Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00062

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШШ2020/00144 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

С.Бд холбогдох,

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1,033,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.Б нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1,033,400 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 960,000 төгрөг болгосныг, хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШШ2020/00144 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хариуцагч С.Бгээс 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 320,000/ гурван зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Бгээс 19,850 /арван есөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,850 /арван есөн мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШШ2020/00144 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Б ажилгүй байсан гээд ажилгүй байсан хугацааны буюу 2019.8.28-ны өдрөөс 2019.11.28-ны өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэр дээр нь бөглөсөн бичилт хийгдсэн байдаг. Үүнийгээ үгүйсгэсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй. Тийм байхад шүүхүүд ажил хийгээгүй байна... гэж үзэхгүй гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн ...хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрлөх боломжгүй эсэхийг эмнэлгийн хөдөлмөр магадлах комисс тогтоох байтал ...картан дээр бичигдсэн бичилтийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр сүүлийн 3 сарын бичилт тэмдэглэл хийгдсэн бичсэн нягтлан бодогч гарын үсгээ нэгэнт зурсан байхад ... тэмдэг дараагүй нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж үзсэн нь илэрхий буруу.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Г.Б нь С.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинд 1,033,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган, хохиролд 960,000 төгрөгийг шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчид 2,312,600 төгрөг төлж, хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн тайлбар гаргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн тайлбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.28-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоол болон бусад баримтаар нэхэмжлэгч Г.Б нь 2019.08.28-ны өдөр С.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, түүний биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогджээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

10. Хоёр шатны шүүх ...нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цалинг туршилтын хугацаанд буюу 3 сар 800,000 төгрөг гэж тохиролцсон байх боловч нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байсан нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 09, 10 дугаар сарын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцон, нийт 640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

11. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын “...нэхэмжлэгч Г.Б ажилгүй байсан гэж, 2019.8.28-11.28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр дэвтэрт бичилт хийгдсэн, үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байхад шүүхүүд ажил хийгээгүй... гэж үзэхгүй гэж дүгнэсэн. ...нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоох байтал ...картан дээр бичигдсэн бичилтийг үндэслэсэн нь ойлгомжгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.  

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШШ2020/00144 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.10-ны өдөр төлсөн 19,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД