Ибупрофен-денк, барагшунтай витамин, дэвсдэг памперс, өмсдөг памперсны үнэ 95.800 төгрөг, өмсдөг, дэвсдэг памперсний үнэ 45.000 төгрөг, дикло-денк, хятад пластрь үнэ 9600 төгрөг, диклоденк лаа, нэг удаагийн маск үнэ 5500 төгрөг, индомонтой тос, витамин с, ариутгасан бинтны үнэ 4400 төгрөг, витамин в1, витамин в6, систем, шприц, офлоксацин, метрогел, тарианы хөвөн, витамины үнэ 17.700 төгрөг, диклоденк, шээсний уутны үнэ 8500 төгрөг, нийт 471.1750 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Харин шүүх бүрэлдэхүүн талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, хавтаст хэргийн 3-4, 5-24, 35-37, 50, 59-63 дугаар хуудсанд авагдсан 88.000, 80.000 төгрөгийн шатахууны баримт, хот хооронд зорчих 91065711 дугаартай тасалбар, 1600 төгрөгний Dopublemint бохьны үнэ, 29.000 төгрөгний баримт, Ц-ын С-гийн, Л-гийн Б, Ц.Ц-ын гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн таксигаар үйлчилсэн, хүүхэд харсны хөлс, цалин олгосон тухай тодорхойлолт, 2019-5-17-ны өдөр бичигдсэн Улаанбаатараас Алтай гэсэн 618.800 төгрөгний онгоцны тасалбар, 2019-4-26-ны өдөр бичигдсэн Алтайгаас Улаанбаатар гэсэн 551.000 төгрөгний онгоцны тасалбар, Цаст Алтай Капитал хадгаламж зээлийн хоршоо, Ц.Н-н, хамтран зээлдэгч нь Н.О нарын хооронд 2019-4-17-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгний зээлийн гэрээ, мөн өдрийн 196 Б/Г дугаартай барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.231.600 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь 2019-4-13-ны өдрийн 88.000 төгрөгийн, 2019-4-22-ны өдрийн 80.000 төгрөгний шатахууны баримтууд нь ШТМ-ын хүлээн авалтын бүртгэл гэх нэртэй, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар 05-90 ГАА, 10-02 ГАА, НИК ХХК-ийн төвийн ШТС-2, Чандмань ШТС гэсэн тэмдэг дарсан байх боловч дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлээгүй,

Улаанбаатар хот Баянхошуунаас гэмтлийн эмнэлэг хүргэж үйлчилсэн 99-09 УНЧ дугаартай, Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баяншанд багаас 4 дүгээр сургууль хүргэж үйлчилсэн автомашины дугаар байхгүй, тодорхойлолт гаргасан жолооч нар тухайн машины эзэмшигч, өмчлөгч болох нь, нэхэмжлэгч болон түүний насанд хүрээгүй охин Тэгшжаргал тухайн автомашинуудаар зорчсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн Алтайгаас Улаанбаатар хот руу 2019-4-28-ны өдөр ниссэн онгоцны тасалбар 2019-4-26-ны өдөр бичигдсэн, зорчигч нь Н Цэдэнбал, Тэгшжаргал Н гэж латинаар бичигдсэн, 2019-5-12-ны өдөр Улаанбаатараас Алтай руу Оюунтуяа Н, Тэгшжаргал Н нарын ниссэн онгоцны тасалбар 2019-5-17-ны өдөр бичигдсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн онгоцоор зорчсон төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Т болон Н, О гэх хүмүүс Улаанбаатар, Алтай руу зайлшгүй онгоцоор явах хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, 2019-5-12-ны өдөр онгоцоор зорчсон байхад тасалбар нь 2019-5-17-ны өдөр бичигдсэн зэрэг зөрүүтэй байна.

Түүнчлэн физик эмчилгээ хийлгэхэд гарсан зардал нь юуны зардал болох нь тодорхойгүй, 29.000 төгрөгний баримтад бичигдсэн Тессирон /зилт/75 мг, Аторис 20 мг гэх нэртэй зүйл нь эм эсхүл тариа болох нь түүнийг зайлшгүй хэрэглэхээр зөвлөсөн талаарх эмчийн бичиг мөн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

Нэхэмжлэгч Ц.Н нь насанд хүрээгүй охин Тэгшжаргалын эрүүл мэндэд гэм хор учирснаас олж чадаагүй орлого буюу авах ёстой цалинд 1.200.000 төгрөгийг шаардсан бөгөөд төрсөн эгч Сүрэнхорлоогийн зээ хүүг хардаг байсан болох нь, ийнхүү хүүхэд харсан ажлын хөлс, цалинг сар бүр авч байсан болох нь, тухайн цалингаар жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ төлдөг байсан гэх үйл баримт, нэхэмжлэгч Ц.Н 2019-5-6-ны өдөр Говь-Алтайгаас Улаанбаатар хот руу автобусаар зорчсон байхад 91065711 дугаартай зорчих  тасалбар 2019-5-8-ны өдөр бичигдсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгч 2019-5-6-ны өдөр Улаанбатар хот руу явсан тул 5-р сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт байх боломжгүй, түүний билетийг нөхөн бичүүлсэн гэх үндэслэл тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

Цаст Алтай Капитал ХЗХ-ноос 2019-4-17-ны өдөр авсан 3.000.000 төгрөгийн зээлийг насанд хүрээгүй хохирогч Н.Т эмчилгээнд хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эргэлтийн хөрөнгөнд зориулахаар авсан зээл болон түүний хүүг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч Н.Т өвчний онош нь групп тогтоох онош биш гэж эмнэлгийн магадлалын комисс групп тогтоогоогүй болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байх бөгөөд нэгэнт групп тогтоолгох онош биш болохыг эрх бүхийн байгууллагаас тодорхойлсон байхад уг группийн тэтгэмжийг хариуцагчаас юу үндэслэн шаардаж байгаа болох нь мөн л нотлогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн үйлдлээс нэхэмжлэгчийн охин Тэгшжаргалын биед гэмтэл учирсан боловч уг гэмтлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Т болон түүний ээж нэхэмжлэгч Ц.Н, Н.О гэх хүмүүс Улаанбаатар хот руу онгоцоор зорчсон, хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл, таксины хөлс, олох байсан цалин, физик эмчилгээнд гарсан зардал, төрөөс олгох группийн тэтгэмж зэргийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагч Э.Бгаас насанд хүрээгүй хохирогч Н.Т эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 471.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.231.600 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Э нь нэхэмжлэгчийн хохиролыг барагдуулах, охин Т нь хохирч, хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байх тул хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 14.784 төгрөгийг хариуцагч Э.Бгаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Б-гаас гэм хорын хохиролд 471.150 /дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н /ДО69071200/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.231.600 /найман сая хоёр зуун гучин нэгэн мянган зургаан зуун/ төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 14.784 /арван дөрвөн мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                                    Д.ЯНЖИНДУЛАМ

                         ШҮҮГЧИД                                            Т.БАЛЖИННЯМ

                                                                                       Б.ӨЛЗИЙХИШИГ